Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00351

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02070 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2155 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч П.М-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 64 251 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баатарчулуун нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Балжинням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баатарчулуун, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.М- нь “М” ХХК-иас 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ/13-31 тоот зээлийн гэрээгээр 27 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээл авснаас хойш 2014 оны 3 сарын сүүл хүртэл 3 удаагийн төлөлтөөр хүү 1 097 100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 396 900 төгрөг, нийтдээ 1 494 000 төгрөг төлсөн.

Зээлдэгч П.М- өнөөг хүртэл зээлийг төлөхөөс зайлсхийж манай байгууллагад их хэмжээний хохирол учрах нөхцөл байдал үүсгээд байна. Зээлийн гэрээг зээлдэгч П.М-, хамтран зээлдэгч Б.Оюунчимэг нартай байгуулсан хэдий ч мөнгийг П.М-гийн дансанд шилжүүлсэн тул үүргийг түүнээс шаардаж байгаа. Иймд 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 27 000 000 төгрөг, хүү 39 128 400 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 377 300 төгрөг, нийт 73 505 700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэмэгдүүлсэн хүү 7 377 300 төгрөгөөс татгалзаж, нийт 64 251 000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамж, 371б хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009481 тоот гэрчилгээтэй 121 м.кв хувийн орон сууц, мөн хаягт орших Г-2201002371 тоот 700 м.кв газар зэрэг зээлийн барьцаа хөрөнгөнөөс хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

2013 оны 11 дүгээр сарын 20-нд төрсөн ах П.Баатарчулуун нь “ахыг нь зодож дарамтлаад байна, мөнгө төгрөг зээл авч энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол болохоо байгаад байна, ах нь өөрөө хариуцъя, туслаач” гэж гуйснаар 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Оюунчимэг, Буяндорж гэдэг 2 хүнтэй “М” ХХК дээр ирж 27 сая төгрөгийн зээл болон барьцааны гэрээ байгуулахад хамтран зээлдэгчээр Б.Оюунчимэг гарын үсэг зурсан. Би дансаар орж ирсэн мөнгийг ахад хүлээлгэж өгөөд харьсан. Гэтэл Б.Оюунчимэг, Буяндэлгэр нар хүүхдээ дагуулан ирж манай байшингийн цонхыг хагалан эхнэр, хүүхдийг маань айлган сүрдүүлж ахыгаа олж өг гээд зодож, барьцаалан гэртээ хонуулсан. Мөн 2 хоногийн өмнө П.Баатарчулуун ахыг хүчээр зээл авахуулахаар гэртээ барьцаалж, Б.Оюунчимэг заазуурдаж, зодож нүдэж хоносон гэсэн. Миний хувьд 2014 оны хавраас эхлэн хөдөө мал маллаж өдий хүрсэн. Уг зээлийн төлөлтийн талаар ах надад огт мэдээлэл өгч байгаагүй, эрэн сурвалжилж байсныг мэдээгүй, зээлийг юунд зарцуулсныг мэдэхгүй, зээлийн талаар ах надад мэдээлэл өгч байгаагүй. Зээлийн хувьд би мөнгийг огт аваагүй, мэдэхгүй, зээл авах ямар шалтгаан байсныг зөвхөн ах мэднэ. Миний бие өөртөө болон өөрийн гэр бүлийн гишүүд, өөрийн төрсөн ах П.Баатарчулууны амь биед аюул учирна гэж айсан, тэрхүү нөхцөл байдал бүрдсэн гэж итгэсэн учраас “М” ХХК-тай хийсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг үндэслэн П.М-, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗГ 13/31 тоот зээлийн гэрээг хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 

Бидний зүгээс дарамт шахалт үзүүлж гэрээ байгуулан, хүч хэрэглэн гэрээнд гарын үсэг зуруулсан асуудал байхгүй. Бид хэн алиныг нь танихгүй. Тухайн үед иргэн П.М- манай байгууллагатай зээлийн гэрээг байгуулахдаа сайн дурын үндсэн дээр өөрийн биеэр ирж хамтран зээлдэгч Б.Оюунчимэгтэйгээ гэрээний нөхцөл болон эрх, үүрэг учирч болох үр дагаврыг бүрэн тооцоолон монгол хэл дээр гэрээг уншиж танилцан эрх, үүргээ бүрэн ухамсарлан, хөндлөнгийн ямар ч этгээдийн дарамт шахалт нөлөөгүйгээр гарын үсэг зурж гэрээ байгуулсан. Дарамт шахалт үзүүлсэн гэх асуудал манай ББСБ-тай холбогдолгүй. Мөн хуульд зааснаар хүчинд автаж хийсэн бол нэг жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрх нээлттэй байсан. Зээлийн хүүгээ эхний үед төлөөд явж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02070 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60.1-д зааснаар П.М-гоос 64 251 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 494 000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг П.М-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202009481, Г-2202002371 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 28 дугаар гудамж, 371Б тоотод байрлах 700 мкв талбайтай газар, 121 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518 479 төгрөг, хариуцагчаас төлсөн 292 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 7 000 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагчаас 479 205 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2155 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02070 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...П.М- нь зээл авах ямар нэгэн хүсэл зорилго байгаагүй, ах П.Баатарчулуун нь бусдад зодуулж дарамтлуулсан, заазуурдуулсан, ахын маань амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй нөхцөл үүссэн байхыг хараад учир холбогдлыг нь сайн ойлгохгүйгээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, Б.Оюунчимэгт дансаар шилжүүлсэн зээлийг хүлээн авч өмчлөлдөө шилжүүлээгүй, П.М- хэргийн оролцогч биш П.Баатарчулуун, Б.Оюунчимэг нарын хоорондын маргалдах маргааны асуудал юм. Шүүхийн шийдвэрт зээлийн гэрээг хүч хэрэглэсэн хэлцэл гэж дүгнэсэн боловч зээлийн гэрээний зүйл хэний өмчлөлд шилжсэн талаар бодитой дүгнэлт хийгээгүй, хэрэв шүүх зээлийн гэрээг хүч хэрэглэсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн бол зээлийн гэрээний зүйл болох мөнгө хэний өмчлөлд шилжсэн, тэр этгээдийн өмчлөлөөс буцаан гаргуулах ёстой. Иргэний хэрэгт авагдсан нотлох баримт болох Б.Оюунчимэг, Буяндэлгэр нарын мэдүүлгээр уг мөнгийг Б.Оюунчимэг авсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасанчлан зээлдсэн гэх мөнгийг гэрээний нэг тал болох Б.Оюунчимэгт шилжүүлсэн бөгөөд Б.Оюунчимэгээс гаргуулах нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Сүхбаатар Дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/00225 тоот шийдвэрт шүүх хуралд шүүхийн шүүгч С.Хишигбат нь хариуцагч нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар өөрт нь болон түүний гэр бүлийн гишүүд, садан төрлийн этгээдэд аюул учирна гэж итгэж, өөрийн төрсөн ах П.Баатарчулууны биед аюул занал учирна гэж итгэж үнэмшсэний улмаас буюу өөрийн төрсөн ах П.Баатарчулууны биед хөнгөн гэмтэл учирсны дараа ЗГ/№13-31 болон № БГ/13-31 гэрээг байгуулсан болох нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн П.Баатарчулууны биед гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэх Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №15262 болон Д.Буяндэлгэрийн 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Баатарчулуун өөрийн төрсөн дүү болох Мөнхцолмонгийн нэрээр зээл авсан юм гэх тайлбаруудын хуулбар зэргээр тогтоогдож байна. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д нөгөө тал, эсхүл 3-дагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулахаар шаардах эрхтэй 60.2-т хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүдэд эсхүл тэдний эд хөрөнгөнд аюул учирна итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ.

Хариуцагч нь Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь зааснаар заалтууд нь хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүдэд эсхүл тэдний эд хөрөнгөнд аюул учирна итгүүлж үнэмшсэний улмаас буюу өөрийн төрсөн ах П.Баатарчулууны биед хөнгөн гэмтэл учирсны дараа зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан болох нь 2013.11.14-ний өдрийн П.Баатарчулууны биед гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шүүх эмнэлгийн үзлэг акт №15262 болон Д.Буяндэлгэрийн 2013.11.23-ний өдрийн “Баатарчулуун өөрийн төрсөн дүү болох Мөнхцолмонгийн нэрээр зээл авсан юм” гэх тайлбарын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж Буяндэлгэр, Б. Оюунчимэг нь хүч хэрэглэж зээл авсныг тогтоож байгаа юм. Б.Оюунчимэг нь уг зээлийн 27 сая төгрөгийг төлөхөөр тогтоол шийдвэр уншсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2017/00225 тоот шийдвэрт болон хурлын тэмдэглэлд дурдагдаагүй байгаа болно. Б.Оюунчимэгийг хариуцагчаар татаагүй учраас шүүхийн шийдвэр нь бодит байдлаасаа хазайж П.М- нь 27 сая төгрөг төлөхөөр тогтоол шийдвэр гарсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс дээрх шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа бөгөөд хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж шийдвэрийг хүчингүйд тооцсон. Тухайн магадлалд хариуцагч нь өөрийн хүсэл зоригоос гадуур хүчинд автаж зээлийн гэрээ байгуулсан, зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгийг захиран зарцуулаагүй гэдгийг нотлохын тулд гэрчээр Б.Оюунчимэг хүсэлт гаргасныг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн нөхцөл байдлыг тодруулах боломжтой гэх үндэслэлээр хангахгүй орхисныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргээ шүүх биелүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээнд хамтран зээлдэгч болох Б.Оюунчимэгийг уг гэрээ хариуцагчийн хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан эсэхийг тодруулах, гэрчээр мэдүүлэг авах талаар гаргасан хариуцагчийн хүсэлт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах, улмаар нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал, хэргийн нотлох баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд нөлөөлөхөөр байна. Б.Оюунчимэг, П.М-, П.Баатарчулуун нараас зээлийн гэрээний үүрэг шаардсан агуулга бүхий хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэл хавсаргасан байх боловч шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдаагүй байна. Уг шийдвэр нь нэхэмжлэгч “Мөнгөн глобал” ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийн үйл явдал баримттай холбоотой эсэхийг тодруулах шаардлагатай, хариуцагч П.М- гэрээний үүрэг хариуцах этгээд мөн эсэх зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй юм гэж магадлалаар шийдвэрлэсэн. П.Баатарчулуун болон П.М- нарыг дараалан зодож гэртээ барьцаалсан, П.Баатарчулуун нь бусдад зодуулж дарамтлуулсан, заазуурдуулсан, өөрийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр хохирогчоор цагдаагийн байгууллагад хандаж мэдүүлэг өгч байсан, нотлох баримтыг иргэний хэрэгт хавсаргасан, эрүүгийн хэрэг болон иргэний хэргийг шалгуулах явцад цагдаа, шүүхийн үүдэнд ална шудна гэж отоод мэдүүлэг өгч хэргийг шалгуулж чадаагүй, мөн Б.Оюунчимэг шүүхэд нэхэмжлэл гаргаж аргагүй эрхэнд Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн Яаманд мөн өөрөө болон дүү П.М- төлөөлж П.Баатарчулуун нь өөрийнхөө гараар бичиж гомдол гаргасан, Тахарын Ерөнхий газарт шүүх хуралд оролцоход хамгаалалт хүсэж тухайн үедээ өргөдөл гаргаж байсан, өмнөх нэхэмжлэлийн иргэний шүүхэд хариу тайлбар өгөх, гомдлыг удаа дараа гаргаж байсан хэргийн материалд хавсаргасан байгаа бөгөөд уг нотлох баримтыг шүүхийн зүгээс нотлох баримтыг бодитой үнэлээгүй юм.

...П.М-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Б.Минжүүрдорж нь олон жил өмгөөлөгч хийсэн, П.Баатарчулууны их сургуульд байхын танил бөгөөд иргэний хэргийг нааштай шийдвэрлэх боломжтой, танай талд шийдвэрлэгдэх үндэслэл байна гэж хэлж байсан, гэвч сүүлд шүүхэд орохын өмнө уулзахад хэцүү байхаа гэж хэлж байсан бөгөөд Баатарчулуун нь гайхаад шүүх хуралд хамт оръё гэхэд алзахгүй би ганцаараа орчихъё гээд шүүх хуралд төлөөлж орсон, 2017.08.07-ний шүүх хуралд П.Баатарчулуун, П.М- нарын шүүхэд хандсан бидний бичсэн хүсэлтийг шүүхэд огт өгөөгүй, шүүхэд бидний эсрэг шийдвэр санаатай гаргуулсан гэж үзэж байна, өмгөөлөгч нь 2 талд ажилласан, хэргийг сөргөөр шийдвэрлэхэд нөлөөлсөн.

...Хас банкны шийдвэр зээл гаргах боломжгүй гэж хариу өгсөн. Намайг хүчээр дагуулж банк бусууд руу залгаж, зээл авахаар дагуулж явсан бөгөөд өөрийн таньдаг банк бус болох “Мөнгөн глобал” ББСБ-тай уулзаж зээл авахаар тохиролцсон, зээлийн эдийн засагчид хувь шагнал өгөхөөр тохиролцож, зээлийн судалгаа хийлгэхэд Б.Оюунчимэг Д.Буяндэлгэр нар нь байнга хамт явж байсан, Ш.Балжиннямтай хамт хэд хэдэн удаа уулзаж зээлийг авахаар тохиролцож шийдвэрлүүлсэн, тэгээд 27 сая төгрөгний зээл батлагдсан. Гэтэл Б.Оюунчимэг нь Ш.Балжиннямыг огт танихгүй гэж худал мэдүүлсэн. П.М- нь өөрийн хүсэл зорилгоос гадуур хүчинд автаж зээлийн гэрээ байгуулсан.

...Хариуцагч П.М- нь өөрийн төрсөн ах П.Баатарчулууны амь биед аюул учирна гэж айсан, тэрхүү нөхцөл байдал бүрдсэн гэж итгэсэн учраас “Мөнгөн глобал” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, харин өөрийн хүсэл зоригийн дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй байхад хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр бодитой, хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй юм. Д.Буяндэлгэр, Б.Оюунчимэг нарын өөрсдийнхөө танил “Мөнгөн глобал” банк бусаар зээлийг шийдвэрлүүлсэн болох, П.Баатарчулуун, П.М- нарыг хүч хэрэглэж зээл авахуулсан, Б.Оюунчимэг нь зээлийн гэрээгээр авсан мөнгийг Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, П.М- нь өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ хийгээгүй, өөрийн төрсөн ахын амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн учраас уг гэрээг байгуулахад хүрсэн, өөрийн ахынх нь амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн болохыг, Б.Оюучимэгийн гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримт, өмнөх шүүхийн шийдвэрүүдэд хүч хэрэглэж зээл авагдсан гэдгийг тогтоогдсон бодитой байдлыг шүүх нотлох баримтыг үнэлж үзээгүй, шүүх нэг талыг барьж шударга бусаар шийдвэрлэсэн нь хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэн, нөлөөлсөн нь тодорхой юм гэж үзэж байгаа бөгөөд маш их гомдолтой байна.

Хариуцагч П.М-гийн өөрийн төрсөн ах П.Баатарчулууны амь биед бодитой хохирол учрах нөхцөл бүрдсэн болох нь 2013 оны 11-р сарын 14-ний өдрийн “П.Баатарчулууны бие махбодьд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шүүх эмнэлгийн №15262 тоот дүгнэлт, Д.Буяндэлгэрийн 2013 оны 11-р сарын 23-ны өдрийн “П.Баатарчулуун нь өөрийн төрсөн дүү болох П.М-гийн нэрээр зээл авсан юм” гэх Б.Оюунчимэгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг бодитой үнэлээгүйд гомдолтой байна. П.М- өөрийн төрсөн ах П.Баатарчулууны амь бие махбодид аюул учирна гэж айсны улмаас зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээлийн асуудал шийдэгдсэний дараа буюу зээлийн гэрээ байгуулсан өдөр Б.Оюунчимэг түүний нөхөр Буяндэлгэр нар нь П.М-гийн гэрийн цонхыг хагалан эхнэр хүүхдийг нь айлган сүрдүүлж, мөнгөө авах гэж дарамтлан, Б.Оюунчимэг, Д.Буяндэлгэр нар нь П.М-г өөрийн гэрт барьцаанд байлган, нэг шөнийн турш зодож өнгөрүүлээд, маргааш нь П.Баатарчулуун 17 500 000 төгрөг шилжүүлсний дараа П.М-г цагдаа дээр барьцаагдсан байдлаас суларсан. Энэ байдлын талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан мөнгө төгрөгийг ах Баатарчулуун авсан, зээл авсан цаг хугацаа, Д.Буяндэлгэрийн мэдүүлэг, Мөнхцолмонг Д.Буянэлгэр, Б.Оюунчимэгийн гэртээ барьцаалсан цаг хугацаа, П.М-гийн ах Баатарчулуунд бүх мөнгийг өгсөн гэх мэдүүлэг зэргээс тогтоогдож байгаа. Дээрхи нөхцөл байдлын талаар Б.Оюунчимэг нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө илтэд худал мэдүүлэг өгсөн байдаг. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгч болох Б.Оюунчимэгийг хүч хэрэглэж зээл авахуулсан, иргэний хэрэгт оролцогч нь тодорхой байсаар байтал, тухайн зээлд Б.Оюунчимэг нь хамааруулахгүйгээр зөвхөн П.М- нь 65 567 700 төгрөгийг “Мөнгөн глобал” ББСБ-д төлбөр төлөхөөр шийдвэр гарсан нь хэргийг хэтэрхий өрөөсгөл байдлаар шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна.

П.М- зээлж авсан бүх мөнгөө ах П.Баатарчулуундаа хүлээлгэж өгсөн бөгөөд ах П.Баатарчулууныг Б.Оюунчимэг, Д.Буяндэлгэр нар нь элдэж хөөж дарамталж байснаас шалтгаалан П.Баатарчулуун нь 3-н cap “Мөнгөн глобал” ББСБ-д бага хэмжээний төлбөр төлж байсан болохоос бус П.М- зээлийн гэрээний үүргийн дагуу төлбөр төлж байгаагүй нь тогтоогдож байгаа. Гэрч Б.Оюунчимэг нь гэрчийн мэдүүлэгтэй зээлийн мөнгийг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байдаг. Дээрхи нөхцөл байдлаас шүүх бодитой дүгнэлт хийгээгүй, П.М-г зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээл аваад, зээлийг буцаан төлж байсан мэтээр дүгнэсэнд гомдолтой байна.

Шүүх зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Б.Оюунчимэг гарын үсэг зурсан, зээл авахыг хүч хэрэглэж турхирч гаргуулсан, зээлийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн байхад хариуцагчаар татах хүсэлт удаа дараа гаргахад уг хүсэлтийг хангаагүйд маш их гомдолтой байна. П.М-, Б.Оюунчимэг нар нь хамтран зээл авахаар “Мөнгөн глобал” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 27 сая төгрөгийг авсан. Энэ зээл авснаас дараа Мөнхцолмон нь зээлийн бүх мөнгийг ах Баатарчулуунд өгсөн, Мөнхцолмонг Б.Оюунчимэг нөхөр хүүхдийн хамт гэртээ хорьж зээлсэн бүх мөнгийг авах гэж дарамталж, 27 сая төгрөгийг бүтнээр нь авна гэж сүрдүүлж, айлгаж зодож нүдэж, доромжилж, авч явж гэртээ барьцаалж хоносон, ах нар нь шөнөжингөө сандралдаж, Цагдаагийн байгууллагад хандсан Б.Оюунчимэгийн Худалдаа Хөгжлийн 473001240 тоот дансанд 16 500 000, 1 500 000 төгрөгийг нийт 17,5 сая төгрөгийг шилжүүлснээр дүүгээ цагдаагийн байгууллагаар дамжуулж авсан баримтууд хавтаст хэрэгт байгаа, зээлийн мөнгөнөөс Баатарчулуунд 9,5 сая төгрөг үлдсэн, үүнээс “Мөнгөн глобал” ББСБ-д 1 490 000 төгрөгийг төлсөн бөгөөд 8 010 000 төгрөг үлдсэн. Зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригоо бодьтой илэрхийлээгүй байхад, зээлийн гэрээ байгуулсныг шүүх бодитой дүгнэлт хийгээгүй шүүхийн шийдвэрээр П.М- нь хүчинд автагдаж зээлийн гэрээ хэлцэл хийсээр байтал 65 567 700 төгрөгийг төлөх болсон нь Иргэний хуулийн 232.2-т зааснаар хүү алданги, анз, нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг зөрчигдсөн, 27 сая төгрөгийг 142 хувиар хүү, алдангийг нь өсгөж тооцсон, П.М-, П.Баатарчулууны зөвхөн өөрийн авсан болох 8 010 000 төгрөгний хүү алдангийг тооцвол 819 хувиар өсгөж тооцоолсон нь 42 дугаар зүйлийн 42.1, 42.7, 42.2.1, 43.2 зэрэг зүйл заалтыг зөрчиж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүхэд хүч хэрэглэснийг тогтоож байсныг өөрчилж шүүгч нэг талыг барьж өрөөсгөлөөр шийдвэрлэсэн нь шүүхийн байгууллага хэргийг шударгаар шийдвэрлэдэг гэдэгт итгэл алдарч байна, маш их эргэлзэж байна, шүүх бодитой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна, хувийн ашиг сонирхол орсон нь илт байгааг харгалзан үзэж нарийн шалгаж, хуулийн хүрээнд үнэн зөвөөр тогтоож өгнө үү.

Уг шүүхийн шийдвэр нь бидний ар гэрт том цохилт болж байгаа, П.Баатарчулууны 2, 3-н дүүгийнх нь ар гэр, үр хүүхдийг өвлийн хүйтэнд орон гэргүй нөхцөл байдлыг бий болгох бөгөөд ахаа ийм байдалд оруулчихгүй биз дээ өдий болтол босгож бий болгосон өмч хөрөнгийг минь хураалгачихгүй биз дээ надаас асууж айж сандарсан байдалтай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Хүний эрхийн хороонд хандсан. Цаашид хэрэг хэрхэн шийдэгдэхээс хамаарч Үндсэн Хуулийн Цэц, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Ёс Зүйн Хороонд хандах болно гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “М” ХХК болон хариуцагч П.М-, Б.Оюунчимэг нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нар нь 27 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн байх ба зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус гэж үзэх, эсхүл хуулийн 59, 60-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Зээлийн гэрээ байгуулах болсон шалтгаан нөхцөл, зээлийн хөрөнгийг захиран зарцуулсан байдал нь зээлдүүлэгчийн өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс зээлдэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Уг гэрээний хамтран зээлдэгч нарын хоорондын харилцаа зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй болно.

Зээлдүүлэгч талаас буюу нэхэмжлэгч “М” ХХК-ийн зүгээс хариуцагч П.М-д хүч хэрэглэж, зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн тооцоо зэрэг хэрэгт ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

Түүнчлэн, шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 242.3.-т заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй үүрэг гүйцэтгэгчдийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрхтэй ба өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардаж болдог байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “М” ХХК зээлийн гэрээний үүргийг зөвхөн зээлдэгч П.М-гоос шаардсан нь хууль зөрчөөгүй байна. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.6.-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч нэг этгээдэд шаардлага гаргаснаар бусад үүрэг гүйцэтгэгчдэд  шаардлага гаргах  эрхээ алдахгүй. Түүнчлэн, мөн зүйлийн 242.12.-т зааснаар хамтран хүлээх үүргийг гүйцэтгэсэн үүрэг гүйцэтгэгч нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол бусад үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг тус бүрд нь ногдох хэсгээр шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2.-т зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэдэггүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хээг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2017/02070 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2155 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 485 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН