Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1927

 

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2016/01927

 

Т.Урангэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/05961 дүгээр  шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Урангэрэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Очир Эрдэнийн орон” ХХК, “Монгол аялал жуулчлал” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хэлцлээр шилжүүлсэн  30 000 000 төгрөг, хохирол, зардалд 36 674 819 төгрөг, нийт 66 674 819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Т.Урангэрэл болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Урангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 10 сарын 15-ны өдөр Очир-Эрдэнийн орон ХХК-иас Киа гранбирд маркийн том оврын автобусыг 30.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлсэн байсныг Монгол аялал жуулчлал ХХК-ийн нэр дээр буцаан авсан. Гэрээ байгуулагдсаны дараа жуулчин тээвэрлэхээр хамтран ажиллахад маргаан тасрахгүй байсан тул 2015 оны 12 сарын 17-ны өдөр гэрээг цуцалж, худалдагч тал болох Очир-Эрдэнийн орон ХХК-ийн захирал Пүрэвдорж худалдан авагч болох надад 30.000.000 төгрөгийг 2016 оны 01 сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн дотор төлнө гэсэн боловч төлөхгүй, автобусаа буцаан авахгүй байх тул Очир Эрдэнийн орон ХХК болон Монгол аялал жуулчлал ХХК-иас худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгож цуцалсантай холбогдуулан автобусны үнэ 30.000.000 төгрөг, гэрээний зүйлийг дулаан гаражид хадгалуулсны төлбөрт 4.950.000 төгрөг, жуулчин тээвэрлэх зорилгоор хариуцагчийн эзэмшлийн автобусыг худалдаж авахын тулд  Прогресс капитал ББСБ ХХК-иас авсан зээлийн хүүд 26 400 000 төгрөг, улсын бүртгэлд бүртгүүлэх, итгэмжлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, орчуулга, орлогын баримт, зээлийн гэрээ зэргийг  гэрчлүүлсэн , даатгал өмгөөлөгчийн хөлс гэх мэт бусад зардалд төлсөн 5.324.819 төгрөг, нийт 66 674 819 төгрөгийг  хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Очир Эрдэнийн орон” ХХК болон “Монгол аялал жуулчлал” ХХК-ийн шүүхэд гаргасан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтунгалагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.Урангэрэл нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол аялал жуулчлал ХХК-ийн оффист ирж автобус худалдан авах санал тавьсан. Улмаар манай охин компани болох Очир-Эрдэнийн орон ХХК-ийн нэр дээр байдаг Киа гранбирд маркийн том оврын автобусыг 30 000 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Нөхөр Галбадрах нь гэрээт жолоочоор бүртгүүлж гадаад аяллын чиглэлд явж эхэлсэн. Гэтэл Т.Урангэрэл нь цаашид хамтран ажиллах гэрээ байгуулах санал тавьсан бөгөөд энэ гэрээг байгуулахгүй бол автобусаа буцааж ав гэдэг шаардлагыг тавьж эхэлсэн. Нөхөр Галбадрах нь 2015 оны 12 сарын 17-ны өдөр Манжуурын чиглэлийн аялалд 15 аялагч авч яваад Хэнтийгийн чиглэлд хээр хаялаа гэж утасдах яг тэр үед Т.Урангэрэл компанийн оффис дээр ирж автобусаа буцаан авч 30.000.000 төгрөг өг гэж шаардсан. Хэрэв яг одоо өгөхгүй бол аялагчдыг чинь хээр хаялаа гэхээр нь тухайн бичиг дээр гарын үсэг зурсан болохоос биш 30.000.000 төгрөгийг буцаан өгөх хүсэл байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгож өгөх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Уг гэрээ нь дуусгавар болсон. Иймд Т.Урангэрэл мөнгөө төлөөд автобусныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаад акт үйлдэж хүлээн авсан. Бид ямар ч эрхийн доголдолгүй автобусыг шилжүүлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Очир Эрдэнийн орон ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийсэн нь дуусгавар болсон учир гэрээг цуцлах үндэслэл байхгүй. Автобусаа ажилтай байлгахын тулд гэрчилгээг Монгол аялал жуулчлал ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Аль компаниас юу нэхэж байгаа нь мэдэгдэхгүй байна. Автобусыг 2015 оны 12 сарын 17-ны өдөр энэ хүмүүс буцаж авч ирээд Монгол аялал жуулчлал ХХК-д өгөөгүй ба өнөөдрийг хүртэл хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Монгол аялал жуулчлал ХХК-иас нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй, 12 сарын 17-ны өдөр автобусаа авчирч өгөөд мөнгөө шаардсан бол бидэнд буруутай үйл ажиллагаа байна гэж үзэх байсан. Гэтэл өөрсдийн өмчөө өөрсдөө авч явчихаад нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Очир Эрдэнийн орон ХХК, Монгол аялал жуулчлал ХХК-иас тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг дуусгавар болгож, цуцалсантай холбогдуулан автобусны үнэ 30 000 000 төгрөг, өмгөөлөл, нотариатын зардал, бичиг баримт бүрдүүлэх, автобус хадгалуулсны зардал 36 324 819 төгрөг, нийт 66 674 819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Урангэрэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Урангэрэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 649 276 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Урангэрэл болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх  зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг буруу тодорхойлсоноос хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор  тухайн хэрэгт, хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.  Үүнд:  2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Урангэрэл болон өмгөөлөгч Т.Мөнхтуяа нар оролцсон байхад шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал гэж хэргийн оролцогч бус итгэмжлэлгүй хүнийг бичсэн байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байж тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсгийг баримталсан нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байхад буцаан олголгүй бүхэлд нь улсын орлогод үлдээсэн. Хэрэгт нотлох баримтаар авагдсан утсанд үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчээр гарын үсэг зуруулаагүй. Хэрэгт хамтран хариуцагчаар оролцож байгаа Монгол аялал жуулчин ХХК нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариу тайлбараа огт ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болохыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн төлөөлөгчийг шаардлага хангахгүй итгэмжлэлтэй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор нотлох баримт гаргуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахгүй татгалзаж байсан болно. Иймд агуулгын хувьд ойлгомжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсгийг зөрчсөн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс зөрчлийг залруулах боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

            Нэхэмжлэгч Т.Урангэрэл нь хариуцагч Очир-Эрдэнийн орон ХХК, Монгол аялал жуулчлал ХХК-д холбогдуулан худалдах- худалдан авах гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн 30 000 000 төгрөг, хохирол зардалд 36 674 819 төгрөг нийт 66 674 819 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...гэрээ биелэгдээд дууссан, цуцлагдах үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмчлөлд доголдолгүй эд хөрөнгө шилжүүлсэн” гэж маргажээ.

 

Т.Урангэрэл болон Очир Эрдэнийн орон ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 15-ний өдөр автобус худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 30 000 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид автобусыг шилжүүлсэн, 2015 оны 10 дугаар сарын 21-нд автобусын эзэмших эрхийн бичиг баримтыг Монгол аялал жуулчлал ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.

 

Талууд гагцхүү гэрээ цуцлагдах үндэслэлтэй эсэх асуудлаар маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох, үгүйсгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох, ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй. Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах, үзлэг хийлгэх зэрэг ажиллагааг шүүхээр гүйцэтгүүлэх эрхтэй, шүүх дээрх баримтыг зохигчийн хүсэлтээр  бүрдүүлэх үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан гэх байдлаа нотлуулахаар утасны ярианы бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хангасан захирамж гаргажээ. / х.х-ийн 99-107/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэгийн ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна. Хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг оролцуулна. Хөндлөнгийн гэрч түүнийг  байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэгтэй. Хөндлөнгийн гэрч тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй, үүргээ биелүүлээгүй бол түүнд  хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг. Үзлэгийн ажиллагааг хийх явцад хөтлөх тэмдэглэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлд заасан тэмдэглэл хөтлөх арга журамд нийцсэн байвал зохино.  

Гэтэл үзлэгийн тэмдэглэлээс ажиллагаа хэзээ, хаана явагдсан, хөндлөнгийн гэрч нь хэрэгт хувийн болон албаны сонирхолтой эсэх, эрх зүйн бүрэн чадамжтай эсэхийг шалгасан байдал, тэдэнд эрх үүргийг тайлбарласан эсэх нь тодорхойгүй, хөндлөнгийн 2  гэрчийн нэг нь тэмдэглэлд гарын үсэг зураагүй.

 

Иймд үзлэгийг 2-оос доошгүй хөндлөнгийн гэрчтэйгээр явуулсан гэж дүгнэх боломжгүй байна. Шүүх нотлох баримтыг бэхжүүлж  цуглуулах журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан үр дагаврыг үүсгэснээс гадна мөн хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэжээ./х.х-ийн 19-130/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар дээрх зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч нарт гардуулаагүй, хариуцагч тал гэрчээр Батжаргалыг асуулгахаар /хаягийг нь утасны дугаарын хамт тодорхой бичиж/ хүсэлт гаргасныг шүүхээс хангасан захирамж гаргаж, хариуцагч уг хүсэлтээ удаа дараа дэмжсээр байхад 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр захирамжийн биелэлтийг хангахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь /х.х-ийн 30, 107, 211, 2 дугаар хавтаст хэргийн 19 дүгээр тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан ажиллагааг дутуу хийсэн зөрчилд хамаарч байна.

 

Шүүгч шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар захирамж гаргаж өмнө гаргасан 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2372 дугаар захирамжийн “..,Батжаргалаас гэрчийн мэдүүлэг авах хүсэлтийг хангасан” хэсгээ хасч өөрчилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар гарах захирамж нь илт үндэслэл муутай, техник алдааг засах зорилготой байтал хэргийн оролцогчийн нотлох баримт цуглуулах, гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангасныг хасч өөрчилсөн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж хязгаарлажээ. Хэдийгээр энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй ч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх зарчмын дагуу дээрх алдааг дүгнэх нь зүйтэй.

Зүй нь шүүх хуралдаанаас гарч байгаа, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлттэй холбоотой захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар гарах бөгөөд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар захирамжид гомдол гаргаж болохоор байна. 

 

Түүнчлэн 2016 оны 9 дүгээр сарын 16-нд товлогдсон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч тал “..,12 сарын 17-ны өдөр гэрээ дуусгавар болоход Пүрэвдорж гуай бичиг хийж өгч мөнгө өгнө гэхдээ надаас бичиг шаардсан. Эх хувь нь Пүрэвдоржид байгаа тул уг баримтын эх хувийг хариуцагч талаас гаргуулах хүсэлттэй байна. Уг бичиг нь гэрээ цуцлаж байгаатай холбогдуулаад төлбөр болох 30 000 000 төгрөгийг бүрэн гүйцэт 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн дотор төлж дууссаны дараа өөрт учирсан хохирлыг барагдуулах, бүрэн бүтэн байдлаар хүлээлгэж өгөхөө илэрхийлж байна гэсэн бичиг юм” гээд хуулбар баримтыг гаргаж өгсөн боловч  хариуцагч талаас бичмэл нотлох баримтын эх хувийг гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46, 38 дугаар зүйлийн зүйлийн 38.9 дэх хэсэгт нийцээгүй, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигджээ. /1 дүгээр х.х-ийн 250 дугаар тал/

 

Шүүхийн шийдвэрт “..,хэдийгээр  нэхэмжлэгч нь хариуцагч компаниудын захирал Ц.Пүрэвдоржтой утсаар ярьсан бичлэгийг нотлох баримтаар шинжлэн судлуулсан боловч  тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй” гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн, нотлох чадвараа алдсан баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон, нотлох баримтыг үнэлэх талаар хуульд заасан журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Мөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүхээс тодруулах нь зүйтэй юм.

 

Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцоогүй М.Саранцацралыг оролцсон мэтээр, хариуцагч Монгол аялал жуулчлал ХХК-ийг Монгол аялал жуулчин ХХК гэж бичих, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон атлаа  хангасан заалтыг баримталсан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шаардлагад нийцээгүй байна. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/05961 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Урангэрэлийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 491 324 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

          ШҮҮГЧ                                      Т.ТУЯА

Ш.ОЮУНХАНД