Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 51

 

Ж.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                                         Г.Яндаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 159 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-гийн Б-т холбогдох эрүүгийн 201709000187 тоот 1 хавтаст хэргийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаатгагдсан биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Буян зах дээр түүхийн эдийн ченж ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Баяндаваа 5-2 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харчин овгийн Ж-гийн Б- /РД: **********/,

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ж.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 9273 ДАХ улсын дугаартай Тоёота Премо маркийн автомашин дотор ховор зэрэглэлийн ангилалд орох Халиун бугын арьсыг тээвэрлэж байгаль орчинд 7.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холдогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 159 дугаартай  цагаатгах тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар Ж.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Б-ыг цагаатгаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх            хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2-т  зааснаар Ж.Б-т урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор,

-Эрүүгийн байцаан шийтгэх            хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.2-т зааснаар Ж.Б-аас 7.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор... тус тус заажээ.

Улсын яллагч Г.Яндаг дөвж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Цагаатгах тогтоолын “Үндэслэх нь” хэсэгт Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж дүгнэсэн атлаа “Тогтоох” хэсэгт Ж.Б-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасныг зэрэг баримталж, тогтоолын дүгнэх, тогтоох хэсгийн үндэслэл зөрүүтэй, хоёр өөр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй бөгөөд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2-д зааснаар хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргаж хууль буруу хэрэглэсэн байна.

2.Шүүгдэгч Ж.Б- нь зохих зөвшөөрөлгүй агнасан ховор ан амьтны түүхий эдийг тээвэрлэсэн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн обьектив тал агнуурын болон ховор, нэн ховор ан амьтан хууль бусаар агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний болон онц их хэмжээний хор уршиг учруулсан, мөн тэдгээрийг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг, хадгалсан, худалсан, худалдан авсан, тээвэрлэсэн үйлдпээр илэрдэг.

Мөн хуулийн субьектив тал нь шүүхийн тогтоолд дурдсан ашиг хонжоо олох гэсэн шунахай сэдэлтээс гадна өрхийн амжиргааныхаа хэрэгцээг хангах, амьдрал ахуйдаа нэмэр болгох гэсэн зорилго, бусдад гайхуулах гэсэн зан авир зэргээр гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх бөгөөд шүүгдэгч Ж.Б- нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “тэр арьсаар ширдэг хийхээр гоё болдог гэхээр нь авсан” гэх мэдүүлэг түүний тухайн арьсаар өрхийн амжиргаа болон ахуйн хэрэгцээндээ хэрэглэх зорилго агуулж байсан нь тогтоогддог бөгөөд Ж.Б-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн обьектив болон субьектив талын бүрэлдэхүүнийг хангасан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйл ангийг “шүүгдэгч зохих зөвшөөрөлгүй Ан агнуурын тухай хууль тогтоомжийг зөрчсөн буюу ховор ан амьтныг зөвшөөрөлгүй агнаж авсан амьтны туүхий эдийг тээвэрлэсэн байх ёстой гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт бөгөөд Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоно”, мөн хуулийн 12-р зүйлийн 12.1. Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно”, мөн хуулийн 37-р зүйлийн 37.3. Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан байх ба Ж.Б- зохих зөвшөөрөлгүй ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн байхад түүнийг зохих зөвшөөрлийн дагуу агнасан ховор амьтны түүхий эд тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Шүүгдэгч Ж.Б-ын “Ховор ан амьтны түүхий эдийг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн” үйлдэлд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан бодитой дүгнэлт хийлгүй түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3-д заасан “шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсэний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Дээр дурдсанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, мөн цагаатгах тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 316 дугаар зүйлийн 316.2, 317 дугаар зүйлийн 317.1.2-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Улсын яллагч Г.Яндаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“...Эсэргүүцлээ дэмжиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.2 дахь хэсэгт “ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж заасныг зөрчсөн тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ж.Б-ыг ховор зэрэглэлийн ангилалд орох Халиун бугын арьсыг тээвэрлэж байгаль орчинд 7.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ж.Б-ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн 159 дугаартай цагаатгах тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Прокурор Г.Яндагийн “...Шүүгдэгч Ж.Б-ын “Ховор ан амьтны түүхий эдийг зөвшөөрөлгүй тээвэрлэсэн” үйлдэлд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан бодитой дүгнэлт хийлгүй түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан...” гэх үндэслэлээр бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “...хориотой ан агнаж, ашиг хонжоо олох гэсэн шууд санаа, шунахай сэдэлт бүхий гэмт хэргийн субьектив шинжийг хангалттай тогтоогоогүй...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг... няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэмжээ хязгаарын дотор хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар ...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд... эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн /гэм буруугүйд тооцох/ зарчмыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож байна гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 хэсэг буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт нь тогтоох хэсэгтэйгээ зөрчилдсөн байна.

Улсын яллагчийн энэ талаар бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул Дархан-уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 159 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгүүд болон 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.11 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 159 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ж.Б-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж-гийн Б-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болно.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                        ШҮҮГЧИД                                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                      Б.МАНЛАЙБААТАР