Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00327

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01838 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2422 дугаар магадлалтай

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

“Х” ХХК-д холбогдох

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гүрбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх тухайн байгууллагад 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр орчуулагчийн албан тушаал дээр хөдөлмөрийн гэрээгүйгээр ажилд орсон. Тухайн байгууллага ажилд орсон хүмүүстэй хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй, тушаал гаргадаггүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, төлсөн ч дутуу бодож төлдөг, захиргааны зүй бус дарамтыг маш их үзүүлдэг. Хөдөлмөрлөх эрх ашгаа хамгаалаад үг хэлэхээр дандаа тайлбар тавьдаг гээд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр захирлын эхнэр, менежер Т.Оюун намайг ажлаас халлаа гэсэн. Миний бие орчуулагчаар ажилд орсон ч гэсэн энэ байгууллагын бүх ажлыг хийж байсан. Захирал тухайн үед Монголд байгаагүй нутагтаа байсан учраас би ажил үүргийнхээ хувьд ажил байдлаа танилцуулсан. Миний бие ажлаас халсан тушаал шийдвэрээ өгөөч гэхэд өгөхгүй гэсэн болно. Иймд менежерийн хууль бус үйлдлийг ажлаас халсантай адилтган үзээд тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О- нь тус компанид 2016 оны 4 дүгээр сараас 12 дугаар cap хүртэл хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан. Бичгээр байгуулсан гэрээ байхгүй, сарын хөлсийг тогтмол 600 000 төгрөгөөр тохиролцон олгож байсан. Харин 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл оффис менежерээр ажиллах хөдөлмөрийн гэрээг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулж ажилласан. Улмаар 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, ажлаас чөлөөлсөн ба тушаалыг Ц.О-т гардуулах гэтэл тушаалыг гардаж авалгүй хэрүүл маргаан хийж, улмаар ажил, албан тушаал болон хариуцан хэрэглэж байсан эд хөрөнгө, өрөөний түлхүүр, компьютер зэргийг хүлээлгэн өгөлгүй ажлын байрыг орхин явсан. Мөн 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр явахдаа өөрийн ажил үүргийн хүрээнд хэрэглэж байсан компьютерт байгаа бүх мэдээлэл, файл, өөрийн хийж гүйцэтгэж байсан мэдээ, тайлан бусад холбогдох баримтыг бүгдийг устгаж явсан нь маш ёс зүйгүй үйлдэл болсон. Ц.О-т ажлаас чөлөөлөх тушаал гардуулсан баримт байхгүй ба өөрт нь цаашид гэрээг сунгахгүй талаар урьдчилж хэлсэн байсан тул ажил албан тушаалаа ч хүлээлцэхгүй орхин явж дээрх ёс зүйгүй үйлдэл гаргасан болно. Иймд Ц.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01838 дугаар шийдвэрээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.О-ийг урьд эрхэлж байсан ажил буюу “Х” ХХК-ийн оффис менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 762 694 төгрөгийг хариуцагч “Х” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.О-т олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан гомдлоор үүсэх маргаан байх тул нэхэмжлэлийн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас 59 153 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2422 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2017/01838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 153 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ц.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.27-ны өдрийн 2422 тоот магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрөн дараах гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэгч нь тус байгууллагад 2016 оны 04 сард анх орчуулагчийн албан тушаалд ямар нэгэн гэрээгүйгээр ажилд орсон. Нэхэмжлэгчийг тус байгууллагад анх ажилд ороход нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байсан бөгөөд нэхэмжлэгч шаардахаар НДШ-ийг чинь төлөхөд шаардлагатай байна гээд харилцан тохиролцолгүйгээр энэхүү хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулсан ч ажлын байрны тодорхойлолтыг танилцуулаагүй нь уг гэрээг нэр төдий хийсэн гэдэг нь нотлогдоно. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өмнө ямар ажил хийдэг байсан түүнийгээ л хийж байсан. Ажлын байрны тодорхойлолтыг ажилтанд танилцуулснаар түүний хийж буй ажлыг шаардлага хангахгүй байна гэж тодорхойлох ёстой атал тэгээгүй.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3-д шинээр ажилд орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээг, хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон туршилтын хугацаагаар гэж заасан бол хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд яг ямар албан тушаал дээр ажилд орж байгаа хүнтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ хийх талаар байхгүй зөвхөн дотоод журмын 7.3.6, 7.4.1-д шинээр ажилд орж байгаа ажилтан гэсэн байгаа болно. Нэхэмжлэгч шинээр ажилд ороогүйг шүүхээс анхаарч үзсэнгүй.

3. Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.2-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүний ажил гүйцэтгэх чадварын талаар хүний нөөцийн менежер дүгнэлт гаргана гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ямар нотлох баримтан дээр үндэслэсэн нь тодорхой бус ховын чанартай хүсэлт өгсөн байгаа бөгөөд энэхүү хүсэлтээ нэхэмжлэгчид танилцуулаагүй.

4. Хариуцагч харин өөрөө нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43-т заасныг зөрчөөд ажлаас халсан тушаал шийдвэрээ танилцуулж гардуулаагүй зүгээр л яв гэж хөөсөн нь ажил хүлээлцсэн ямар нэгэн акт байхгүй байгаагаар нотлогдоно. Тус хуулийн зохицуулалтанд хэрвээ ажилтны буруутай үйл ажиллагаанаас болсон бол ажил олгогч шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэх ёстой атал ямар нэгэн гомдол санал гаргаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзсэнгүй.

5. Нэхэмжлэгч шүүхэд хөдөлмөрийн маргаан үүсгээд гомдлоо гаргаснаар л ажлаас халсан тушаал шийдвэрээ хариуцагч нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тушаал нь дугааргүй байгаа нь нөхөж гаргасан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг тушаал шийдвэр нь бичиг хэргийн стандарт зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс хэт нэг талыг барин хэргийн материалд цугларсан нотлох баримтын хүрээнд бус шийдвэрээ гаргалаа гэж үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.27-ны өдрийн 2422 тоот магадлалыг хүчингүй болгож Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.03-ны өдрийн 182/ШШ2017/01838 тоот шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Ц.О- нь “Х” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.О- нь “Х” ХХК-д 2016 оны 04 дүгээр сараас орчуулагчаар, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл туршилтын хугацаагаар оффис менежер албан тушаалд ажилласан, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.4.2.-т “...хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас нэг сарын өмнө тухайн ажилтны ажил гүйцэтгэх ур чадвар, хандлага, харилцааны соёл, зан суртахууны талаар дүгнэлтийг ...гаргаж, ...цаашид ажиллуулах, эсэх асуудлыг захирал шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүх “ажил олгогч ажилтныг туршилтын хугацаанд ажил олгогчийн шаардлага, шалгуурт тэнцэхгүй байгаа тухай үндэслэл бүхий үнэлж, дүгнээгүй нь гэрээ цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 7.1.3.-т заасан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Ажил олгогч уг албан тушаалд шинээр орж байгаа ажилтантай туршилтын хугацаатай гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор зохицуулсан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.-т заасан хугацаа сунгах үндэслэл тогтоогдоогүй тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн, талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн туршилтын хугацаагаар ажилд авсан тухай ажил олгогчийн тушаал, хөдөлмөрийн гэрээнд гомдол гаргаагүй тул “...шинэ ажилтан биш байхад хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсныг шүүх анхаарч үзсэнгүй..., гэх гомдол үндэслэлгүй байх бөгөөд ажил олгогч ажилтныг ажлаас халсан тушаалд дугаар бичээгүй нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул “...ажил олгогчийн тушаал шийдвэр бичиг хэргийн стандартыг зөрчсөн, нөхөж гаргасан, ажлаас халсан тушаалаа танилцуулж, гардуулаагүй нь хууль зөрчсөн...” гэх үндэслэлээр  давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2422 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацралын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД