Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Иргэний нэхэмжлэгч А.Ууганбаяр,

Иргэний хариуцагч М.Батхүү,

Шүүгдэгч: Э.А, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Т.Ганжолоо нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэмээчин овогт Мөнхсүхийн Б, Хурд овогт Энхтайвангийн А нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1929001450081 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт автозамын 3-аас, 4 дэхь км-т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 32-05 ТЧ дугаарын чиргүүл бүхий, 80-41 УБМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.Агийн жолоодож явсан 80-41  БЧ дугаарын чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол Э.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.А нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуунсухайт автозамын 3-аас 4 дэх километрт 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 80-41 БЧ дугаарын чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас М.Бгийн жолоодож явсан 32-05 ТЧ дугаарын чиргүүлтэй, 80-41 УБМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “ Би өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. А ах хурдтай явж байсан”  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “Би 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нүүрсээ ачаад гараад явсан. Авто замын 3-4 км-т замын том хагархай байдаг. Тэр хагархай байнга байдаг. Түүнийг жолооч болгон мэднэ. Хоосон машинууд нь зам тавьж өгөөд тойроод гардаг. Би тэр хагархайг тойроод өөрийн урсгалдаа орсон байхад Б өөрийн эгнээг сөрөөд орж ирсэн. Машины толгой замын хажуу руу унаад би чиргүүлийг нь мөргөсөн. Миний машины чиргүүл толгой хоёр замын хажуу тал руу унасан”  гэв.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-16-р хуудас/

Хохирогч Б.Баасансүрэнгийн өгсөн: “...манай нөхөр машиндаа нүүрс ачуулаад би түүний жолооддог 47-91 УБО дугаартай Нордбенз машины кабинд суугаад нүүрс тээврийн 3-аас 4 дэх километрт засмал замаар явж байсан. Би гар утсаа оролдоод явж байтал жолоо барьж явсан нөхөр маань “хүүе” гээд дуугарахаар нь өндийгөөд хартал цагаан толгойтой цэнхэр чиргүүлтэй нүүрсний машин урдаас тулаад ороод ирсэн. “Хүүе” гэхийн завдалгүй нөгөө машинтай миний сууж явсан машин мөргөлдөөд нэг сэрэхэд би сууж явсан машиныхаа хойд орлуу шидэгдсэн байсан... өндийх гэтэл миний зүүн хөл гадагшаа нугалраад эргэчихсэн, баруун хөл өвдгөөрөө нугалраад яс нь өмдний цаанаас гарчихсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-25-р хуудас/,

Э.Агийн гэрчээр өгсөн:”...замын хагархай таарахаар нь урсгал сөрөөд тойрч гараад өөрийнхөө урсгалд ороод явж байтал өөдөөс хурдтай хоосон ачааны автомашин урсгал сөрж ирээд миний буруу талаар чирэгч толгой ороод би чиргүүлийг нь чирэгч толгойгоороо мөргөж, миний машины чиргүүл онхолдсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-р хуудас/,

М.Бгийн гэрчээр өгсөн:”...Доржоо ах өөрийнхөө урсгалаар явж байхад өөдөөс нь ирсэн ачаатай машин замын хагархай тойроод урсгал сөрөөд орж ирэхэд Доржоо ах зүүн гарлуугаа дараад замын эвдэрхий хагархай хэсгийг дайраад ачаатай машинтай буруу талаараа зөрөөд цааш явсан. Тэр явдлыг би хараад хаазаа хассан. Урдаас ирж яваа ачаатай машин нүх тойрч гарч ирээд өөрийнхөө урсгалруу орох гэснээ болиод зам голлоод миний өөдөөс чиглээд орж ирсэн. Тэр машин хурдан явж байсан. Өөдөөс тулаад ороод ирэхээр нь би зүүн гар тийшээ дараад /зугатаагаад/ замын урдруу буусан хоёр машины толгой мөргөлдөлгүй буруу талаараа зөрсөн боловч ачаатай машины толгой миний чиргүүлрүү мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-50-р хуудас/,

Гэрч С.Чулуундоржийн өгсөн:”...Тэр машин өөдөөс их хурдтай ирсэн болохоор мөргөлдөхгүйн тулд би буруу талаар нь зөрөөд өнгөрсөн. Тэр орчимд замын баруун гар талын шороон далан өндөр учраас тийшээ шахах болон буух боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн 6502 дугаартай:

  1. “Б.Баасансүрэнгийн биед баруун дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн шилбэ

тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

  1. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул

гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 55-р хуудас/,

Зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг тогтоосон Автомашин техникийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 71-78-р хуудас/,

М.Бгийн яллагдагчаар өгсөн:”...Тухайн осол болсон өдөр би “Амуу тал” ХХК-ийн эзэмшлийн 32-05 ТЧ дугаарын чиргүүлтэй, 80-41 УБМ улсын дугаартай Нордбенз маркийн машиныг жолоодоод “Эрдэнэс таван толгой” уурхайруу явж байсан ... Миний урд Чулуундорж ах явж байсан ... Доржоо ах өөрийнхөө урсгалаар явж байхад өөдөөс нь ирсэн ачаатай машин замын хагархай тойроод урсгал сөрөөд орж ирэхэд Доржоо ах зүүн гарлуугаа дараад замын эвдэрхий хагархай хэсгийг дайраад ачаатай машинтай буруу талаараа зөрөөд цааш явсан. Би тэр явдлыг хараад хаазаа хасаад урдаас ирж яваа ачаатай машин замын хагархай нүх тойрч гарч ирээд өөрийнхөө урсгалруу орох гэснээ болиод зам голлоод миний өөдөөс чиглээд ирсэн. Тэр машин хурдан явж байсан. Өөдөөс тулаад ороод ирэхээр нь би зүүн гар тийшээ дараад /зугтаагаад/ замын урдруу буусан. Хоёр машины толгой мөргөлдөлгүй буруу талаараа зөрсөн боловч ачаатай машины толгой миний чиргүүлрүү мөргөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-98-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн талаарх баримтууд /1-р хх-ийн 136-142-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн багийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 235-236-р хуудас/,

 Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн багийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 390 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 5-7-р хуудас/,

Э.Агийн яллагдагчаар өгсөн:”...Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Зүүн хөхий” ХХК-ийн эзэмшлийн 80-41 БЧ чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн нүүрс ачсан тээврийн хэрэгслийг жолоодон нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 3-4 дэх км-ийн хооронд явж байхад ачаатай талд нилээн том хагархай байхаар нь тойроод эсрэг урсгалд ороод гарсан чинь хоосон талд явсан нэг машин миний буруу талаар зөрсөн. Би тэр машинруу гэрлээрээ дохисон чинь буруу талын урсгалаар зөрөөд явсан. Тэгээд би өөрийн урсгалдаа орсон чинь өмнөөс цагаан өнгийн толгойтой Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ороод ирсэн. Тэр машины толгой нь замын хажууруу гараад би тормосоо тултал гишгэсэн. Тэгээд чиргүүлийг нь очоод мөргөсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-17-р хуудас/,

Иргэний хариуцагч М.Батхүүгийн өгсөн: “Уг нүүрс тээврийн хатуу хучилттай авто замыг “Гашуун сухайт авто зам” ХХК засвар үйлчилгээг хариуцдаг” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-22-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч М.Б нь 80-41 БЧ дугаарын чиргүүл бүхий, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно” зөрчсөн буруутай байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд, Э.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсаныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүгдэгч Э.А нь  Нордбенз маркийн 47-91 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-т заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. /1.2.16 “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ/...”, 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр” зорчино гэснийг тус тус зөрчсөн байдал  тогтоогдож байна.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Э.А, М.Б нарыг “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.А, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Б.Баасансүрэнгээс хохирол төлбөрт 8 500 000 төгрөг нэхэмжилсэн 4 741 000 төгрөгийн хохирлын баримт ирүүлсэнээс шүүгдэгч М.Б нь 3 417 000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 1 324 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, “Амуу тал” ХХК-аас 5 453 000 төгрөг, ”Зүүн хөхий” ХХК-аас 44 490 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.  Иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-аас 2 715 000 төгрөг, “Гашуун сухайт авто зам” ХХК-нд 2 715 000 төгрөгийг  гаргуулж ”Амуу тал” ХХК-нд , ”Амуу тал” ХХК-аас 22 245 000 төгрөг, ”Гашуун сухайт авто зам” ХХК-аас 22 245 000 төгрөгийг гаргуулж ”Зүүн хөхий” ХХК-нд тус тус гаргуулан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-Улсын яллагчаас Э.А, М.Б нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

 -Шүүгдэгч М.Бгийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хүний биед хүнд гэмтэл учруулж хохирлоо нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэх дүгнэлтийг

 -Шүүгдэгч Э.Агийн өмгөөлөгчөөс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн   6.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар заасан. Үүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хугацаагаар тэнсэж болно гэж заасан. тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 6 сарын хугацаагаар тэнсэх дүгнэлтийг

- шүүгдэгч М.Б, Э.А нар нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж , түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч М.Б, Э.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ялын доод хэмжээгээр  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Б, Э.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд М.Б нь 3 417 000 төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Бгийн BCDE ангилалын №723966 дугаартай жолооны үнэмлэх, шүүгдэгч Э.Агийн BCDE ангилалын №125184  дугаартай жолоочийн үнэмлэхийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг дурдах нь зүйтэй.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Тэмээчин овогт Мөнхсүхийн Бг автотээврийн

хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Б.Баасансүрэнгийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

  • Хурд овогт Энхтайвангийн Аг автотээврийн

хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Б.Баасансүрэнгийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг

журамлан шүүгдэгч М.Б тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Аг тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

  1. Шүүгдэгч М.Б, Э.А нар нь энэ хэрэгт цагдан

хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Баасансүрэнд хохирол төлбөрт 3 417 000 төгрөг төлсөн бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-аас 2 715 000 төгрөг, “Гашуун сухайт авто зам” ХХК-аас 2 715 000 төгрөгийг  гаргуулж ”Амуу тал” ХХК-нд , ”Амуу тал” ХХК-аас 22 245 000 төгрөг, ”Гашуун сухайт авто зам” ХХК-аас 22 245 000 төгрөгийг гаргуулж ”Зүүн хөхий” ХХК-нд тус тус гаргуулан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Бгийн BCDE ангилалын №723966 дугаартай жолооны үнэмлэх, шүүгдэгч Э.Агийн BCDE ангилалын №125184  дугаартай жолоочийн үнэмлэхийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА

 

 

й