Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 29

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

         Прокурор: Д.Ганчимэг /Өмнөговь аймаг, Ханбогд сумаас онлайнаар/

         Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг /Өмнөговь аймаг, Ханбогд сумаас онлайнаар/

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нарыг оролцуулав.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолтой, М.Б, Э.А нарт холбогдох 1929001450081 тоот эрүүгийн хэргийг иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ий төлөөлөгч М.Б давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 28 настай, ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Монгол Улсын иргэн, 42 настай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч М.Б нь  авто замын 3-аас, 4 дэх км-т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 80-41 БЧ дугаарын чиргүүл бүхий, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Э.Агийн жолоодож явсан 80-41 БЧ дугаарын чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Б эрүүл мэндэд хүнд хохирол,  Э.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.А нь авто замын 3-аас 4 дэх километрт 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 80-41 БЧ дугаарын чиргүүлтэй, 47-91 УБО улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас М.Бгийн жолоодож явсан 32-05 ТЧ дугаарын чиргүүлтэй, 80-41 УБМ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь шүүгдэгч Э.А, М.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:  Шүүгдэгч М.Бг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Б.Баасансүрэнгийн биөд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.А авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Б.Б биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж, шүүгдэгч М.Б, Э.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Б хохирол төлбөрт 3417000 төгрөг төлсөн бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий”

ХХК-аас 2715000 төгрөг, “Гашуун сухайт авто зам” ХХК-аас 2715000 төгрөгийг гаргуулж ”Амуу тал” ХХК-нд , ”Амуу тал” ХХК- аас 22245000 төгрөг, Гашуун сухайт авто зам” ХХК-аас 22245000 төгрөгийг  гаргуулж ”3үүн хөхий” ХХК-нд тус тус гаргуулан олгож,   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Бгийн ВСDЕ ангиллын 723966 дугаартай жолооны үнэмлэх, шүүгдэгч Э.Агийн ВСDЕ ангиллын 125184 дугаартай жолоочийн үнэмлэхийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч М.Б нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Шүүхээс шүүгдэгч Э.А, М.Б нарт холбогдох эрүүгийн хэсэгт Гашуун сухайт авто зам ХХК-г иргэний хариуцагчаар оруулж тус компаниас 2715000 төгрөгийг гаргуулж Амуу тал ХХК-д 22245000 төгрөгийг гаргуулж Зуун хөхий ХХК-д олгохоор шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Э.А, М.Б нар нь Авто тээврийн хэрэгслийн журам зөрчиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хариуцагч хариуцан төлөх эрх зүйн боломжгүй юм. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг шүүгдэгч нар хариуцан төлөх үүрэгтэй.

Шийтгэх тогтоолд уг хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, түүнтэй иргэний хариуцагч хэрхэн хамааралтай эсэх талаар тодорхойлоогүй. Хуулийн ямар зохицуулалт, үндэслэлээр Гашуун сухайт авто зам ХХК-аас 24960000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн эрх зүйн үндэслэл тодорхойгүй байна.

Иймд Гашуун сухайт авто зам ХХК-иас 24960000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж , Гашуун сухайт авто зам ХХК-аас хохирол төлбөр гаргуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:”... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 4-т “Гашуун сухайт авто зам” ХХК-аас 2715000 төгрөгийг гаргуулж “Амуу тал” ХХК-д, "Гашуун сухайт авто зам” ХХК-аас 22245000 төгрөгийг гаргуулж “Зүүн Хөхий” ХХК-нд тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон.

1 дүгээр хавтас хэргийн 235-236 талд Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн  2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай дүгнэлтээр ... замын зорчих хэсэгт 4.1x24 метрийн хэмжээтэй асфальтан зам эвдрэл үүссэн байсан нь нотлогдож байна... гэж дүгнээд   тухайн замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдал арчлалт  хариуцсан хуулийн этгээд, албан тушаалтан нь замын хөдөлгөөний дүрмийн 2/ заасан заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн байдаг.

2 дугаар хавтаст хэргийн 5-7 талд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчдийн багийн гаргасан 390 дугаартай дүгнэлтээр дээрх гаргасан дүгнэлтийг дахин баталж өгсөн байдаг. Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-ын 23.3.1-д авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, 23,3.2-т авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, эвдрэл гэмтлийн талаар шуурхай арга хэмжээ авах, 27.3.3-т хэрэв эвдэрч буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэж  зам хариуцагч байгууллагын үүргийг заасан байдаг.

Өмгөөлөгчийн зүгээс дээрх байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж авто замд осол гарах шалтгаан нөхцөлийг бий болгосон гэж үзэж байна Тухайн үед замын эвдрэл гэмтэл байгаагүй бол осол гарахгүй байх байсан. Миний үйлчлүүлэгч Э.А нь замын эвдрэлийг тойрох гэж байгаад осол аваар гаргасан байдаг. Хэдийгээр осол аваарыг жолооч гаргасан боловч, тусгай мэргэжлийн шинжээч нар осол аваар гарахад, замын эвдрэл гэмтэл нөлөөлсөн нь тогтоогдож байна гэж удаа дараагийн дүгнэлтүүдийг гаргасан.

“Гашуун сухай авто зам” ХХК нь нэг удаагийн ачилтаар нэг машинаас 340000 төгрөгийн хураамж авдаг. Гэтэл нүүрс тээвэрт өчнөөн олон мянган машин ачилт хийж байгаа бөгөөд үүнээс үзэхэд асар их хэмжээний ашиг орлого олж байгаа нь харагдаж байна. Замын хураамжаа авсан атлаа тухайн жолооч нарын аюулгүй зорчих, хөдөлгөөнд саад учруулах эвдрэл гэмтлийг засаж цэвэрлэх үүргээ биелүүлээгүйгээс замд эрдэнэт хүний амь нас хохирох, насан туршдаа эрүүл мэндээрээ хохирч үлдсээр байхад компанийн зүгээс бид буруугүй гэж байгаа нь хүн чанаргүй, хууль дүрмээ мэдэхгүй. ажлаа хийдэггүй нь илт байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.     

Прокурор Д.Ганчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Прокуророос болон анхан шатны шүүхээс иргэний хариуцагч компанийг хохирол төлбөр төлүүлэхээр шүүхийн шийтгэх тогтоол гаргасан нь хууль ёсны болсон гэж прокурорын зүгээс үзэж байна. “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа буюу Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэсэн 2 шатны шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тухайн гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан нөхцөл нь замын эвдрэлтэй холбоотойгоор М.Б, Э.А нар нь замын эвдрэлээс болж дүрэм зөрчсөн байдаг. “Гашуун сухайт авто зам” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж хохирол төлбөрийг төлүүлэхээр гаргасан шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны үндэслэл бүхий болсон гэж үзэж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...2019 оны 10 дугаар сарын 08-ны 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргадаг. Осол болоход замын эвдрэл гэмтэл нөлөөлсөн эсэх гэдэг хариултад бол замын эвдрэл гэмтэл нөлөөлсөн байна гэсэн хариулт өгдөг. Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлийн 3 дахь болон Автозамын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зам хариуцагч байгууллага дараах үүрэгтэй. Авто замыг ашиглалтад байнгын бэлэн байдалд байлгаж хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Мөн зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар шуурхай арга хэмжээ  авч засах үүрэгтэй гэсэн зүйл заалтыг зөрчсөн байна гэж үздэг. Ингээд хэргийн хүрээнд харахад бол жолооч нар ч гэсэн шүүх хуралдаанд ярьдаг. Энэ эвдрэл бол их удсан. Бид нарын мэдэхийн 2, 3 жил замын эвдрэл байдаг. Жолооч нар тохиоролцоод ойлголцоод гэрлээ шилжүүлээд явдаг юм аа гэсэн тайлбаруудыг гаргадаг. “Гашуун сухайт авто зам” ХХК нь бол тухайн авто замын эвдрэл гэмтлийг хариуцах үүрэгтэй гэж иргэний хариуцагч Б мэдүүлэг өгдөг. Үүнээс үзэхэд тухайн үедээ энэ эвдрэл гэмтэл байгаагүй бол осол аваар гарахгүй байх  боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас гэмт хэрэг гарах байсан шалтгаан нь тухайн замыг хариуцсан компани үүргээ биелүүлээгүй учраас зам дээр осол болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Тийм учраас бол анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ий төлөөлөгч М.Б 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэрийг хянахад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тусгаагүй нь /2 хх-102/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий“ ХХК-аас 2715000 төгрөг гаргуулан “Амуу тал” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад иргэний хохирол хариуцуулж шийджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж заажээ. Дээрх хуулийн заалтын дагуу мөрдөгч нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Зүүн хөхий” ХХК-ийг иргэний нэхэмжлэгчээр /1хх-33/ тогтоосон байх бөгөөд хавтас хэрэгт

“Зүүн хөхий” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон талаар баримт авагдаагүй байхад иргэний хариуцагчаас хохирол гаргуулсан шийдсэн.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “хохирогч Б.Б хохирол төлбөрт 8500000 төгрөг нэхэмжилсэн 4741000 төгрөгийн хохирлын баримт ирүүлснээс шүүгдэгч М.Б нь 3417000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 1324000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” гэж заасан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 1324000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон талаар тусгаагүй. Үлдэгдэл 1324000 төгрөгийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар дүгнэлт хийгээгүй. Хохирогч Б.Б нь 8500000 төгрөг нэхэмжилснээс 3417000 төгрөгийг хасаж тооцоход 5083000 төгрөг үлдэхээр байхад хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үндэслэлээ бичээгүй. Мөн шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тоолох, хохирогчид хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх болон иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус тусгаагүй.

Шүүгдэгч М.Б, Э.А нар нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсантай холбоотой иргэний нэхэмжлэлийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ  төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн төлөөлөгч М.Б “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, “Гашуун сухайт авто зам” ХХК-иас хохирол, төлбөр гаргуулсан хэсгийг хүчингүй болгож өгөхийг хүссэн” давж заалдах гомдолд заасан үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч  М.Б,   Э.А нарт холбогдох 1929001450081 тоот эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Б,   Э.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                          ШҮҮГЧИД                                        Х.ГЭРЭЛМАА

                                                                                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ