Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 54

 

Э.А, М.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч: Э.Э /онлайнаар/,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч: А.И,

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Э.А, М.Б нарт холбогдох 1929001450081  дугаартай эрүүгийн хэргийг иргэний хариуцагчийн төлөөлөгч А.И-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч М.Б нь авто замын 3-аас, 4 дэхь км-т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ТЧ дугаарын чиргүүл бүхий, УБМ улсын дугаартай Нордмаркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас Э.А-ийн жолоодож явсан БЧ дугаарын чиргүүлтэй, УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Э.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 

Шүүгдэгч Э.А нь автозамын 3-аас 4 дэх километрт 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр БЧ дугаарын чиргүүлтэй, УБО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас М.Баатарсүрэнгийн жолоодож явсан  ТЧ дугаарын чиргүүлтэй, УБМ улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг нь шүүгдэгч Э.А, М.Б нарыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч М.Б, Э.А нарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас Б.Б-ийн биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Б, Э.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Б, Э.А нарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцохыг дурдаж, шүүгдэгч М.Б, Э.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Б-д хохирол төлбөрт 3417000 төгрөг төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б-ээс хохиролд баримтаар ирүүлсэн хохирлын үлдэгдэл болох 1341000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 3759000 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Иргэний хариуцагч “З.Х” ХХК-аас 5 459 000 төгрөгийг гаргуулж ”А.Т” ХХК-нд, ”А.Т” ХХК-аас 44 490 000 төгрөгийг гаргуулж ”З.Х” ХХК-нд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Б-ийн ВСРЕ ангиллын №723966 дугаартай жолооны үнэмлэх, шүүгдэгч Э.А-ийн ВСЙЕ ангилалын №125184 дугаартай жолоочийн үнэмлэхийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч А.И давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1929001450081 дугаартай хэргийн шүүх хурал болж иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч болох “З.Х” ХХК-ний нийт хохирол гэгдэх 44,490,000 төгрөгийг төлүүлэхээр шүүх шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг “А.Т” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд гаргасан хохирлыг төлөхөөс татгалзаж байна. Манай “А.Т” ХХК-ийн зүгээс энэхүү хэргийн гол шалтгаан нь “Г.С.А” ХХК-ийн тавьсан хатуу хучилттай зам эвдрэл гэмтэл ихтэй аваар осол болох гол шалтгаан байсан гэж үзэж байна. Үүнд: 1929001450081 дугаартай хэргийн 2 дахь хавтасны 7 дугаар хуудсанд шинжээчийн дүгнэлт байгаа.

Мөн Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Авто замын арчлалт, урсгал засварыг хариуцагч байгууллага нь дараах үүрэгтэй. Үүнд:

23.1.Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна.

23.3.1.авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах;

23.3.2.авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах;

23.3.6.гамшиг, ослын улмаас авто замд эвдрэл, гэмтэл гарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатсан үед олон нийтэд мэдээлж, саадыг арилгах арга хэмжээг шуурхай авах;

Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №16 дугаартай дүгнэлт, хуулийн заалтууд зөрчигдөж байна.

Иймд энэ хэргийг дахин нягтлан шалгаж осол болох гол шалтгаан, гэм буруутныг үнэн зөвөөр тогтоож өгнө үү.

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр болсон шүүх хуралдаанд “Г.С.А.З” ХХК нь тэмдэг тэмдэглэгээ тавьсан байсан гэх тайлбараар хариуцлагаас зугтааж “А.Т” ХХК-ийн гарсан хохирлыг төлүүлэхээр болсонд гомдолтой байна” гэжээ.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Э.Э давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/94 дугаартай шийтгэх тогтоолын 6-д Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар Иргэний, хариуцагч “З.Х” ХХК-аас 5,459,000 төгрөгийг гаргуулж “А.Т” ХХК-д, “А.Т”ХХК-аас 44,490,000 төгрөгийг гаргуулан “З.Х” ХХК-д олгохоор заасныг үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна.

Шүүгдэгч нар нь замын хөдөлгөөний дүрэм биелүүлээгүйн улмаас уг зам тээврийн осол болсон. Тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р Хавсралт замын анхааруулах тэмдэг нь замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээ авахыг жолоочид урьдчилан анхааруулна.

Гэрч С.Ч-ийн өгсөн: “Тэр машин өөдөөс их хурдтай ирсэн болохоор мөргөлдөхгүйн тулд би буруу талаар нь зөрөөд өнгөрсөн. Тэр орчимд замын баруун гар талын шороон далан өндөр учраас тийшээ шахах болон буух боломжгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53-р хуудас/-ээс үзэхэд замын эвдрэл нь зам тээврийн осолд шууд нөлөөлөөгүй гэж үзэхээр байна.Тухайн гэмт хэрэг шүүгдэгч нарын аль алиных нь буруутай үйлдлээс болсон нь тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хуралдаанд оролцогчид замын эвдрэл гэмтлийн талаар ярьж байна. Зам нь эвдрэлтэй байсан нь үнэн. Гэхдээ “Г.С-т” ХХК-аас эвдрэлтэй хэсэг дээр тэмдэг, тэмдэглэгээ тавьсан байсан. Замын тэмдэг, тэмдэглэгээ тавьсан үед тухайн тээврийн хэрэгслийн жолооч нар ямар нөхцөлд яаж тээврийн хэрэгслийг жолоодож саадыг тойрч гарах вэ гэдэг талаар замын хөдөлгөөний дүрэмд тодорхой заасан. Энэхүү заалтыг зөрчсөн учраас зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдсон. Тиймээс зам тээврийн осолтой холбоотойгоор “Г.С-т” ХХК-аас мөнгө нэхэмжлэх, “А.Т” ХХК нь энэ мөнгийг нь төлөхгүй гэж үзэж байгаа асуудал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Мөн замын хөдөлгөөний талаар тодорхой шинжээчийн дүгнэлтээр шийдвэрлэсэн байдаг учир шийтгэх тогтоол үндэслэлтэй байна“ гэв.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Э.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хавсралт нэгт анхааруулах тэмдэг нь замын аюултай хэсэгт ойртож явааг анхааруулж урьдчилсан арга хэмжээ авахыг жолоочид сануулна гэсэн байдаг. Энэ хэрэгт болсон үйл явдлыг харахад “З.Х” ХХК-ийн жолооч Э.А нь тухайн замын эвдрэлтэй хэсгийг тойрон гарахдаа өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхгүй аюултай нөхцөл байдал илэрсэн тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлээгүй бол уг зам тээврийн осол болохгүй байсан. Хэрвээ тухайн замыг эвдрэлтэй хэсгийг дайраад уг осол болсон гэх юм бол гэрч Ч тэр нүхийг дайраад гарахад тухайн машин осолд орсон гэж мэдүүлэх байсан. Гэтэл тухайн жолооч замын эвдрэлтэй хэсгийг дайрч гараад аюулгүй өнгөрсөн. Тэгэхээр уг зам тээврийн осол манай зам дээр болсон эвдрэлтэй холбоогүй. Энэ бол шүүгдэгч нарын өөрийнх нь Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлээгүйгээс осол болсон гэж үзэж байна” гэв.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч А.И давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Гэрч Ч-той эхний зөрсөн машин нь манай “А.Т” ХХК-ийн жолооч байсан. Харин хоёр дахь зөрсөн машин буюу яг ард нь явж байсан нь М.Б байсан. Хохирсон байгаа компанийн жолооч хурдтай явж байсан. Тэрийг таамаглах боломж байхгүй. Харин Э-ийн ярьж байгаагаар зам бол ямар ч хамааралгүй гээд өөрийнхөө компанийг тойруулж байна. 

Тэгэхээр манай талаас болон Э-ийн ярьж байгаагаар “З.Х” ХХК буюу хохирогч компанийн хийсэн үйлдэл нь буруутай үйлдлийн буюу осол гарах эхлэл болоод байгаа. Замаа тойрч гарахгүйгээр замаа дайрч гараад гэрч Ч-той зөрөөд өнгөрсөн. Тэгэхэд араас нь явж байсан М.Б гэрч Ч-ийг зөрж өнгөрөх боломжгүйгээр шахаад ороод ирсэн байдаг. Тэгэхээр гол буруутай үйлдэл нь “З.Х” ХХК буюу хохирогч компанийн жолооч өөрөө урсгал сөрсөн. Манай компани буруугүй л гэж яриад байх юм. Ер нь л замын эвдрэлээс болж байгаа байхгүй юу. Тийм эвдрэл гараагүй байсан бол хэн нь ч тойрох үйлдэл хийхгүйгээр чигээрээ явах байсан. “Г.С-т” ХХК одоо болтол замаа янзлахгүй байна. Зам эвдрэлтэй явахад хэцүү байна. Энэ машинууд чинь жижиг тэрэг биш учраас тийм амархан зогсох боломжгүй.

Тэр замын эвдрэлийг чинь дайраад л гарахад урьд дугуй хагарч машин унах магадлалтай тээврийн хэрэгсэл байдаг. Ийм байхад чинь л манай зам буруугүй гээд байх юм. Энэ компанийн зам дээр бид нар явж байна. Энэ зам дээр зөндөө ийм осол гарч байна. Ямар учраас нөхөн төлбөр өгөхгүй хэргээс зугтаагаад байдаг юм бэ. Яагаад манай компани бүх хохирол дээр буруутан болоод бүх хохирлыг төлөх ёстой юм бэ. Хохирогч талын компани эхэлж нүхээ тойрч гарахад манайх амь насны эрсдэл, аюулаа бодсон. Эхний машин зөрөөд гарсан байхад хоёр дахь машин ямар ч зөрөх боломжгүй. Тэр урт машин өөдөөс нь ирж байхад манай жолооч М.Б торомз гишгээд чиргүүлээрээ мөргөсөн байдаг. Тиймээс манай машины чиргүүлийн хохирол 5.000.000 төгрөг л гарсан. Энэ бүгдээс харахад “З.Х” ХХК-ийн буруутай үйлдэл болон зам эвдрэлтэй байсан талаар бүх нотлох баримт байхад манайх яагаад буруутай болоод байгаа юм. Хэтэрхий нэг талаа барьчихсан гэж үзэж байна. Зам гэдэг чинь аюултай зүйл шүү. Зам дээр ажилладаггүй хүмүүс ойлгодоггүй л байх. Бид нар өдөр болгон жолооч нарынхаа араас сэлбэгийг нь аваачиж өгдөг. Тэгэхэд энэ зам хүндрэлтэй хэцүү байдаг. Эхлээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор “З.Х” компаниас 22.000.000 төгрөг, манай компани дээр 27.000.000 төгрөг төлбөрийг гарсан. Тэгээд хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд буцсан байдаг. Дахин анхан шатны шүүх хуралдаан болоод манай дээр 44.000.000 төгрөг төлөхөөр гарсан. Хамгийн анх гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар байвал манай компани төлөх боломжтой. Миний гомдол гаргасан шалтгаан гэвэл “Г.С-т” ХХК-ийг хариуцлага хүлээдэг байгаасай. Хохирол төлбөр барагдуулдаг байгаасай. Өнөөдөр энэ хурлаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээвэл дараа дараагийн хэргүүд ийм байдлаар явагдана. “Г.С-т” ХХК-ийг үргэлж хариуцлагаас зугтсан байдалтай байлгахыг хүсэхгүй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагчийн төлөөлөгч А.И-ийн  бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймаг дах Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 42 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан дүгнэлтэд: ”...хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газарт хэмжилт хийсэн тэмдэглэлд жолооч Э.А-ийн явж байсан замын зорчих хэсэгт 4,1х24 метрийн хэмжээтэй асфальтан зам эвдрэл үүссэн байсан нь нотлогдож байна. Уг замын эвдрэлийг Э.А тойрсон үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгааныг эхлүүлсэн гэж үзэхээр байна. Иймд тухайн замын байгууламжийг ашиглалт, засварын аюулгүй байдал, арчлалтыг хариуцсан хуулийн этгээд, албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 дахь хэсэгт заасан “...зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн”  гэсэн байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад зам тээврийн осол гарсан гэх замын бүрэн бүтэн байдал, эвдэрсэн тохиолдолд засах арга хэмжээ авах эрх бүхий этгээд, албан тушаалтныг олж тогтоогоогүй.

Өөрөөр хэлбэл уг замын арчлалтын хариуцдаг ямар хуулийн этгээд байгаа болох нь ямар нотлох баримтаар тогтоогдож байгаа талаарх ажиллагааг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй, шүүгч, прокурор, мөрдөгч нь тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлээгүй, “Г.С.А.З” ХХК-ийг ямар нотлох баримтыг үндэслэн иргэний хариуцагчаар татах болсонтой холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй нь прокуророос нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

Шүүхийн шийдвэрийг хянахад

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох” гэснийг зөрчсөн, мөн шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4, 5, 6 дахь хэсгийн хэрэглэвэл зохих заалтыг огт хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно. Мөн “З.Х” болон “А.Т” ХХК-иуд нь гэм буруутай этгээдүүдээс өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаарх Иргэний хуулийн холбогдох заалтыг дурдаж өгөөгүй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг хэрэглээгүй зэрэг нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг анхан шатны шүүх зөрчсөн байна.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг нотлоогүй тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн тул иргэний хариуцагчийн төлөөлөгч А.И-ийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Э.А, М.Б нарт холбогдох 1929001450081   дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт буцаасугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.А, М.Б нарт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                        ШҮҮГЧИД                                             Х.ГЭРЭЛМАА

                                                                                                    Т.БЯМБАЖАВ