Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/00638

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02676 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 25 485 200 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 21 825 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажавын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э” ХХК нь 2012 оноос 2014 оны 8-р сарын дуустал хугацаанд манай компаниас барилгын төмөр материалыг 37 удаа зээлээр авч, дараа төлбөр хийгдэх нөхцөлтэйгээр өгдөг байсан. Нийт нийлүүлсэн төмөр материалын үнэ 26 729 600 төгрөгийг 11 удаагийн төлөлтөөр хийсэн байдаг ба одоо үлдэгдэл 25 431 000 төгрөгийг төлөхгүй хохирол учруулаад байна. 2 компанийн захирал тохиролцож Төв аймгийн Аргалант сумын 2-р багийн нутагт 3 худаг барьж байгуулан төлбөр тооцоогоо дуусгахаар тохирсон боловч нэг худаг өрөмдөөд тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай гээд авч яваад сураггүй болсон тул Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Худгийн бүх зардлыг “Э” ХХК хариуцах байсан боловч манай компаниас тоног төхөөрөмжийг гаргуулаад, түүнийгээ өөрөөсөө гаргасан зардал гэж ойлгуулснаар иргэний журмаар шийдвэрлүүл гээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “Э” ХХК нь труба төмөр авахдаа борлуулалтын ажилтан Саранбаатар, Тогтохбаяр, Оюун-Эрдэнэ, Бумбарай нараас бичүүлээд авсан нь компанийн бараа материалын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн.

Иймд “Э” ХХК-иас авсан барааны үнэ 25 431 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулж шийдвэр гаргуулахад 70 200 төгрөг, нийт 25 485 200 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шинжээч томилоод худгийн үнэлгээг 2013 оны байдлаар 9 600 000 төгрөгөөр үнэлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 9 600 000 төгрөгийг хасч, 15 885 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани тус компаниас авсан төмөр, барааны мөнгийг Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багын нутаг тариалангийн талбайд гүний худаг гаргаж бүрэн дуусгасан. 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн ХААН банкны дансаар нэхэмжлэгч компанийн нягтлан н.Оюун-Эрдэнийн дансанд 2 426 000 төгрөгийг шилжүүлж бараагаа авсан. Энэ нь дансны хуулга, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. Харин 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зээлээр 5 415 000 төгрөгний бараа аваагүй. Энэ өдрийн падааныг хуурамчаар үйлдэж шүүхэд өгсөн, 5 415 000 төгрөгийг залилсан гэж цагдаад өгч шалгуулсан. Гарын үсгийг минийх биш гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 466 000 төгрөгийн бараа материалыг зээлээр авсан нь үнэн. Тэгээд 2013 оны 11 дүгээр сард Аргалант суманд худаг гарган өгч төлбөр тооцоо бүрэн дууссан, үүнээс хойш зээлээр болон бэлэн мөнгөөр бараа материал худалдаж аваагүй. Мөн шинжээч 23 140 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тодорхойлсон.

Нэхэмжлэл үндэслэлгүй тул зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Манай компани 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Аргалант сум 2-р багт байх “Х” ХХК-ийн тариалангийн талбайд 219 мм диаметр бүхий 3 гүний худаг өрөмдөхөөр тохирсон бөгөөд уст цэг тогтоохоор газар дээр нь очиж хэмжилт хийхэд зарим газартаа усны илэрцгүй байсан бөгөөд тус компанийн захирал Н.Сүхбаатарт албан ёсны дүгнэлтээ гаргаж өгсөн. Өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж нийт 310 тууш метр өрөмдлөг хийж түүнээс усны нөөц сайтай нэг цооногт худгийн гүний насос 380 вт, шүүрийн хоолой, ус дамжуулах хоолой, цахилгааны шит бусад холболт монтаж, кабель таглаа зэргийг суурьлуулж иж бүрэн худаг хүлээлгэн өгсөн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд 18 000 000 төгрөгийн зардал гарсан бөгөөд 5 ажилтан 11 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Уг худгийн өрөмдлөгийн ажлын хөлсийг материалын зардлын хамт “Х” ХХК манайд төлж барагдуулах ёстой байсан ба манай худалдан авсан төмөр трубаны төлбөрт суутгаж тооцохоор 2 талаасаа тохиролцсон. Гэтэл уг хийж гүйцэтгэсэн ажлын хөлс материалын зардлыг манайхаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. 

“Х” ХХК-ийн Төв аймгийн Аргалант суманд байх тариалангийн талбайд 2013 оны 11-р сард гүний худаг өрөмдөж гарган тоног төхөөрөмжийг суулгаж хүлээлгэн өгсөн. Гүний худгийн өрөмдлөгийн ажлын хөлс, материалын зардал зэрэгт зарцуулсан 13 980 000 төгрөг, гүний худаг өрөмдөх зорилгоор өрөмдсөн худгийн цооногт суулгасан 219 мм ган трубаны үнэ болох 4 050 000 төгрөг, гүний худаг гаргах ажилд зарцуулсан 2 300 л дизель түлшний үнэ болох 3 795 000 төгрөг, нийт 21 825 000 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцуулахаар нэхэмжилсэн. Хөрөнгө үнэлгээний төв ажлын хөлсийг 23 140 000 төгрөг гэж үнэлсэн тул зээлээр авсан трубаны 11 466 000 төгрөгийг хасаад үлдэгдэл 11 674 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлдээ нэг худгийн ажлыг 18 000 000 төгрөг гэсэн байна. 2013 онд гаргасан худгийг 9 600 000 гэж үнэлсэн. Хариуцагч компани худалдаж авсан бараа материалдаа тооцож худаг гаргаж өгсөн болохоос бид нар захиалж худаг гаргуулаагүй.

Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02676 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг, 261-р зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ХХК-иас 15 885 200 төгрөг гаргуулахыг хүссэн “Х” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Х” ХХК-иас 3 016 000 төгрөг гаргуулж “Э” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 8 658 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 267 075 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, “Х” ХХК-иас 63 206 төгрөг гаргуулж “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02676 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “Э” ХХК-иас 15 885 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “Х” ХХК-иас 11 674 000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлсөн 237 380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Хариуцагч “Э” ХХК төмөр зээлээр авч байснаа хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ бичиж хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх нэгэнт хэлэлцэгдэн тогтоогдсон баримтыг үнэлэхдээ хуулийг буруу тайлбарлан магадлалын үндэслэл болгосон. Шүүхийн шийдвэр магадлал хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангах ёстой. Нэг нь худалдах худалдан авах гэрээний харилцаа байхад нөгөө нь ажил гүйцэтгэх гэрээний харилцаа зэргийг хольж шийдвэрлэсэн нь магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэрэгт нотлох баримт хэн аль нь хангалттай бүрдүүлж өгөөгүй ч хэргийн газрын үзлэгээр 3 худаг ухсан байна гэдэг нь тогтоогддог. Гурван худаг ногооныхоо талбайд гаргуулах асуудал дээр маргадаггүй харин худаг гаргахдаа эзэмшлийн талбайгаас өөр газар гаргаж төлбөрт тооцсон асуудал яригддаг. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд дүн шинжилгээ хийгээгүй гэж үзнэ. Үүнээс үүдэлтэй хэргийн болон цугларсан нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй тул шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл муутай гарсан гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ гэж уншиж сонсгочихоод магадлалдаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж бичсэн нь ойлгомжгүй байна. Усны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3, 23.4, 29 дугаар зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1,31 дугаар зүйлийн 30.1, 16 дугаар зүйлийн 16.1.2 “Э” ХХК зөрчсөн байгаад үнэлэлт өгөөгүй.

Иймд хэргийг дахин хянаж хууль зүйн үндэслэлтэй эсэх, хуулийг тайлбарлаж хэрэглэхдээ алдаа гаргасан гэж үзэж гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.           

       ХЯНАВАЛ:  

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Э” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний дагуу авсан барааны үнэ 25 431 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гаргасан зардалд 70 200 төгрөг, нийт 25 485 200 төгрөг шаардсан нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлдээ хариуцагчийг 2012 оноос хойш барилгын төмөр материалыг 2014 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд дараа төлбөр хийх нөхцөлтэйгээр 37 удаа зээлээр авсан, нийт нийлүүлсэн төмөр материалын үнэд 26 729 600 төгрөг төлж, 25 431 000 төгрөгийн төлбөр төлөөгүй учир хоёр компанийн захирлууд харилцан тохиролцож, Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт 3 худаг барьж, төлбөрт тооцохоор болсон боловч хариуцагч нэг худаг өрөмдөөд дуусгаагүй гэж тайлбарласан байна.

Хариуцагч “Экпресс трейд” ХХК худаг гаргасан ажлын хөлсөд 11 674 000 төгрөг шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэлийг татгалзсан тайлбартаа “Х” ХХК-иас 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 11 466 000 төгрөгийн, 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 3 078 000 төгрөгийн нийт 14 544 000 төгрөгийн труба авсан ба уг төлбөрөөс “Х” ХХК-ийн тариалангийн талбайд худаг гаргаж өгсөн ажлын хөлс 13 980 000 төгрөгийг хасч тооцох, үлдэгдэл мөнгөнд 220 вольтын гүний насосыг 380 вольтын насосоор сольж өгөхөөр тохиролцож, худаг гаргах ажлаа бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн гэжээ. 2013 оноос хойш зээлээр ямар нэг бараа худалдаж аваагүй, харин 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2 426 000 төгрөг төлж, труба авсан гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн тайлбараас үзвэл зохигч нь худалдах-худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаатай байсан байна. Харин зохигч нь худалдах-худалдан авах гэрээний үнэд ажил гүйцэтгэх гэрээний хөлс, эсхүл ажил гүйцэтгэх гэрээний хөлсөд худалдах-худалдан авах гэрээний үнийг тооцох талаар тохиролцсон болох нь тодорхой бус, зохигчийн хэн алин нь өөр өөр тайлбар гаргасан байна.

Түүнээс гадна худалдах-худалдан авах гэрээний зүйл, үнэ, хугацаа, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн, ажил гүйцэтгэх гэрээний зүйл, төлбөл зохих болон төлөөгүй хөлсийн хэмжээ, хугацаа зэрэг дээрх гэрээний гол нөхцлийн таларх талуудын тохиролцоог хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд тодорхойлох боломжгүй байна.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан бол давж заалдах шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Дээрх хоёр шийдвэрийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд гаргасан боловч шүүх эдгээр баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэх боломжгүй байна. Хэргийн нөхцөл байдал хангалттай бүрэн тогтоогдоогүй, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, талууд маргааны зүйлээ зөв тодорхойлсон эсэхийг шүүх анхаараагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1.-д зааснаар биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болдог. Харин хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3., 236.2.-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол өмнөх үүргийн харилцаа дуусгавар болдог.

Зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд талууд үүрэг солих ажиллагаа явуулсан гэж үзэх эсэх, сольсон бол худалдах-худалдан авах гэрээний үүргийг  ажил гүйцэтгэх гэрээний үүргээр, эсхүл ажил гүйцэтгэх гэрээний үүргийг худалдах-худалдан авах гэрээний үүргээр сольсон болох нь тодорхой бус улмаар аль үүргийг дуусгавар болгосон гэж үзэх нь тодорхой бус байна.

Харин талууд нэг гэрээний шаардлагыг өөр гэрээний шаардлагад тооцсон бол аль аль гэрээний үүргийг дуусгавар болсон гэж үзэх эсэх талаар дүгнэх хангалттай баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хоорондох маргаанд хууль зөв хэрэглэсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийхэд хэрэгт авагдсан нотлох баримт хангалттай бус байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/02676 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 237 380 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН