Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 20

 

                                       

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 17  өдөр                                            Дугаар 120/ШШ2017/0020                                                              Өмнөговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сугиржав, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч Б.З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хурлын даргад холбогдох,

“иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, Хурлын төлөөлөгчдийн шаардсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, түүний өмгөөлөгч Н.Н, хариуцагч Цсумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Х, иргэдийн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Гарьдхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32-р зүйлийн 32.6 дахь заалтыг үндэслэл болгон хурлын 14 төлөөлөгч гарын үсэг зурж сумын Засаг даргыг огцруулах үндэслэл бүхий албан шаардлагыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн.

Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 01-р сарын

 

D:\Захиргаа\ерөнхий\шийдвэр\Золбоо.11.17.docx

25-нд хуралдаж хуралдаан зарлан хуралдуулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөрчиж байгаа хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Миний бие уг Хурлын төлөөлөгч бөгөөд мөн Хуралд дахь Ардчилсан намын бүлгийн даргаар ажилладаг, нэхэмжлэлдээ хуулийн үндэслэлүүдийг бичсэн. Гол агуулга нь иргэдийн Төлөөлөгчдөөс сонгогдсон төлөөлөгчийн гуравны нэгээс доошгүйн саналын дагуу 15 хоногын дотор хурлыг зарлан хуралдуулах ёстой учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хурлын төлөөлөгчдөөс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот бичгээр 5 асуудлыг хурлаар хэлэлцүүлэхээр өгсөн боловч Тэргүүлэгчдээс хурлыг зарлан хуралдуулахгүй байгаа юм.   

Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зарлан хуралдуулахыг Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 сарын 19-ний өдөр Засаг даргыг огцруулах тогтоол гаргасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хянуулахаар аймгийн Засаг даргад уламжлахад аймгийн Засаг дарга уг асуудал шүүх дээр байгаа учраас шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Үүний дараа Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 нэр бүхий төлөөлөгч уг асуудлыг хэлэлцүүлэхээр Хурлыг хуралдуулахаар албан бичиг өгсөн боловч 1 жилийн дотор уг асуудлыг хэлэлцэхгүй гэсэн. Саналыг хүлээн аваагүй бол Засаг даргыг огцруулах асуудлыг 1 жилийн дотор хэлэлцдэггүй.

Хамгийн гол нь Ц сумын Засаг дарга Бадарчийг огцруулах тогтоолыг аймгийн Засаг дарга хүлээж авсан эсхүл хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргаагүй юм. Учир нь тухайн үед уг асуудал нь шүүх дээр байсан юм. Иймээс дахин огцруулах саналыг Хуралд гаргасан юм. Гэтэл уг асуудлыг хэлэлцэх боломжгүй гээд байгаа, хурлын төлөөлөгчдөөс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот бичгээр хуралд хэлэлцүүлэхээр өгсний эхний асуудлууд цаг хугацааны хувьд өөрчлөгдсөн байгаа. Цаг хугацааны явцад өөрчлөгдөөгүй асуудлуудаа хэлэлцүүлнэ.

Дээрх 01 дугаартай албан бичгийн дагуу хурлыг хуралдуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага байгаа юм. Аль асуудлыг хэлэлцэхийг тухайн үед нь Хурал шийдэх байх, иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Б 2016 оны 02 дугаар сарын 20-ны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас Засаг дарга О.Бийг огцруулах тухай 2/11 дугаартай тогтоолыг гаргаж түүнийг аймгийн Засаг дарга Н.Н-т уламжилсан юм. Аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үндэслэлээр хугацаанаас өмнө огцруулах нөхцөлийг заасан байна. Ц сумын Засаг дарга О.Б нь гэмт хэрэг үйлдсэн, хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэл нь аливаа хэлбэрээр тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр саналыг хүлээн авахаас татгалзсан хариуг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/1979 дугаартай албан бичгээр хүргүүлсэн юм.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан хуулийн заалтыг хэрэгжүүлж 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм.

Засаг даргыг огцруулах тухай иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь заалтуудыг үндэслэл болгосонд дээд шатны Засаг дарга татгалзсан байна.

 Энэхүү Засаг даргыг хугацаанаас өмнө огцруулах тухай саналыг дахин иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэж санал гаргах эрх нь хуулиар хязгаарлагдсан тул хуралдааныг зарлан хуралдуулах боломжгүй гэж үзэж байна. Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж, Түүний Удирдлагын тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулсан нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөрчөөгүй.

Хурлын төлөөлөгчдөөс ирсэн Засаг даргыг дахин огцруулах асуудлыг хэлэлцэх хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд хуулиндаа дээд шатны Засаг дарга буцаасан учраас 1 жилийн дотор хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хуралдааныг хийхгүй гэсэн бичиг хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Б 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн хуралдаанд АН-ын бүлгийн гишүүдээс ирүүлсэн Засаг дарга болон хурлын даргыг огцруулах талаархи асуудлыг хурлын хэлэлцэх асуудалд оруулах саналыг авч хэлэлцээд хэлэлцэх асуудалд оруулан хэлэлцэж Засаг дарга О.Бийг огцруулах 2/11 дугаартай тогтоолыг гаргаж аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт уламжилсан юм. Аймгийн Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1-1979 дугаартай албан бичгээр саналыг хүлээн авахаас татгалзсан хариуг ирүүлсэн. Ц сумын Засаг дарга О.Б Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж “...Хуульд заасан дэгийг зөрчиж гаргасан 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Ц сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2/11 дугаартай “Сумын Засаг дарга О.Бийг огцруулах тухай”, 2/12 дугаартай “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” Тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэсэн. Энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Г.Цог-Өрнөх нь маргаан бүхий захиргааны актууд өөрийнх нь эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөргүй, хуульд харшлаагүй байгаа тул энэхүү маргаанд гуравдагч этгээдээр оролцохгүй шалтгаанаа бичгээр илэрхийлсэн. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хүлээн зөвшөөрсөн тул шүүхээс уг хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр нэр бүхий 14 төлөөлөгчид дахин хуралдаан хуралдуулж Засаг даргыг огцруулах Тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар бичиг ирүүлсэн. Энэ хүсэлт нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө ирүүлсэн тул Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуралдан хэлэлцээд 2017 оны 01 сарын 25-ны өдрийн 09 тоот албан бичгээр тодорхой хариуг хүргүүлсэн.  

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 төлөөлөгчөөс өмнө нь гаргасан 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай албан бичгийг авч Хурлаас шийдвэр гарсан, аймгийн Засаг даргад уламжилсан бөгөөд аймгийн Засаг даргаас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/1979 дугаартай бичгээр “сумын Засаг даргыг огцруулах тухай” саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн байсан учир шаардлагад дурьдсан асуудлыг дахин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх боломжгүй тул хурлыг хуралдуулах боломжгүй гэж үзсэн. Аймгийн Захиргааны хэргийн шүүхэд О.Бийн нэхэмжпэл гаргасан асуудал нь тухайн хүний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу гаргасан нэхэмжлэл тул түүнийг хурлын хэлэлцэх асуудлын хүрээнд хамааралгүй юм. Мөн сумын багуудад Засаг дарга албан тушаал урвуулан ашиглаж багийн иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдсан эсэхийг хуулийн байгууллага тогтоогоогүй байхад энэ асуудлыг хурал хэлэлцэх боломжгүй. Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан үндэслэлд дээд шатны Засаг дарга татгалзсан тул 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авах боломжгүй гэж үзээд хариуг хүргүүлсэн. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлөөлөгч Б.З шүүхэд нэхэмжлэл гаргаж хуралдаан хуралдуулах талаар ИТХ-ын Тэргүүлэгчдэд даалгах шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10.00 цагт, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10.00 цагт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хуралдуулахаар төлөөлөгчдөд хурлын тов хүргүүлсэн боловч АН-ын бүлэг болон нэр бүхий 14 төлөөлөгч хуралдаа ирээгүй тул ирц хүрээгүй шалтгаанаар хуралдааныг хуралдуулж чадаагүй байгаа. Хурал товлон зарлахаар өөрсдөө хуралдаа ирдэггүй, ирц хүрдэггүй учраас хуралдаан хийх боломжгүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь Хурлын Тэргүүлэгч болон Хурал нь шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй нь хууль бус байна гэсэн агуулга бүхий нэхэмжлэл байна. Бид эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд эс үйлдэхүйг заасан байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Тэргүүлэгчид хурал товлох эрхтэй байдаг. Хамтран хариуцагчаар оролцож байгаа Хурлын даргын хувьд мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уг асуудал 1 жилийн хугацаанд дахин хандахгүй эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Аймгийн Засаг дарга зөвхөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлснээр захиргааны хэргийн шүүхэд уг асуудал байгаа болохоор шийдээгүй гэсэн нь худлаа. Хууль зөрчөөгүй байна гэсэн учраас шийдвэрлэсэн юм. Хурал болон Хурлын Тэргүүлэгч Хурлын дарга нэгэнт хүчингүй болсон тогтоолын талаар авч хэлэлцэх боломжгүй болсон юм. Дахин хурлын хуралдуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэв.

 

Иргэдийн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....аймгийн Засаг дарга хуулийн хүрээнд хариу өгсөн байхад 1 жилийн дотор нэхэмжлэл гаргасан нь буруу, сумын Засаг дарга Бадарч улс төрийн ажилтан огцрох зөрчил гаргаагүй, нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй, харин нэхэмжлэгчид 12 сарын 23-наас хойш дахин санал гаргах эрхийг нээлттэй орхихыг хүсч байна...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч Б.З нь мөн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, Хурлын төлөөлөгчдийн шаардсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Уг хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагчийг солихыг зөвшөөрөхгүй тухайгаа бичгээр[1] ирүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино”, 25.2-т “Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 120/ШЗ2017/0103 дугаар захирамжаар /хх-165/ дээрх нэхэмжлэл бүхий захиргааны хэрэгт Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хурлын...төлөөлөгч, ...асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус зааснаас үзэхэд Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч Б.З нь төлөөлөгчийнхөө[2] хувьд тухайн хуралд асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах, эрхээ хөндөгдсөн гэж үзэн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Тодруулбал нэр бүхий 14 төлөөлөгчөөс “Хурал хуралдуулах тухай” шаардлагыг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаар албан бичгээр Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн ба уг албан бичигт Б.З гарын үсгээ зурсан байх тул хурлын төлөөлөгчийн хувьд холбогдох асуудалд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна гэж үзлээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тал нь “Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 14 төлөөлөгчөөс мөн сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхээр хурал хуралдуулахыг шаардсан байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид ээлжит бус хуралдааныг товлон зарлаж хуралдуулахгүй байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг болон сумын иргэдийн Хурлын төлөөлөгчдийн эрхийг зөрчиж байна” гэж, хариуцагч тал “сумын Засаг даргыг огцруулах саналыг өмнө нь хэлэлцсэн, аймгийн Засаг даргаас татгалзсан учир дахин сумын Засаг даргыг хугацаанаас нь өмнө огцруулах санал гаргах, хэлэлцэх эрх хуулиар хязгаарлагдсан тул хуралдааныг товлон зарлан хуралдуулах боломжгүй талаар хариу өгсөн” гэж тус тус тайлбарлан маргажээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо.

Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “сумын Засаг даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг” хэлэлцээд /хх-19/ мөн сумын Засаг дарга О.Бийг огцруулахаар шийдвэрлэн 2/11 дугаар тогтоолыг /хх-162/ гаргаж, сумын Засаг дарга О.Бийг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг 75 тоот албан бичгээр /хх-13/ Өмнөговь аймгийн Засаг даргад уламжилж, улмаар аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1-1979 тоот албан бичгээр /хх-15/ “сумын Засаг даргыг огцруулах” саналыг хүлээн авах боломжгүй талаар хариуг Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн байх бөгөөд үүний дараа хурлын 14 төлөөлөгчийн гарын үсэг бүхий 5 асуудлыг хурлаар хэлэлцүүлэхээр 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Хурал хуралдуулах тухай” 01 тоот бичгийг[3] мөн Хуралд хүргүүлжээ.

Дээрх албан бичигт баримталсан хуулийн заалт, хурлаар хэлэлцүүлэх асуудлын агуулга, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээс үзвэл Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 төлөөлөгчдөөс гаргасан сумын Засаг даргыг огцруулах үндэслэлээр ээлжит бус хуралдааныг хуралдуулах шаардлага байх ба мөн Хурлын дарга Г.Б нь Тэргүүлэгчдийн хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17 цагт хийхээр товлон зарлаж, мөн өдрийн хуралдаанаар “Засаг даргыг огцруулахаар шаардсан Хурлын Төлөөлөгчдийн шаардлагын дагуу Хурлын хуралдаан зарлах шаардлагагүй” гэж шийдвэрлэн, хариуг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 09 тоот албан бичгээр Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Б Хурлын нэр бүхий Төлөөлөгчдөд хариу өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдож байна.

 

Мөн хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 120/ШЗ2017/0001 дугаартай захирамжаас үзэхэд Ц сумын Засаг дарга О.Бийн “мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/11, 2/12 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн[5] байх бөгөөд шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Хариуцагчийн “Аймгийн Засаг даргаас татгалзсан хариу ирсэн хэдий ч хурал өөрөө тогтоолоо хүчингүй болгох эрхтэй, Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/11 дүгээр тогтоол хүчингүй болоогүй, тухайн үед шүүх дээр О.Бийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсчихсэн байсан учраас шийдээгүй байсан” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8-д “тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэх саналыг Хуралд оруулах”, 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаас үзвэл тухайн Хурлын дарга нь тухайн шатны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, огцруулах тухай хүсэлтийг хүлээж авах эсэх асуудлыг Хуралд оруулах эрхтэй, мөн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэхээр тус тус зохицуулсан байх бөгөөд эндээс Засаг даргыг огцруулах тухай хүсэлтийг хүлээн авч, хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулах, хуралдааныг товлон зарлах үүрэг нь Хурлын даргад байна.

Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өмнөговь аймгийн Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1/1979 тоот албан бичигт “...Ц сумын Засаг дарга О.Б нь гэмт хэрэг үйлдсэн, хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэл нь аливаа хэлбэрээр тогтоогдоогүй...О.Бийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн б/129 дүгээр захирамжаар томилсон байх тул цаг хугацааны хувьд түүнийг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэх боломжгүй байна” гэж дүгнэн хариу өгснөөс үзвэл Өмнөговь аймгийн Засаг дарга Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 75 тоот албан бичгээр хүргүүлсэн хүсэлт буюу “сумын Засаг дарга О.Бийг үүрэгт ажлаас нь огцруулах” саналыг хуульд заасны дагуу буюу зөвхөн холбогдох асуудлаар шүүхэд маргаантай байгаа гэсэн үндэслэлээр бус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/11, 2/12 дугаар тогтоолуудын агуулга, үндэслэлд дүгнэлт хийж хариуг өгч асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 төлөөлөгчөөс дахин санал гаргасныг Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн “аймгийн Засаг дарга саналыг дэмжээгүй учир Хурлын Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх, хурал зарлах шаардлагагүй” гэж шийдвэрлэж хариу өгсөн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “...дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй...” гэж заасантай нийцсэн, Хурлын 14 төлөөлөгчийн шаардлагын дагуу хурлын хуралдаан зарлахгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх /иргэдийн Төлөөлөгчийн бүрэн эрх/, -ийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлвэл, дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй гэх хязгаарлалтаар Хурлын төлөөлөгчийн /Засаг даргыг огцруулах санал гаргах болон огцруулахтай холбоотой/ хуралдааныг хуралдуулахыг шаардах эрхийг тодорхой хугацаанд хориглосон байх тул Хурлын даргад мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах үүрэг үүсээгүй, Хурлын дарга Г.Бг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Иймээс нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч Б.Згийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, Хурлын төлөөлөгчдийн шаардсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 32 дугаар зүйлийн 32.6, 32.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, Хурлын төлөөлөгчдийн шаардсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах” шаардлага бүхий Өмнөговь аймгийн Ц сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч Б.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ОТГОНЦЭЦЭГ

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.СУГИРЖАВ

                                    ШҮҮГЧ                         Д.ЗОРИГТБААТАР  

 


[1] Хавтаст хэргийн 209 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 160-161, 189, 210-212 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 2 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 60-66, 186, 217-218  дугаар хуудас 

[5] Хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас