Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00677

 

Д.О, Ж.Ө- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 129/ШШ2017/00556 дугаар шийдвэртэй,  

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар магадлалтай,

Д.О, Ж.Ө- нарын нэхэмжлэлтэй,

Х Б - ХХК-ийн Архангай салбарт холбогдох,

            2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2/241 дүгээр орон сууцны зээлийн гэрээг үргэлжлүүлэхийг Х Б -ны Архангай салбарт даалгуулж, 12.140.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н -гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н -, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

          Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.О- нь Х Б -инд ажиллаж байхдаа хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр 2014.11.27-ны өдөр орон сууцны зээлийг сарын 0,5 хувийн хүүтэй, нөхөр Ж.Ө- нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээний үүргийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцон зээлийн гэрээний үүргийн дагуу сард төлөх төлбөр 575.000 төгрөгийг сар тутам саадгүй төлж байсан. Миний бие тодорхой шалтгааны улмаас 2015.07.01-нд ажлаасаа гарсан. Ажлаас гарсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлж байсан ба 2016.02.25-ны өдөр зээлийн төлөлтөө хийсэн. Гэтэл 2016.02.26-ны өдөр эдийн засагч Жавзандулам над руу утсаар ярьж зээл чинь хугацаа хэтрээд байна гэж мэдэгдсэн. Би зээлээ төлсөн талаар хэлтэл ажлаас гарсан тул зээлийн хүүг нэмэгдүүлсэн гэж хэлсэн. Зээлийн хүүг нэмэгдүүлж гэрээнд өөрчлөлт оруулах, шинэчилж байгуулах талаар хамтран зээлдэгч Өлзийхутга бид хоёрын хэн алинтай нь ч ярьж тохиролцоогүй. Тэгсэн атлаа бидэнд мэдэгдэлгүйгээр, бидэнд илтэд хохиролтойгоор 2016.02.18-ны өдөр зөвхөн эргэн төлөлтийн графикийг банк дур мэдэн өөрчилж, хоёр тал тохиролцон байгуулсан зээлийн гэрээнд заасан хүүг нэмэгдүүлж, сард төлөх төлбөрийг 639.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байсан. Ингэснээр зээлийн эргэн төлөлтийн сарын төлбөр 1.214.000 төгрөг болж, зээлдэгчид илтэд хохиролтой эрсдэлтэй байдал үүсч байгаа. Энэ талаар банкны эрх бүхий албан тушаалтнуудтай уулзахад зээлийг ипотекийн 8 хувийн зээл рүү шилжүүлж өгнө гэж хэлсээр бид нараар 19 сарын турш 1.214.000 төгрөгийн зээл тушаалгасан. Үүнийг би гэрээгүйгээр хүү төлсөн гэж үзэж байна. Банк зээлийн хүүг бидэнтэй зөвшилцөлгүйгээр өөрсдөө дур мэдэн нэмэгдүүлсэн буруутай үйлдлээ зөвтгөлгүй биднийг хохироосоор байна. Иймээс талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2241 дугаартай орон сууцны зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг Х Б -инд даалгаж, 19 сарын турш миний гэрээгүйгээр сар тутам илүү төлсөн 639.000 төгрөг, нийт дүнгээр 12.140.000 төгрөгийг Х Б -наас эргүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н -гийн шүүхэд гаргасан тайлбарт: ...2015 онд дотоод аудитын газрын шалгалтаар түүний гаргасан ноцтой зөрчил илэрч, Д.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Ажилтан бүр банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж ажлаас гарсан тохиолдолд хөнгөлөлттэй нөхцлөөр авсан орон сууцны зээл, зээлийн хүү тухайн үед мөрдөгдөж буй орон сууцны энгийн нөхцөлтэй зээлийн хүүд шилждэг гэдгийг гэрээгээр ч тохирсон, өөрөө ч сайн мэдэж байгаа. Д.О-тэй байгуулсан орон сууцны зээлийн гэрээний нөхцөл буюу 2.1.4.2-т заасны дагуу зээлийн хүүг 2016.02.18-ны өдөр нэмэгдүүлсэн нь хууль болон гэрээг зөрчөөгүй. Нэхэмжлэгч нартай байгуулсан орон сууцны зээлийн гэрээг зээлдэгч нар хүлээн зөвшөөрч, өөрөөр хэлбэл Х Б -ны хөнгөлөлттэй нөхцлийн гэрээг байгуулах хүсэлтээ гаргаж байгуулсан. Зээлийн гэрээний 2.1.4.2-д Зээлийн хүүг өөрчлөх зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан түүний хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд дараа сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг тухайн үед мөрдөгдөж байгаа энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүнд үл маргах журмаар шилжүүлэн тооцно гэж заасан. Орон сууцны зээлийн гэрээний 3.2.5-д зээлийн төлбөр төлөхтэй холбоотой аливаа төлбөр тооцоог Банкны тухайн үед мөрдөгдөж буй хүү, шимтгэлийн нөхцлөөр гүйцэтгэхийг зөвшөөрч байна. Гэрээ байгуулснаас хойш Банкны дээрх шимтгэл, хураамжийн нөхцөл өөрчлөгдсөн бол тэрхүү нөхцлийг баримтална гэж заасан. Тухайн гэрээг байгуулахдаа банк хэрвээ та банкнаас гарах юм бол таны зээлийн хүү үл маргах журмаар өөрчлөгдөнө шүү гэдгийг гэрээнд тодорхой заагаад өгчихсөн учраас хүүгийн хэмжээг өөрчилсөн. Өнөөдрийг хүртэл орон сууцны зээлийн гэрээ хэвээр үргэлжиж байгаа. Бидний зүгээс ямар нэгэн байдлаар дур мэдэж хүүг нэмсэн асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээнд тохирсон, гарын үсэг зурсан. Банкнаас гарах юм бол энгийн орон сууцны зээлийн нөхцөл рүү шилжинэ шүү гэдэг дээр харилцан тохиролцсон учраас үүнд банк дур мэдэж өөрчилсөн асуудал байхгүй. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ. Энэ хэлцэл хийгдсэн гэдгийг хуулиар тогтоосон. Яагаад гэвэл банк мэдэгдсэн талаар нэхэмжлэл дээрээ тусгасан байсан.

Банк тухайн үед нэмэлт гэрээ байгуулаагүй ч гэсэн зээлийн хүүг хүлээн зөвшөөрөөд төлж байгаа байдал бол энэ гэрээ бодит үйлдлээр хийгдсэн бөгөөд уг хэлцэл нь хүчин төгөлдөр бус болохгүй. Х Б -ны ажилтны зээлийн журмын 2.8.6.5-д тухайн зээлийг шилжүүлж авах тухай шийдвэрлэсэн салбар, нэгж шаардлагатай тохиолдолд зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах гэрээ байгуулах бөгөөд хяналт тавьж ажиллана гэж заасан. Мөн банк яаж хууль зөрчөөд байгаа, хууль зөрчсөн гэж үзээд байгаа бол ямар шаардлага гаргаад байгаа нь тодорхойгүй байна. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагын аль нэг нь хангагдахгүй байвал нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах хуулийн зохицуулалттай. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан байгаа учраас шүүхээс даалгах шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүхээс дур мэдэж өөрийн санаачилгаар хүчингүй болгохгүй. Тийм учраас нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 129/ШШ2017/00556 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 196 дугаар зүйлийн 196.1.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.2, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х Б - ХХК-н Архангай салбараас 12.140.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О, Ж.Ө- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц зээлээр худалдан авах тухай 2241 тоот гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.О, Ж.Ө- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.190 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод, хариуцагч Х Б - ХХК-н Архангай салбараас улсын тэмдэгтийн хураамж 209.190 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 129/ШШ2017/00556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Н -гийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 209.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н - хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ....Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.7-т заасан зохицуулалтын хүрээнд Д.О-ийн банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсаны улмаас энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүгийн нөхцөлд шилжүүлсэнийг тухайн үед хүлээн авсан зээлдэгч нар нь уг хүүгийн нөхцлийг бүрэн хүлээн зөвшөөрч 100%-иар бүрэн төлж ирсэн байгааг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан хуулийн зохицуулалттай нийцэж байна гэж хариуцагч тал үзэж байгаа. Банк хэдийгээр энгийн харилцагчийн орон сууцны зээлийн нөхцөлд үл маргах журмаар шилжүүлэхдээ бичгээр зээлдэгчтэй нэмэлт гэрээ байгуулаагүй ч харилцагчийн эргэн төлөх хуваарьт программын түвшинд өөрчлөлт оруулж, улмаар зээлдэгч уг хүүгийн өөрчлөлтийг ойлгож, хүлээн зөвшөөрч зээлийг бүрэн төлж барагдуулж байгааг хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Нөгөө талаас Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2-т зааснаас үзэхэд зээлдэгч Д.О-хамтран зээлдэгч Ж.Ө- нарын тухайд ажилтанд олгосон хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлийн гэрээний 2.1.4.2-т заасны дагуу энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүгийн нөхцөлд үл маргах журмаар шилжүүлсэн банкны хүүгийн нөхцлийг хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулж ирсэн нь гэрээний энэ нөхцлөөс зээлдэгч тал огт татгалзаагүй гэдгийг давхар баталгаажуулж байна. Гэтэл хариуцагч талаас 12.140.000 төгрөгийг банк эргүүлэн төлөх үндэслэлгүй талаараа гаргаж тавьсан дээрх тайлбар болох энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүгийн нөхцлийг зээлдэгч нар нь бүрэн хүлээн зөвшөөрч 100%-иар төлж барагдуулж ирсэн байгаа нөхцөл байдлыг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан заалттай холбож тайлбарласныг шүүх хүлээн зөвшөөрсөн, үгүйсгэсэн талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт огт тусгаагүй нь буруу байна. Зүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх нь уг хуулийн заалтыг хэрхэн хэрэглэх шүүхийн хэрэглээнээс ихээхэн шалтгаалах байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл банкнаас хүүгийн нөхцлийг нэмэгдүүлсэнийг зээлдэгч өөрөө хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрийг төлж барагдуулсаар ирсэнийг хариуцагч тал бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн гэж үзэж байгаа, гэтэл шүүхээс үүнийг нэмэлт гэрээ байгуулаагүй гэсэн дан ганц үндэслэлээр буруутгаж, зээлдэгчийн төлбөр төлсөнийг цуцалж, банкнаас буцаан төлүүлж байгаа нь өөрөө учир дутагдалтай шийдвэр болсон. Зээлийг судалж, олгосон, хяналт тавьж байгаа эдийн засагч З.Жавзандуламын зүгээс тодруулга хүргүүлсэн нь хэрэгт хавсрагдсан байдаг. Уг тодруулгад “...Д.О-д 2015 оны 9, 12 дугаар сард зээлийн хүүг нэмэгдүүлэх болсон, мөн зээлийн гэрээний эргэн төлөх хуваарьт өөрчлөлт орсон зээлийн нэмэлт гэрээ байгуулах талаар 96642979 тоот утас руу нь ярьж мэдэгдсэн, ирж гэрээг байгуулахыг шаардаж байсан боловч ирээгүй, зээлийн хүү нэмэгдсэн тул гэрээг байгуулахаас цааргалж байсан” гэснийг онцгой анхаарч үзэхийг хүсч байна. Хэрэгт авагдсан банкны ажилтан З.Жавзандуламын тодруулгаас үзэхэд банкны зүгээс зээлийн нэмэлт гэрээ байгуулах талаарх саналаа зээлдэгчид амаар болон утсаар хүргүүлсэн боловч зээлдэгч нь сумаас биеэр ирж гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулахаас тэрээр ийнхүү санаатайгаар зайлсхийсэн байхад банкийг үүнд дангаар буруутгаж зээлийн нэмэлт гэрээ байгуулаагүй хэмээн үзэж төлбөрийг буцааж банкнаас гаргуулж зээлдэгчид олгож байгаа нь шүүх нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж үзэж байна. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №А-236 тоот тушаалаар баталсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 3.1.3 дах хэсэгт “Банк харилцагчид хувьсах хүүтэй зээлийн бүтээгдэхүүний хүүг өөрчлөх хөтөч үзүүлэлтийг заавал танилцуулах”-аар заасан заалтын дагуу ажилтны хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээлийн гэрээний 2.1.4.2-т “Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол Банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд дараа сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг тухайн үед мөрдөж байсан энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүд үл маргах жүрмаар шилжүүлэн тооцох”-оор зохицуулсан тул зээлдэгч Д.О, Ж.Ө- нарын зээлийн хүү нь энэхүү зээлийн гэрээний заалтын дагуу үл маргах журмаар энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүд шилжсэн нь талуудын эрх, эрх ашгийг зөрчөөгүй гэрээнд оролцогчдын сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Д.О, Ж.Ө- нарын Х Б - ХХК-ийн Архангай салбарт холбогдуулан гаргасан 12.140.000 төгрөг гаргуулах, зохигчийн хооронд  байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2241 тоот зээлийн гэрээг хэвээр үргэлжлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

            Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжснөөс үүсэх үүргийн зохицуулалтыг хариуцагчаас 12.140.000 төгрөг гаргуулах шаардах эрхийн үндэслэл гэж үзэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад хууль зүйн үүднээс үнэлэлт өгөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

            Иймд шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэлээ.

            Д.О- Х Б - ХХК-ийн Архангай салбарын Булган тооцооны төвд эдийн засагчаар ажиллаж байхдаа орон сууц худалдан авах зорилгоор байгууллагаасаа 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 68.000.000 төгрөгийг, 15 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцлөөр буюу жилийн 6 хувийн хүүтэй зээлж сар бүр зээл, хүүд тогтмол хэлбэрээр 575.000 төгрөг төлж байжээ.

              Талууд гэрээний 2.1.4.2 дах заалтаар “зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулахаас өмнө банктай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контракт, түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон бол банк өөрөөр шийдвэрлэснээс бусад тохиолдолд дараа сарын 05-ны өдрөөс эхлэн хүүг тухайн үед мөрдөж байгаа энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүүд үл маргах журмаар шилжүүлэн тооцно” гэж тохиролцжээ.

             Энэхүү гэрээнд заасан нөхцөл бий болсон буюу нэхэмжлэгч Д.О- 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа халагдсан талаар зохигч маргаагүй байна.

            Х Б - ХХК нь гэрээний дээрх заалтыг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр төлөх төлбөрийг 1.124.000 төгрөг болгож өсгөснийг нэхэмжлэгч Д.О- 2017 оны 8 дугаар сар хүртэл 19 сарын туршид төлсөн нь тогтоогджээ.

       Хоёр шатны шүүх тухайн төлсөн мөнгийг буцаан гаргуулахдаа зохигч зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж бичгээр тохиролцоогүй буюу үүрэг үүсээгүйгээс гадна хариуцагч зээлийн хүүг ямар нөхцөл, журмыг баримталж өсгөсөн нь тодорхой бус атлаа  мөнгийг төлүүлсэн нь хуульд нийцээгүй гэсэн агуулгаар дүгнэжээ.

          Д.О- ажлаас халагдсан тул зээлийн хүүг цаашид хөнгөлөлттэй нөхцлөөр тооцох боломжгүй болсон буюу гэрээнд заасан зээлийн хүүг өөрчлөх нөхцөл бүрдсэн, үүнээс хойш нэхэмжлэгч сар бүр 1.124.000 төгрөгийг 19 сарын туршид зөвшөөрч төлсөн байдлыг шүүх харгалзахгүйгээр гагцхүү зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж бичгээр тохиролцоогүй буюу үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцээгүй байна.

          Нэхэмжлэгч хөнгөлөлттэй зээл авсан банкны ажилтны хувьд ажлаас халагдах үед зээлийн хүү өөрчлөгдөх болохыг мэдэж байсан, ийнхүү өөрчлөлтийг хийх нь гэрээний 2 талын аль алинд нь хамааралтай тул зөвхөн хариуцагчийг буруутгах боломжгүй.

         Нөгөө талаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ гэрээг бичгээр байгуулж тохиролцоогүй гэснээс гадна ипотекийн 8 хувийн зээлд хамруулах боломжийг шийдвэрлээгүй хугацаа хойшлуулснаас илүү хэмжээгээр хүү төлж хохирсон гэх агуулгыг илэрхийлснийг шүүх анхаараагүй, зээлийг тухайн нөхцөлт хамруулах боломж байсан эсэх зэрэг байдлыг харьцуулан дүгнээгүй байна.

           Мөн нэхэмжлэгчийн цаашид гэрээг хэвээр үргэлжүүлэх шаардлагын үндэслэл тодорхой бус байх бөгөөд энэ нь гэрээний нөхцөл цаашид хэрхэн өөрчлөгдөж үргэлжлэхэд ач холбогдолтой байна. Энгийн орон сууцны зээлийн хүү тухайн үед хэд байсан нь тодорхой бус, хариуцагч зээлийн хүүг ямар нөхцөл, журмыг баримталж өсгөсөн нь тогтоогдоогүй байна.

           Эдгээр байдал бүрэн тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

          Хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 129/ШШ2017/00556 дугаар шийдвэр, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 209.190 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                             ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ