| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 182/2016/01621/и |
| Дугаар | 001/ХТ2018/00764 |
| Огноо | 2018-05-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2018/00764
Б.Т-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/02058 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаар магадлалтай,
Б.Т-ын нэхэмжлэлтэй,
ЭТТ-ХК-д холбогдох,
ЭТТ-ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Т.Ц- нарын гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т-, өмгөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Т.Ц-, өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ЭТТ-ХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/633 тоот тушаалаар Хөрөнгө оруулалт, төлөвлөлт эдийн засгийн газарт мэргэжилтэн, эдийн засагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Захиргаа, удирдлагын газрын захирлын түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэгтэй 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 36 тоот мэдэгдлээр ажлын орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон талаар мэдэгдэж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 тоот тушаалаар орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус компанид мэргэжилтэн, эдийн засагч гэдэг орон тоо хасагдаагүй. Өөрөөр хэлбэл тус хэлтсийн 6 эдийн засагч, мэргэжилтэн нараас ямар үндэслэлээр миний ажлын байр байхгүй болсон гэдэг нь үндэслэлгүй. Миний ажлын байрны чиг үүрэг, ач холбогдол өндөр тул тус ажлын байр хасагдаагүй. Иймд үндэслэлгүй ажлаас халсан гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 тоот тушаалыг хүчингүй болгож, ажил, албан тушаалд эгүүлэн томилж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 27-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 19.830.125 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ЭТТ-ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Т.Ц- нарын шүүхэд гаргасан тайлбарт: Б.Т- нь Хөрөнгө оруулалт, төлөвлөлт эдийн засгийн газрын хөрөнгө оруулалтын хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/632 тоот тушаалаар мэргэжилтэн, эдийн засагчаар анх ажилд орсон. 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, эдийн засгийн мэргэжилтнээр томилсон. ЭТТ-ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тооны хязгаарыг баталсан. Тус тогтоолын дагуу гүйцэтгэх захирал 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар компанийн ажлын байрны нэр, орон тоо батлаж, тушаалын 2 дугаар хавсралтаар Төлөвлөлт, эдийн засгийн мэргэжилтэн 3 байсныг 2 болгож цөөрүүлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Захиргаа удирдлага хариуцсан газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Сумъяабазараар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж, Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн мэргэжилтнүүдийн ажлын байрыг харьцуулсан судалгааны үндсэн дээр сонгож, Б.Т-т 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн өмнө орон тоо цөөрсөн тухай мэдэгдэл хүргүүлсэн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 тоот тушаалаар Б.Т-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу нэг сарын цалин, хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн гүйцэтгэх захирлын Б/470 дугаар тушаал үндэслэлтэй тул Б.Т-ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/02058 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.2.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ЭТТ-ХК-д холбогдох ЭТТ-ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтний /эдийн засагч/ ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19.830.125 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Б.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/02058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан Б.Т-ыг Эрдэнэставан толгой ХК-ийн Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтний /эдийн засагч/ ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19.830.125 төгрөгийг хариуцагч Эрдэнэставан толгой ХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж, 2 дах заалтын олгосугай гэснийг олгож, хариуцагч Эрдэнэставан толгой ХХК-иас 257.101 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У, Т.Ц- нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болсон бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд бүхэлд үл хүлээн зөвшөөрч уг хуулийн 172.2.1-д заасан “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн,...”, 172.2.2-д “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн. Магадлалд “...Эрдэнэставан толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаар тогтоолоор орон тоо хасах, цөөрүүлэх талаар шийдвэрлээгүй гэж үзнэ” гэж буруу тайлбарласан. Эрдэнэставан толгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 20 дугаар тогтоолын 2-т батлагдсан орон тооны хязгаарт багтаан компанийн газар хэлтэс, нэгж нь орлогч даргагүй, нэгжүүд болон ажилтнууд нь чиг үүргийн давхардалгүй байхаар ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг батлан, урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг гүйцэтгэх захиралд үүрэг болгосугай гэж заасан. Уг заалтын “...батлагдсан орон тооны хязгаарт багтаан... чиг үүргийн давхардалгүй байхаар ажлын байрны нэр, орон тооны жагсаалтыг батлан...” гэдэг ойлголт нь орон тоо хасах, цөөрүүлэх, урсгал зардлыг бууруулах хэмнэлтийн горимд шилжих эрхийг хуулийн дагуу гүйцэтгэх захиралд олгосон. Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг нь Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтний орон тоог компанид санхүү эдийн засгийн чиг үүрэг бүхий 1 газар, 4 хэлтэс ажиллаж байгаа нь хэлтсүүдийн үйл ажиллагааны зарим чиг үүрэг давхардаж үр ашиггүй үйл ажиллагааг бий болгож байгаа тул орон тоог нэгээр цөөрүүлэх саналыг тавьсан. Ажлын хэсгийн дээрх дүгнэлтэд үндэслэн гүйцэтгэх захирал 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/170 тоот тушаалаар нэр бүхий ажлын байр, орон тоог хасч цөөрүүлсэн юм. Мөн магадлалд “...Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь хэсэгт зааснаар ажилтнуудтай хөдөлмөрийн харилцаанд орохдоо ялгаварлан гадуурхах, давуу байдал тогтоохыг хориглосон” гэсэн заалтыг зөрчсөн гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Ажил олгогч нь Б.Т-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3 дахь заалтуудыг зөрчиж ажлаас чөлөөлөөгүй. Учир нь “Эрдэнэставан толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 20 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтэд компанийн бүтцээс нийт 8 орон тоог хасч цөөрүүлэх, үүний 5 орон тоо нь удирдах албан тушаал байгаа бөгөөд тэдгээрийн цалингийн сан жилийн 249.840.000 төгрөг болж энэ хэрээр компанид хэмнэлт гарах талаар дурдсан. Ажлын хэсгийн ажил нь нийт 8 орон тоог хасч цөөрүүлэх санал гаргасан болохоос зөвхөн Б.Т-ыг халах саналыг гаргаагүй. Өөрөөр хэлбэл төлөвлөлт эдийн засгийн хэлтсийн эдийн засагч гэсэн орон тоог хасч цөөрүүлсэн болохоос нэг хүнд зориулж хийсэн дүгнэлт биш тул давж заалдах шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж буруу тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуульд орон тоо хасагдаж буюу цөөрүүлж байгаа тохиолдолд хуучин ажилтнуудаас хэнийг нь сонгож үлдээх журам зохицуулагдаагүй, нөхцөлд тухайн байгууллагад ажиллуулах ажилтныг сонгох ажил олгогчийн эрхийг хязгаарлах үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иргэн Б.Т-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх явцад шүүгч М.Наранцэцэг шүүх хуралдааны танхимыг 5-10 минут орчим орхин гарсан. Шүүгч М.Наранцэцэгийн энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, шүүх хуралдааны тасралтгүй явах зарчмыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна. Шүүгч М.Наранцэцэг нь шүүх хуралдааны танхимыг 5-10 минут орчим орхин гарч, шүүх хуралдаан даргалагчийн шаардснаар шүүх хуралдааны танхимд буцаж орж ирсэн бөгөөд шүүгчийн гарч явсан хууль бус үйлдэл нь хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна.
Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаар магадлалын хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/02058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Б.Т- нь ЭТТ-ХК-д холбогдуулж, Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн/эдийн засагчийн үүрэгт ажлаас халсан тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/470 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Б.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангасан байна.
Магадлалд, “...анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...хэргийн үйл баримтыг зөв тодорхойлоогүй...” гэсэн үндэслэл заасныг буруутгах боломжгүй байна.
Б.Т- нь ЭТТ-ХК-д 2013 оноос эхлэн ажилласан, тэрээр тус компанийн Эдийн засгийн хэлтсийн мэргэжилтэн/эдийн засагчаар зохигчийн хооронд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 2016/100 тоот хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан нь тогтоогджээ.
Ажил олгогч Б.Т-ыг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халж, тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20 тоот тогтоол, Компанийн дүрэм, дотоод журам, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээний зохих заалтыг баримталжээ.
Б/470 тоот тушаалд “...орон тоо хасагдсан...” талаар заасан боловч хариуцагч тайлбартаа, адил ажил, үүрэг гүйцэтгэж байсан 3 ажилтны 1-г цөөрүүлсэн гэсэн тайлбар гаргажээ.
Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах нэг үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрх зүйн өөр ойлголт бүхий, аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн гурван нөхцлийг заасан байна.
“Орон тоо хасагдсан” гэдэгт тухайн байгууллагын бүтэц, орон тооноос тодорхой ажил, албан тушаалын ажлын байр хасагдахыг, харин “ажилтны тоог цөөрүүлэх” нь адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой хэсгийг хасахыг тус тус ойлгоно.
Шүүх ажил олгогчийн тушаалыг хэлбэр болон агуулгын хувьд хуульд нийцсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх ба ЭТТ-ХК нь Б.Т-ыг “орон тоо хасагдсан” үндэслэлээр ажлаас халсан нь хуульд нийцээгүй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, үндэслэлдээ зааж буй компанийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоосон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоол, гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалд нийт ажиллагсдын орон тоо өмнөх орон тоотой ижил 617 байхаар зааж, энэхүү орон тооны дээд хязгаарт тохируулан зохион байгуулалтын өөрчлөлт хийхээр шийдвэрлэсэн байна.
Адил, албан тушаалд буюу Эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн/эдийн засагчаар 3 ажилтан ажиллаж байгаа нөхцөлд орон тоог хасах боломжгүй ба Б/470 тоот тушаалд зааснаас болон уг тушаалын үндэслэл болсон Захиргаа, удирдлага хариуцсан газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд ажил олгогч Б.Т-ын орон тоог тухайлж хасахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцээгүйг магадлалд тодорхой заажээ.
Иймд ажилтны орон тоог цөөрүүлэхээр шийдвэрлэж, тодорхой шалгуурын үндсэн дээр Б.Т-ыг ажлаас халсан гэх хариуцагчийн тайлбарт дурдсан үндэслэл тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцсэн гэж дүгнэв. Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын магадлалыг эс зөвшөөрч “...орон тоо хасагдаж, цөөрүүлж байгаа тохиолдолд ...ажилтныг сонгох ажил олгогчийн эрхийг хязгаарлах үндэслэлгүй” гэх гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.
Гомдолд “...давж заалдах шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүний шүүгч М.Наранцэцэг шүүх хуралдааны танхимыг 5-10 минут орчим орхин гарч, шүүх хуралдааныг тасралтгүй явах зарчмыг зөрчсөн..” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдааны дүрс бичлэгээс үзэхэд шүүгч М.Наранцэцэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдааны танхимаас зөвлөлдөх тасалгаа руу орж, 3 минут гаруй хугацаанд байсан боловч энэ үйлдэл нь магадлалыг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч, шүүгчийн үйлдэл нь шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчмыг зөрчсөн гэж үзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шүүх хуралдааныг тасралтгүй явуулах зарчим нь ...шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулах, ...шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх эрхгүй гэсэн агуулгатай ба энэ үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгчийн шүүх хуралдааныг түр орхин гарсан үйлдлийг зөвтгөх учиргүй ч хэргийг шүүх хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн, шүүгчийн үйлдэл зохигчийн эрхийг зөрчсөн, шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэх нөхцөл болохгүй нь шүүх хуралдааны тэмдэглэл, дүрс бичлэгээр тогтоогдсон байна.
Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 257.101 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ