Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 1

 

“Капитрон” банкны Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01052/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

         Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1455 дугаар шийдвэртэй,  

         Нэхэмжлэгч “Капитрон” банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч “Поликом” ХХК-д холбогдох,

         “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2.332.448.392 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч “Капитрон” банкны гүйцэтгэх захирал Л.Ариунаа, хариуцагч “Поликом” ХХК-ийн захирал Ц.Ламжав нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тамирболд, С.Ялалт, хариуцагч “Поликом” ХХК-ийн захирал Ц.Ламжав, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

 “Поликом” ХХК нь тус банктай 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 08/160 тоот Зээлийн гэрээ байгуулж 2,535,000,000.00 (Хоёр тэрбум таван зуун гучин таван сая) төгрөгийн зээлийг жилийн 15,0 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авахаар тохирсон бөгөөд гэрээний талуудаас үл хамаарах шалтгааны улмаас 1,470,000,000.00 (Нэг тэрбум дөрвөн зуун далан сая) төгрөгийн зээлийг авсан. Зээлийг хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд:

1. “Поликом” ХХК-ийн өмч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар багт байрлах, 557,6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003008349 дугаартай, 000120311 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлчилгээ, албаны зориулалттай барилга;

2. 1301,0 м.кв талбайтай, нэгж талбарын 080100343 дугаартай, 0153725 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт;

3. “Поликом” ХХК-ийн өмч, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2 дугаар багт байрлах, 712,7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003006109 дугаартай, 2493 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, амралтын зориулалттай барилга;

4. 0,6 га талбайтай эзэмших эрхтэй газрын хамт;

5. “Поликом” ХХК-ийн өмч Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр багийн “Зарубежстрой” ХХК-ийн баруун урд байрлах, 612,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003011912 дугаартай, 000051300 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрийн зориулалттай барилга;

 7107,55 м.кв талбайтай, нэгж талбарын 080122132 дугаартай, 0174557 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт;

1. Иргэн Ц.Ламжав, С.Туяа, Л.Төгсбилэгт, Л.Батжин нарын өмч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 27-р байр, 29 тоот, 50,5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003003921 дугаартай, 0036272 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 4 өрөө орон сууц;

2. Иргэн Ц.Ламжавын өмч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1-В байр, 51 тоот, 39,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003004280А дугаартай, 0071304 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 3 өрөө орон сууц;

3. Иргэн Ц.Ламжавын өмч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 24-р байр, 29 тоот, 29,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003002340 дугаартай, 0071305 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 2 өрөө орон сууц;

4. Иргэн Ц.Ламжавын өмч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 380-р байр, 42 тоот, 30,4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003007908 дугаартай, 0071070 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 2 өрөө орон сууц;

5. Иргэн Ц.Ламжавын өмч, Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 26-р байр, 84 тоот, 29,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003008131 дугаартай, 0036414 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 2 өрөө орон сууц;

6. Иргэн Ц.Ламжавын өмч, Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-7 байр, 7 тоот, 72,68 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204022133 дугаартай, 000038740 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 3 өрөө орон сууц;

7. Иргэн Ц.Ламжавын өмч, Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-7 байр, 8 тоот, 48,21 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204022134 дугаартай, 000038741 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 1 өрөө орон сууц;

8. Иргэн Ц.Ламжавын өмч, Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-4 байрны зоорийн давхар, 131,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204016449 дугаартай, 000154737 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, автозогсоол;

9. Иргэн Ц.Ламжавын өмч, Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-6 байрны зоорийн давхар, 131,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204016451 дугаартай, 000154739 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, автозогсоол;

10. Иргэн Ц.Ламжавын өмч, Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, К-7 байрны зоорийн давхар, 131,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204016450 дугаартай, 000154738 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээтэй, автозогсоол;

11. Зээлээр худалдан авах:

Сүү хүлээн авах, цэвэрлэх,

Хуурай сүү үйлдвэрлэх,

Ариутгасан шингэн сүү үйлдвэрлэх,

Сүү хүлээн авах цэгийн,

Хөргөлтийн агуулахын гэх мэт 5 нэр төрлийн 9 иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг тус тус барьцаалсан.

Гэтэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа дуусахад зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.  Иймд зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч “Поликом” ХХК-иас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар:

Үндсэн зээл: 1,470,000,000 (нэг тэр бум дөрвөн зуун далан сая) төгрөг

Зээлийн үндсэн хүү: 741,032,642.15 (долоон зуун дөчин нэгэн сая гучин хоёр мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг арван таван мөнгө) төгрөг

Нэмэгдүүлсэн хүү: 121,355,250.00 (нэг зуун хорин нэгэн сая гурван зуун тавин таван мянга хоёр зуун тавин) төгрөг

Нотариатын зардал: 60,500.00 (жаран мянга таван зуун) төгрөг

Нийт: 2,332,448,392.15 (хоёр тэрбум гурван зуун гучин хоёр сая дөрвөн зуун дөчин найман мянга гурван зуун ерэн хоёр төгрөг арван таван мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,820,192.00 (арван нэгэн сая найман зуун хорин мянга нэг зуун ерэн хоёр) төгрөгийн хамт нэхэмжилж байгааг хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2008 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Поликом” ХХК нь Капитрон банкинд хандаж сүүний томоохон үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхэд 3 тэр бум 170,000 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна гэдэг хүсэлт гаргасан. Энэхүү санхүүжилтийн 20 хувийг “Поликом” ХХК өөрсдөө гаргаж, 80 хувийг банкаар санхүүжүүлье гэсэн санал тавьсан. 2,535,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай Сангийн яамны хүүний хөнгөлөлтөд хамруулж өгнө үү гэсэн агуулгатай санал манай банкинд ирсэн. Ингээд 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08/160 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн эрхийг 2,535,000,000 төгрөгөөр нээж, зээлийн хүүг 15 хувь, зээлийн хугацааг 60 сар, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 24 сар гэж гэрээндээ тусган энэ үүргийнхээ дагуу үндсэн төлбөр нь төлөгдөөгүй байдаг. Зээлийг “Поликом” ХХК-ийн хүссэний дагуу хүнс хөдөө аж ахуйн зээл буюу сүүний тоног төхөөрөмж, сүүний үйлдвэр байгуулах зориулалттай олгосон. Зээл олгосон шимтгэлийг 0,5 хувь байхаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээтэй хамт 08/125 зээлийн барьцааны гэрээ, 08/124 тоот зээлийн батлан даалтын зэрэг 3 гэрээг давхар байгуулсан. Нийт “Поликом” ХХК-д 1,470,000,000 төгрөгийг олгосон байдаг. 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр зээлийг зориулалтын бусаар ашигласан тухай дүгнэлтийг Капитрон банкны эрсдлийн удирдлагаас гаргаж, 2009 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээл олголтыг зогсоож, энэ тухай “Поликом” ХХК-д мэдэгдсэн. Зээлийн гэрээний хугацаа цуцлагдаагүй, зөвхөн зээл олголтыг зогсоосон. 1,470,000,000 төгрөгийг зээлдэгч компани зээлийн гэрээний хугацаанд хангалттай ашигласан. Хамгийн сүүлийн хүүний 567,500 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу 2015 онд хийсэн. Энэ өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасраад явж байна. Нэхэмжлэлийг зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд багтаан гаргасан. Бидний зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3,  “Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.1, 22.3, 24.1, 24.3 дахь хэсэгт заасны дагуу үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгээ шаардаж байгаа. Зээлийн гэрээний 3.1.7-д “Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн зээл” гэдэг зориулалтаар зээлийг олгосон талаар зааж өгсөн. Мөн гэрээний 4.2-т “зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд банк зээл олголтыг зогсооно” гэсэн талуудын тохиролцоог тусгаж өгсөн.  Зээлийг зориулалтын бусаар ашигласны улмаас зээл олголтыг зогсоосон нь тодорхой баримтуудаар нотлогддог. Манайхаас зээл авсан 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрөө харилцах данснаасаа зарлага хийсэн, тэгээд 1 минутын дотор 404,500,000 төгрөгийг 2 хуваагаад зориулалтын бусаар зарцуулсан. Хариуцагч талаас банк өөрөө зээлийн гэрээний хугацаагаа хэтрүүлсэн учраас хүү авах эрхээ алдана гэж яриад байгаа. Энэхүү хуулийн зохицуулалт нь Иргэний хуулийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.”, 224.2.3-т ”мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж заасныг тус тус үндэслэж тайлбарласан.Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг банк биш зээлдэгч нь үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг өөрөө бүрдүүлсэн гэж хэлмээр байна. Энэ төсөл маань 3,1 тэр бум бөгөөд банкны санхүүжилтээр 2,535,000,000 төгрөг байх ёстой. Гэтэл 406,500,000 төгрөгийг нь зориулалтын бусаар ашиглачихаар энэ төслийг цааш хэрэгжлүүлэх боломжгүй болж байгаа юм. Хэрэв зээлийг үргэлжлүүлэн олгосон бол банк өөрөө томоохон хэмжээний алдагдал хүлээх байсан. Манай банкнаас нийт 1,470,000,000 төгрөг, үүнээс нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 741,032,642,15 төгрөгийн үндсэн мөнгөний хуримтлал бодогдсон. 741,032,642,15 төгрөгийн хувьд сард 18,987,500 төгрөгийн хүү төлөх байсан, их олон төлөлт хийгдсэн учраас хэлэх боломжгүй байна, эргэн төлөлтийн хуваарь нь 2008.12.31,  2016.7.04 хүртэл, 121,355,250 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцож, зөрчил гаргасан буюу хуваарийн дагуу зээл төлөгдөөгүй тохиолдол бүрт бодогдсон байгаа, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна. 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл бодогдох ёстой нийт хүү бол 1,633,559,375,00 төгрөг, Поликом компаний төлсөн хүү 360,819,870,35 төгрөг, Сангийн яамнаас төлөгдсөн хүү 531,706,862,50 төгрөг бөгөөд дээрх хоёр мөнгөн дүнгээс төлөгдөөгүй хүү 741,032,642,15 төгрөг гарч ирсэн. Сангийн яам нь манай банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан ба тус гэрээнд 50 хувийн хөнгөлөлттэй хүүний асуудлыг банкинд байршуулна, банк нь зээлийн эргэн төлөлт бүр дээр татаж авах ёстой. 400,000 гаран сая төгрөгийг зориулалтын бусаар ашигласан.  Гэрээнд заасны дагуу хүү бодогдсон, нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар бодно гэсэн зохицуулалтын дагуу бодогдож байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэл дээрээ дурдаагүй байгаа учраас энэ асуудлыг нэхэмжлэлд дурдсан гэж андуурсан байна, шүүх анхаарч үзээрэй гэж хүсч байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ламжав шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “Поликом” ХХК 1998 онд байгуулагдсанаас хойш хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. 2007 оноос хойш өөрийн хөрөнгөөр ажиллаж байна. Монголын сүүний улирлын байдлаас шалтгаалан жигд тогтвортой ажиллаж чадахгүй байсан учраас хуурай сүүний үйлдвэр байгуулахаар болсон. Бид Сангийн яам, банкууд, Үйлдвэр Хөдөө аж ахуйн яам зэрэг олон газраар энэ төслөө танилцуулан явахад бүгд нэг ойлголтод хүрсэн, энэ сүүний үйлдвэрийг байгуулахад хамгийн боломжтой нутаг нь Сэлэнгэ аймаг юм байна гэж манай төслийн баг болон Европын банк үзсэн. Тэгээд бид  банкинд хандахад Хүнс хөдөө аж ахуйн яам болон Засгийн газрын сүүний хөнгөлөлт хөтөлбөр гээд байдаг юм, тэр хөтөлбөрт танай төслийг хамруулъя гэж хэлээд тэр хөтөлбөрт хамруулахын тулд банк зээлийн хорооны шийдвэрээ гаргаад энэ зээлийг олгох эхний процессыг хийсэн байх ёстой гэсэн тайлбарыг надад өгсөн. Капитрон банкинд анх 2, 3 дугаар сард энэ төслийнхөө талаар танилцуулан энэ төсөл маань оны эцэст шийдэгдсэн. Ингээд Сангийн яамнаас манай компаний өмнөөс Капитрон банк руу 965,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Капитрон банк 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мөнгийг шилжүүлсэн, бид банкны шаардлагаар тэр мөнгийг нэг зарлага гэж бичээд, нэг орлого гэж бичээд шилжүүлсэн. Энэ хөтөлбөр нь экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлд арилжааны банк 5-аас доошгүй жилийн хугацаатай жилийн 15 хувийн хүүтэй зээл олгосон тохиолдолд хүүгийн 50 хувийг Засгийн газраас төлж өгөхөөр шийдвэрлэсэн. Засгийн газрын зээлийн хүүний хөнгөлөлтийн хөтөлбөрт хамрагдсан Поликом компанийн хуурай сүүний үйлдвэр байгуулах төслийг санхүүжүүлэх тухай саналыг хэд хэдэн банкинд тавихад Капитрон банк манай саналыг хүлээн авч, 2008 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн хорооны хурлын 08/158 тоот шийдвэр, Капитрон банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 65 тоот шийдвэрээр зээл олгохоор шийдвэрлэснийг үндэслэн 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5 жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэй, 2,5 тэр бум төгрөгийн зээлийн гэрээг Капитрон банк болон Поликом ХХК-ийн хооронд байгуулсан. Манай төсөл Засгийн газрын зээлийн хүүний хөтөлбөрт хамрагдсан тул зээлийн гэрээ байгуулагдсанаар Сангийн яамнаас зээлийн гэрээний нийт хүүгийн 50 хувийн хөнгөлөлт болох 965,359,675 төгрөгийг Капитрон банкинд шилжүүлэх нөхцөл бүрдсэн. Хэдийгээр 2,500,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, энэ гэрээг үндэслэж Сангийн яам хүүгийн хөнгөлөлт 965,0 сая төгрөгийг Капитрон банкинд шилжүүлсэн боловч тус банк нь манай компанид 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 406,500,000 төгрөг, 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,500,000 төгрөгийн зээлийг манай дансанд шилжүүлснээр нийт 1,470,000,000,00 төгрөгийн зээлийг манай компанид олгож, үлдэгдэл зээлийг өнөөдрийг хүртэл олгоогүй, гэрээгээ зөрчсөн. Энэхүү 1,470,000,000 төгрөгийн зээлээс 965,359,675 төгрөгийг хасвал бодит байдал дээр 504,640,325 төгрөгийн зээлийг банк өөрийн хөрөнгөөр олгосон тооцоо гардаг. Өөрөөр хэлбэл Капитрон банк нь Сангийн яамны олгосон хүүний хөнгөлөлтийн мөнгийг манай компанид зээл болгон буцааж өгч, өндөр ашиг олж эхэлсэн боловч энэхүү ашигтай ажиллагаандаа сэтгэл үл ханаж, зээлийн үлдэгдэл 1,030,000,000 төгрөг буюу төслийн санхүүжилтийн 41,2 хувийг гүйцээж олгоогүй. Энэ байдлаас харахад зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг банк зөрчсөний үр дүнд банк их хэмжээний ашиг олж, харин манай компаний төсөл үр дүнгүй болж зогссоны улмаас их хэмжээний алдагдалд орсон. Төсөл эхэлж байсан өнгөрсөн жилүүдэд дэлхийн зах зээл дээр хуурай сүү тонн нь 5600 ам доллар болж түүхэндээ байхгүй өндөр үнэтэй болсон, долларын төгрөгтэй харьцах ханш 1100 төгрөгөөс 2200 төгрөг болж ихээр өсөж импортын бүтээгдэхүүн өндөр үнэтэй орж ирэх болсон зэрэг олон эерэг нөхцөл “Поликом” компаний хуурай сүүний үйлдвэрийн төсөлд үүсээд байсан. Хэрэв Капитрон банк нь төслийн зээлийн мөнгийг гүйцээж өгсөн бол манай компани төслийг 2009-2010 онд дуусган, жилд 800 тонн, 7 жилийн хугацаанд 5600 тонн хуурай сүү үйлдвэрлэж 72,8 тэр бум төгрөгийн орлого олж зээл, хүүг бүрэн төлж дуусган төсөл амжилттай хэрэгжих бүрэн боломжтой байсан нь өнгөрсөн жилүүдийн зах зээлийн нөхцлөөс харагдаж байна. Энэ хугацаанд Поликом компани нь зээлийн мөнгийг банк бүрэн гүйцэт олгох байх гэж найдсаар төслөө дуусгаж, хуурай сүү үйлдвэрлэж эхлээгүй байсан ч зээлийн хүүгээ төлсөөр өнөөдөр санхүүгийн хүнд байдалд орсон. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг бүхэлд нь шилжүүлэх үйлдлийг хийгээгүйн улмаас хуурай сүүний үйлдвэрийн барилгын ажил 80 хувьтай зогсож, тоног төхөөрөмжөө захиалан үйлдвэрлүүлсэн боловч татаж авч чадахгүй байдалд орж, эргэн төлөх нөхцөл бүрдээгүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар зээлдэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Ийнхүү нэхэмжлэгч тал хугацаа хэтрүүлснээр Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж зааснаар зээлийн хүү авах эрхээ алдаж байгаа юм. Зээлийн мөнгийг дутуу олгосон тул зээл, хүү төлөх хуваарийн дагуу үндсэн зээл, хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу зээлийн хүү 741,032,642,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,355,250 төгрөг буюу нийт 862,387,892,15 төгрөгийн дүнтэй тэнцэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ төсөл нь зөвхөн сүүний тоног төхөөрөмжийн тухай асуудал биш, зээлийнхээ эрсдлийн шинжилгээг сайн хийгээд зээлийг зогсоосон бол банк болон бид ийм асуудалд орохгүй байх байсан. Зээлийн үндсэн хүү 741,032,642,15 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.  Нэмэгдүүлсэн хүү 121,355,250,00 төгрөгийг төлж чадахгүй, харин бид нарын зүгээс төлсөн 360,819,870,35 төгрөгийг үндсэн зээлд тооцож өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2008.12.31-ний өдрийн 08/160 тоот зохигчдын хооронд зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээ зэрэг багц гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээний 3.1.1-д “зээлийн хэмжээ“ гэсэн ба 2,535,000,000 төгрөгийг зээлдүүлэх мөнгөн дүн гэж заасан байгаа. Зээлийн гэрээний хавсралтад 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгохоор заасан байгаа. Гэтэл 2,535,000,000 төгрөгөө 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгох үүргээ банк гүйцэтгээгээгүй. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.” гэсэн заалтыг зөрчсөн. Капитрон банкны зээлийн шинжилгээний санал дүгнэлт гэсэн зээл олгохдоо анх хэлэлцүүлсэн тэмдэглэлийн 9 дүгээр хэсэгт “зээлийг эргүүлсэн төлөх эх үүсвэр” гэж заасан байгаа. Нэгэнт үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий этгээд түүний үйл ажиллагааны мөнгөн хадгаламжийн төлбөр тооцооны тухай хуульд зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн бол ямар хариуцлага хүлээх вэ гэдгийг нарийвчлан зааж өгсөн. Харин Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлснийг зохицуулсан. Дээрх хуулийн заалтаар хугацаа хэтрүүлсэн бол ямар үр дагавар үүсэх вэ гэдгийг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж зааснаар Капитал банк нь гэрээнд заасан хүү авах эрхээ алдаж байна гэж үзээд нэхэмжлэгчийн шаардаж байгаа хүүг төлөхөөс татгалзаж, хүүтэй холбоотой нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлагад огт тусгагдаагүй байсан, харин шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал амаараа гаргаж байх шиг байна. Батлан даалтын гэрээ, барьцааны гэрээ батлан даалтын гэрээгээр хувь хүмүүсийн эд хөрөнгийг тавьсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаар тодорхойлсон байгаа. Батлан даалтаар авсан иргэнийг шүүх хуралдаанд хариуцагчаар татаж оролцуулна гэж байдаг учраас батлан даалтын гэрээнд заагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах боломжгүй байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй гэж хэлмээр байна. Батлан даалтын гэрээн дээр хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө байдаг, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг дагаад газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших эрхийг барьцаалсан тухай барьцааны гэрээнд тусгагдсан. Хэрэв газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг барьцаалж байгаа бол эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. “Эрх бүхий этгээд” гэдгийг Газрын тухай хуульд газрын даамал, засаг дарга гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан газрын гэрчилгээг барьцаалсан гэрээнд тэдгээр эрх бүхий этгээдүүдээс зөвшөөрөл авсан юм уу, бүртгэл хийгдсэн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, бүртгүүлэхдээ зөвхөн гурван үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлсэн байна. Тэгэхээр шүүх үүргийн гүцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахдаа ялгамжтай хандах байх гэж бодож байна. Зээлийн гэрээний хавсралтад 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 2,535,000,000 сая төгрөгийг олгож, 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн 1 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр заасан байдаг. Гэтэл 2,535,000,000 сая төгрөгийн зээлээ гүйцэт олгоогүй байж энэ графикийн дагуу 2011 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүгээ тооцож эхэлсэн. Энэ нь зээлийн гэрээний хавсралтыг баримтлан нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Нэмэгдүүлсэн хүүг бодсон аргачлал нь зээлийн гэрээгээ зөрчсөн учраас нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэгэнт нэмэгдүүлсэн хүү тооцогдохгүй учраас үндсэн хүүгийн 20 хувиар тооцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэл байхгүй тул хүү төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1455 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хариуцагч “Поликом“ ХХК-иас үндсэн зээл 1.470.000.000.00 төгрөг, хүү 292.845.880 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 785 376 40 төгрөг, нотариатын зардал 60 500 төгрөг, нийт 1 771 691 756 төгрөг гаргуулан, Капитрон банкны Дархан салбарт олгож, 560 817 153.60 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 11,820,192 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1 771 691 756 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 9 016 409 төгрөгийг “Поликом” ХХК-иас гаргуулж, Капитрон банкны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Капитрон” банкны захирал Л.Ариунаа давж заалдсан гомдолдоо:

Зээлийг нэхэмжлэх хүртэлх хугацааны туршид 7.5 хувийн хүүтэйгээр ашигласан гэж үзвэл 816.779.687.50 төгрөгийн хүү тооцогдож байна. Хариуцагч талаас 360.819.870.35 төгрөгийн зээлийн хүүг төлсөн. Энэ талаар талууд маргаагүй. Үүнийн нийт бодогдсон үндсэн хүүнээс хасч тооцвол 455.959.817.15 төгрөгийн төлөгдөөгүй хүүний үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл болох 1.470.000.000 төгрөг дээр үндсэн хүү 455.959.817.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54.702.000.000 төгрөг нэмж тооцвол нийт 1.980.661.817.15 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж байгаа юм. Шүүхээс тооцоолол хийхдээ алдаа гаргаж 208.970.061.15 төгрөгийг дутуу тооцсон байна. Иймд анхан шатны  шүүхийн гаргасан тооцооллын алдааг залруулж, 208.970.061.15 төгрөгийг “Поликом” ХХК-иас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Поликом” ХХК-ийн захирал Ц.Ламжав давж заалдсан гомдолдоо:

           Банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлд зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд гарах үр дагавар, хариуцлагыг тодорхой зохицуулсан атлаа зээлдүүлэгч үүргээ зөрчсөн тохиолдолд гарах үр дагавар, хариуцлагыг зохицуулсан зохицуулалт байхгүй байна. Иймд зээлдүүлэгчийн хариуцлагын тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд Иргэний хуулийн үүргийн харилцааг зохицуулсан 223, 224 дүгээр зүйлийг хэрэглэх нь зүйтэй юм. Дээр дурдсанаар зээлдүүлэгч зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг бүхэлд нь шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгчийн төслийн ажил зогсож, орлого олж, зээлийг эргүүлэн төлөх нөхцөл бүрдээгүй тул Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү нэхэмжлэгч тал хугацаа хэтрүүлсэн нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлнйн 224.2.3 дахь хэсэгт “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж зааснаар зээлийн хүү авах эрхээ алдах үр дагаварт хүргэж байна. Хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдсан тул зээлийн хүү 741.032.642 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121.355.250 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн татгалзал, мөн хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “зээлийн хүүнд төлсөн 360.819.870 төгрөгийг үндсэн зээлээс хасахыг хүсч байна” гэсэн тайлбар нь үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх “үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ зөрчсөн учраас хүү авах эрхээ Иргэний хуульд зааснаар алдсан тул хүүг хасаж тооцуулах тухай” хариуцагч талын татгалзал түүний хууль зүйн үндэслэлд ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн улмаас үндсэн зээл 1.470.000.000 төгрөг, зээлийн хүү 292.845.880 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.785.376 төгрөг, нотариатын зардал 60.500 төгрөг буюу нийт 1.771.691.756 гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Зээл ашиглалтын хугацаанд хариуцагчаас зээлийн хүүнд 360.819.870 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.403.000 төгрөг буюу нийт 362.222.870 төгрөг төлсөн байдаг. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан үндсэн зээл 1.470.000.000 төгрөгөөс хариуцагчийн хүүнд төлсөн 362.222.870 төгрөгийг хасвал 1.107.777.130 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байх тооцоо гарч байгаагаас гадна зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1.470.000.000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 362.222.870 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт заасан 1.771.691.756 төгрөгийн  дүнг 663.914.626 төгрөгөөр багасгаж, 1.107.777.135 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж дүгнээд  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Капитрон  банк зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал зэрэгт  нийт 2.332 448 392,15 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрсөн үндэслэлээ  анх гэрээгээр тохирсон мөнгөн дүн болох 2.535.000.000 төгрөгийг зээлдүүлэгчид шилжүүлэх үндсэн үүргээ зээлдүүлэгч биелүүлээгүй нь  Иргэний хуулийн  223 дугаар зүйлийн 223.2-т заасныг зөрчсөн бөгөөд   мөн хуулийн 224.2.3-т зааснаар зээлдүүлэгч   хүү, анз авах эрхээ алдах тул  хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж маргажээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо дээрх үндэслэлээс гадна  хариуцагчийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн 362.222.870 төгрөгийг үндсэн зээлээс хасуулахыг,   анхан шатны шүүхийн  шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо шүүх  зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо тооцооны алдаа гаргасан байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж  208.970.061,15 төгрөгийг нэмж  гаргуулахыг  тус тус  хүсчээ.

Капитрон банк нь “Поликом”  ХХК-тай  2.535.000.000 төгрөгийг жилийн 15  хувийн хүүтэй  5 жилийн хугацаагаар  зээлүүлэхээр  гэрээгээр тохиролцсон боловч  зээлдүүлэгч  1.470.000.000 төгрөгийг  зээлдэгчид шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл зээлийг шилжүүлээгүйгээ  талуудаас үл хамаарах шалтгаанаар шилжүүлээгүй, зээлдэгч зээлийг зориулалт бусаар зарцуулсан гэх зэргээр тайлбарлажээ.

            Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг судалбал нэхэмжлэгч хариуцагчид зээлүүлсэн 1.470.000.000  төгрөгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа тул гэрээний үүргээ зээлдүүлэгч бүрэн биелүүлсэн эсэх нь тухайн шийдвэрлэж байгаа маргаанд төдийлэн ач холбогдолгүй байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь илүүц болжээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн  гэрээнд зээлийн хүүг 15 хувь гэж тохирсон боловч  зээлдэгчийн хэрэгжүүлж байгаа төслийг  дэмжих зорилгоор  Засгийн газраас  банкны хүүг 50 хувь хөнгөлөх шийдвэр гаргасны дагуу  зээлийн хүүгийн 50 хувийн хөнгөлөлт 965.000.000 төгрөгийг Сангийн яамнаас   банкинд шилжүүлсэн тул гэрээгээр тохирсон зээлийн хүүг жилийн 7.5 хувийн хүүгээр тооцож байгааг талууд хүлээн зөвшөөрсөн энэ талаар  маргаагүй байна.

Мөн гэрээний хугацаа болон хариуцагчаас зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүд шилжүүлсэн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

Талуудын байгуулсан 1.470.000.000 төгрөгийн зээлийн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр гэрээ  бөгөөд үүнээс үүдэлтэй шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх нь банкинд байх боловч талууд зээлийг төлөх хуваарийг харилцан тохиролцож батлаагүй байх тул  зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох хугацаа буюу 2013 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд зээлдүүлэгч тал зээлийн үндсэн төлбөрийг  эсхүл зээлийн хүүг гэрээнд заасан  хугацаандаа төлөөгүй гэж зээлдэгчийг  буруутгах хууль зүйн болон гэрээний үндэслэл байхгүй байна.

Хэрэгт авагдсан /х/х-ийн 2 хуудас/ эргэн төлөлтийн хуваарь нь анх олгохоор тохиролцож байсан 2.535.000.000 төгрөгийг зээлдүүлэх тухай  гэрээний хавсралт өөрөөр хэлбэл зээлийг бүрэн олгосон тохиолдолд зээлдүүлэгчийн төлөх эргэн төлөлтийн хуваарь  тул 1.470.000.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд  хамааралгүй бөгөөд зээлдүүлэгч хэрэгжүүлэх боломжгүй юм.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь батлаагүй талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Зээлийн гэрээний хугацаанд буюу 2009 оны  1 дүгээр сарын 31-нээс 2014 оны 1 дүгээр сарын 31 хүртэлх хугацаанд  зээлийн хүүд  төлсөн 362.222.870,35 төгрөгийг  үндсэн зээлийн төлбөрт оруулан тооцох нь  Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 4-т заасантай нийцнэ.

Иймд 1.470.000.000  төгрөгийн зээлээс дээрх үнийн дүнг хасаад үлдэгдэл  1.107.777.130  төгрөгийн үндсэн зээлийг жилийн 7,5 хувийн хүүгээр бодохдоо 2008 оны 12 дугаар сарын 31-нд  олгосон 406.500.000 төгрөгийн зээлийг ашигласан 106 хоногоор,  1.107.777.130 төгрөгийг 2531 хоногоор тооцох нь  зээл зээлийн хүүгийн агуулгыг тодорхойлсон Иргэний хуулийн  болон Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалтад  нийцнэ.

Нэхэмжлэгч тал хүүгийн хөнгөлөлт олгох Засгийн газрын шийдвэр хүүгийн хөнгөлөлттэй холбогдуулан гэрээгээр тусгайлан тохирсон нэмэгдүүлсэн хүүг 3 хувиар биш 1.5 хувиар тооцохыг зөвшөөрснөө шүүх хуралдаанд тайлбарласан тул нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 1,5 хувиар тооцох боломжтой.

Ийнхүү тооцоход 406.500.000 төгрөгийн хүү 106 хоногийн 8.617.800 төгрөг, 1.107.777.130 төгрөгийг 2531 хоног ашигласаны хүү 560.755.705 төгрөг дээрх хоёрын нийлбэрээс нэмэгдүүлсэн хүүг тооцоход  8.540.602 төгрөгийн хүү болж байх тул /1.107.777.130+560.755.705+8.617.800+.8.540.602 /  нийт  1.685.691.237  төгрөгийг  хариуцагчаас гаргуулж банкинд олгох нь хууль болон талуудын байгуулсан гэрээнд нийцэхээр байна.

            Иргэний хуулийн  223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу банк нь хугацаа хэтрүүлсэн буруутай тул үүрэг гүйцэтгэгчээс хүү шаардах эрхгүй гэсэн хариуцагчийн тайлбар нь тухайн маргаантай харилцаанд хамаарахгүй байна.

Хариуцагч тал зээлдүүлэгч зээлийг бүхэлд нь олгоогүй нь зээл болон хүүг төлөх үүргээ гүйцэтгэхэд саад болсон гэж үзжээ.

Хариуцагчийн тайлбарлаж байгаа зээлийн зарцуулалт, үр өгөөж үйлдвэрлэл эрхэлж, төсөл хэрэгжүүлэн ашиг олох үйл ажиллагаа нь зээлийг бүрэн авч чадаагүйтэй холбоотой бөгөөд компани алдагдалд орсон  гэх  тайлбар нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нэхэмжлэх тохиолдолд ач холбогдолтой байж болох юм.

Харин тодорхой хэмжээний зээл аваад түүнийг хүүгийн хамт буцаан төлөх явдалд зээлдүүлэгч гэрээгээр тохирсон мөнгийг бүрэн шилжүүлээгүйг үүрэг гүйцэтгүүлэгч гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээн аваагүй, хугацаа хэтрүүлсэн, үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэх ямар нэгэн үйлдэл хийгээгүйгээс хугацаа хэтэрсэн гэж, хүү авах эрхээ алдана  гэж тайлбарлах хууль зүйн үндэсгүй юм.

Иймд хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Нэхэмжлэгч тал шүүхийг тооцооны алдаа гаргасан гэж буруутгасан боловч өөрсдийн хийсэн тооцоог шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн мөнгөн дүнд өөрчлөлт  оруулсантай  холбоотой тэмдэгтийн хураамжийг түүнд нийцүүлэн бодож  шийдвэрт өөрчлөлт  орууллаа.

Мөн анхан шатны шүүх хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олговол зохино.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1455 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын:  

“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хариуцагч “Поликом“ ХХК-иас үндсэн зээл 1.470.000.000.00 төгрөг, хүү 292.845.880 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.785.376,40 төгрөг, нотариатын зардал 60.500 төгрөг, нийт 1.771.691.756  төгрөг гаргуулан, Капитрон банкны Дархан салбарт олгож, 560.817.153.60 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч “Поликом“ ХХК-иас үндсэн зээл 1.107.777.130 төгрөг, хүү 569.373.505 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8.540.602 төгрөг, нотариатын зардал 60.500 төгрөг, нийт 1.685.751.737 төгрөг гаргуулан, Капитрон банкны Дархан салбарт олгож, 646.757.155 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “улсын тэмдэгтийн хураамжид 9.016.409 төгрөгийг “Поликом” ХХК-иас гаргуулж, Капитрон банкны Дархан салбарт олгож” гэснийг “8.586.406 төгрөгийг гаргуулж гэж” тус тус өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар  нэхэмжлэгч Капитрон банкнаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.202.800 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Поликом” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.477.524 төгрөгийг Төрийн сангийн орлогоос гаргаж буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА           

                                               ШҮҮГЧИД                                                       С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                       О.НАРАНГЭРЭЛ