Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00909

 

К ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1066 дугаар шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар магадлалтай,

            К ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

            П ХХК-д холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,332,448,392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн төлөөлөгч Ц.Ламжав, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалтын тайлбарт: 2008 оны 12 сарын 11-ний өдөр П ХХК нь Капитрон банкинд сүүний томоохон үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхэд 3 тэрбум 170,000 сая төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна гэсэн хүсэлт гаргасан. Энэхүү санхүүжилтийн 20 хувийг П ХХК өөрсдөө гаргаж, 80 хувийг банкаар санхүүжүүлье гэсэн санал тавьсан. 2,535,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай сангийн яамны хүүний хөнгөлөлтөд  хамруулж өгнө үү гэсэн агуулгатай санал манай банкинд ирсэн. 2008 оны 12 сарын 20-ны өдөр буюу санал гаргасан өдрөөс хойш 9 хоногийн  дараа П ХХК-ийн  хувь нийлүүлэгчид хуралдсан протокол манай банкинд ирүүлсэн. П ХХК-иас ирүүлсэн ерөнхий төлөвлөгөөг харахад 3,170,000,000 төгрөгөөс барилгын өргөтгөлд 5 гаран сая төгрөг, тоног төхөөрөмжид 2,6 тэрбум төгрөг зарцуулагдахаар төлөвлөгөө гаргасан байсан.  Эдгээр хүсэлт болон холбогдох материалуудыг судалж үзээд манай банкны зүгээс П ХХК-д зээл олгохоор шийдвэрлэсэн. 2008 оны 12 сарын 31-ний өдрийн 08/160 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн эрхийг 2,535,000,000 төгрөгөөр нээж, зээлийн хүүг 15 хувь, зээлийн хугацааг 60 сар, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг 24 сар гэж гэрээндээ тусган энэ үүргийнхээ дагуу үндсэн төлбөр нь төлөгдөөгүй байдаг. Зээлийг П ХХК-ийн  хүссэний дагуу хүнс хөдөө аж ахуйн зээл буюу сүүний тоног төхөөрөмж, сүүний үйлдвэр байгуулах зориулалттай олгосон. Зээл олгосон шимтгэлийг 0,5 хувь байхаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээтэй хамт 08/125 зээлийн барьцааны гэрээ, 08/124 тоот зээлийн батлан даалтын зэрэг 3 гэрээг давхар байгуулсан. Эдгээр гэрээ нь хөрөнгө барьцаалсан зохицуулалтыг оруулж өгсөн гэрээ юм. Үүнд 1,557,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг барьцаалсан. 2009 оны 04 сарын 15-ны өдөр зээлийн нээсэн эрхийн хүрээнд 1,063,500,000 төгрөгийг зээлдэгчийн 3006003948 тоот дансанд олгосон. 2009 оны 04 сарын 20-ны өдөр зээлийг зориулалтын бусаар ашигласан тухай дүгнэлтийг Капитрон банкны эрсдлийн удирдлагаас гаргаж, 2009 оны 04 сарын 21-ний өдөр зээл олголтыг зогсоож, энэ тухай П ХХК-д мэдэгдсэн. Зээлийн гэрээний хугацаа цуцлагдаагүй, зөвхөн зээл олголтыг зогсоосон. Нэхэмжлэлийг зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 3 жилийн хугацаандаа багтаан гаргасан.

Хэрэв зээлийг үргэлжлүүлэн олгосон бол банк өөрөө томоохон хэмжээний алдагдал хүлээх байсан. Манай банкнаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 741,032,642.15 төгрөгийн үндсэн мөнгөний хуримтлал бодогдсон. 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл бодогдох ёстой нийт хүү 1,633,559,375 төгрөг, П ХХК-ийн  төлсөн хүү 360,819,870.35 төгрөг, Сангийн яамнаас төлөгдсөн хүү 531,706,862.50 төгрөг бөгөөд дээрх хоёр мөнгөн дүнгээс төлөгдөөгүй хүү 741,032,642.15 төгрөг гарсан. Сангийн яам нь манай банктай хамтран ажиллах гэрээ байгуулсан ба тус гэрээнд 50 хувийн хөнгөлөлттэй хүүний асуудлыг банкинд байршуулна, банк нь зээлийн эргэн төлөлт бүр дээр татаж авах ёстой. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас 965,359,675 төгрөг олгосон боловч зээлийн нийт дүнгээр нь олгоогүй учраас 424,721,933,67 төгрөгийг банк олгоогүй учраас буцаагаад Сангийн яаманд ногдох хэсгийг нь шилжүүлсэн. Иргэний хуулийн дагуу зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгээ шаардаж байгаа, хариуцагч тайлбарынхаа татгалзлын үндэслэлийг тоног төхөөрөмжөө авчраагүй, авчрах боломжгүй байсан гэж яриад байгаа, гэрээний үүрэг гүйцэтгэх ёстой үүргийнхээ 90 хувийг буюу 18,500 доллар /973,000,000 төгрөг/ шилжүүлсэн. Тиймээс банкнаас болж төсөл хэрэгжээгүй асуудал байхгүй, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Гэрээнд заасны дагуу хүү бодогдсон, нэмэгдүүлсэн хүүг 50 хувиар бодно гэсэн зохицуулалтын дагуу бодогдож байгаа. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэл дээрээ дурдаагүй энэ асуудлыг нэхэмжлэлд дурдсан гэж андуурсан байна, шүүх анхаарч үзээрэй гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Чинбатын тайлбарт: П ХХК нь тус банктай 2008 оны 12 сарын 31-ний өдөр 08/160 тоот зээлийн гэрээ байгуулж 2,535,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15,0 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авахаар тохирсон бөгөөд гэрээний талуудаас үл хамаарах шалтгааны улмаас 1,470,000,000 төгрөгийн зээлийг авсан. Зээлийг хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд П ХХК-ийн  өмч болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар багт байрлах 557,6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003008349 дугаартай, 000120311 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлчилгээ, албаны зориулалттай барилга, 1301,0 м.кв талбайтай, нэгж талбарын 080100343 дугаартай, 0153725 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, Дархан-Уул аймаг, Хонгор сум, 2 дугаар багт байрлах, 712,7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003006109 дугаартай, 2493 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, амралтын зориулалттай барилга, 0,6 га талбайтай эзэмших эрхтэй газар, мөн П ХХК-ийн  өмч Дархан-Уул аймаг, Дархан сум, 4 дүгээр багийн Зарубежстрой ХХК-ийн баруун урд байрлах, 612,0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2003011912 дугаартай, 000051300 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, үйлдвэрийн зориулалттай барилга, 7107,55 м.кв талбайтай, нэгж талбарын 080122132 дугаартай, 0174557 дугаарын эзэмших эрхийн гэрчилгээтэй газар болон зээлээр худалдан авах, сүү хүлээн авах, цэвэрлэх, хуурай сүү үйлдвэрлэх, ариутгасан шингэн сүү үйлдвэрлэх, сүү хүлээн авах цэгийн, хөргөлтийн агуулахын гэх мэт 5 нэр төрлийн 9 иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг тус тус барьцаалж, 08/160, 08/125, 08/124 тоот зээлийн барьцааны болон зээлийн батлан даалтын гэрээ байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл талуудын хооронд байгуулсан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хугацаа дуусахад зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч П ХХК-иас 2016 оны 07 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,470,000,000 төгрөг зээлийн үндсэн хүү 741,032,642.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,355,250 төгрөг нотариатын зардал 60,500 нийт 2,332,448,392.15 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 11,820,192 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ламжавын тайлбарт: П ХХК нь 1998 онд байгуулагдсанаас хойш хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, 2007 оноос хойш өөрийн хөрөнгөөр ажиллаж байна. Малчдыг хөгжүүлэхийн тулд заавал зун сүүг нь худалдан авч, Монголд хуурай сүүний борлуулалт хэрэгтэй юм байна гэж үзсэн. Энэ нь дан ганц манай улсад хэрэгжээгүй, европын улс орон болох Дани, Голландаас тус бүр нэг хүн ажиллахаар болж, хуурай сүүний үйлдвэр байгуулахаар болсон. Бид нар Сангийн яам, банкууд, Үйлдвэр Хөдөө аж ахуйн яам зэрэг олон газраар энэ төслөө танилцуулан явахад бүгд нэг ойлголтод хүрсэн, энэ сүүний үйлдвэрийг байгуулахад хамгийн боломжтой нутаг нь Сэлэнгэ аймаг юм байна гэж манай төслийн баг болон Европын банк үзсэн. Тэгээд бид банкинд хандахад Хүнс хөдөө аж ахуйн яам болон Засгийн газрын сүүний хөнгөлөлт хөтөлбөр гээд байдаг юм, тэр хөтөлбөрт танай төслийг хамруулъя гэж хэлээд тэр хөтөлбөрт хамруулахын тулд банк зээлийн хорооны шийдвэрээ гаргаад энэ зээлийг олгох эхний процессыг хийсэн байх ёстой гэсэн тайлбарыг надад өгсөн. Капитрон банкинд анх 2, 3 дугаар сард энэ төслийнхөө талаар танилцуулан хандаад энэ төсөл маань оны эцэст шийдэгдсэн. Ингээд Сангийн яамнаас манай компаний өмнөөс Капитрон банк руу 965,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 5 сард үлдэгдэл 1,470,000,000 төгрөгийг бид нарт олгосон. Сангийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам аль аль 2,5 тэр бум төгрөгийн зээл олгоно гэж хэлсэн. Энэ хөтөлбөр нь экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлд арилжааны банк 5-аас доошгүй жилийн хугацаатай жилийн 15 хувийн хүүтэй зээл олгосон тохиолдолд хүүгийн 50 хувийг Засгийн газраас төлж өгөхөөр шийдвэрлэсэн.

Манай төсөл Засгийн газрын зээлийн хүүний хөтөлбөрт хамрагдсан тул зээлийн гэрээ байгуулагдсанаар Сангийн яамнаас зээлийн гэрээний нийт хүүгийн 50 хувийн хөнгөлөлт болох 965,359,675 төгрөгийг Капитрон банкинд шилжүүлэх нөхцөл бүрдсэн. Капитрон банк нь Сангийн яамны олгосон хүүний хөнгөлөлтийн мөнгийг манай компанид зээл болгон буцааж өгч, өндөр ашиг олж эхэлсэн боловч энэхүү ашигтай ажиллагаандаа сэтгэл үл ханаж, зээлийн үлдэгдэл 1,030,000,000 төгрөг буюу төслийн санхүүжилтийн 41,2 хувийг гүйцээж олгоогүй. Энэ байдлаас харахад зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг банк зөрчсөний үр дүнд банк их хэмжээний ашиг олж, харин манай компанийн төсөл үр дүнгүй болж зогссоны улмаас их хэмжээний алдагдалд орсон. Хэрэв Капитрон банк нь төслийн зээлийн мөнгийг гүйцээж өгсөн бол манай компани төслийг 2009-2010 онд дуусган, жилд 800 тонн, 7 жилийн хугацаанд 5600 тонн хуурай сүү үйлдвэрлэж 72,8 тэр бум төгрөгийн орлого олж зээл, хүүг бүрэн төлж дуусган төсөл амжилттай хэрэгжих бүрэн боломжтой байсан нь өнгөрсөн жилүүдийн зах зээлийн нөхцлөөс харагдаж байна. Энэ хугацаанд “Поликом” компани нь зээлийн мөнгийг банк бүрэн гүйцэт олгох байх гэж төслөө дуусгаж, хуурай сүү үйлдвэрлэж эхлээгүй байсан ч зээлийн хүүгээ төлсөөр өнөөдөр санхүүгийн хүнд байдалд орсон. Ийнхүү зээлийг дутуу олгосон нь банк үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй. Энэ төсөл нь зөвхөн сүүний тоног төхөөрөмжийн тухай асуудал биш, зээлийнхээ эрсдлийн шинжилгээг сайн хийгээд зээлийг зогсоосон бол банк болон бид ийм асуудалд орохгүй байх байсан. Зээлийн үндсэн хүү 741,032,642.15 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэмэгдүүлсэн хүү 121,355,250 төгрөгийг төлж чадахгүй, харин бид нарын зүгээс төлсөн 360,819,870.35 төгрөгийг үндсэн зээлд тодорхой хэмжээгээр тооцож өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргалын тайлбарт: 2008 оны 12 сарын 31-ний өдрийн 08/160 тоот зохигчдын хооронд зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээ зэрэг багц гэрээ байгуулагдсан. 2008 оны 12 сарын 31-ний өдөр олгох 2,535,000,000 төгрөгийн үүргээ банк гүйцэтгээгээгүй. Иргэний хуулийн 223.2 дах заалтыг зөрчсөн. Ц.Ламжав гуайн ярьснаар 2008-2009 онд санхүүгийн хямралтай нөхцөл байдал үүссэний улмаас банк зээлээ олгож чадаагүй байж одоо болохоор хариуцагч компанийг зээлээ зориулалтын бусаар ашигласан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлагад огт тусгагдаагүй байсан, харин шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал амаараа гаргасан. Батлан даалтын гэрээ, барьцааны гэрээ батлан даалтын гэрээгээр хувь хүмүүсийн эд хөрөнгийг тавьсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаар тодорхойлсон байгаа. Батлан даалтаар авсан иргэнийг шүүх хуралдаанд хариуцагчаар татаж оролцуулна гэж байдаг учраас батлан даалтын гэрээнд заагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах боломжгүй юм. Батлан даалтын гэрээн дээр хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө байдаг, эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг дагаад газар эзэмших гэрчилгээ, газар эзэмших эрхийг барьцаалсан тухай барьцааны гэрээнд тусгагдсан. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, бүртгүүлэхдээ зөвхөн гурван үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлсэн байна. Зээлийн гэрээний хавсралтад 2008 оны 12 сарын 31-ний өдөр 2,535,000,000 төгрөгийг олгож, 2011 оны 01 сарын 31-ний өдрөөс эхлэн 1 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр заасан байдаг. Гэтэл 2,535,000,000 төгрөгийн зээлээ гүйцэт олгоогүй байж энэ графикийн дагуу 2011 оны 01 сарын 31-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлсэн хүүгээ тооцож эхэлсэн. Энэ нь зээлийн гэрээний хавсралтыг баримтлан нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Нэмэгдүүлсэн хүүг бодсон аргачлал нь зээлийн гэрээгээ зөрчсөн учраас нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлтэй байх тул нэмэгдүүлсэн хүү тооцогдохгүй учраас үндсэн хүүгийн 20 хувиар тооцсон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэл байхгүй тул хүү төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Капитрон банкны эрсдлийн шинжээчийн санал дүгнэлт дээр үлдэгдэл зээлийг зогсоох талаар санал хүргүүлсэн байна. Гэтэл энэ зээлийг ямар эрх бүхий субьект олгосон юм бэ гэхээр зээлийн эрсдлийн хороо хуралдаад зогсоон шийдвэр гаргасан. Гэтэл энэ эрх бүхий этгээдийн зогсоосон шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийг зогсоосон гээд байгаа тайлбар нь үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Гэрээний нэг тал нь шийдвэр гаргаад байгаа үйл баримт харагдаж байгаа учраас энэ нэг талын гаргаж өгөөд байгаа нотлох баримтыг нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Хариуцагч талаас зориулалтын бусаар ашигласан үйлдэл хийгээгүй гэж ярьж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд өмнөх саналаа дэмжиж байна гэжээ.

             Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1066 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар хариуцагч П ХХК-иас  1,105,777,130 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгон хүү, нэмэгдүүлсэн хүү 1,226,671,262 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банк төрийн сан 190000941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 11,820,192 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 1,105,777,130 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 5,686,836 төгрөгийг П ХХК-иас гаргуулж, К ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1066 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д зааснаар хариуцагч П ХХК-иас  1,105,777,130 төгрөг гаргуулж, К ХХК-д олгон, хүү, нэмэгдүүлсэн хүү 1,226,671,262 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч П ХХК-иас  1,789,147,389 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 543,301,003 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

          2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төрийн банк төрийн сан 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 11,820,192 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан дүн болох 1,105,777,130 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 5,686,836 төгрөгийг Поликом" ХХК-иас гаргуулж, К ХХК-д олгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2-т зааснаар нэхэмжлэгч К ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,820,192 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П ХХК-иас  нэхэмжлэлийн шаардлага хангагдсан дүн болох 1,789,147,389 төгрөгт ногдох 9,103,687 төгрөгийг гаргуулж” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн төлөөлөгч Ц.Ламжавын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1066 дугаар шийдвэртэй хэрэгт Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ Иргэний хуулийн 223.2, 224.2.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

Болсон үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй талаар: Зохигчдын хооронд байгуулагдсан 2008 оны 12 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээний 3.1.1-д 2,535,000,000 төгрөгийг, 7.2.1-т заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлийн гэрээний хавсралтанд зааснаар 2008 оны 12 сарын 31-ний өдөр зээлдэгчид шилжүүлэх үүргийг нэхэмжлэгч хүлээсэн байдаг боловч энэхүү үүргээ гүйцэтгээгүй болох нь зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт, зээлийн дансны хуулга болон зохигчдын тайлбараар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээнд зээлийг хэсэгчлэн олгох тухай заалт байхгүй байхад банк 2008 оны 12 сарын 31-ний өдөр 406,500,000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ зөчсөн байдаг. Ийнхүү зээлийг хэсэгчлэн олгож зээлийн гэрээгээ зөрчсөнөө банк “зээлийг зориулалт бусаар зарцуулсан, зарлага хийж авсан. П ХХК-ийн зүгээс зээлийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах шийдвэрийг бие даан өөрөө гаргасан. Энэ үйлдлийг хийхийг банкны зүгээс тулгаж шаардаагүй, ... зээлийг зориулалт бусаар зарцуулж байгааг банкны зүгээс урьдаас тааж мэдэх боломжгүй” гэх мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байдаг. Дээрх 406,500,000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгох болсон шалтгааныг тухайн үед хэсэгчлэн олгосон зээлийн хэмжээ, зээл гаргасан цаг хугацаа, банк болон талуудын хооронд үүссэн харилцаа, талуудын хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэж тайлбарлавал дараах дүгнэлт гарна. Үүнд:

Цаг хугацаа болон зээлийн дүнгийн талаар: Оны сүүлийн өдөр ажлын цаг дуусах үед банк 406,500,000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгожээ. Уг зээлээс 2,000,000 төгрөгний шимтгэл хасагдсан байх ба үлдэгдэл 404,500,000 төгрөгөөс өмнө нь Капитрон банк, П ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл 378,684,711 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл, 25,748,600 төгрөгийн зээлийн хүү буюу нийт 404,433,311 төгрөг нь буцаад банкиндаа орсон байх ба ердөө 67,000 төгрөг П ХХК-д үлдсэн байна. Өөрөөр хэлбэл, П ХХК-ийн зээлийн үлдэгдэлтэй тэнцүү мөнгийг хэсэгчлэн олгож, уг мөнгөөр П ХХК-ийн зээл эргэн төлөгдснөөр мөнгө банкны эргэлтэнд үлдсэн байдлаас үзэхэд банк болон П ХХК-ийн хооронд төсвийн зээлийн зарим хэсгээр өмнөх зээлийн өрийг дарах тохиролцоо байсныг нотлох эхний нотлох баримт юм.

Банк болон компанийн хооронд хийгдсэн тохиролцоо: Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаас үзэхэд зээлийг барьцаатайгаар олгохыг хуульчилсан байна. Гэтэл банк дээрх 406,500,000 төгрөгийн зээлийг барьцаагүй олгож, хуулиа зөрчин байж зээлээ эрсдэлд оруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан барьцааны гэрээ, батлан даалтын гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн огнооноос тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, банк өмнөх зээлийг хааж, барьцаа хөрөнгийг нь барьцаанаас сулласны дараа энэхүү 2,535,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавих тохиролцоо талуудын хооронд байсан нь нэгдүгээр хавтаст хэргийн 13-15 дугаар хуудсанд авагдсан барьцаа, батлан даалтын гэрээнүүдийг 2009 оны 01 сарын 22-ны өдөр, 16-17 хуудсанд авагдсан батлан даалтын гэрээг 2009 оны 01 сарын 28-ны өдөр тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай нотлох баримтаар нотлогдоно.

Өмнөх зээлийн үлдэгдэлтэй харилцагчдаа дахин зээл олгохдоо баримталж байсан банкны байр суурь: Хавтаст хэргийн 109-118 дугаар хуудсанд авагдсан 2008 оны 12 сарын 22-ны өдрийн Капитрон банкны “Зээлийн шинжилгээний тайлан санал дүгнэлт”-ийн 12-т Зээлийн сангийн мэдээлэл хэсэгт “ХААН банкнаас 11,7 сая төгрөгийн зээлтэй” гэж танилцуулагдаж байсан нотлох баримтаас үзэхэд Зээл олгох шийдвэр гаргахдаа П ХХК-ийн өөрийн банк дахь зээлийн үлдэгдлийг тайландаа тусгаагүй байх ба энэ нь төслийн зээл авснаар өмнөх зээл төлөгдөнө гэдгийг урьдчилан мэдэж байсан тухай нотлох баримт юм.

Банкны зээлийг зориулалт бусаар ашигласан тул зээл олголтыг зогсоосон нэхэмжлэгчийн тайлбарын талаар: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурьдагдсан утсаар ярьсан тэмдэглэл, 2013 оны 01 сарын 13-ны өдрийн шалгалт эхэлсэн тухай мэдэгдэл, 2009 оны 04 сарын 20-ны өдрийн мэдэгдэл зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэгч тал нөхөж хийх боломжтой баримтууд тул уг баримтууд тухайн үед үйлдэгдсэн гэдгийг нэхэмжлэгч тал өөрсдөө нотлох үүрэгтэй. Гэтэл утсаар ярьсан тухай нотлох утасны билл, мэдэгдлүүдийг хариуцагчид хүргүүлж байсан тухай нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгч чаддаггүй. Банкны программ асуудалтай байсан тул шалгалтыг 3 сар 7 хоног хийсэн гэдэг тайлбар бол хэн ч итгэхгүй үлгэр юм. Хэрвээ шалгалт хийсэн нь үнэн л юм бол шалгалт хийсэн тухай материал хэрэгт авагдсан байх ёстой боловч хариуцагчаас гаргаж өгөөгүй. 2008 оны 12 сарын 31-ний өдөр Капитрон банк нь 378,684,711.00 төгрөгийн үндсэн зээл, 19,003,537 төгрөгийн хүү төлүүлж өөрийн банкин дахь П ХХК-ийн өмнө нь авсан зээлийн үлдэгдлийг буцааж хаалгасан баримт, 2009.01.13-ны өдөр 108 тоот албан бичгээр “зээлийг зориулалт бусаар ашиглаж болох нөхцөл байдал илрээд байна.

Иймд энэ асуудлыг эцэслэн шалгаж тогтоох хүртэлх хугацаагаар зээл олголтыг тодорхой бус хугацаагаар хойшлуулах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэж мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдсан байх боловч уг мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн тухай баримт байхгүйгээс гадна уг мэдэгдэл бичигдсэн гэх өдрөөс хойш 2009 оны 04 сарын 15-нд 1,063,500,000 төгрөгийн зээлийг нэмж олгосон байдаг. Түүнчлэн 2009 оны 04 сарын 20-ны өдөр “зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй” гэж Эрсдлийн шинжээч Т.Оюунтунгалаг дүгнээд зээл олголтыг зогсоох санал гаргаж байсан тухай баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч уг саналын дагуу зээлийг анх олгосон субьект болох Зээлийн хорооны болон ТУЗ-ын ямар нэгэн шийдвэр болон эсвэл эрх бүхий албан тушаалтны ямар ч шийдвэр хэрэгт авагдаагүй. Иймд хариуцагч зээлийг зориулалтын бусаар ашигласан тул зээл олголтыг зогсоосон гэх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтууд өөр хоорондоо зөрчилтэй байхаас гадна ийнхүү зээл олгосноо зогсоосон гэх баримтуудаа зээлдэгчид хэрхэн мэдэгдэж, хүргүүлж байснаа нотлох баримтыг гаргаж өгч чаддаггүй байдлаас үзэхэд зээлийн хүү төлөхөөс татгалзах тухай хариуцагчийн тайлбар шүүхэд ирүүлснээс хойш банк сандарч, нөхөж шинээр хийсэн хуурамч нотлох баримтууд гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар банк зээлийг зогсоох шалгалтын ажиллагаа хийж байсан нь нотлогддоггүй харин эсрэгээр зээлийг барьцаа хөрөнгөтэй болгох ажиллагааг хийж байсан нь нотлогдсон талаар дээр дурьдсан. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26.2-т заасан хуулийн зохицуулалтаас харахад зээлийг зориулалт бусаар ашигласан тохиолдолд зээлийг зогсоох, уг зээлийг хугацаанаас өмнө төлөхийг шаардах нь салгаж үл болох шаардлага болох нь тодорхой байна. Зээлийн гэрээний 4.2-т “Зээлдэгч нь зээлийг 3.7 дахь хэсэгт заасан зориулалтаар ашиглана. Хэрэв зээлийг зориулалт бусаар ашигласан тохиолдолд банк зээл олголтыг зогсоож, зээлийг зориулалтыи дагуу ашиглах шаардлагыг бичгээр тавьна.

Зээлдэгч шаардлагыг хүлээн авсан өдрөөс хуанлийн 7 өдрийн дотор биелүүлсэн эсэх талаар банкинд бичгээр мэдэгдэх бөгөөд эс мэдэгдвээс банк гэрээг дангаар цуцалж, барьцааны зүйл нь хөдлөх хөрөнгө бол үл маргах журмаар, үл хөдлөх эд хөрөнгө бол хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж шаардлагаа хангана. Үүнтэй уялдан банк гэрээнд заасан холбогдох бүх арга хэмжээг авах эрхэй бөгөөд гэрээг цуцалсантай холбогдох бүх хариуцлагыг зээлдэгч хүлээж, үндсэн өрийн төлөгдөөгүй үлдэгдэл, цуцлах хүртэл хуримтлагдсан хүүг гэрээг цуцалсан өдрөөс ажлын хоногийн дотор төлнө. Эс төлвөөс нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний 4.9 дүгээр зүйлд заасны төлнө.” гэж зааснаар зээлийг зориулалтын дагуу ашиглах шаардлагыг бичгээр тавих, гэрээг дангаар цуцлах, гэрээг цуцалсан өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцох зэрэг эрхээ хэрэгжүүлсэн тухай нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүйгээс гадна банк анх нэхэмжлэл гаргахдаа “ ... гэрээний талуудаас үл хамаарах шалтгааны улмаас 1,470,000,000 төгрөгийн зээл авсан” гэж нэхэмжлэлдээ бичсэн байдаг. Дээрх байдлаас үзэхэд шүүхэд иргэний хэрэг үүсч, хариуцагч тайлбараа гаргаж өгөхөөс өмнө зээлийг зориулалтын бусаар ашигласан гэх маргаан талуудын хооронд гарч байгаагүй нь нотлогдох ба 406,500,000 төгрөгийг барьцаагүй, хэсэгчлэн олгож, өмнөх зээлийг төлүүлэхээр зээл олгохоос өмнө талууд харилцан тохиролцсон байсан байна. Банкны хувьд ийм эрсдэлтэй шийдэлд хүрсэн шалтгаан нь Сангийн яамнаас олгосон хүүгийн хөнгөлөлт 965,000,000 төгрөгийг эргэлтэнд оруулж ашиглах сонирхолтой шууд холбоотой болох нь зээлийг буцааж төлөх шаардлага гаргахгүй байсаар 2016 оны 07 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримтаар нотлогдож байна. Зээл болон хүүг төлүүлэх тухай тооцооллын талаар: Банк анх зээл олгох шийдвэр гаргахдаа төслийн хэрэгжилтээс олсон орлогоос зээлийг эргүүлэн төлүүлэхээр тооцоолж зээлийг олгосон байдаг. Энэ нь хэрэгт авагдсан Капитрон банкны “Зээлийн шинжилгээний тайлан санал дүгнэлт”-ийн 9-д “Зээлийн эргүүлэн төлөх эх үүсвэр” хэсэгт “Тус компани үйлдвэрлэлийн байрыг засварлан, тоног төхөөрөмжөө суурилуулан 2008 оны 8 сараас үйлдвэрлэл явуулж эхлэх ба үйлдвэрлэл жигдэрснээр 2009 оноос жилд 1,043.76 тэр бум төгрөгийн борлуулалт хийж, 69,13 сая төгрөгний ашигтай ажиллахаар тооцоолсон ба дараагийн жилүүдэд борлуулалт болон зардлыг жил бүр 10 хувь өсгөхөөр тооцоолсон.” гэсэн дүгнэлтээр нотлогдоно. Гэтэл банк нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зээлийг гүйцэд олгоогүйн улмаас Поликом ХХК нь төслөө хэрэгжүүлж, үйлдвэрээ ашиглалтанд оруулж дуусгах, үйлдвэрлэлээсээ олсон ашиг орлогоосоо зээлийн төлбөрийг төлөх нөхцөл өнөөдрийг хүртэл бүрдээгүй.

Зээлийг гүйцэд олгоогүйн улмаас үүссэн үр дагаварын талаар: 3.1 тэр бум төгрөгийн төсөл 404 сая төгрөг дутсаны улмаас төсөл цаашид хэрэгжих боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар ямар ч үндэслэлгүй юм. Учир нь банк 1,065,000,000 төгрөгийн зээлээ дутуу өгсний улмаас төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй юм. Дээрх үйл баримтаас үзэхэд зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг бүхэлд нь шилжүүлэх үүргээ зээлдүүлэгч биелүүлээгүйн улмаас зээлдэгчийн төслийн ажил зогсож, орлого олж, зээлийг эргүүлэн төлөх нөхцөл бүрдээгүй тул Иргэний хуулийн 223.2-т зааснаар зээлдүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү нэхэмжлэгч тал хугацаа хэтрүүлсэн нь Иргэний хуулийн 224.2.3-т зааснаар зээлийн хүү авах эрхээ алдах үр дагаварт хүргэж байна. Хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдсан тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн татгалзал, мөн хариуцагчийн “ зээлийн хүүнд төлсөн 360,819,870.35 төгрөгийг үндсэн зээлээс хасах ёстой гэсэн байр суурь үндэслэлтэй байна. Учир нь маргаан бүхий зээл нь эргэлтийн хөрөнгийн зээл биш бөгөөд хөрөнгө оруулалтын зээл байсан. Хэрвээ эргэлтийн хөрөнгийн зээл байсан бол уг зээлийг бизнестээ оруулж, эргэлдүүлж байгаад буцааж зээл, хүүг төлөх боломжтой байсан. Гэтэл энэ нь хөрөнгө оруулалтын зээл байсан ба хариуцагчийн үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмжийн захиалганд уг зээлийг зарцуулсан тул учраас банк санхүүжилтийг бүрэн олгоогүйн улмаас үйлдвэр ашиглалтанд орж чадахгүй үхмэл хөрөнгө болж царцсан.

Хэрвээ банк уг зээлийг анхнаасаа олгоогүй, эсвэл 2009 оны 04 сарын 15-ны өдөр 1,063,500,000 төгрөгийг нэмж олгоогүй бол хариуцагч энэ хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж шатахгүй байсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийг буруу хэрэглэсний улмаас хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадахгүй байх тул зээлийн үндсэн хүү 663,467,260 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,903,988 төгрөг буюу нийт 683,371,248 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн магадлалын заалтыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгч К ХХК хариуцагч П ХХК-д холбогдуулж зээл 1,470,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 741,032,642.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,355,250 төгрөг, нотариатын зардал 60,500 төгрөг, нийт 2,332,448,392.15 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, банк гэрээгээр тохирсон хэмжээний зээлийг дутуу олгож үүргээ гүйцэтгээгүйгээс компани хохирсон, зээлийн үндсэн хүү 741,032,642.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,355,250 төгрөгийг төлөхгүй, харин өмнө нь төлсөн 360,819,870.35 төгрөгийг үндсэн зээлд тодорхой хэмжээгээр тооцох боломжтой гэж маргажээ.  

         П ХХК 3,170,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий Хуурай сүүний үйлдвэр байгуулахаар төсөл боловсруулж, нийт төслийн 80 хувь болох 2,535,000,000 төгрөгийг банкны зээлийн эх үүсвэрээр, 20 хувийг компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэн Сангийн яамаар дэмжигдэн, хүүний зохих хэсгийг Сангийн яам төлөхөөр болж, 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Капитрон банк”-тай 08/160 тоот зээлийн гэрээ байгуулж, 2,535,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэхээр болсон. 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр банкнаас 406,500,000 төгрөг, 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,500,000 төгрөг, нийт 1,468,000,000 төгрөгийн зээлийг олгож, үлдэгдэл 1,065,000,00 төгрөгийг өнөөдрийг хүртэл олголгүй банк гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Манай төсөл Засгийн газрын зээлийн хүүний хөтөлбөрт хамрагдсан тул зээлийн гэрээ байгуулагдсанаар Сангийн яамнаас зээлийн гэрээний нийт хүүгийн 50 хувийн хөнгөлөлт болох 965,359,675 төгрөгийг Капитрон банкинд шилжүүлсэн. Үүнээс үзвэл манай компанид олгосон 1,470,000,000 төгрөгийн зээлээс Сангийн яамны хүүнд шилжүүлсэн 965,359,675 төгрөгийг хасвал бодит байдал дээр Капитрон банк 504,640,325 төгрөгийн зээлийг өөрийн хөрөнгөөр олгосон тооцоо гардаг гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлажээ. 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Капитрон банк”-ыг гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2,535,000,000 төгрөгөөс 1,065,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгчид олголгүй гэрээний үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг зөрчсөн, мөн Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 3.2-т зааснаар үйлчилгээний хөлсийг банк өөрөө тогтоох эрхтэй боловч, зээлийн гэрээний нийт дүнгээс шууд хувь тогтоож 2,000,000 төгрөгийг суутган авсан нь үндэслэлгүй байна гэж тус тус дүгнээд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээгээр олгогдсон 1,468,000,000 төгрөгөөс хариуцагч П ХХК-ийн  төлсөн зээл 362,222,870 төгрөгийг хасч, 1,105,777,130 төгрөгийг хариуцагч П ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-д олгож, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү 1,226,671,262 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

           Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...шүүх болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж дүгнэн, “Капитрон банк”-аас П ХХК-д олгосон нийт 1,468,000,000 төгрөгийн зээлээс зээлдэгчийн бодитоор төлсөн 362,222,870 төгрөгийг хасч, үлдэх 1,105,777,130 төгрөгийн 1 жилийн хүүг 82,933,284 төгрөг гэж тооцон, үндсэн хүү 663,467,260 төгрөг, гэрээгээр тохиролцсон 3.0 хувийн нэмэгдүүлсэн хүү 19,903,988 төгрөг, нотариатын зардал 60,500 төгрөг нийт 1,789,207,889 төгрөгийг хариуцагч П ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, үлдэх 543,301,003 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

           П ХХК нь “Капитрон банк”-аас хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтын 2,535,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15 хувийн хүүтэй, жилийн 3.0 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцохоор, зээлийн үндсэн төлбөрийн чөлөөлөгдөх хугацааг 24 сараар тооцсон гэрээг 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулан, гэрээний 7.2.1-т зааснаар банк зээлдэгчид зээлийг гэрээнд заасан нөхцлийн дагуу шилжүүлэх, зээлдэгч зээлийн хөрөнгийг гэрээнд заасан нөхцлөөр ашиглах үүрэг хүлээсэн байна.

           Дээрх 2,535,000,000 төгрөгийн зээлийн гэрээний 4.1-т зааснаар талууд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлийн хавсралт 1-ээр харилцан тохиролцсон ба үндсэн зээл, зээлийн сарын хүүг төлж байхаар график байгуулсан, банк 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 406,500,000 төгрөгийг, 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1,063,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, харин зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр үлдэх 1,065,000,000 төгрөгийг зээл авагч талд шилжүүлээгүй үйл баримт тогтоогджээ.

         “Капитрон банк” нь П ХХК-д зээлийн гэрээнд заасан 2,535,000,000 төгрөгийн зээлийг Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-д зааснаар тохиролцсон буюу зээлдүүлэгчийн хүсэлтээр хэсэгчлэн олгосон гэх тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

            Банк талуудын хооронд 08/160 тоот 2,535,000,000 төгрөгийн зээлийн гэрээ   байгуулагдсан 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 406,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч уг мөнгийг банктай өмнө нь байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт төлсөн, улмаар 2007 оны 07/225 тоот зээлийн гэрээний барьцааны зүйл 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08/160 тоот зээлийн гэрээний барьцааны зүйл болсон тухай баримт хэрэгт авагдсан байх тул “зээлээр зээл хаасан” тухай ”Капитрон банк” мэдэж байсан гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

          2008 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 08/160 тоот зээлийн гэрээний 4.1-т зааснаар талууд 2,535,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн сарын хүүг төлж байхаар график байгуулсан ч зээлийг 406,500,000 төгрөг, 1,063,500,000 төгрөгөөр шилжүүлэн үлдэгдэл зээлийг зогсоосон бөгөөд олгосон 1,470,000,000 төгрөгийг хэрхэн төлөх, 08/160 тоот зээлийн гэрээний нөхцөл үйлчлэх эсэх, графикийг шинэчлэн, сар тутам төлөх зээлийг тогтоогоогүй тухай анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

            Энэ үйл баримт нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “...Зээлдэгчээс зээлийг ашиглах хугацааны туршид зээлийн төлбөрт нийтдээ 362,222,870.35 төгрөгийг төлсөн байна. 1,470,000,000 төгрөгийн эргэн төлөлтийн графикийг тусгайлан хийгээгүй ч зээлийн гэрээний 3.1-т заасны дагуу зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7,5 хувийн хүүтэйгээр олгосон талуудын тохиролцоо хүчин төгөлдөр үйлчлэх үндэслэлтэй. Эргэн төлөлтийн график байхгүй тул зээлдэгчийн төлсөн 362,222,870.35 төгрөгийг тухай бүрт нь үндсэн зээлээс хасаж тооцож, хасагдсаны дараах үлдэгдэл дүнгээс хүүг тооцсон болно” гэсэн тайлбар гаргасан боловч түүнд олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрх олгоогүй байх тул шүүх энэ тайлбарт үнэлэлт өгөөгүй нь зөв болжээ.

            Зээлийн гэрээний хугацаа 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, хариуцагч П ХХК нь үндсэн хүүнд 360,819,870.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,403,000 төгрөг төлсөн, зээлийн гэрээний 3.5-д зааснаар “Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зээлийн хүүгийн 50 хувь болох 7.5 хувийн хүүд “Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан”-гаас 531,706,862.50 төгрөг тус тус төлөгдсөн, үлдэгдэл зээл 1,470,000,000 төгрөг төлөгдөөгүй байгаа талаар талууд маргаагүй байна.

               Нэхэмжлэгч 08/160 тоот гэрээний дагуу зээлдэгчид 2,535,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, зээлд 406,500,000 төгрөг, 1,063,500,000 төгрөгөөр шилжүүлэн үлдэгдэл зээлийг зогсоож, гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн байх тул тэрээр Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т ...үүрэг гүйцэтгэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т ...мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа хариуцагчийг татгалзах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.      

             Зээлийн мэдээллийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар банк үйлчилгээний хөлс авах эрхтэй ч үйл ажиллагааны зардал, эрэлт нийлүүлэлттэй уялдуулан үйлчилгээний хөлсийг тогтоохдоо Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 3.2-т зааснаар банк өөрөө тогтоох ч 08/160 тоот гэрээнд зээлийн нийт дүнгээс шууд хувь тогтоосон нь үндэслэлгүй, тухайн зээлийг олгох явцад гарсан зардал гэж үзэх боломжгүй байх тул 406,500,000 төгрөг олгох явцад суутган авсан 2,000,000 төгрөгийг зээл олгосон дүнд оруулан тооцохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

         Анхан шатны шүүх банкнаас гэрээний дагуу нийт олгох ёстой байсан 2,535,000,000 төгрөгт үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэн, Капитрон банкнаас хариуцагчид хэсэгчилсэн байдлаар 2 удаа олгосон 1,468,000,000 төгрөгийн зээлээс хариуцагчийн төлсөн 362,222,870 төгрөгийг хасч, үлдэгдэл төлбөрт үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулахдаа хэрэгт авагдсан баримтыг учир дутагдалтай үнэлсэн, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасныг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэж чадаагүй байна. 

         Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын мэтгэлцэх эрхээр хангасан байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

            Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд нэхэмжлэгч 1,470,000,000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь энэ зээлийг ашиглаж байх хугацаандаа нийт 362,222,870.00 төгрөгийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг төлсөн байх тул үндсэн зээл 1,470,000,000.00 төгрөгөөс банк үйлчилгээний шимтгэлд хураасан 2,000,000.00 төгрөгийг хасч, хариуцагч П ХХК-иас  1,468,000,000.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

        Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг   удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1066 дугаар шийдвэрийн нэг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч П ХХК-иас 1,468,000,000.00 төгрөгийг гаргуулж К ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 864,448,392.00 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “1,789,147,389 төгрөгт ногдох 9,103,687” гэснийг “1,468,000,000 төгрөгт ногдох 7,497,950” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 3,574,806 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН