Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 01453

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-25-6 тоотод оршин суух Боржигон овгийн Сүхбаатарын Алтанцэцэгийн  /ФА-63050903 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2-23-10 тоотод оршин суух Баатад овгийн Давгын Баясгалан /ШБ-55070361 /

Хариуцагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо Толгойт 113-6а тоотод оршин суух Сартуул овгийн Сааралдайгийн Лхагвасүрэн /ЧС-59121778 / нарт хариуцагдах 11,914,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Оюунбилэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч  С.Алтанцэцэг хариуцагч Б.Баясгалан, С.Лхагвасүрэн нараас 11,914,700 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар овогтой Алтанцэцэг би Дагва овогтой Баясгалан ,Сааралдай овогтой Лхагвасүрэн нарт 2015 оны 3 сарын 01-нд  7000,000 \долоон сая\ төгрөгийг сарын 5 % хүүтэй зээлдүүлсэн.Зээлийн хугацаа дууссан  боловч Д.Баясгалан С.Лхагвасүрэн нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээг Д.Баясгалан С.Лхагвасүрэн нар өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан. Үндсэн зээлийн гэрээ  7000,000 \долоон сая\  \төгрөг, түүний хүү болох 5,114,700 таван сая нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун төгрөг\. Нийт 11,914,700 төгрөгийг хариуцагч Д.Баясгалан , С.Лхагвасүрэн нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 3 сард газрын гэрчилгээ барьцаалж  4 000 000 төгрөг зээлсэн. 2013 оны 10 сард 1 700 000  төгрөг,2015 оны 1 сард 1 500 000 төгрөг зээлсэн.Нийт 7 000 000 төгрөг авсан байдаг.180 000 төгрөг нэг удаа л өгсөн.2016 оны 2 сард Лхагвасүрэн 200 000 төгрөг өгсөн байдаг.Өөр төлбөр хийгээгүй.Барьцааны зүйлүүд байгаа.Барьцааны гэрээ хийгээгүй.1 жил 3 сарын хүү 5 114 700 төгрөг болж байгаа.Буцааж өгнө гэжээ.

 

Хариуцагч Б.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Баясгалан миний бие С.Алтанцэцэгийн нэхэмжлэлд тайлбар өгөх нь: С.Аллтанцэцэгээс авсан гэгдэх 4,000,000 төгрөгөөс би ямар ч мөнгө аваагүй болно.Миний нөхөр болох С.Лхагвасүрэн нь авсан байж болох тул Улаанбаатар хотын Сонгино хайрхан  дүүргийн Толгойт 113-6 тоот.Энэ хаягаар нэхэмжлэлээ явуулна уу гэжээ.

Хариуцагч С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Лхагвасүрэн миний бие С.Алтанцэцэгээс 2015-03-21-нд 4,000,000 төгрөг авсан./4,5 хувийн хүүтэйгээр/ Үүнээс хойш 2015 оны 10 сард 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн.4,000,000 төгрөгний хүү болох 180,000 төгрөгийг сар болгон төлж 7 сар хүртэл ХХБанкны С.Алтанцэцэгийн дансанд хийж байсан билээ.С.Лхагвасүрэн би урт цагааны ломбарданд ээмэг, гинж, зүүлт, бөгжөө 1,000,00 төгрөгөнд тавьсан.Үүнийгээ өндөр хүүтэй байсан тул С.Алтанцэцэгээс сая төгөрг авч ломбарднаас чөлөөлж ээмэг зүүлт гинж бөгжөө барьцаа болгож өгсөн.Ингээд одоогоор нийт 3,000,000 төгрөгний өртэй болсон.Үүнээс С.Алтанцэцэгийн охиныг жолоонд суулгасан 350,000 төгрөг,С.Алтанцэцэгийн дүүд С ангилал ахиулж 200,000 төгрөг, 3,4 хороололд байдаг С.Алтанцэцэгийн өөрийнх нь байрны 1 өрөөг би сарын 600,000 төгрөгөөр тохирсон боловч үйл ажиллагаа явуулаагүй байхад түрээсээ авсан.Энэ ажилд би 500,000 төгрөгний засвар хийсэн.Мөн би 2016 сард С.Алтанцэцэгт 250,000 төгрөг бэлнээр өгсөн.Энэ бүгдийг бодвол 3,000,000 төгрөгнөөс 1,700,000 төгрөгний л өртэй үлдэх байх.Үүн дээр л хүү бодох байх гэжээ.

 

Шүүх хэргээс “иргэд хоорондын гэрээ хэлэлцээр “гэсэн баримт,зохигчдын тайлбар,нэхэмжлэгчийн дансны хуулга зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг хариуцагч Д.Баясгалан, С.Лхагвасүрэн нараас зээлийн төлбөр 11,914,700 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Хариуцагч С.Лхагвасүрэн  нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн,Д.Баясгалан зөвшөөрөөгүй.

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг,хариуцагч С.Лхагвасүрэн нарын хооронд 2013 оны 10 сард мөнгөн зээлийн гэрээ амаар байгуулагдаж 4 000 000 төгрөгийг С.Лхагвасүрэн зээлж авсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.Энэ зээлийн талаархи,хэргийн 4,35 дугаар хуудасуудад авагдсан баримт нь бичмэл нотлох баримтын хуулийн шаардлагад нийцээгүй хуулбар хувь байх тул шүүх шийдвэртээ үндэслээгүй болно.

Гэвч хариуцагч С.Лхагвасүрэн 4 000 000 төгрөг зээлж авсан талаар тайлбарласан байна.Иймд нэхэмжлэгч энэ гэрээтэй холбогдуулан шаардлага гаргах эрхтэй байна.

 

Харин нэхэмжлэгчийн тайлбарласанчлан /хэргийн 34 дүгээр хуудаст/ хариуцагч нар 2013-10-16-нд 1 700 000 төгрөг, 2015 оны 1 сард 1 500 000 төгрөг тус тус зээлж авсан болох нь баримтаар нотлогдоогүй, хариуцагч нар зөвшөөрөөгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ нотлоогүй байна.

Нэхэмжлэгч тайлбартаа ” …нийт 7 000 000 төгрөг болсныг гэрээ хийж Лхагвасүрэн гарын үсэг зурж мөнгийг төлж дуустлаа хүү өгнө гэж тохиролцсон”/хх 34 дэх талд/ гэж тайлбарласан ба хэргийн 5 дугаар хуудаст авагдсан “иргэд хоорондын гэрээ хэлэлцээр” гэсэн баримтыг үндэслэсэн.

Гэвч нэхэмжлэгч тайлбарласнаар С.Лхагвасүрэн 2015 оны 3 сард 4 000 000 төгрөг зээлж авсан  ба харин 7 000 000 төгрөг энэ өдөр зээлж аваагүй болох нь тогтоогдсон,мөн 2013-10-16-нд 1 700 000 төгрөг, 2015 оны 1 сард 1 500 000 төгрөг зээлж авсан болох нь нотлогдоогүй тул уг баримтыг үндэслэн “хариуцагч нар 7 000 000 төгрөг зээлсэн” гэж дүгнэж хариуцагч нарт төлбөр хүлээлгэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан тул 2015-3-1-ний өдөр 7 000 000 төгрөгний зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй.Түүнчлэн хариуцагч нар 2013-10-16-нд 1 700 000 төгрөг, 2015 оны 1 сард 1 500 000 төгрөг зээлж авсан болох нь нотлогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтад хамааруулан тайлбарлах боломжгүй.

Иймд нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж,хариуцагч С.Лхагвасүрэн 4 000 000 төгрөг зээлж аваад 380 000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар,дансны хуулгаар нотлогдож байх тул 3 620 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

Хариуцагч Д.Баясгалан нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн болох нь нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилсан болно.

Хариуцагч нар шүүх хуралдааны мэдэгдэл авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй,нэхэмжлэгч өөрийн эзгүйд хэргийг шйидвэрлэхийг зөвшөөрсөн байх тул зохигчдын эзгүйд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.4,100.5-д заасны дагуу шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан С.Лхагвасүрэнгээс 3 620 000 төгрөг гаргуулан С.Алтанцэцэгт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 8 294 700 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул хариуцагч Д.Баясгаланд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн  205 585 төгрөгийг төрийн санд үлдээж,хариуцагч С.Лхагвасүрэнгээс 72 870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

                          

         5.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ