Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01397

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

             2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаар шийдвэр,

             Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 129 дүгээр магадлалтай,

            А-ийн нэхэмжлэлтэй,

            Б, Л нарт холбогдох

            зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11.914.700 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

        А-аас алт, монетон эдлэлүүдийн үнэ 6.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн Л-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

              Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

              Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А , түүний өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгч А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Би Д овогтой Б, С овогтой Л нарт 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 7.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч Б, Л нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээг Б, Л нар өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан. Үндсэн зээлийн гэрээ 7.000.000 төгрөг, түүний хүү 5.114.700 төгрөг, нийт 11.914.700 төгрөгийг хариуцагч Б, Л нараас гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Б-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие А-аас авсан гэгдэх 4.000.000 төгрөгөөс ямар ч мөнгө аваагүй болно. Миний нөхөр болох Л нь авсан байж болох тул Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Толгойт 113-6 тоот хаягаар нэхэмжлэлээ явуулна уу гэжээ.

         Хариуцагч Л-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие А-аас 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 4.000.000 төгрөг авсан. Үүнээс хойш 2015 оны 10 сард 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн. 4.000.000 төгрөгийн хүү болох 180.000 төгрөгийг сар болгон төлж 7 сар хүртэл Худалдаа хөгжлийн банкны А-ийн дансанд хийж байсан билээ. Би Урт цагааны гудамжны ломбардад ээмэг, гинж, зүүлт, бөгжөө 1.000.000 төгрөгөөр тавьсан. Өндөр хүүтэй байсан тул А-аас сая төгрөг авч ломбарднаас ээмэг, зүүлт, гинж, бөгжөө чөлөөлүүлж аваад барьцаа болгож өгсөн. Ингээд одоогоор нийт 3.000.000 төгрөгийн өртэй болсон. Үүнээс А-ийн охиныг жолоонд суулгасан 350.000 төгрөг, А-ийн дүүд С ангилал ахиулж өгсөн 200.000 төгрөг, 3, 4 дүгээр хороололд байдаг А-ийн өөрийнх нь байрны 1 өрөөг би сарын 600.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон боловч үйл ажиллагаа явуулаагүй байхад түрээсээ авсан. Энэ ажилд би 500.000 төгрөгийн засвар хийсэн. Мөн би 2016 сард А т 250.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ бүгдийг бодвол 3.000.000 төгрөгөөс 1.700.000 төгрөгийн өр төлбөр үлдэх байх. Үүнээс л хүү бодох байх гэжээ.    

          Хариуцагч Л-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад: А  нь 2014 оны хавар Улаанбаатар хотын Урт цагааны гудамжинд байрладаг ломбарднаас бидний зээлсэн 1.000.000 төгрөгийг чөлөөлж, барьцаанд нь байсан эхнэр бид хоёрын алтан ээмэг, алтан гинж, монетон ягаан шигтгээтэй бөгж, монетон эр бөгж, монетон эм гинж 2 ш, монетон ээмэг, бөгж зэрэг үнэт эдлэлүүдийг өөрийн барьцаанд шилжүүлэн авсан. Одоо болтол эдгээр зүйлс А-ийн барьцаанд байгаа бөгөөд бидэнд хүлээлгэж өгөөгүй атлаа бидний төлөх төлбөрт оруулан тооцож үнийн дүнг хасахгүй байгаа тул эдгээр эд зүйлсээ түүнээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Эдгээр үнэт эдлэлүүдийг А  нь ямар ч барьцааны гэрээгүйгээр өөртөө байлгаж байгаа ба эдгээрийг буцаан өгөлгүйгээр, огт дурдахгүй өөрийн өмчлөлд үлдээх бодолтой байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дээрх алт, монетон эдлэлүүдийн үнэ болох 6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

              Нэхэмжлэгч А  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Би Л , Д.Б нарт холбогдуулан 11.914.700 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байсан. Энэ шаардлагаа тайлбарлаж Л надаас 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1.700.000 төгрөг, 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын эхээр 1.500.000 төгрөгийг тус тус хувааж авсан. Л , Д.Б нараас тухай бүрт мөнгө төлөхийг шаардаж байсан. 2013 оны 10 дугаар сарын 26-нд авсан 1.700.000 төгрөгөөс хэд хоногийн дараа 200.000 төгрөг өгсөн. Үндсэн зээл 7.000.000 төгрөг үлдсэн. Нийт 3 удаа хувааж авсан мөнгийг нэгтгэж 7.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, төлөх хүртлэх хугацаагаар гэж тохирч хэлцэл хийсэн. Үүнийгээ үндэслэж нэхэмжлэлээ гаргасан боловч 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр анх хийсэн гэрээний эх хувийг олсон тул одоо шаардлагаа 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4.000.000 төгрөг 5 сарын хугацаатай 4.5 хувийн 900.000 төгрөгийн хүү, алданги 2.450.000 төгрөг. Үүн дээр ломбарднаас чөлөөлсөн 1.500.000 төгрөгийн хүү болох 1.565.000 төгрөг, нийт 11.914.700 төгрөгнөөс жолооны үнэмлэх авсан 350.000 төгрөг, ангилал даруулсан 200.000 төгрөг, нийт 550.000 төгрөгийг хасч одоо 11.364.700 төгрөг болгон нэхэмжлэлээ өөрчилж байна гэжээ.  

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л гээс 5.920.000 төгрөг, хариуцагч Б-аас 3.450.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А т олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1.994.700 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А-аас 29,5 гр монетон гинж, 8.8 гр эрэгтэй монетон бөгж, 4,5 гр алтан ээмэг 1 хос, 4,6 гр монетон ээмэг 1 хос, 5,8 гр монетон бөгж /улаан/, 4,8 гр монетон сувдантай гинж зэргийг гаргуулж нэхэмжлэгч Л д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  205.585 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Л гээс 109.670 төгрөг, хариуцагч Б-аас 70.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагч Л-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 118.950 төгрөгийг төрийн санд үлдээж, нэхэмжлэгч А-аас 42.838 төгрөг гаргуулан хариуцагч Л д олгож шийдвэрлэжээ.

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 129 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд: Шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Л гээс зээлийн төлбөрт нийт 9.370.000 төгрөгийг нэхэмжлэгч А т олгож, хариуцагч Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А-аас 1.743.030  төгрөгийн үнэ бүхий 29,5 гр монетон гинж, 8.8 гр эрэгтэй монетон бөгж, 4,5 гр алтан ээмэг 1 хос, 4,6 гр монетон ээмэг 1 хос, 5,8 гр монетон бөгж, 4,8 гр монетон сувдтай гинж зэрэг эд зүйлийг гаргуулж Л д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.756.970 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 4 дэх заалтанд “Б.Баясгалангаас 70.150 төгрөг гаргуулж” гэснийг хүчингүй болгож, “Л гээс 109.670 төгрөг” гэснийг “164.870 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.840 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л , Б-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

              Нэхэмжлэгч А-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 27-ны 482 тоот шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 129 тоот магадлалыг эс зөвшөөрч байна. Магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаар Б-г чөлөөлсөн, мөн 3.000.000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч түүнийгээ 5 хувийн хүүтэй төлнө гэж үүрэг хүлээн бичиж өгч байсан нотлох баримтыг шүүх үнэлэхдээ “... 3.000.000 төгрөгөнд зээлийн хүү тооцоогүй нь зөв” гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.700.000 төгрөг, 1.500.000 төгрөгийг тус тус зээлээд надад өгсөн 200.000 төгрөгийг нь хасч нийт 3.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй төлнө гэж бичсэн хэлцлээр талууд тодорхойгүй хугацаагаар, өөрөөр хэлбэл мөнгийг төлөх хүртэлх хугацаагаар үүрэг хүлээсэн юм. Хариуцагч Л нь зээлдэн авсан мөнгөө 5 хувийн хүүтэйгээр төлнө гэдгээ удаа дараа бичгээр илэрхийлж байгаа. Энэ бол талууд зээлийн гэрээ болон түүний дагуу үүссэн эрх, үүргээ баталгаажуулсан явдал бөгөөд үүрэг заавал биелэгдэх ёстойг Л бататгаж байгаа юм. Талууд харилцан хэлцэл байгуулж, үүргээ биелүүлэх батлах зэргээр баталгаажуулсан. Шүүх хуралд Д.Б нь уг 4.000.000 төгрөгийг зээлснийг мэдэж байна. Үүнийг төлөлцөнө гэдгээ хэлж байсан. Энэ мөнгийг зээлэхдээ Д.Б өөрийн “Үүрцайх” ХХК-ийн газрын гэрчилгээ, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг 2 баримт бичгийг өгч явуулж байсан. Д.Б энэ 4.000.000 төгрөгөнд хүү төлж байсан гэж ярьж, тайлбарладаг бөгөөд төлсөн 180.000 төгрөгийг би банкны хуулгыг нь авчирч шүүхэд нотлох баримтаар өгч байсан. Д.Б ийнхүү хүү төлснийгөө өөрөө ярьж, тэгснээрээ 4.000.000 төгрөгийн зээлийг төлөлцөнө гэж хэлээд байгааг шүүх үндэслэн Б-аас 3.540.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байсныг, давж заалдах шатны шүүх буруу болгож, хэт нэг талыг барьж үнэлсэн нотлох баримтад дахин буруу дүгнэлт хийж шийдвэрлэлээ. Иймд шүүхийн шийдвэрт 3.000.000 төгрөгт ногдох хүү 1.464.700 төгрөгийг гаргуулахаар өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Мөн шүүхийн ажиллагааны явцад гарсан шинжээчид төлсөн зардлыг хариуцагчаас гаргуулахгүй шийдсэн. Миний бие уг зардлыг шүүх хуралд нэхэмжилж оролцсон. Үндсэн зээлийн гэрээний хавсралт болгож ээмэг, бөгжөө үүрэг гүйцэтгэх баталгаа болгож үлдээсэн. Гэтэл надаас уг ээмэг, бөгжийг гаргуулахаар шийдсэн нь үндэслэлгүй юм. Харин уг ээмэг, бөгж зүүлтийг миний нэхэмжилсэн үнийн дүнд харилцан тооцох боломжтой байсан. Иймээс А  надаас ээмэг, бөгж буюу 1.743.030 төгрөгийг миний нэхэмжлэлээс харилцан тооцохоор шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Анхан шатны шүүх нэхэмжлэгч миний хэлсний дагуу нийт 1.280.000 төгрөгийг хасч тооцоод байхад давж заалдах шатны шүүх үүнийг давхардуулан 530.000 төгрөгийг нэмж хасахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

          Хариуцагч Л-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 129 дүгээр магадлал, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 482 дугаар шийдвэр зэргээс зарим хэсгээс зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Мөн нотлох баримтыг үнэлэх хуулийн заалтыг зөрчлөө. Нэхэмжлэгч А-аас 2015 оны 1 дүгээр сарын эхээр 1.500.000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1.700.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг зээлж авсан нь үнэн гэж 2016.11.29-ний өдөр “Баталгаа” гэх бичвэрийг Л гээр бичүүлж авч хэрэгт нотлох баримтаар өгснийг шүүх үнэлж хууль ёсны нотлох баримтаар тооцон уг мөнгийг хүү алдангийн хамтаар төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ 3.000.000 төгрөгийг Л миний бие огт зээлж аваагүй. Нэхэмжлэгч А  нь шүүх дээр хэргийг шийдвэрлэгдэх гэж байх үед буюу 2016.11.29-ний өдөр өөрөө Улаанбаатар хот явж надтай уулзаж, эхнэрийг чинь оролцуулахгүйгээр хоёулаа энэ асуудлаа шүүх цагдаа гэхгүй дуусгая, би шүүхээс өргөдлөө татаж авлаа, хоёулаа ингээд зохицоё гэхээр нь түүнд нь итгээд, боломжоороо энэ мөнгийг нь хувааж төлөөд салъя гэж шийдээд өөрийнх нь хэлж өгсний дагуу “Баталгаа”г надаар хэлж бичүүлээд салсан. Гэтэл А  нь өргөдлөө татаж авах нь бүү хэл эсэргээр үүнийг нотлох баримт болгож өгч намайг хууран мэхэлж, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн. Шүүхэд энэ талаар хэлж ярьж няцаалт өгсөөр байтал 3.000.000 төгрөг зээлсэн нь үнэн байна гэж үзэж хүү, алданги тооцон гаргуулсныг зөвшөөрөхгүй. Түүний энэхүү үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4, 38.5-д зааснаар хууль бус аргаар цуглуулсан нотлох баримт учраас шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байтал шүүх үнэлж шийдвэрлэж байгаа нь хууль бус шийдвэр гаргахад хүргэлээ. Нэхэмжлэгч А  нь 3.000.000 төгрөгийг бидэнд огт зээлээгүй байж өмнөх 4.000.000 төгрөгөнд хүү алданги тооцож, 3.000.000 төгрөгийн хүү алдангиа 2 хувааж зээлсэн болгож зээлийн гэрээ бичиж ирж гарын үсэг зур гэж дарамталж зуруулж, шүүхэд үүнийгээ зээлсэн мөнгө болгон хуурамч нотлох баримт бүрдүүлж сурсан зальт этгээдийг шүүх өөгшүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж дээрх 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

        Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулна.

           Нэхэмжлэгч А  нь хариуцагч Б, Л нарт холбогдуулан зээлийн төлбөр 11.914.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 11.364.700 төгрөг болгон өөрчилсөн байна.

         Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, А-аас авсан гэгдэх 4.000.000 төгрөгөөс ямар ч мөнгө аваагүй гэсэн бол харин хариуцагч Л нь А-аас 4.000.000 төгрөг авсан, зээлийг төлж байсан, ... жолооны курс, байрны засвар зэрэг тооцоонуудыг хасвал 1.700.000 төгрөгийн өр төлбөрөөс хүү бодох байх гэжээ.  

 

         Хариуцагч Л нэхэмжлэгч А-аас зээлийн барьцаанд өгсөн алт, монетон эдлэлийн үнэ 6.500.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 6.500.000 төгрөг биш хүлээлгэн өгсөн алт, монетон эдлэлээ буцааж авна гэжээ.

 

            Нэхэмжлэгч А  сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...хариуцагч нар надад төлөх төлбөрөө өгөөгүй байгаа учраас алт, монетон эдлэлийг буцааж өгөхгүй, харин эдгээр эд зүйлийн үнэлгээг 1.743.030 төгрөгт тооцож, хариуцагч нарын төлбөрөөс хасч өгнө үү гэсэн тайлбар гаргасан байна. 

 

       Анхан шатны шүүх хариуцагч Л гээс 5.920.000 төгрөг, хариуцагч Б-аас 3.450.000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.994.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А-аас 29,5 гр монетон гинж, 8.8 гр эрэгтэй монетон бөгж, 4,5 гр алтан ээмэг 1 хос, 4,6 гр монетон ээмэг 1 хос, 5,8 гр монетон бөгж /улаан/, 4,8 гр монетон сувдтай гинж зэргийг гаргуулж нэхэмжлэгч Л д олгож шийдвэрлэжээ. 

 

          Давж заалдах шатны шүүх “хариуцагч Л гээс зээлийн төлбөрт нийт 9.370.000 төгрөгийг нэхэмжлэгч А т олгож, хариуцагч Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, ... нэхэмжлэгч А-аас 1.743.030  төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг гаргуулж Л д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.756.970 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор” анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

          Нэхэмжлэгч А  хариуцагч Л нарын хооронд үүссэн зээлийн харилцаанд хариуцагч Б-г хамааралгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

           Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүйгээс хариуцагчаас гаргуулах зээлийн гэрээний үүргийн хэмжээг буруу тооцжээ.

 

           2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч Л 4.000.000 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл сарын 4,5 хувийн хүүтэй зээлсэн, зээлдэгч зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож зээлдүүлэгчид алданги төлөх үүрэг хүлээсэн байна.

 

       Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргийг харьцуулан үзэхэд зохигчдын хооронд байгуулсан 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагч Л нь нийт 7.350.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй, хариуцагчийн барьцаалдан зээлдэх газраас зээлсэн 1.000.000 төгрөгийн зээлийг нэхэмжлэгч хаасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нийт 8.350.000 төгрөгийн хэмжээнд хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулна.  

 

         Харин 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Л-ийн ломбардны өрийг А  төлж, Л ломбарданд барьцаанд тавьсан байсан алт, монетон эдлэлүүдээ авч үүнийгээ А-аас зээлсэн зээлийн барьцаанд үлдээсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасантай нийцээгүй гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

            Хяналтын шатны шүүх хуралдааны товыг хариуцагч Л д утсаар мэдэгдэх гэсэн боловч холбогдох боломжгүй байсан ба хариуцагч Б.Баясгаланд тов мэдэгдэхэд “Л бурхан болсон, би өөрөө оролцож амжихгүй” гэсэн байх бөгөөд хариуцагч талаас Л г нас барсан тухай баримт ирүүлээгүй,  нэхэмжлэгч талаас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

      Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 129 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “9.370.000 төгрөгийг” гэснийг “8.350.000 төгрөгийг” гэж, “164.870 төгрөг” гэснийг “148.550 төгрөг” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

      

         2. Нэхэмжлэгч А-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 42.850 /дөчин хоёр мянга найман зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Л-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 48.000 /дөчин найман мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                         

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                Д.ЦОЛМОН