Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00129

 

 

 

 

 

 

 

 

 

                               С.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Баясгалан, С.Лхагвасүрэн нарт холбогдох

“11.914.700 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй “ С.Алтанцэцэгээс алт монетон эдлэлүүдийн үнэ 6.500.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч С.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Д.Баясгалан, С.Лхагвасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Д.Баясгалан, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Дагва овогтой Баясгалан, Сааралдай овогтой Лхагвасүрэн нарт 2015 оны 3 сарын 01-нд 7.000.000 \долоон сая\ төгрөгийг сарын 5 % хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч Д.Баясгалан С.Лхагвасүрэн нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээг Д.Баясгалан С.Лхагвасүрэн нар өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан. Үндсэн зээлийн гэрээ 7.000.000 \долоон сая\ төгрөг, түүний хүү болох 5.114.700 таван сая нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун төгрөг\. Нийт 11.914.700 төгрөгийг хариуцагч Д.Баясгалан, С.Лхагвасүрэн нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Баясгалан шүүхэд гаргасан тайлбартаа: С.Алтанцэцэгээс авсан гэгдэх 4.000.000 төгрөгөөс би ямар ч мөнгө аваагүй болно. Миний нөхөр болох С.Лхагвасүрэн нь авсан байж болох тул Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн Толгойт 113-6 тоот.Энэ хаягаар нэхэмжлэлээ явуулна уу гэжээ.

Хариуцагч С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Лхагвасүрэн миний бие С.Алтанцэцэгээс 2015-03-21-нд 4.000.000 төгрөг авсан./4,5 хувийн хүүтэйгээр/ Үүнээс хойш 2015 оны 10 сард 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн. 4.000.000 төгрөгний хүү болох 180.000 төгрөгийг сар болгон төлж 7 сар хүртэл ХХБанкны С.Алтанцэцэгийн дансанд хийж байсан билээ.С.Лхагвасүрэн би урт цагааны ломбарданд ээмэг, гинж, зүүлт, бөгжөө 1.000.00 төгрөгөнд тавьсан. Үүнийгээ өндөр хүүтэй байсан тул С.Алтанцэцэгээс сая төгрөг авч ломбарднаас чөлөөлж ээмэг зүүлт гинж бөгжөө барьцаа болгож өгсөн. Ингээд одоогоор нийт 3.000.000 төгрөгний өртэй болсон. Үүнээс С.Алтанцэцэгийн охиныг жолоонд суулгасан 350.000 төгрөг, С.Алтанцэцэгийн дүүд С ангилал ахиулж 200.000 төгрөг, 3,4 хороололд байдаг С.Алтанцэцэгийн өөрийнх нь байрны 1 өрөөг би сарын 600.000 төгрөгөөр тохирсон боловч үйл ажиллагаа явуулаагүй байхад түрээсээ авсан. Энэ ажилд би 500.000 төгрөгний засвар хийсэн. Мөн би 2016 сард С.Алтанцэцэгт 250.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ бүгдийг бодвол 3.000.000 төгрөгнөөс 1.700.000 төгрөгний л өртэй үлдэх байх. Үүн дээр л хүү бодох байх гэжээ.

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: 2014 оны 03 сарын 26-нд анх хийсэн гэрээний эх хувийг олсон тул одоо шаардлагаа 2014 оны 03 дугаар сарын 26-нд 4 000 000 төгрөг 5 сарын хугацаатай 4,5 хувийн 900 000 төгрөгний хүү, алданги 2 450 000 төгрөг үүн дээр ломбарднаас чөлөөлсөн 1 500 000 төгрөгний хүү болох 1 565 000 төгрөг, нийт 11 914 700 төгрөгнөөс жолооны үнэмлэх авсан 350 000 төгрөг, ангилал даруулсан 200 000 төгрөг нийт 550 000 төгрөгийг хасч одоо 11 364 700 төгрөг болгон нэхэмжлэлээ өөрчилж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаар шийдвэрээр: 1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Лхагвасүрэнгээс 5 920 000 төгрөг, хариуцагч Д.Баясгалангаас 3 450 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Алтанцэцэгт олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 994 700 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Алтанцэцэгээс 29,5 гр монетон гинж, 8.8 гр эрэгтэй монетон бөгж, 4,5 гр алтан ээмэг 1 хос, 4,6 гр монетон ээмэг 1 хос, 5,8 гр монетон бөгж /улаан/, 4,8 гр монетон сувдантай гинж зэргийг гаргуулж нэхэмжлэгч С.Лхагвасүрэнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн  205 585 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч С.Лхагвасүрэнгээс 109 670 төгрөг, хариуцагч Д.Баясгалангаас 70 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагч С.Лхагвасүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 118 950 төгрөгийг төрийн санд үлдээж, нэхэмжлэгч С.Алтанцэцэгээс 42 838 төгрөг гаргуулан хариуцагч С.Лхагвасүрэнд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 11.914.000 төгрөгийг нэхэмжлэгч шүүхэд тайлбарлахдаа 2013.10.16-нд 1.700.000 төгрөг зээлээч эхнэр бид 2 эхнэрийн монетон эд зүйл барьцаалж мөнгө зээлсэн юм, түүнийгээ авах гэсэн юм хүү нь өндөр юм, чи арай бага хүүтэй зээлээч тэгээд чамд мөнгөө төлөөд юмаа авна гэж гуйж 1.700.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлж авсан, 6 ширхэг монетон эд зүйл барьцаа болгон мөнгөө төлөх баталгаа болгож үлдээсэн. Уг зээлийн мөнгөнөөс 200.000 төгрөг төлөөд 1.500.000 төгрөг үлдсэн байсан. Үүнийгээ төлөхийг байнга шаардаж байсан. 2015 онд 1.000.000 төгрөг зээлээч гэсний дагуу зээлсэн. Ингээд нийт 7.200.000 төгрөг зээлснээс 200.000 төгрөгийг өгсөн тул 7.000.000 төгрөгөө өгнө гэж бичсэн хэлцэл хийж уг хэлцлээр 5 хувийн хүү тооцож төлнө гэж тохирч байсан. Шүүх Баясгалангийн хүсэл зоригийн шаардлага болох 6.500.000 төгрөг гаргуулах гэсэн өргөдлийг нь өмнөөс нь та юм аа авах юм уу гэж хөтөлж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Баясгалан миний юм учраас би авах гэж байна гэж хэлсэн. Гэтэл Лхагвасүрэн мөнгөө олох үйл ажиллагаандаа компаний бичиг баримт эд зүйл зарцуулахыг зөвшөөрөөд мэдээд ард нь байж байдаг. Мөнгөө төлж чадахгүй бол эд зүйлээ зарж үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрч эд зүйлээ үлдээгээд байгаа юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг С.Алтанцэцэгт гүйцэтгэх ёстой үүргийн гүйцэтгэлд харилцан тооцох боломжтой тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн С.Лхагвасүрэнгээс С.Алтанцэцэгт хийж өгсөн хэлцлээр 5 хувь хүү төлнө гэснийг нь үндэслэж 3.000.000 төгрөгөнд 5 хувийн хүү тооцож өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Лхагвасүрэн, Д.Баясгалан нар давж заалдсан гомдолдоо:

С.Алтанцэцэгээс зээлсэн 4 сая төгрөгнөөс 2014 оны 10 сард бэлэн 2,000,000 төгрөг бэлнээр тоолж хүлээлгэж өгсөн, мөн сар бүр 180,000 төгрөгний хүүг түүнд төлж байсан боловч бидэнд мөнгө төлсөн тухай баримт огт өгдөггүй байсан. Энэ байдлаар зориуд бидэнд баримт өгөхгүй явж байгаад шүүх дээр биднээс авсан мөнгөнүүдээ аваагүй гэж хэлээд хүмүүсээс зальдаж мөнгө нэмж гаргуулан аваад сурчихсан зальт этгээдийг шүүх өөгшүүлж байна. С.Алтанцэцэгээс мөнгө зээлсэн асуудалд эхнэр Баясгалан ямар ч оролцоо байхгүй тул эхнэрээс мөнгө гаргуулан төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралдаанд эхнэр Баясгалан намайг төлөөлж итгэмжлэлээр орж байгаа учраас миний өмнөөс ярьсан. Тэрнээс хариуцлага хүлээж мөнгө төгрөг хариуцан төлөх асуудал түүнд байхгүй. Бид нэг гэр бүл учраас төлөлцөнө гэсэн нь түүнээс төлбөр гаргуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Миний бие С.Алтанцэцэгээс 4 сая төгрөгийг зээлж аваад 2 саяыг нь бэлэн буцааж өгсөн, сар бүр хүүний мөнгө төлж байсныг Алтанцэцэг аваагүй гэж ичих ч үгүй хэлж баримтгүй учраас биднийг яалт ч үгүй төлүүлэх байдалд оруулж байгаа тул түүнд 6,900,000 төгрөгийг төлөх нь гарцаагүй болж байх тул энэ төлбөрөөс өөрийнх нь надаас авсан гэж хүлээн зөвшөөрсөн жолооны үнэмлэх 350,000, ангилал даруулсан 200,000, 2013-10-16нд 1700,000 төгрөгнөөс 200,000г төлсөн гэж өөрөө хэлдэг тул энэ 200,000, бэлэн өгсөн 250.000 төгрөг, дансаар өгсөн 280.000 нийт 1.280.000 төгрөгийг хасах байтал шүүх дутуу хаслаа. Миний тооцоогоор 1.280.000 төгрөгийг хасвал 5.260.000 төгрөгийг төлөх тооцоо гарч байна.

Иймд шүүхийн шийдвэрт С.Алтанцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, миний төлөх төлбөрөөс 1.280.000 төгрөгийг хасч, эхнэр Д.Баясгаланг хариуцагчаас чөлөөлөх гэсэн өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх  хуульд заасан журмыг  бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг зээлийн төлбөр 11.914.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хариуцагч нараас 11.364.700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 118-120/.  

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг шүүхэд 2015.03.01-ний өдөр байгуулсан Дагва овогтой Баясгалан нь Эрдэнэт-Үүрцайх ХХК-ний 2036 м/кв талбай бүхий газрын гэрчилгээ барьцаалж 4.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, сарын хугацаатай зээлэв гэх зээлийн баримт, Иргэнд хоорондын гэрээ хэлэлцээр зэрэг нотлох баримтыг ирүүлсэн ба уг зээлийн баримтанд  хариуцагч Д.Баясгалан гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэж, хариуцагч С.Лхагвасүрэн 4.000.000 төгрөгийг хүүтэй авч буцааж 2.000.000 төгрөг өгсөн, 1.000.000 төгрөг авч гинж, ээмэг, бөгжөө барьцаанд тавьсан, одоо үлдэгдэл 1.700.000 төгрөгийг зохих хүүгийн хамт төлнө гэж тус тус тайлбарлаж  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ /хх-ийн 4, 5 тал/

Нэхэмжлэгч С.Алтанцэцэг хариуцагч Д.Баясгаланг 4.000.000 төгрөгийг зээлж авсан гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар уг мөнгийг хариуцагч С.Лхагвасүрэн нэхэмжлэгчээс  2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр сарын 4.5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоногт 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулж авсан байна./хх-ийн 119 тал/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн гаргасан “ 2013 оны 10 дугаар сарын 16 ны өдөр ломбардад тавьсан ээмэг, бөгж, гинжээ авахын тулд надаас 1.700.000 төгрөг зээлж авснаас буцааж 200.000 төгрөг өгсөн, 2015 оны 1 дүгээр сарын эхээр 1.500.000 төгрөг бүгд 3.000.000 төгрөгийг тус тус зээлж авсан гэх тайлбар болон дээрх нэхэмжлэлийн шаардлага, тайлбарыг нотолж ирүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн “Баталгаа” гэх зээлийн баримтыг хариуцагч С.Лхагвасүрэн няцааж үгүйсгэж чадаагүй байх тул шүүх нэхэмжлэгчийг 4.000.000 төгрөг, хүү 900.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг, зээл- 3.000.000 төгрөгийг тус тус  шаардах эрхтэй гэж үзсэн нь хуульд нийцсэн байна./хх-ийн 120тал/ 

Хариуцагч С.Лхагвасүрэн нь зээлийн төлбөрт 2.000.000 төгрөгийг буцааж төлсөн, сар бүр зээлийн хүү 180.000 төгрөг төлж байсан гэх, нэхэмжлэгч С.Алтанцэцэг 2 удаа 1.500.000 төгрөг нийт 3.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн, Д.Баясгалан 4.000.000 төгрөг зээлсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтаар  нотлогдоогүй  зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй байх тул шүүхээс 3.000.000 төгрөгт зээлийн хүү тооцоогүй, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн буцааж өгсөн 2.000.000 төгрөг, зээлийн хүү 180.000 төгрөгийг хасч тооцохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас нийт 9,370.000 төгрөгийг гаргуулж, 1.994.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин нэхэмжлэгч С.Алтанцэцэг хариуцагч С.Лхагвасүрэн  нарын  хооронд үүссэн зээлийн харилцаанд хариуцагч Д.Баясгалангийн оролцоо байхгүй  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон өөрөөр хэлбэл хариуцагчийн гарын үсэг зурагдсан 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдөр бичсэн 4.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн тухай” баримт нь хэрэгт авагдсан 2014.03.26 ны өдөр С.Лхагвасүрэнтэй байгуулсан “Зээлийн гэрээ”-ний баримтаар үгүйсгэгдэж улмаар уг мөнгийг хариуцагч С.Лхагвасүрэн зээлж авсан болох нь тогтоогдож байхад шүүх хариуцагч Д.Баясгалангаас зээлийн төлбөр 3.450.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хариуцагч С.Лхагвасүрэн барьцааны эд зүйлийг мөнгөн дүнгээр тооцож нэхэмжлэгч С.Алтанцэцэгээс 6.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж барьцааны эд зүйлийн үнэлгээний талаар дүгнэлт гаргуулсан ба дээрх дүгнэлтийн талаар талууд маргаагүй байна.

Шүүх нэхэмжлэгч нь барьцааны эд зүйлийг барьцаалахдаа хуульд заасны дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй гэсэн дүгнэлт хийж монетон гинж, бөгж, ээмэг зэрэг эд зүйлийг нэхэмжлэгч С.Алтанцэцэгээс гаргуулж шийдвэрлэсэн  нь зөв боловч дээрх эд зүйлийн үнийг тодорхойлж бичээгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй байна.

Иймд хариуцагч С.Лхагвасүрэн, Д.Баясгалан нарын гаргасан “ нэхэмжлэлийн шаардлагаас 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1280.000 төгрөгийг хасч, Д.Баясгаланг хариуцагчаас чөлөөлж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү ” гэх давж  заалдах гомдлын зарим хэсгийг, нэхэмжлэгч С.Алтанцэцэг,  түүний  өмгөөлөгчийн  гаргасан “ хариуцагч нар 3.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан тул зээлийн хүү тооцож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул Давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч С.Лхагвасүрэнгээс зээл-7.000.000 төгрөг, зээлийн хүү 900.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг нийт 9.900.000төгрөгнөөс буцааж төлсөн 530.000 төгрөгийг хасч нийт 9.370.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 1.994.700 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.756.970 төгрөг, Д.Баясгаланд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай.Үүнд 1.Шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч С.Лхагвасүрэнгээс зээлийн төлбөр нийт 9.370.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Алтанцэцэгт олгож, хариуцагч Д.Баясгаланд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж. Шийдвэрийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Алтанцэцэгээс 1.743.030  төгрөгийн үнэ бүхий  29,5 гр монетон гинж, 8.8 гр эрэгтэй монетон бөгж, 4,5 гр алтан ээмэг 1 хос, 4,6 гр монетон ээмэг 1 хос, 5,8 гр монетон бөгж, 4,8 гр монетон сувдантай гинж зэрэг эд зүйлийг гаргуулж С.Лхагвасүрэнд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.756.970 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 4 дэх заалтанд Б.Баясгалангаас 70.150 төгрөг гаргуулж гэснийг хүчингүй болгож, С.Лхагвасүрэнгээс 109.670 төгрөг гэснийг 164.870 төгрөг гэж болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.840 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Лхагвасүрэн, Д.Баясгалангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.УРАНЧИМЭГ

 

          ШҮҮГЧИД                                            Б.БАТТӨР

                                                                       Б.ОЮУНЦЭЦЭГ