Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 9

 

     

С.Аийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1453 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Аийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б, С.Б нарт холбогдох

“11.914.700 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч С.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул

Хариуцагч Д.Б

Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Дагва овогтой Б, Сааралдай овогтой Б нарт 2015 оны 3 сарын 01-нд 7.000.000 \долоон сая\ төгрөгийг сарын 5 % хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн хугацаа дууссан боловч Д.Б С.Б нар нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээг Д.Б С.Б нар өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан. Үндсэн зээлийн гэрээ 7.000.000 \долоон сая\ төгрөг, түүний хүү болох 5.114.700 таван сая нэг зуун арван дөрвөн мянга долоон зуун төгрөг\. Нийт 11.914.700 төгрөгийг хариуцагч Д.Б, С.Б нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: С.Аллтанцэцэгээс авсан гэгдэх 4.000.000 төгрөгөөс би ямар ч мөнгө аваагүй болно. Миний нөхөр болох С.Б нь авсан байж болох тул Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн Толгойт 113-6 тоот.Энэ хаягаар нэхэмжлэлээ явуулна уу гэжээ.

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “С.Б миний бие С.Аээс 2015-03-21-нд 4.000.000 төгрөг авсан./4,5 хувийн хүүтэйгээр/ Үүнээс хойш 2015 оны 10 сард 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн. 4.000.000 төгрөгний хүү болох 180.000 төгрөгийг сар болгон төлж 7 сар хүртэл ХХБанкны С.Аийн дансанд хийж байсан билээ.С.Б би урт цагааны ломбарданд ээмэг, гинж, зүүлт, бөгжөө 1.000.00 төгрөгөнд тавьсан. Үүнийгээ өндөр хүүтэй байсан тул С.Аээс сая төгрөг авч ломбарднаас чөлөөлж ээмэг зүүлт гинж бөгжөө барьцаа болгож өгсөн. Ингээд одоогоор нийт 3.000.000 төгрөгний өртэй болсон. Үүнээс С.Аийн охиныг жолоонд суулгасан 350.000 төгрөг, С.Аийн дүүд С ангилал ахиулж 200.000 төгрөг, 3,4 хороололд байдаг С.Аийн өөрийнх нь байрны 1 өрөөг би сарын 600.000 төгрөгөөр тохирсон боловч үйл ажиллагаа явуулаагүй байхад түрээсээ авсан. Энэ ажилд би 500.000 төгрөгний засвар хийсэн. Мөн би 2016 сард С.Ат 250.000 төгрөг бэлнээр өгсөн. Энэ бүгдийг бодвол 3.000.000 төгрөгнөөс 1.700.000 төгрөгний л өртэй үлдэх байх. Үүн дээр л хүү бодох байх гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1453 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан С.Бгээс 3.620.000 төгрөг гаргуулан С.Ат олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 8.294.700 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул хариуцагч Д.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 205.585 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч С.Бгээс 72.870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.А давж заалдсан гомдолдоо: Бгээс 11.914.700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 7.000.000 төгрөгийг надаас нийт 3 удаа хувааж авсан үүнийгээ хүлээн зөвшөөрч хожим 2015 оны 03 сарын 01-нд 7.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй төлнө гэж хэлцлийг бичгийн хэлбэрт оруулсан баримтаа үндэслэн нэхэмжилсэн. Б шүүх хуралд ирээд өмгөөлөгч авна гээд хурлыг хойшлуулсан. Энэ үед би түүнтэй уулзахад эхнэр Б нь энэ мөнгийг зөвшөөрөхгүй байгаа юм. Би авсан 7.000.000 төгрөгөө хүлээн зөвшөөрч байна, 2-уулаа ярилцаж эвлэрч болох юм байна хот ороод мөнгийг чинь төлье гэж хэлсэн. Би хэд хоногийн дараа Бтэй уулзахад нэхэмжлэллээ буцаагаад ав мөнгийг нь өгье гэсэн. Би мөнгөө өгвөл нэхэмжлэлээ авч болно гэж түүнд хэлсэн. Бд би “чи тэгээд яагаад төлөхгүй гэсэн тайлбар гаргадаг юм бэ” гэхэд би энэ бүх тайлбарыг бичээгүй миний өмнөөс эхнэр Б бичсэн гэдгээ хэлсэн.

Ингээд шүүхээс уг асуудлыг шийдвэрлэхдээ нийтдээ авсан 7.000.000 төгрөгийг төлнө гэж хүлээн зөвшөөрч, хийсэн гэрээ хэлцлийг тооцохгүй, хариуцагч нар нь зөвшөөрөөгүй гэдгээр 2013 оны 10 сарын 16-ны өдөр зээлж авсан 1.700.000 төгрөгөөр ломбардны барьцаанд байсан эхнэрийнхээ ээмэг бөгж зүүлтийг надаас авсан мөнгөөрөө төлж аваад, надад мөнгөө буцааж өгнө гээд барьцаанд байсан зүйлээ үлдээсэн. Энэ талаар Үнэнч ХХК компанийн тодорхойлолт уг мөнгийг авсан болохыг олж байгаа юм.Шүүхэд 2015 оны 03 сард бичиж өгсөн гэрээгээр бүх мөнгө нь 7.000.000 төгрөг болж байгаа, энэ нь 1.700.000, 1.500.000 төгрөг 4.000.000 төгрөгийг тус тус авсан гэдгийг тайлбарласаар байтал зөвхөн 4.000.000 төгрөгийг зээлсэн байна гэж дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай байна.

Энэ нотариатаар гэрчлүүлсэн гэрээний 1 хувь нь надад байна. Ингээд мөнгө өгөхгүй удаад байсан тул 2015 оны 03 сард нийт 7.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй /сар бүр/ төлнө гэсэн бичгээ хэлцэл маягаар бичиж өгсөн. Би үүнийгээ л үндэслэж нэхэмжлэл гаргасан юм. Ийм учраас Б өөрөө тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл байна.Энэ хэргийг шийдвэрлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой журам зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.А зээл 7.000.000 төгрөг, зээлийн хүү 5.114.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Б зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөг аваагүй, хариуцагч С.Б зээлийн төлбөрөөс 1700000 төгрөгийг хүү тооцож төлнө гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  маргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Бд нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр гардуулан өгч, хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан болох нь нэхэмжлэл гардуулсан, эрх үүрэг танилцуулсан тухай баримтаар батлагдаж байна.  

Хариуцагч С.Б  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд  бүгд оролцох  шаардлагагүй түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль  нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болно” гэж заасны дагуу хариуцагч өөрийгөө төлөөлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний өмнөөс хариуцагч Д.Б  шүүхэд 8 дугаар сарын 8 –ны өдөр гаргасан “...зээлийн төлбөрийг төлж байсан, 1700000 төгрөгийг хүү тооцож төлнө...” гэх  тайлбар, 9 дүгээр сарын 19 –ний өдөр “Д.Бг хариуцагчаас чөлөөлөх, барьцааны эд зүйлүүдийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх, дансны хуулга буюу лавлагаа гаргуулах...” зэрэг  хүсэлт гаргасан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25. 1.1-д “...эсрэг талын шаардлага, ... тэдгээрт тайлбар өгөх, 26 дугаар зүйлийн 26.4-т “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ” гэж заасныг тус тус зөрчиж улмаар хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна.

Шүүх 2016 оны 9 дүгээр сарын 20 -ны өдөр С.Аийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч Д.Бгийн гаргасан “гарын үсгийг хуурамч тул шинжээч томилуулах” тухай хүсэлтийг хангасан ба харин С.Бгийн гаргасан “...үнэлгээ хийлгэх, хэрэг шилжүүлэх, нотлох баримт гаргуулах” тухай хүсэлтийг хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжинд уг хүсэлтийг хангахаас татгалзсугай гэж заасан боловч шүүх хуралдааны тэмдэглэлд уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичээгүй нь хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5-д заасныг зөрчжээ.

Түүнчлэн шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар тайлбар гаргахдаа хуулиар олгогдсон эрхийн дагуу гаргасан эсэхийг нягталж тодруулалгүйгээр тухайн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 40.3-т “Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1453 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147.670 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.УРАНЧИМЭГ

 

                            ШҮҮГЧИД                          Б.БАТТӨР

                                                                       Б.ОЮУНЦЭЦЭГ