Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/00095

 

         Д.Д-ын нэхэмжлэлтэй

         иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 120 дугаар магадлалтай,

Д.Д-ын нэхэмжлэлтэй,

Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох,

ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Д  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 оноос хойш Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай гэх захирамж гаргаж намайг ажлаас чөлөөлсөн. Миний бие нь тус Б/99 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэгдэж байгаа ба одоогоор Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хариуцагчийн давж заалдах гомдлоор хянагдаж байгаа болно. Гэтэл өмнөх маргаан шүүхээр шийдвэрлэгдээгүй байхад Засаг дарга С.Насанбат дахин 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б/129 дугаартай захирамж гаргаж ямар ч үндэслэлгүйгээр Д.Д  намайг албан ёсоор аваагүй ажлаас минь дахин халах шийдвэр гаргасан болохыг миний бие 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор мэдэж, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс гардаж авсан. Тус захирамжийн үндэслэл болсон хуулийн заалт нь өмнөх маргааныг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад аваагүй ажлаас дахин халж, миний эрхийг ноцтойгоор зөрчиж, дарамт шахалт үзүүлж байгаад гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/129 дугаар захирамжийг хүчингүй болгож, 4 дүгээр сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин 6.392.430 төгрөгийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: тус аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Д ыг 2016 оны 08 дугаар сарын 3-ний өдрийн Б/99 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл Д.Д  нь Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 05-нд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцаад аймгийн Засаг даргад танилцуулан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаар захирамжаар Д.Д ыг ажилд нь эгүүлэн томилсон тухай өөрт нь мэдэгдсэн ба өөрөө ч ажилд томилсон захирамжтайгаа танилцсан. Ажил хүлээлцэх комисс Д.Д т ажлыг хүлээлгэн өгөхөөр 2016 оны 09 дүгээр сарын 19, 20, 21, 22-ны өдрүүдэд мэдэгдсэн боловч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд ажлаа хүлээж аваагүй. Д.Д ыг ажлаа хүлээж авахыг удаа дараа мэдэгдэхэд ажлаа хүлээн авахгүй байгаа талаар ажлын хэсгийн ахлагч аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Р.Батжаргал тус сургуулийн багш ажилчидтай уулзсан тэмдэглэл дээр тодорхой байгаа. Д.Д  нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлаа хүлээн авахгүй ажил тасалсан тул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг үндэслэн үүрэгт ажлаас нь халсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ын гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 6,392,430 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 120 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 4.290.697 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Д.Д т олгож, нэхэмжлэлээс 2.101.733 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэгч Д.Д-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Д.Д-ын Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 120 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн Б/115 дугаар захирамжийг үндэслэн ажил олгогч Д.Д тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тухайн сургуулийн дотоод журам хэрэгт авагдаагүй нь нэхэмжлэгч сахилгын ямар зөрчил гаргасан болох, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг хэрхэн зөрчсөн үндэслэлээр арга хэмжээ авсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Д ыг аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/99 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Д.Д  нь Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 05-нд нэхэмжлэл гаргасныг аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг миний бие хүлээн авч танилцаад аймгийн Засаг даргад танилцуулан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/115 дугаар захирамжаар Д.Д ыг Дархан сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлаар эгүүлэн томилсон болно. Ажил хүлээлцэх комисс Д.Д т ажлыг хүлээлгэн өгөхөөр 2016 оны 09 дүгээр сарын 19, 20, 21, 22-ны өдрүүдэд мэдэгдсэн боловч 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүртэлх хугацаанд ажлаа хүлээж аваагүй болно. Энэ хугацаанд 4 дүгээр сургуулийн багш, ажилчдын цалин хөлс олголт болон бусад ажил явагдахгүй хүндрэл учирч байсан. Д.Д  нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 16-аас 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх 45 хоногийн хугацаанд ажлаа хүлээн авахгүй ажил тасалсан тул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/129 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг үндэслэн үүрэгт ажлаас нь халсан болно. Д.Д ыг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажилд томилсон аймгийн Засаг даргын захирамж гарч ажлын хэсэг ажлыг нь хүлээлгэн өгөх гэж удаа дараа мэдэгдсээр байтал Д.Д  ажлаа хүлээн авахгүй байснаас ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл бүрдээгүй нь ажил олгогчийн буруутай үйлдэл биш юм. Мөн Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалах дээд шатныхаа Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд Д.Д  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 09 дүгээр сарын 16-аас 2016 оны 11 дүгээр сарын 21-ийн өдрийг хүртэлх 45 хоногийн хугацаанд ажлаа хүлээн аваагүй нь ажил тасалсан "Эс үйлдэхүй” гаргасан нь сахилгын зөрчил гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас нь халсан шийдвэр гаргасан болно.

Иймд Дархан-Уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээн Дархан- Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 120 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Д.Д  нь хариуцагч Дархан-уул аймгийн Засаг даргад холбогдуулан “...сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Дархан-уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр  Б/129 дүгээр захирамж гаргаж, Д.Д ыг Дархан сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалтыг баримтлан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй гэсэн үндэслэл дурджээ /хэргийн 3 дугаар тал/.

Анхан шатны шүүх ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Дархан-уул аймгийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Б/99 дүгээр захирамж гарган ажлаас халсныг Д.Д  эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлээс “...ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг зөвшөөрсөн ба Дархан-уул аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 7-ний өдрийн 1444 дүгээр шийдвэрээр Д.Д-ын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны олговорт 576.367 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасан, Дархан-уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 207 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргасан, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 296 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, “...сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай Д.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дархан-уул аймгийн Засаг дарга сайн дураар биелүүлснийг баталж, хэргийн энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож”, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.  

Дээр дурдсанаас үзвэл, ажил олгогч нь ажилтныг хууль бусаар ажлаас халаагүй бол нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах, шүүх иргэний хэргийн үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй байжээ.

Түүнчлэн хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын гомдол гаргах эрхтэй бөгөөд хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дүгээр зүйлийн 120.1.3.-т заасан.

Гэтэл зохигчдын хооронд үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэж байх явцад хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас дахин халжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1., 131.1.3.-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулах эрхтэй боловч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам хэрэгт авагдаагүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасантай нийцжээ.   

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 120 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ