Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00133

 

А.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02077 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2168 дугаар магадлалтай,

А.Дгийн нэхэмжлэлтэй,

Ц.Б-д холбогдох,

60.100.000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

20.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Буянжаргал, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б- 2011 онд надад 2 өрөө орон сууц авч өгнө гэсэн аман хэлцэл байгуулсан. Тэрнээс хойш 2013 он хүртэл 47.000.000 төгрөгийг түүнд өгсөн. Ц.Б-г хүлээж 2 жил байр түрээсэлж амьдарсан. 2015 онд 2011 оны тохиролцоо биелэгдэхгүй болохоор цагдаад өгөхөд Ц.Б- 12.000.000 төгрөг өгөөд, байраа зараад мөнгийг та нарт өгнө гэсэн хэлцэл хийж, тохиролцсоноор гэмт хэрэг хэрэгсэхгүй болсон байна. Үүний дагуу 6 сард байраа авъя гэж ирэхэд, би байраа 50.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан, зээлийг төлөөд энэ байрыг ав гэсэн. Ц.Б- чи надаа 20.000.000 төгрөг өг гээд, 3.500.000 төгрөг авч зээлийн гэрээ хийгээд, зээлийн гэрээн дээр нэмэлт өөрчлөлт оруулсан. Ц.Б-д өгсөн 38.500.000 төгрөг, банкинд төлсөн 14.400.000 төгрөг, 2013-2014 онд 16 сар байр хөлсөлсөн 7.200.000 төгрөг нийт 60.100.000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас банкинд төлсөн 14.400.000 төгрөгөөсөө татгалзсан тул нийт 45.700.000 төгрөгийг Ц.Б-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2012012151/А тоот гээд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан. Гурвалсан гэрээ хийсэн байдаг. Ц.Б-гийн банктай хийсэн зээлийн гэрээний үүрэг болох 47.825.726 төгрөгийг А.Д төлөх, өөрөөр хэлбэл өрийг шилжүүлж авсан. Харин энэ зээлийн төлбөрийг төлвөл зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 2-т зааснаар бүрэн төлж дууссаны дараа Ариг банкинд байгаа 2 өрөө байрны гэрчилгээг худалдан авагч, зээлдэгч А.Дд хүлээлгэн өгч, үл хөдлөхийн гэрчилгээг А.Дгийн нэр дээр шилжүүлж өгнө гэсэн. Энэ гэрээний нэмэлт байгуулснаас хойш А.Д үүргээ биелүүлээгүй. Ц.Б-гийн хувьд өөрчлөлт орсноос хойш ямар нэг зөрчсөн зүйл байхгүй. Тиймээс А.Дгээс Ц.Б-гийн хувьд гэрээний 1-д зааснаар 23.500.000 төгрөгөөс 3.500.000 төгрөгийг авсан 20.000.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Ц.Б- байрныхаа түлхүүрийг А.Дгийн хүүхдэд шилжүүлж өгсөн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний нэмэлт өөрчлөлтөөр Ц.Б- А.Дгээс 20.000.000 төгрөгөө авах эрхтэй. Иргэний хуулийн 219.1-д зааснаар А.Д үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоод, харин гэрээний нэмэлт өөрчлөлт, гэрээний 4-т заасны дагуу А.Дгээс 20.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтруулан шийдвэрлэх боломжгүй. Өр шилжих гэрээ бол зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт. Энэ зээлийн гэрээний талаар хэлэлцээд, 20.000.000 төгрөг, 14.000.000 төгрөг гээд нэхээд байгаа чинь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг. Сөрөг нэхэмжлэлийн хувьд энэ хэрэгт яригдах асуудал биш учир тайлбар гаргах үндэслэл байхгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02077 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Ц.Б-гээс 37.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.200.000 төгрөг болон А.Дгээс 20.000.000 төгрөг гаргуулах тухай ц.Бодлсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 458.450 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-гээс 345.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Дд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2168 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02077 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 243.1” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмж, “ц.Бодлсүрэнгийн” гэснийг “Ц.Б-гийн” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Даваасүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 2168 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Ц.Б- болон “Аригбанк” ХХК-ийн хооронд 2015 оны 03 сарын 18-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бол 2015 оны 2 сарын 12-ны өдрийн хэлцлийн дагуу Ц.Б-гээс А.Дд төлөх байсан өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд А.Д Ц.Б-гийн байр авах буюу уг төлбөрийг байрны үнийн дүнд оролцуулан тооцох байсан. Ингэхийн тулд тухайн үед худалдан авах байр нь Ц.Б-гийн зээлийн барьцаанд байсан тул өмнөх 34.000.000 төгрөгийг орон сууцны үнийн дүнд оролцуулан тооцоод, банкинд төлөх зээлийн үлдэгдэл 47.000.000 төгрөгийг А.Д цаашид төлж дуусган барьцаанаас чөлөөлж, Ц.Б-д 23.500.000 төгрөг нэмж өгөөд АДуламсүрэн өөрийн нэр дээр шилжүүлж авах тохиролцоог хийсэн. Өмнөх өр төлбөрийн асуудал байгаагүй бол А.Д зээлийн үүргийг өөр дээрээ шилжүүлэх ямар ч шаардлага байхгүй нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх 2015 оны 02 сарын 12-ны өдрийн хэлцэл болон 2015 оны 09 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хоорондоо ямар ч холбоогүй, тусдаа асуудлыг зохицуулсан гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Мөн 2017 оны 4 сарын 04-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар 101/ШШ2017/01165 тоот шийдвэрт гэрээг цуцалсан ямар ч заалт байхгүй байхад уг шийдвэрээр гэрээ цуцлагдсан тул биелэгдэх боломжгүй гэж шүүх дүгнэх нь үндэслэлгүй юм. А.Д нь Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийснээр банк зээл, хүү, алданги нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн шийдвэрийн дагуу Ариг банкинд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс А.Болдсүрэн байраа алдахад хүрсэн өнөөдрийн нөхцөл байдал үүссэн нь үйл баримтаар хангалттай нотлогдож байна. А.Д Ариг банкинд төлөх зээлийн өр төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу төлж дуусгавал байр барьцаанаас чөлөөлөгдөж, мөн Ц.Б-д 20 сая төгрөгөө нэмж өгвөл байрны гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж авах бүрэн боломжтой.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02077 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 04-ний өдрийн 2168 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгон нэхэмжлэгч А.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Б-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Ц.Б-гээс орон сууц худалдан авах зорилгоор шилжүүлсэн 35.000.000 төгрөг, бэлнээр өгсөн 3.500.000 төгрөг, байр хөлсөлсний зардал 7.200.000 төгрөг нийт 45.700.000 төгрөг шаардаж, нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 20.000.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

Хэргийн 4-5 дугаар талд авагдсан баримтаас үзвэл Ц.Б- нь  А.Дгээс авсан 46.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах 79 дүгээр байрны 121 тоот 2 өрөө байр зарагдахаар төлөхөөр тохирсон ба нэхэмжлэгч 12.000.000 төгрөгийг буцааж авсан талаар  нэхэмжлэлдээ дурджээ.

Ц.Б- нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 79 дүгээр байрны 121 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалан 2015 оны 3 дугаар сарын 18-ний өдөр Ариг банкнаас 50.000.000 төгрөгийг жилийн 37.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлжээ.

А.Д нь Ц.Б-гийн Ариг банкнаас зээлсэн дээрх 50.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл  47.825.726 төгрөгийг жилийн 37.2 хувийн хүүтэйгээр 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд төлж дуусгах, зээл, зээлийн хүүг бүрэн төлж  дууссаны дараа Ариг банк нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 79 дүгээр байрны 121 тоотын 2 өрөө орон сууцыг  А.Дд хүлээлгэн өгөх, Ц.Б- нь зээлийг шилжүүлж байгаа тул зээлийн барьцаа хөрөнгө болох дээрх байрыг шилжүүлэхэд татгалзахгүй, энэ талаар  маргаан  үүсгэхгүй  байх, А.Д нь 2015 оны 11 дүгээр  сарын  10-ний дотор Ц.Б-д 23.500.000 төгрөг төлөхөөр харилцан тохирч, 2102012158 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулжээ /хэргийн 8, 58-62 дугаар тал/.

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 3.500.000 төгрөг өгсөн ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 01165 дугаар шийдвэрээр А.Дгээс зээлийн гэрээний үүрэгт 58.519.762 төгрөг гаргуулж, Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж, үндсэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Шийдвэр, магадлалд заасан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх зохицуулалтыг зохигчдын хооронд үүссэн маргаанд зөв хэрэглэсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шууд дүгнэх боломжгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан ба зохигчдын хооронд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ цуцлагдсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Тодруулбал, зохигчдын хооронд байгуулагдсан “Иргэд хоорондын хэлцэл”-д Ц.Б- нь ...орон сууцыг худалдах бус харин уг орон сууц зарагдахаар нэхэмжлэгчээс авсан мөнгийг төлөхөөр тохирсон байгааг шүүх анхаараагүй байна.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр нэхэмжлэгч зээлийн төлбөрийг төлсөн тохиолдолд хариуцагч орон сууцаа шилжүүлэн өгөхөд татгалзахгүй гэсэн боловч энэхүү нөхцөл байдал болон орон сууц хэний эзэмшил, өмчлөлд байгаа нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.

Түүнчлэн А.Д нь Ариг банкны зээлийг төлөх, энэ тохиолдолд хариуцагч орон сууцаа түүнд шилжүүлэн өгөхөөр тохиролцохдоо нэхэмжлэгчээс өмнө авсан 34.000.000 төгрөгийн төлбөрийг төлөх эсэхийг талууд хэрхэн тохиролцсон нь тодорхой бус байна.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, хэргийн нотлох баримтын хууль зүйн бодит үндэслэл бүрэн тогтоогдоогүй тохиолдолд зохигчдын хоорондох гэрээний харилцааг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02077 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2168 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 603.400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ