Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийн Уянга |
Хэргийн индекс | 181/2016/01575/и |
Дугаар | 1451 |
Огноо | 2016-12-07 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 1451
2016 оны 12 сарын 07 өдөр Дугаар 181/ШШ2016/01451 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 2Б-58 тоотод оршин суух, Сайжрах овогт Очирбатын Эрдэнэчимэг /РД:ШЖ68072201/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж-6, 401 тоотод байрлах, “Естнорм” ХХК /РД:6081835/ холбогдох,
Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Үлэмж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Э.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
2016 оны 5 дугаар сард Ж.Берик, Галамж нар надтай холбогдож миний эрхлэн үйл ажиллагаа явуулдаг Завхан аймгийн Тэс сумын Нисэг багт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрийг худалдаж авах талаар санал гаргаж, бид 644,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирсон. Манай үйлдвэрийн тусгай зөвшөөрөл “ЭДГС” ХХК-ийн нэрээр гарсан байсан тул худалдах, худалдан авах гэрээний хүрээнд “ЭДГС” ХХК-ийн 1 бүрийн үнэ 10,000 төгрөгөөр үнэлэгдэх 70 ширхэг хувьцааг 700,000 төгрөгөөр худалдах, худалдан авах болон компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэрээ хийх болсон.
Анх Ж.Берик надад хэлэхдээ “ЭДГС” ХХК-ийн хувьцааны 70 хувийг бидэнд шилжүүлээд өгчихвөл бүх төлбөрийг барагдуулна гэсэн бөгөөд түүний өөрийнх нь “Остнорм” ХХК-ийн нэр дээр компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн боловч улсын бүртгэлд бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул “Естнорм” ХХК-ийг байгуулж, тус компанитай гэрээ хийх болсон юм.
Улмаар махны үйлдвэрийн үл хөдлөх эд хөрөнгүүд, газар нь О.Эрдэнэчимэг, Г.Энхдарь нарын өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй тул 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр “ЭДГС” ХХК-ийг төлөөлж итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа Хайса Шауеттай буюу “ЭДГС” ХХК-тай газар ба цогцолборыг худалдах, худалдан авах тухай урьдчилсан гэрээ, газар ба цогцолбор түрээслэх гэрээ, эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай 3 гэрээг байгуулсан.
Худалдах, худалдан авах тухай урьдчилсан гэрээнд эд хөрөнгийн үнэ болох 644,000,000 төгрөгийг хэрхэн төлөх талаар тохиролцсон ба уг тохиролцооны дагуу “Естнорм” ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрүүдэд Хаан банкаар надад 50,000,000 төгрөгийг, миний өмнөөс Д.Гэрэлд 200,000,000 төгрөгийг төлсөн нь үнэн. Мөн хувьцааны үнэ 700,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төлсөн нь үнэн.
Худалдах, худалдан авах гэрээний тухайд өнөөдөр ч гэсэн мөнгийг минь гаргаад өгвөл би үйлдвэрээ зарах тохиролцоо хэвээрээ байгаа бөгөөд энэхүү гэрээн дээрх тохиролцооны талаар маргаан үүсвэл бид тохирсон ёсоор Арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ.
Одоо иргэний шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн маргаан нь “ЭДГС” ХХК-ийн хувьцааг шилжүүлсэнтэй холбоотой маргаан байгаа. Уг маргаан юунаас эхлэлтэй гэвэл хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр “ЭДГС” ХХК-ийн 70 ширхэг хувьцааг “Естнорм” ХХК-д шилжүүлсний дараагаар намайг Улаанбаатар хотод ажилтай явж байх хойгуур “ЭДГС” ХХК-ийн тамга, гэрчилгээг гээгдүүлсэн гэж худал зарлуулж, хууль бус аргаар гаргуулан авах гэж оролдлогыг, мөн компани үүсгэн байгуулагчдын хурлыг зарлаж, гүйцэтгэх удирдлагаас намайг чөлөөлөх ордлогыг тус тус хийснээс үүдэлтэй юм.
Үүнээс болж эд нар надтай худалдах, худалдан авах гэрээ хийх зорилгогүй, манай компанийн нэрээр бусдаас санхүүгийн дэмжлэг авах зорилгоор хууран мэхлэх замаар миний “ЭДГС” ХХК-ийг хувьцааг худалдан авах гэрээ хийсэн байна гэж үзэж байна.
Иймд “Естнорм” ХХК-тай байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Естнорм” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа ба гадаад худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь иргэн О.Эрдэнэчимэгтэй 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан.
Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 1-д зааснаар “ЭДГС” ХХК-ийн нэг бүр нь 10,000 төгрөгөөр үнэлэгдэх 70 ширхэг хувьцааг нийт 700,000 төгрөгөөр худалдахаар тохирсон бөгөөд манай компани нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэн О.Эрдэнэчимэгийн ХААН банкны 5029112774 тоот дансанд 700,000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл “Естнорм” ХХК-ийн зүгээс “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн болно.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хуулийн этгээдийн бүртгэл гэнэ”, 5 дугаар зүйлийн 5.4-д хуулийн этгээдийн улсын бүртгэлийн төрлийг зааж өгсөн бөгөөд 5.4.3-т “хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичиг, түүнд орсон өөрчлөлтийг гэж, 17 дугаар зүйлийн 17.1-д “...хуулийн этгээд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан бүртгэлийн мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу “ЭДГС” ХХК-ийн “Хувьцааг худалдах худалдан авах гэрээ” болон “Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн “Естнорм” ХХК нь “ЭДГС” ХХК-ийн 70 хувийн хувьцааны хууль ёсны эзэмшигчээр бүртгүүлсэн.
“Естнорм” ХХК болон О.Эрдэнэчимэг нарыг хооронд байгуулсан “Хувьцаа худалдах,худалдан авах гэрээ” болон “Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ бөгөөд 43 дугаар зүйлийн 43.2.1-д "талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан", 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн.”, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.8-д заасны дагуу “хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээг нотариатч гэрчилнэ” хэмээн тус тус заасны дагуу бид сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж, биечлэн нотариатаар гэрчлүүлэн холбогдох байгууллагад бүртгүүлсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм.
Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасны заасны дагуу хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэрийг компанийн үүсгэн байгуулагчид гарын үсэг зурж баталгаажуулах шаардлагатай бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигч нь өөрөө хувьцаагаа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийн хүрээнд сайн дурын, хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр эзэмшлийн хувьцаагаа бусдад хуульд заасан хэлбэрээр шилжүүлэх боломжтой.
Иймээс иргэн О.Эрдэнэчимэг, “Естнорм” ХХК-ийн хооронд байгуулсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Урьдчилсан тохиролцооны тухай “Хувьцаа худалдах,худалдан авах гэрээ” болон “Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулахдаа “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой явуулах, хөрөнгө оруулахаар тохиролцсон бөгөөд энэ тохиролцооныхоо хүрээнд “Естнорм” ХХК-аас дараах байдлаар хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагааг явуулж байгаа болно. Үүнд:
1. “ЭДГС” ХХК нь мах боловсруулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд компанийг мах боловсруулах үйлдвэрийн байгууламжтай болгох, цаашид үйл ажиллагааг нь тогтвортой явуулах зорилгоор О.Эрдэнэчимэгийн өмчлөлийн Завхан аймаг, Тэс сум, Нисэх баг хаягаар байрлалтай мал нядлах, мах боловсруулах ба хадгалах үйлдвэрлэлийн цогцолборыг компанийн хөрөнгөд шилжүүлэх үүднээс О.Эрдэнэчимэгтэй “Газар ба цогцолборыг худалдах, худалдан авах тухай урьдчилсан гэрээ”-г байгуулан гэрээний урьдчилгаа төлбөр болон 25,000,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр О.Эрдэнэчимэгийн ХААН банкны 5029112774 тоот дансанд шилжүүлсэн.
2. “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэн явуулах үүднээс Завхан аймаг, Тэс сум, Нисэх баг хаягаар байрлалтай мал нядлах, мах боловсруулах ба хадгалах үйлдвэрлэлийн цогцолборыг түрээслэх гэрээг байгуулан түрээсийн төлбөр болон 25,000,000 төгрөгийн О.Эрдэнэчимэгийн ХААН банкны 5029112774 тоот дансанд 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн.
3. О.Эрдэнэчимэгийн өөрийн өмчлөлийн Завхан аймаг, Тэс сум, Нисэх баг хаягаар байрлалтай мал нядлах, мах боловсруулах ба хадгалах үйлдвэрлэлийн цогцолбор нь иргэн Д.Гэрэлээс авсан 200,000,000 төгрөгийн 2014.09.19-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний барьцаанд байсан бөгөөд “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг цаашид тогтвортой явуулах, хөрөнгө оруулах үүднээс О.Эрдэнэчимэгийг зээлийн төлбөр болох 200,000,000 төгрөгийг 2016.06.15-ны өдөр Д.Гэрэлийн ХААН банкны 5005130585 тоот дансанд төлсөн.
4. “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг тасралтгүй тогтвортой явуулах үүднээс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр санхүүжилт хэлбэрээр 22,000,000 төгрөгийг үйлдвэрийн үйл ажиллагааны санхүүжилтэд хийсэн.
Дээрх байдлаар “Естнорм” ХХК нь “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг тасралгүй тогтвортой явуулах үүднээс нийт 272,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд дээрхи хөрөнгө оруулалтыг “Естнорм” ХХК дангаараа санхүүжүүлж байсан бөгөөд компанийн нөгөө хувьцаа эзэмшигч /30 хувь/ О.Эрдэнэчимэг хамтран санхүүжүүлж байх үүрэгтэй хэдий ч огт санхүүжилт хийгээгүй болохыг тэмдэглэж байна.
Гэтэл О.Эрдэнэчимэг нь “Естнорм” ХХК-аас “ЭДГС” ХХК-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн тасралтгүй тогтвортой явуулах үүднээс О.Эрдэнэчимэгийн зээлийн гэрээний төлбөрийг төлж, мал нядлах, мах боловсруулах ба хадгалах үйлдвэрлэлийн цогцолборт тоног төхөөрөмжийг авч, ажилчдыг сургалтанд хамруулан үйл ажиллагааг эхлэхэд бэлэн болсон энэ үед өөрийн хүсэл зоригийн дагуу “ЭДГС” ХХК-ийн 70 хувийн хувьцааг бидэнд худалдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г санхүүжилт хийгээгүй, хөрөнгө оруулаагүй гэж хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Иргэн О.Эрдэнэчимэг болон “Естнорм” ХХК-ийн хооронд байгуулсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” болон “Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь холбогдох хууль тогтоомжид нийсэн худалдагч талын хүсэл зоригийг үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг нь хариуцагч “Естнорм” ХХК-д холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хууран мэхэлж хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч О.Эрдэнэчимэг нь өөрийн өмчлөлийн “ЭДГС” ХХК-ийн нэг бүр нь 10,000 төгрөгөөр үнэлэгдэх 70 ширхэг хувьцааг “Естнорм” ХХК-д шилжүүлэх, худалдан авагч “Естнорм” ХХК нь хувьцааны үнэ 700,000 төгрөгийг төлөх үүргийг,
Мөн “Компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч О.Эрдэнэчимэг нь улсын бүртгэлийн 911001142 дугаарт бүртгэлтэй, 5064376 дугаарын регистртэй “ЭДГС” ХХК-ийн 70 ширхэг хувьцааг эзэмших эрхийг шилжүүлэн өгөх, эрх шилжүүлэн авагч “Естнорм” ХХК нь уг хувьцааг шилжүүлэн авах үүргийг тус тус хүлээсэн ба “Естнорм” ХХК нь хувьцааны үнэ 700,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр О.Эрдэнэчимэгийн Хаан банкны 5029112774 тоот дансаар шилжүүлжээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүд нь хуульд заасан хэлбэрийн шаардлагуудыг хангасан байх ба талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардсан боловч шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар зохигчид дээрх гэрээнүүдийг “ЭДГС” ХХК-ийн нэр дээр олгогдсон тусгай зөвшөөрөл бүхий Завхан аймгийн Тэс сумын Нисэг багийн нутагт байрлах мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн барилга, газрыг худалдах, худалдан авах гэрээний хүрээнд байгуулсан болох нь тогтоогдож байх ба 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “газар ба цогцолборыг худалдах, худалдах авах тухай урьдчилсан гэрээ”-ний дагуу хариуцагч “Естнорм” ХХК нь нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгт 50,000,000 төгрөг, мөн О.Эрдэнэчимэгийн бусдын буюу Д.Гэрэлийн өмнө зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 200,000,000 төгрөгийг Д.Гэрэлд тус тус төлсөн үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч О.Эрдэнэчимэг тогтоогдсон дээрх үйл баримтад маргаагүй бөгөөд “газар ба цогцолборыг худалдах, худалдах авах тухай урьдчилсан гэрээ”-г цааш үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа талаараа шүүх хуралдаанд тайлбарласан тул шүүх хариуцагч “Естнорм” ХХК-ийг хэлцэл хийх зорилгоор нэхэмжлэгч О.Эрдэнэчимэгийг хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд “Естнорм” ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай О.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “Естнорм” ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай О.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА