Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 212/МА2017/00129

 

А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 573 дугаар шийдвэртэй, А-ын нэхэмжлэлтэй, А-д  холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.М, нэхэмжлэгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б, орчуулагч А.Е  нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай А-ийн өмчлөлийн “Ж” автомашин угаалгын газрыг албадан нүүлгэх тухай.

 

Нэхэмжлэлд: “Би Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт  байрлах өөрийн хувийн өмчлөлийн газарт өвлийн сууцны зориулалттай 90 м.кв талбайтай, зургаан өрөө бүхий байшинд олон жилийн турш амьдарч байна. Гэтэл А нь манай амьдарч буй байшингийн хажууд залгаа "Ж" авто машины угаалгын газрыг 2015 онд барьж ашиглалтад оруулсан. Үүнээс болж тэр орчмын оршин суугчид угаалгын газрын үйлчилгээнээс гарч буй бохир ус, худаг усны аюулгүй байдал, автомашины утаа тоос, дуу шуугиан, мөн тус угаалгын газрын зуухнаас гарч буй утаа /заримдаа дугуй шатаадаг/ нь манай өрхийн гишүүдийн эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Тус автомашины угаалгын газар нь төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээд холбогдоогүй, хэсгийн халаалтын системтэй. Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж нь /бохирын цооног, үйлдвэрлэлээс гарсан бусад хог хаягдлыг цуглуулах хогийн цэг, нүхэн жорлон/ эрүүл ахуйн нөхцөлийн шаардлагыг хангаагүй. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт, "Ундны усны чанар аюулгүй байдлын тухай" дүгнэлт, "Зөрчил арилгуулах тухай" албан шаардлага гарч тус газрын үйл ажиллагааг зогсоосон боловч одоо хүртэл дахин үйл ажиллагааг явуулж байна. 

Сүүлд "Ж" авто машины угаалгын газар нь бохир усны цооногийг халуун усны бохир усны цооногтой холбосон боловч хууль журмаар тухайн айлаас 6 м байхад одоогийн бодит байдлаар манай өрхөөс 4 м орчимд байгаа нь хууль журмыг бас зөрчиж байгааг нотолж байна. Тухайн газрын үйл ажиллагаанаас болж манай өрх эрүүл орчинд амар тайван амьдрах нөхцөл алдагдаж, бид маш их ядарч зовж байна. Эхнэр А маань өвчтэй байнгын хэвтэрт байдаг учраас тэр хүнд бүр ч хэцүү байна. "Ж" автомашины угаалгын газрын захирал А-д тухайн газрыг манай гэрийн орчмоос албадан нүүлгэх талаар удаа дараа шаардлага тавихад тэрээр хүлээн авахгүй, үл ойшоож өдий хүрлээ. А-д газар олгосон эрхийн гэрчилгээ маань зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон боловч тэрээр уг газрыг зориулалтын дагуу ашиглахгүй үйлчилгээний зориулалттай ашиглаж байгаа явдалд гомдолтой байгаа учраас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Иймд А-ийн өмчлөлийн "Ж" авто машины угаалгын газрыг манай байшингийн орчмоос албадан нүүлгэх тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ. 

 

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие 2015 оноос эхлэн Өлгий сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт өмчлөлийн газартаа угаалгын газар ажиллуулж 4-6 хүнийг байнгын ажилтай болгож байна. Би өөртөө хуулиар олгогдсон газарт үйл ажиллагаа явуулж байгаа болохоос А-ын газарт барилга бариагүй. А-ын байшин нь Өлгий хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Тирлик захын хажууд байрладаг учраас захад ирж буй мянга мянган олны хөлөөс боссон тоос, машины утаанд намайг буруутгах учиргүй. Тирлик зах миний өмч биш учраас захын эргэн тойрны үнэр, утаа, тоосыг би хариуцахгүй. Өлгий сумын оршин суугчид бүгд, А-ын хөршүүд хүртэл хашаандаа бохирын цооног, нүхэн жорлонтой. Цэвэр агаартай, тоос шороогүй, утаа униаргүй газарт амьдармаар байгаа бол заавал хөл хөдөлгөөнтэй Тирлик захын хажууд амьдрах албагүй. Иймээс өдөрт 10000 хүн үйлчилгээ авдаг аймгийн хамгийн бохирдол ихтэй захын бие засах газраас 10 метрийн зайд хашаа татаж байшин барьсан мөртлөө агаар нь муухай үнэртэй байна хэмээн намайг буруутгаж байгааг ойлгохгүй байгаа төдийгүй ганцхан түүний хашаа, байшин тоос шороонд булагдсан мэтээр бичсэн зүйлд хэн ч итгэхгүй нь тодорхой. А-ын байшингийн урьд 5 м зайд 4-5 гагнуурын газар ажилладаг бөгөөд гагнуурын утаа, хашаандаа байрлах дугуй засварын газрын шатаасан дугуйнаас гарсан утаанд манай авто угаалгын газрыг буруутгаж байгаа нь үнэхээрийн үндэслэлгүй. Тэгээд ч манай угаалгын газраас болж А-д ямар хохирол учирсан нь тодорхой биш. Хохироод байгаа бол нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаар нотлох ёстой. Өлгий сумын ** дүгээр баг бол аймгийн хэмжээнд хамгийн хөрсний бохирдолтой баг. 2-3 метрээс гүний худаг гардаг. Ус нь маш их бохирдолтой. Манайх зун гал түлдэггүй. Халаалтын зууханд дугуй шатаах боломжгүй. Энэхүү байдлыг олон жил амьдарсан хүний хувьд А мэдсээр байж намайг буруутгаж байгаад үнэхээрийн хэлэх үг олдохгүй байна. Авто угаалгын газрын үйл ажиллагааг хянаж, зөвшөөрөл олгох эрх бүхий Мэргэжлийн Хяналтын газрын тавьсан шаардлагын дагуу тус угаалгын газар нь бохир, цэвэр усны төвийн төвлөрсөн шугамд холбогдсоны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч уйл ажиллагаа явуулж байгаа. Угаалгын газраас гарсан бохир ус шугамын дагуу төвлөрсөн бохирын шугамд нийлдэг учраас орчин тойронд аюулгүй, стандарт шаардлагыг хангасан хэмээн үзэж Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл өгсөн. Аймгийн хэмжээнд манай авто угаалга шиг төвлөрсөн бохирын шугамд холбогдсон угаалгын газар бараг байхгүй. 

Ер нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа бол тухайн байцаагч өөрөө албан шаардлагыг биелэлтийг хангуулахын төлөө ажиллаж актын биелэлтийг хангуулахаар шүүхэд хүсэлт гаргадаг болохоос А улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийг хангуулах эрх бүхий этгээд биш. Тоосжилт, нүхэн жорлон замбараагүй барьж байгуулсан цооног, хотын төвд байрласан захын асуудал манай аймгийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудал болохоос ганцхан А-д үүсээд байгаа зүйл биш. Захын хажууд заримдаа зуны цагт тэсэхийн аргагүй байдалд хүрдгийг хүн бүр мэддэг. Иймээс үндэслэлгүй зүйлийг хөөцөлдөж, шүүхийн ажлыг хүндрүүлэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй төдийгүй зүйд нийцэхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  9 дүгээр сарын 13-ны өдрийн 573 дугаар шийдвэрээр  Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан А-ын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай Ж автомашин угаалгын газрыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** дүгээр багт өөрийн хувийн өмчлөлийн газарт өвлийн сууцны зориулалттай 90 м.кв талбайтай, зургаан өрөө бүхий байшинд олон жилийн турш амьдарч байна. Гэтэл А гэгч нь А миний байнга амьдарч буй байшин байгууламжийн хажууд залгаа “Ж” авто машины угаалгын газрыг 2015 онд барьж ашиглалтад оруулсан байна. А нь “Ж” автомашины угаалгын газрыг А-ын байнга амьдарч буй байшингийн хажууд барьснаар авто машины угаалгын газрын орчимд оршин суугчид угаалгын газрын үйлчилгээнээс гарч буй бохир ус, худаг усны аюулгүй байдалд нөлөөлдөг, автомашины утаа тоос, дуу шуугиан, мөн тус угаалгын газрын зуухнаас гарч буй утаа \заримдаа дугуй шатаадаг\ нь тэр өрхийн гишүүдийн эрүүл орчинд амьдрах эрхийг бүдүүлгээр зөрчиж байна. Тухайн ”Ж” автомашины угаалгын газар нь А-ын амьдарч буй хувийн орон сууцнаас 24 см-ийн зайд, бохирын цооног нь 10 м хүрэхгүй зайд тус тус байрласан байна. Тус автомашины угаалгын газар нь төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй, хэсгийн халаалтын системтэй байна. Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж нь \бохирын цооног, үйлдвэрлэлээс гарсан бусад хог хаягдлыг цуглуулах хогийн цэг, нүхэн жорлон\ эрүүл ахуйн нөхцөлийн шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “Эрүүл ахуйн тухай" дүгнэлт, “Ундны усны чанар аюулгүй байдлын тухай" дүгнэлт, “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага гарсан. Ингээд “Ж” автомашины угаалгын газрын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр зогсоосон боловч одоо хүртэл дахин үйл ажиллагааг явуулж байна. Сүүлд “Ж” авто машины угаалгын газар нь бохир усны цооногийг халуун усны бохир усны цооногтой холбосон боловч хууль журмаар тухайн айлаас 6 м байх шаардлагатай юм байна. Гэтэл одоогийн бодит байдлаар тус газрын бохир усны цооног нь тус өрхөөс 4 м орчим байгаа нь хууль журмыг бас зөрчиж байгааг нотолж байна. Тухайн газрын үйл ажиллагаанаас болж А өрх эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулж байна. А-ын эхнэр К.А нь хүнд өвчтэй учраас байнгын хэвтэрт байдаг бөгөөд тэр хүнд бүр ч хэцүү байна. А-д газар олгосон эрхийн гэрчилгээ нь "зөвхөн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон боловч тэрээр уг газрыг зориулалтын дагуу ашиглахгүй үйлчилгээний зориулалттай ашиглаж байгаа нь уг үйлчилгээний байр нь хууль бус болохыг нотолж байна. 

Ингэхээр анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн маргааныг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь бодитой үнэлж чадаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу гэж үзэж байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. 2.Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан эрхийг А, түүний гэр бүл, үр хүүхдүүд эдлэх ёстой. Иргэн хүний Үндсэн хуульд заасан эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээлгэх асуудлыг шүүхэд тавих эрхтэй. Нэхэмжлэгч А-ын хүсэлтээр шүүхээс маргаан бүхий объектод хийсэн үзлэгийн тэмдэглэлд “Ж” автоугаалгын газар нь А-ын одоо байнга амьдарч буй өвлийн сууцнаас 24 см-ийн зайтай байгаа нь тухай үйлчилгээний газрын дуу чимээ шуугиан, утаа нь хөрш айлын амар тайван амьдрах эрхийг бүдүүлгээр зөрчигдөхөд хүргэж байна үзэж байна. Энэ нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан нарын үйлдсэн актууд, албан шаардлага зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 573 тоот шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 101 дүгээр 101.1., 106 дугаар зүйлийн 106.2.-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хөршийн эрхтэй холбоотой зохицуулалтыг хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А нь А-д холбогдуулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах “Ж” автомашины угаалгын газрыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “Ж автомашин угаалгын газрыг 2015 онд барьж ашиглалтад оруулсан ба уг автомашины угаалгын газрыг манай байнга амьдарч буй байшингийн хажууд 1 м хүрэхгүй зайтай барьснаар гарч буй бохир ус нь худаг усны аюулгүй байдалд нөлөөлдөг, машины утаа тоос, дуу шуугиан манай өрхийн гишүүдийн эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Хариуцагч гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглаж бидний эрхийг зөрчиж байна” гэж тайлбарлаж, хариуцагч “Би өөрийн хуулиар олгосон газарт үйл ажиллагаа явуулж байгаа болохоос А-ын газарт барилга бариагүй, уг газар Өлгий сумын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй Тирлик захын хажууд байрладаг, хамгийн бохирдол ихтэй газар амьдарч байж намайг буруутгах үндэслэлгүй. Угаалгын газар цэвэр бохир усны төвлөрсөн шугамд холбогдсоны үндсэн дээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа” гэж эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, маргааны үндэслэл болсон уг автомашины угаалгын барилгын газрыг хариуцагч зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт бодитой тогтоогдоогүй, хуульд заасан тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс нотлох баримт бүрдүүлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заасан журам зөрчигджээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан “...шүүгчээр үзлэг хийлгэх болсон шалтгаан, үндэслэл нь маргаан бүхий объектуудын бодит байршлын хэмжилтийг нарийвчлан тогтоох, Ж автомашины угаалгын газрын дээврээс зуны бороотой улиралд А-ын өвлийн сууцанд маш их хэмжээгээр ус цутгагдаж, энэ нь өвлийн сууцны суурь болон бусад хэсгийг цаашид нураах аюултай байдал, уг газар шөнийн 24 цаг хүртэл үйлчилгээ явуулж байгаа учраас дуу шуугиан нь байшинд шууд сонсогдож, гэр бүлийн гишүүдийн амгалан тайван байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарч байгаа” гэсэн хүсэлтийг  2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2219 дүгээр  шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэж, үзлэг хийсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтэд дурдсан үндэслэлүүдийг үзлэгээр бүрэн хийгээгүй, үзлэгийг зөвхөн маргаан бүхий объектуудын хэмжилтээр хязгаарлаж дутуу хийжээ.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас гаргаж, нэхэмжлэгч А-д буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

Д.КӨБЕШ