Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 36

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/,

Шүүгдэгч: Б.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр /онлайнаар/,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга: А.Ариунаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний  өдрийн 2020/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.М-д холбогдох 1929001910119 дугаартай эрүүгийн хэргийг иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө, түүний өмгөөлөгч Б.Д нараас  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй,

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хатуу хучилттай авто замын 89 дэх км-т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дугаартай “Ж.З.Т.Т” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.7 а-д заасан “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугаартай Хово маркийн “Э.Р” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарган бусдад их хэмжээний буюу 116658000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүгдэгч Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн, гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Б.М-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1  жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын жолоодох эрхийг 1 /нэг/жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Ж.З.Т.Т” ХХК-аас 55000000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Э.Р” ХХК-д олгож, “Ж.З.Т.Т” ХХК нь иргэний хариуцагч Б.Х-аас нэхэмжилсэн 61658000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Б.Х нь шүүгдэгч Б.М-аас нэхэмжилсэн 2212000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Ө түүний өмгөөлөгч Б.Д нараас давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “... Анхан шатны шүүх "Ж.З.Т.Т” ХХК-аас иргэний хариуцагч Б.Х холбогдуулан нэхэмжилсэн 61658000 төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү "Ж.З.Т.Т" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Л.Ө намайг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь энэ гомдлыг гаргах үндэслэл болсон юм. Учир нь Л.Ө би "Ж.З.Т.Т" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо гэмт хэргийн улмаас тус компанид учирсан хохирлыг нэхэмжилж, мөрдөн байцаалтын шатанд нотлох баримтын шаардлага хангасан мэдүүлгээ үнэн зөвөөр өгч байсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны оролцогчдоос надад зэрэг зэрэг асуулт тавих, мөн хөтөлж, тулгаж асууж байснаас би тухайн асуултуудын агуулгыг буруу ойлгож, хариулт өгсөн нь шүүхээс "Ж.З.Т.Т" ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болсныг шүүх хуралдаан завсарласны дараа мэдэж, өмгөөлөгчдөө хэлсэн. Өмгөөлөгч уг нөхцөл байдлыг шүүхэд танилцуулж, саналаа хэлсэн боловч шүүх саналыг нь хүлээж аваагүй. Түүнчлэн шүүх хохирогч. иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нараас болон надаас мэдүүлэг авахдаа хууль сануулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүх хууль сануулалгүйгээр хэргийн оролцогчдоос мэдүүлэг авч, нотлох баримтаар тооцох боломжгүй тэдгээр мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгож, "Ж.З.Т.Т' ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгч “Ж.З.Т.Т” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө-гийн иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн мэдүүлгийг үндэслэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч Л.Ө нь “Ж.З.Т.Т” ХХК-ийг төлөөлж, өмгөөлөгч Б.Дамбатай шүүх хуралдаанд оролцсон тул хууль зүйн тодорхой ойлголттой, шүүхээс гарах шийдвэрийн үр дагаврыг ойлгож, ухамсарласан, эрх зүйн бүрэн чадамжтай бие хүн гэж үзэж байна. Тиймээс иргэний нэхэмжлэгчийн асуултыг буруу ойлгож, буруу ойлголт өгсөн гэдэг нь үндэслэлгүй юм. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны оролцогчдоос иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө-гаас тулгаж болон хөтөлж асуулт асуусан зүйлгүй, мөн зэрэг зэрэг асуулт асуугаагүй, улсын яллагчаас эхлэн дэс дараалалтайгаар тодорхой асуулт асууж, хариулт авч байсан. Тиймээс асуултыг буруу ойлгож буруу хариулт өгсөн гэдэг үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, мөн уг зүйлийн 11 дэх хэсэгт “ Нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ба хэрэв бичгээр гаргасан бол хавтаст хэрэгт хавсаргана”, мөн зүйлийн 13 дахь хэсэгт “Шүүхэд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед нэхэмжлэлээс татгалзах хүсэлтийг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болох ба хүсэлтийг шүүх хангана” гэж заасан. Дээрх хуулийн заалтыг шүүхээс зөрчсөн зүйлгүй тул иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Л.Ө болон өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдолдоо дурдсан “шүүхээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарт хууль сануулаагүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн заалтыг ноцтой зөрчсөн, уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боломжгүй” гэсэн нь мөн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1-д хуульд заасныг зөрчиж өөрийнх нь эсрэг мэдүүлэг авсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэлийг хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарт хууль сануулаагүй авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх талаар хуульчлаагүй юм. Тиймээс анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тухайн хэргийг санамсар болгоомжгүй байдлаар үйлдсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож ухаарсан, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Ямар ч үндэслэлгүй давж заалдах гомдол гаргасан байна гэж үзэж байна. Б.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэсэн ийм дүгнэлтийг гаргаж байна. Энэ хэрэгт хүний амь нас огт хохироогүй байхад чинь хүний амь нас хохирсон гэдэг дүгнэлт хийж шүүхийн шийтгэх тогтоол гаргаж хэргийг шийдвэрлэж болохгүй. Мөн хүнийг хөнгөн хохирол учруулсан гэдэг асуудлыг шийтгэх тогтоолд оруулах нь буруу гэж үзэж байна. Анхнаасаа хөнгөн хохирол учруулах нь буруу байна гэж анхан шатны шүүхээс буцаачхаад хэргийг шийдэхдээ хөнгөн хохирол учруулсан байна гээд шийдвэрлэсэн нь бас л буруу байна. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй гэж дүгнэж анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв

Шүүгдэгч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбар, санал байхгүй гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Иргэний нэхэмжлэгчийн асууж байгаа асуултыг ойлгоогүй, буруу ойлгосон гэх ийм тайлбараар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож

шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас давж заалдах журмаар гаргасан иргэний нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Мөн 11 дэх хэсэгт нь нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ба хэрэв бичгээр гаргасан бол хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байдаг. Тийм учраас шүүх хуралдааны тэмдэглэлд хавсаргасан байгаа учраас нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Үүнээс гадна шүүгдэгч Б.М-ыг анхан шатны шүүхээс бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн мөртлөө шүүх хуралдаан дээр  хохирол төлбөрийг төлөөгүй гэдэг үндэслэлээр хорих ял оногдуулж ялаа биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Б.М-ын хувьд хохирол төлбөр төлөөгүй ч гэсэн тухайн хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг учраас Б.М-ын хувьд бол бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Тиймээс Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг бүрэн хангаж байгаа учраас Б.М-д оногдуулсан хорих ялыг өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Тус шүүхэд давж заалдах гомдол гаргасан Л.Ө нь иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаа. Давж заалдах гомдлын гол үндсэн шалтгаанууд нь “Ж.З.Т.Т” ХХК-ийн 61658000  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон талаар бичсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанд тухайн хүн өөрийн биеэр оролцоод асуулт хариултын үе шатан дээр энэ 61658000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбогдуулсан хэд хэдэн асуултыг асуусан байдаг. Тэгэхээр асуусан асуултад нь тухайн хүн хариулахдаа би энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн үг өгүүлбэрийг хэлдэг. Үг өгүүлбэрийг хэлсний улмаас анхан шатны шүүх тухайн хүний нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгосон  байдаг. Энэ хэрэг хэрэгсэхгүй болгосон байдал дээр би будлиад олон асуулт асуусан, мөн хөтөлж, тулгасан ийм асуултыг тавьсан тийм учраас би татгалзсан гэсэн тайлбарыг өгчихжээ гэсэн тайлбарыг хэлдэг. Шүүх хуралдааны тэмдэглэл хавтаст хэргийн хүрээнд авагдсан байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэл дээрх шүүх хуралдааны процессын явцыг үзэхэд бол хэн нэгэн нь тухайн иргэний хариуцагчаас хөтөлсөн тулгасан асуултыг ерөөсөө тавиагүй байгаа. Энэ нь хавтаст хэргийн хүрээнд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана гэж бодож байна. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн ажиллагаа явагдаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс хэлмээр байна. Анхан шатны шүүхээс тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэсэн тайлбарыг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө, түүний өмгөөлөгч Б.Д нарын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэрийг хянахад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тусгаагүй, үйл баримтыг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан шаардлагыг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хохирогч Ц.Ч-гийн биед хөнгөн хохирол учруулсан” /2 хх-74/, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хүний эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон үйл баримт нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд дээрх болгоомжгүй үйлдэл, хүний амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой” /2 хх-75/, “иргэн Ц.Ч-ийн биед хүнд хөнгөн гэмтэл” /2 хх-75/ гэж тус тус заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхээс хийсэн дээрх дүгнэлтүүд нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч Б.М-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж тусгасан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.2-д заасан гэмт хэргийн шинжид нийцээгүй, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэсэн боловч гэмт хэргийн уг хүндрүүлэх шинжээр гэм буруутайд тооцохгүйгээр хэргийг шийдвэрлэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Мөн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар “Ж.З.Т.Т” ХХК-аас 55000000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч “Э.Р” ХХК-д олгосугай” гэж заасныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг баримтлаагүй, мөн хэрэгт авагдсан хүнд даацын ачааны автомашины түрээсийн 01/29 дугаартай 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хуулийн этгээдүүдийг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар татан оролцуулсан болон хариуцлага хүлээлгэсэн үндэслэлийг тодорхой заагаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар  нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй  байна.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө, түүний өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдолд заасан үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний  өдрийн 2020/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.М-д холбогдох 1929001910119 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ                                                                 

                         ШҮҮГЧИД                                                         Х.ГЭРЭЛМАА                                                                          

                                                                                                 Ш.ТӨМӨРБААТАР