| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 142/2016/0061/э |
| Дугаар | 249 |
| Огноо | 2016-10-05 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 249
Л.Билгүүнд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор А.Оюунгэрэл,
хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр,
нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол,
Орхон аймгийн Эрүүийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар магадлалтай, 201614000039 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Н.Ариун-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Энхбаяр нарын гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Бандихүү овогт Лхагвадоржийн Билгүүн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Билгүүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэж, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ү.Амарбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Д.Энхбаяр нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хохирогч Н.Ариун-Эрдэнэ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохгүй гэсэн бичгээр болон амаар хэлсэн хүсэлтийг минь үл харгалзан миний эрхийг зөрчиж өмгөөлөгч оролцуулалгүйгээр хурлыг цааш үргэлжлүүлэн давж заалдах гомдлыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийг шалгасан мөрдөн байцаагч чадваргүй, мөн прокурор нь хэргийг хянахдаа алдаа дутагдалтай ажилласан гэж үздэг. Хэргийн гол нотлох баримт болох камерын бичлэгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй. Билгүүн, Нацагдорж, Энхболд нар хэргийг хамтарч үйлдсээр байтал Нацагдорж, Энхболд хоёрыг Билгүүний талд гэрчээр асуусан. ... Намайг ухаангүй байх хооронд Нацагдоржийн найз миний хэтэвчийг буудлаас авч картанд байсан мөнгөөр үргэлжлүүлэн архидсан ба хэтэвчийг өөртөө үлдээж, доторх эд зүйлийг нь бүгдийг нь хаясан бөгөөд хэрэг цагдаад шалгагдахад түрийвчийг гэрт аваачиж өгсөн байсан. Мөрдөн байцаагч Бат-Эрдэнэ нь өөрийн албан тушаал эрх мэдлээ ашиглан хэргийг хэрэгтний талд илтэд давуу байдлаар шийдвэрлэж прокурорт шилжүүлсэн ба үүнийг хянасан прокурор нь хүртэл илтэд тодорхой дөрвүүлээ нийлж үйлдсэн хэргийн 3 хүнийг хасаж, Л.Билгүүнийг дангаар үйлдсэн болгосон. 3 хүн нийлж хүн зодоод нэгэндээ хэргийг үүрүүлж нөгөө хоёр нь тэр хүнийхээ талд гэрчийн мэдүүлэг өгөөд ямар ч хэргээс мултарч гарах боломжтой юм байна. Мөн хүнээс хулгай хийгээд тэрийгээ баригдаад ирэхээр буцаагаад өгчих юм бол бас хулгай биш юм байна гэж ойлгож байна. Иймд хэргийн үнэн мөнийг олуулахаар гомдол гаргаж байна...” гэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Давж заалдах шатны шүүхийн шатанд хохирогч нь өмгөөлөгчөө өөрчилж намайг өмгөөлөгчөөр авсан тул өмгөөлөгчтэйгөө шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа хэлж, миний бие өмгөөлөгчөөр оролцох болсон болон шүүх хуралдааныг өвчний учир хойшлуулах тухай хүсэлт гаргатал үндэслэлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийг өмгөөлөгчгүйгээр оролцуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.1, 41 дүгээр зүйлийн 41.3.12-д заасан хохирогч өмгөөлөгч авах, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хүсэлтээрээ оролцох эрхүүдийг ноцтой зөрчлөө. Мөрдөн байцаагч нь Л.Билгүүнийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан байцаалтуудад тавьсан асуулт, хариулсан хариулт нь үг үсгийн зөрүүгүй яг адилхан байдаг. Өөрөөр хэлбэл нотлох баримтыг илтэд хуурамчаар цуглуулж, бэхжүүлэн хэргийн бодит байдлыг гуйвуулсан, нэг өдөр нэг удаа байцаалт авч, түүнийгээ хуулбарлан гаргаж дахин байцаалт авсан мэтээр тэмдэглэл үйлдсэн. Камерын бичлэгт зодооны бичлэг байсаар байхад уг бичлэгийг бэхжүүлж авах ажиллагааг хийлгүй хугацаа алдаж, хэргийн талаарх гол нотлох баримт устахад хүргэсэн. Хохирогчийн хоолойг боосон ул мөр байсаар байтал үүнийг огт шалгаагүй, мөн түүнийг ухаангүй буудалд оруулаад гар утсыг нь буудлын барьцаанд тавьж, гарт нь байсан шинэ цаг болон түрийвчийг нь авч, виза картыг уншуулан хэрэглэсэн байсныг дараа нь тэдгээр хүүхдүүд буцааж авчирч өгсөн байдаг. Хохирогч тэдгээр хүүхдүүдэд өөрийнхөө эд зүйлийг өгөөгүй, өглөө сэрэхэд эдгээр зүйл нь байхгүй байгааг мэдсэн талаар мэдүүлсээр байтал уг асуудлыг шалгалгүй орхигдуулсан. Шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байхад мэдүүлгийг шалгах ажиллагааг огт хийгээгүй. Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт мөн зөрүүтэй байна. 95 дугаар шинжээчийн дүгнэлтэд “гэмтлийн эмчийн үзлэгт: гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн хүнд зэргийн няцрал” гэсэн бичилтийг дурдсан мөртлөө дүгнэлт хэсэгтээ: “Ариун-Эрдэнийн биед ... тархины эдийн дунд зэргийн няцрал” гэж бичиж, гэмтлийн хүндэвтэр зэргийн дүгнэлт гаргажээ. Тархины хүнд няцрал нь гэмтлийн зэргийн зааварт заасны дагуу хүнд зэргийн гэмтэлд тооцогдоно. Мөн уг дүгнэлтэд хохирогч Н.Ариун-Эрдэнийн хүзүү улайж зурагдсан, баруун нүд битүү хавантай нээгдэхгүй гэсэн бичилтийг орхигдуулж, хүзүүнд үүссэн улаан зураас юунаас, ямар хүчин зүйлийн нөлөөнөөс үүсч болох талаар дүгнэлт гаргаагүй байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Мөрдөн байцаалтын ажиллагаагаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шалгавал зохих бүх л асуудлуудыг шалгасан. Хэргийн зүйлчлэл тохирсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй байна. Харин давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах удаа дараагийн хүсэлтийг хүлээн аваагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох саналтай байна ...” гэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлийн 353.1-д зааснаар Л.Билгүүнд холбогдох хэргийн бүх ажиллагааг хянаж үзэхэд, шийтгэх тогтоол, магадлал “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй, мөрдөн байцаалтын явцад шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан заавал нотолбол зохих нөхцөл байдлыг шалгаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Иймд дараах ажиллагааг зайлшгүй бүрэн шалгаж, тодруулах нь тогтоол гарахад чухал ач холбогдолтой гэж дүгнэв.
Нэг. 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 95 дугаар шинжээчийн дүгнэлтийн “эмнэлгийн бичиг баримтад” гэсэн хэсэгт Н.Ариун-Эрдэнэд учирсан тархины гэмтлийг “... гэмтлийн эмчийн үзлэгт: тархины эдийн хүнд зэргийн няцрал...”, “... эмчлэгч эмчийн оношид: ... тархины эдийн дунд зэргийн няцрал...” гэж хоёр эмчийн үзлэгийн зөрүүтэй оношийг тодорхойлж, дүгнэлт хэсэгтээ “... Н.Ариун-Эрдэнийн биед ... тархины эдийн дунд зэргийн няцрал ...” үүсчээ гэсэн дүгнэлт гаргахдаа тархины эдийн хүнд зэргийн няцрал гэх оношийг ямар үндэслэлээр үгүйсгэж байгааг дурдалгүйгээр оношийг эргэлзээтэй байдалд үлдээжээ.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т ... тархины хүнд зэргийн няцрал, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар зохицуулсан байхад эдгээр нөхцөл байдлыг үгүйсгэж, няцаасан эсхүл баталсан нотлох баримт цуглуулах, шалгах ажиллагааг огт хийгээгүй байна. Тухайлбал шинжээчийг байцаах, энэ талаар гомдол гаргавал дахин шинжээч томилох зэрэг ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд гүйцэтгэвэл зохино.
Хоёр. Давж заалдах шатны шүүх хохирогч Н.Ариун-Эрдэнийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “... өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох ...”, мөн түүний өмгөөлөгч Д.Энхбаярын 6 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “... эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах ...” хүсэлтүүдийг хангахаас татгалзахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 42 дугаар зүйлийн 42.3.1-т заасан хохирогчийн өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрх мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.12-т заасан өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хүсэлтээрээ оролцох хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхийг тус тус хязгаарласан ноцтой зөрчил гаргажээ.
Тодруулбал өмгөөлөгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн хүсэлтийг, биеийн эрүүл мэндийн байдлын талаарх нотлох баримтын хамт шүүхэд ирүүлсэн байхад түүнийг хуралдаанд заавал оролцох хүсэлтээ ирүүлээгүй гэж огт үндэслэлгүйгээр дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагын аль алиныг хангаагүй гэж үзэж магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Ийнхүү шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа, оролцогчдын эрхийг хязгаарласан байдал илэрсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хохирогчийн өмгөөлөгч Д.Энхбаярын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн гомдлын зарим хэсгийг хүлээн авч, хэргийг дээр дурдсан үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:
1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ