Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00654

 

Н.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02450 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалтай,

Н.Бын нэхэмжлэлтэй

“Х Т”ХХК-д холбогдох

Түрээсийн төлбөр 68 000 000 төгрөг, алдангид 34 000 000 төгрөг, хохиролд 2 384 800 төгрөг, нийт 97 584 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, түрээсийн төлбөрт төлсөн 27 200 000 төгрөгийг буцаан гаргуулах, түрээсийн байранд хийсэн засварын зардалд 47 041 444 төгрөг, ашиглалтын зардалд төлсөн 2 704 477 төгрөг буюу нийт 76 945 921 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цогтсайхан, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Чойжилсүрэн, түүний өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Цогтсайхан, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Н.Бын өмч болох Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 2, 3 дугаар тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203006195, Ү-2203007921 дугааруудтай, өргөтгөлийн хамт 170 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ”Х Т”ХХК-ийн ерөнхий захирал Б.Цогтсайхан нь 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр түрээсийн гэрээ байгуулан, мөн сарын 25-ны өдрөөс эхлэн түрээслэхээр тохиролцсон. Түрээсийн гэрээг 2 жилийн хугацаатай буюу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл байгуулан үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу ”Х Т”ХХК нь түрээсийн төлбөрийг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкны дансаар шилжүүлснээс хойш төлбөрөө төлөхгүй байсан учир шүүхэд түрээсийн төлбөрийг шаардсан нэхэмжлэлийг гаргасан бөгөөд ”Х Т”ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 61 302 000 төгрөгийн нэхэмжлэлээс 20 400000 төгрөгийг төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсныг 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 00879 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталсан. Үүнээс хойш 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой байсан төлбөрийг төлөөгүй. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар “Х Т”ХХК нь төлөх ёстой байсан түрээсийн байрны ашиглалтын зардал болох ус, дулааны төлбөрийг төлөөгүй хуримтлуулсан зардлыг түрээслүүлэгч Н.Б өөрөө төлсөн. Түрээсийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөрөө цаг тухай бүрт нь төлөхгүй байгаа тул түрээсийн гэрээгээ Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, түрээсийн гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу цуцалж, түрээсийн байрыг хүлээлгэж өгөх тухай мэдэгдлийг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүргүүлсэн. Иймд “Х Т”ХХК-аас 2016 оны 1 дүгээр сараас 2016 оны 7 дугаар саруудын түрээсийн төлбөрт сард 6 800000 төгрөг бүгд 47 600 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөрийн алданги 6 256 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 5 236 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 4 216 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийн алданги 3 196 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 2 176 000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын түрээсийн төлбөрийн алданги 1 156 000 төгрөг, бүгд 22 640 000 төгрөг, түрээсийн гэрээний дагуу ашиглаж байсан хугацааны ашиглалтын зардалд Н.Бын төлсөн 2 384 800 төгрөг, нийт 72 624 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр түрээсийн байрны түлхүүрээ хүлээн авсан. Иймд албадан чөлөөлүүлэх шаардлага биелэгдсэн гэж үзэж байгаа тул энэ шаардлагаасаа татгалзана.Иймд ”Х Т”ХХК-аас 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 10 сарын төлбөр 68 000 000 төгрөг, алданги 34 000 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сар, 2 дугаар сар, 3 дугаар сар, 4 дүгээр сарын ашиглалтын зардалд төлсөн 2 384 800 төгрөг буюу нийт 104 384 800 төгрөгөөс барьцаа 6 800 000 төгрөгийг хасч үлдэх 97 584 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Бтай тохиролцож рестораны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нь түрээслэхээр амаар тохирсон. Ингээд нотариат дээр очиж гэрээ хийх гэхэд бичиг баримт дутуу болохоор нотариат батлахгүй гэсэн. Тэгэхээр нь Н.Бад энэ тухай хэлэхэд банкинд үл хөдлөхийн гэрчилгээ байгаа, банкнаас зээл авах гэж хөөцөлдөж байгаа тул надад банкинд үзүүлэх гэрээ хэрэгтэй, дараа нь түрээсийн гэрээгээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлье гэж хэлээд гэрээ хийхийг хүссэн. Би банкинд байгаа гэрчилгээг нь үзээд Н.Бад итгэсэн учраас 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ хийсэн. Анх түрээсийн гэрээ хийхээр тохирч байхад түрээсийн байр маань зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул бид тасалсан тогийг залгуулах, нийтийн хоолны зориулалтаар тохижуулах, зохих зөвшөөрөл авах зэрэг ажиллагааг өөрсдөө хийж, 2015 оны 11 дүгээр сард рестораны нээлтээ хийсэн боловч сарын дараа хаагдсан. Оршин суугчдын зүгээс маш их эсэргүүцэлтэй тулж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч ирж рестораныг хаах үед Н.Б шүүхэд түрээсийн төлбөр шаардсан нэхэмжлэл гарсан байсан тул бид үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон. Шүүхэд хууль мэдэхгүйгээсээ эвлэрэл байгуулж буруудсан. Н.Б анх тохирсон ёсоор түрээсийн гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаагүйгээс миний нийт 120 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт салхинд хийссэн. Нэгэнт түрээсийн гэрээ өөрөө хуульд нийцээгүй, би түрээсийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглах боломжоор хангаагүй, зохих зөвшөөрлийг авч өгөх үүргээ Н.Б биелүүлээгүй тул би ашиглаагүй хугацааны түрээсийн төлбөрийг болон түүний алдангийг, мөн ашиглалтын зардалд төлсөн гэх 2 384 800 төгрөгийг зөвшөөрөхгүй. Н.Б нь би банкнаас зээл нэмж авах шаардлагатай байгаа тул түрээсийн түр гэрээгээ хийж, 1 сарын барьцаа болон 5 дугаар сар, 6 дугаар саруудын түрээсийн төлбөрөө нэг дор төлчих, би 100 айлд барилгын ажил эхлэх гээд мөнгө хэрэгтэй байна. Банкнаас зээл авахад гэрээ хэрэгтэй байна, зээл гарсны дараа шинэчилсэн гэрээ хийж Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлье гэж итгүүлж гэрээ хийсэн боловч шинэчилсэн гэрээ огт хийгээгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Түрээсийн гэрээг байгуулж, барьцаа мөнгө 6 800 000 төгрөг болон эхний 2 сарын түрээсийн төлбөр 10 000 000 төгрөг нийт 16 800 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр 15-ны өдөр шилжүүлсэн. Мөн 6 сарын үлдэгдэл дээр 7 сарын түрээсийг нэмж 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10 400 000 төгрөг, нийт 27 200 000 төгрөгийг Н.Бад төлсөн тул үүнийгээ буцаан гаргуулмаар байна. Бид түрээсийн төлбөрөө төлөн засварын санхүүжилт хийж байтал оршин суугчдаас эсэргүүцэлтэй тулгарч үйл ажиллагаа явуулж чадаагүй бөгөөд энэ талаар Н.Бад удаа дараа хэлж, оршин суугчдаас үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн гарын үсэг, мөн хорооны засаг даргатай байгуулах тохижилт үйлчилгээний гэрээ зэрэг шаардлагатай баримт бичгийг авч өгөх талаар удаа дараа хэлж мэдэгдэж байсан боловч Н.Б нь түрээсийн төлбөрөө авсан байтлаа амлалтынхаа дагуу өөрийн зүгээс гүйцэтгэх үүргээ биелүүлэхгүй байсаар бид үйл ажиллагаа явуулж чадахгүй, зөвхөн түрээсийн төлбөр, ашиглалтын зардал төлсөөр маш их хохирол амссан. Иймд 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн түрээсийн гэрээ нь анхнаасаа хуурамч, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж түүнийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байна. Мөн түрээслүүлэгч Н.Б нь төлбөрөө авсан байтлаа өөрийн үүргээ биелүүлэн түрээсэлж буй байраа үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоогоор хангаж өгөөгүйгээс “Х Т”ХХК нь ямар ч үйл ажиллагаа явуулаагүй хохирч байгаа тул түрээсийн төлбөрт төлсөн 27 200 000 төгрөг, засварын зардалд зарцуулсан 47 041 444 төгрөг, байрны ашиглалтын зардалд төлсөн 2 704 477 төгрөг, нийт 76 945 921 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн. Үүнээс засварын зардал буюу агааржуулалт угсралт 9 490 075 төгрөг, байршуулах краны зардал 240 000 төгрөг, 3 ширхэг хаалганы үнэ 1 693 100 төгрөг, 380 ватт татсан зардал 180 000, бусад засварын зардал 15 852 269 төгрөг, ажлын хөлс 15 000 000 төгрөг буюу нийт 42 455 444 төгрөг болж, 4 586 000 төгрөгөөр багассан байгаа. Иймд нэхэмжлэгчээс 72 359 921 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Анхнаасаа нийтийн хоолны зориулалттай, бүрэн засвартай хөрөнгө байсан. Оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан гэх үндэслэл нотлогдоогүй. Гэрээгээр ашиглалтын зардлыг түрээслэгч өөрөө хариуцахаар заасан, засан сайжруулалтын зардлыг нэхэмжлэгч хариуцахгүй. Өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулж засаж янзалсан тул нэхэмжлэгч уг зардлыг төлөх үндэслэлгүй. Засвараас авч явах боломжтойгоо авч явсан. Манайх хаалгатай байр хүлээлгэн өгсөн. Тэгэхээр хаалганы мөнгө төлөх үндэслэлгүй. Гэрээ байгуулсан, үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн тул гэрээ хүчин төгөлдөр. Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлэхгүйгээр тохирсон. Гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хариуцагч гаргаж байгаагүй тул сөрөг шаардлага үндэслэлгүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02450 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.6, 318 дугаар зүйлийн 318.1, 318.4-д заасныг тус тус баримтлан Н.Б болон “Х Т”ХХК-ийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, “Х Т”ХХК-аас түрээсийн төлбөр, түүний алданги, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 97,584,800 төгрөг гаргуулах Н.Бын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, Н.Баас түрээсийн төлбөр болон гарсан зардал, учирсан хохиролд нийт 72,359,921 төгрөг гаргуулах “Х Т”ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 645,880 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 542,680 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод нэмж оруулж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02450 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 318.4 гэсний дараа 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж нэмж, “Х Т”ХХК-аас түрээсийн төлбөр, түүний алданги, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 97 584 800 төгрөг гаргуулах Н.Бын үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, гэснийг “Х Т”ХХК-аас 63 584 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 34 000 000 төгрөгт холбогдох хэсгийг гэж, 2 дах заалтын хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод нэмж оруулж, нэхэмжлэгчээс 70 200 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай гэснийг хариуцагчаас 475 874 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 645 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цогтсайхан, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Н.Бын нэхэмжлэлтэй иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017/10/02-ны өдрийн 181/ШШ2017/02450 тоот шийдвэр нь хэргийн бодит байдал хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнэсэн хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон юм. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх нь Нэхэмжпэгч Н.Бын гомдлоор хэргийг хянахдаа бүхэлд нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй, зөвхөн Н.Бын гомдлоор нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна. Тухайлбал: Тухайн байрыг түрээсээр ашиглах нөхцөл бүрдэхгүй байсан тухай нотлох баримтууд, мөн Н.Бад энэ талаар удаа дараа мэдэгдэж байсан тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх байхгүй гэж өрөөсгөлөөр дүгнэсэн байна. “Х Т”ХХК-ний Н.Бтай байгуулсан 2015/04/14-ний өдрийн түрээсийн гэрээ нь анхнаасаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг давж заалдах шатны шүүх дүгнэсэн байтал иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 заалтаар шийдвэрт өөрчлөлт оруулж 63 584 800 төгрөгийг гаргуулахаар шийдсэн нь ойлгомжгүй байна. Тухайн үед манай ХХК 2015/04/14-ний өдөр нэхэмжлэгч Н.Бтай түүний өмч болох Сүхбаатар дүүргийн 4-р хороо, 66-р байрны 2,3 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт 170м2 талбайг нийтийн хоолны зориулалтаар ашиглахаар 2015/04/25-ны өдрөөс 2017/04/25-ныг дуустал 2 жилийн хугацаатайгаар түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахдаа нотариатаар гэрчлүүлж, Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа Н.Бад илэрхийлж Нотариатын газар очсон боловч нотариатч уг байр нь Капитрон банкны зээлийн барьцаанд байгаа тул баримт бичгийн бүрдэл хангахгүй, гэрчлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Гэвч түрээслүүлэгч Н.Б нь би банкнаас зээл нэмж авах шаардлагатай байгаа тул түрээсийн гэрээгээ хийж, нэг сарын барьцаа төлбөр болон эхний 5,6 сарын түрээсийн төлбөрөө нэг дор төлчих, зээлийн гэрээ шинэчлэгдэхээр түрээсийн гэрээгээ нотариатчаар гэрчлүүлэн , Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлье гэж гуйсан. Тэрээр дараа нь танай байгууллагын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай баримт бичгийг болон бусад хэрэгцээт зүйл, асуудлууд дээр туслаж дэмжиж ажиллах болно гэсний учир би итгэл үзүүлэн түрээсийн гэрээг байгуулж, барьцаа мөнгө болон эхний 2 сарын түрээсийн төлбөр нийт 16 800 00 төгрөгийг: - 2015/04/05 нд 6 800 00 төгрөгийг бэлнээр /барьцаа мөнгө/, - 2015/04/15 нд 10 000 000 төгрөгийг Капитрон банкны дансанд /5,6 сарын түрээсийн төлбөр/ тус тус шилжүүлсэн болно. Түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлнэ гэж хуульд заасны дагуу бид түрээсийн төлбөрөө өгсөн учир засварын үйл ажиллагаа явуулж дуусаад 2015/11/14-нөөс 2015/12/20 хүртэл ажиллаж хаагдсан. Оршин суугчдын зүгээс эсэргүүцэлтэй тулж, мөн зохих шатны баримт бичгүүд болон зөвшөөрөлгүйн улмаас хаагдаж ямар үр шимийг хүртэж чадаагүйн зэрэгцээ энэ боломжийг Н.Б хангаж өгөөгүй болно. Ингээд засварт 47 041 444 төгрөгийн, түрээсийн гэх 27 200 000, мөн 20 400 000 төгрөг, нийт 94 641 444 төгрөг төлж хохироод байхад дахиад 63 584 800 төгрөг нэмж төлөхөөр гаргасан нь үнэнд нийцэхгүй, илт хохироосон шийдвэр гаргасан гэж үзэж гомдол гаргаж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч “Х Т”ХХКомпаниас түрээсийн гэрээний төлбөр, алданги, ашиглалтын зардалд нийт 97 584 800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг , хариуцагч нь түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, түрээсийн төлбөрт төлсөн 27 200 000 төгрөг, засварын зардал 42 455 444 төгрөг, ашиглалтын зардал 2 704 477 төгрөг нийт 72 359 921 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж, үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, “Х Т”ХХК-иас 63 584 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагч, түүний өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа “...түрээсийн зүйлийн засварт 47 041 444 төгрөг, түрээсийн төлбөрт 47 600 000 төгрөгийг төлж 94 0641 444 төгрөгөөр хохирсон байхад дахиад 63 584 800 төгрөгийг гаргуулсан нь бодит үнэнд нийцэхгүй, илт хохироосон...” тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой гэж хяналтын шатны шүүх үзэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болох зохигчийн бичгээр байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээгээр Н.Б нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 66 дугаар байрны 2, 3 тоот орон сууцыг өргөтгөлийн хамт нийтийн хоолны зориулалтаар ашиглуулахаар шилжүүлэх, “Х Т”ХХК нь сар бүр 6 800 000 төгрөг, 2015 оны 10 сараас сар бүр 13 600 020 төгрөг, 2016 оны 10 сараас сар бүр 15 542 880 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр тохирсон, уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ боловч гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шүүх үндэслэл бүхий дүгнэсэн, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх зохицуулалтыг сонгож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

“Х Т”ХХКомпани нь 2015 оны 5, 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөрт 20 400 000 төгрөгийг төлсөн, барьцаанд 6 800 000 төгрөгийг шилжүүлсэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 879 дүгээр захирамжаар 2015 оны 8-12 дугаар саруудын түрээсийн төлбөрт 20 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн үйл баримтыг зохигч маргаагүй байна.

Тэрээр түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан, ашиглалтын төлбөр, засварын зардал төлөх эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар хэрэгт байгаа баримтыг бүрэн үнэлж дүгнэлт хийгээгүйгээс түрээсийн төлбөрийн хэмжээг бодитой тогтоож чадаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Б нь түрээсийн зүйлийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр буцааж авсан тул гэрээг цуцлах, тухайн хөрөнгийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2016 оны 1 дүгээр сараас мөн оны 10 дугаар сарын 25 хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 68 000 000 төгрөг, алданги 34 000 000 төгрөг, түрээсийн зүйлийг ашигласан хугацаанд хамаарах ашиглалтын зардал 2 384 800 төгрөг нийт 101 384 800 төгрөгөөс барьцаа 6 800 000 төгрөгийг хасч, 97 584 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. /хх-1, 234/

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Н.Б нь “Х Т”ХХКомпанид 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хандаж, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тул гэрээг цуцалж, 4 сарын 25-наар дуусгавар болгож байгаа тухай мэдэгдсэн, уг мэдэгдлийг хариуцагч хүлээн авсан байх тул энэ хүртэл хугацаанд эд хөрөнгө ашигласны төлбөрийг гаргуулах үндэслэлтэй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй байна. Зохигчийн байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тул талуудын хооронд үүрэг үүсэхгүй боловч нэхэмжлэгч буюу эд хөрөнгийн өмчлөгч нь эд хөрөнгөө буцааж авах тухай мэдэгдэж, хугацаа тогтоосон байна. Нэхэмжлэгч нь шаардах эрх үүссэн байхад шүүхэд хандаагүй эсвэл хариуцагч эд хөрөнгийг ашиглаж, буцааж өгөөгүй эсэх асуудал аль аль нь хангалттай тогтоогдоогүй тул хэрэгт байгаа баримтын хэмжээнд эд хөрөнгийг ашигласан, 2016 оны 1 дүгээр сарын 02-ноос мөн оны 4 дүгээр сарын 25 хүртэлх хугацааны төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Энэ нь 3 сар 23 хоног байх ба түрээсийн төлбөрт нийт 25 613 370 төгрөг төлөхөөс барьцааны 6 800 000 төгрөгийг хасвал хариуцагч нь 18 813 370 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулна.

2.Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус боловч хариуцагчийн эзэмшил ашиглалтад нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө байсан, бусдын эд хөрөнгийг ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй тул хариуцагч “Х Т”ХХК нь ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй, шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

3. Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлээс 72 359 921 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна. Хариуцагч нь эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй гэх байдлыг баримтаар нотлоогүй, үндсэн болон сөрөг нэхэмжлэлд заасан ашиглалтын зардлын талаарх баримт нотолгоо эргэлзээтэй, хариуцагч үл хөдлөх хөрөнгөд засвар хийхдээ нэхэмжлэгчид хэрхэн мэдэгдсэн, засварын зардлыг шаардах эрхтэйгээ нотолж чадаагүй байв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...63 584 800... гэснийг ...18 813 370... гэж, ...475 874.....гэснийг ...252 016....гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 475 874 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

       ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА