Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 32

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч А.Насандэлгэр нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Г.З-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч: Г.З

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Гуравдагч этгээд: Г.С, М.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А*******ийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай”

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р*******, иргэдийн төлөөлөгч Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Удаанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хууль бус шийдвэрээр ажлаасаа халагдаад 1 жил, 4 сарын хугацаа өнгөрч байна. Миний бие Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд Дотоод аудит эрхэлсэн ахлах мэргэжилтнээр 2012 оноос эхлэн ажиллаж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шинээр байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А******* нь 

яам өөрчлөн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Б/96 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Би энэ талаар хуулийн дагуу гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Төрийн албаны зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. 

Төрийн албаны зөвлөлд гаргасан миний гомдлын хариуг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид явуулсан. Гомдлын хариуд төрийн албаны тухай хууль болон төрийн албаны тухай хуульд нийцүүлэн баталсан эрх зүйн актуудад даргын үүргийг түр хариуцагч гэсэн нэр томьёо, хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн шийдвэрээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.А*******ийн гаргасан “...2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүйд тооцож, Г.З-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангаж ажиллана уу” гэсэн Төрийн албаны зөвлөлийн хариуг хариуцагч биелүүлээгүй.

 Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д “төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг хариуцагч зөрчсөн учраас би 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар зөвхөн Монгол Улсын Засгийн газар томилж, чөлөөлнө. Монгол Улсын Засгийн газраас томилдог албан тушаалтныг сайд томилохгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д зааснаар Төрийн нарийн бичгийн даргыг түр эзгүйд албан үүргийг нь түр орлон гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн сайд гаргана гэдэг. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх журмын 2-т зааснаар эзгүй байгаа албан хаагч гэдэгт ээлжийн амралттай, эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн байхыг хамааруулна. Хууль тогтоомжид заасан бусад 

шалтгааны улмаас түр эзгүй байх гэж тодорхойлсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг баримтлан хуулиар олгогдоогүй эрх эдэлж, үүрэг хүлээж гаргасан тушаалыг гарсан үеэс нь эхлэн хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р******* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий актыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбар, Улсын Дээд шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлүүдээ бүрэн дэмжиж байна. 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 70, Хөдөлмөрийн яам 100 хүний орон тоотой байсан. 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хууль, төрийн захиргааны байгууллагын бүтцийн ерөнхий бүдүүвчид өөрчлөлт орж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөрийн яамдыг нэгтгэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг байгуулж, бүтэц орон тооны дээд хязгаарыг 117 гэж хуулиар баталсны дагуу төсвийн тухай хуульд өөрчлөлт орсон учраас бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай болсон. Бүтцийн өөрчлөлтийн үед өмнөх 2 яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ажлаасаа чөлөөлөгдөж, шинээр байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.А******* томилогдсон. Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр гэдгийг батлах хууль зүйн үндэслэлийг шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа тодорхой бичсэн. 2 хяналт шалгалт, шинжилгээний газрын бүтэц орон тоо, төрийн захиргааны удирдлагын орон тоо цөөрч, ажлын байрны чиг үүргүүд өөрчлөгдсөн. 

Маргаан бүхий ажлын байр нь 2 өөр яаман дээр, өөр 2 хүн дотоод аудитын ахлах мэргэжилтний ажлыг хийж байсан. Хөдөлмөрийн яаманд шүүхээс гуравдагч этгээдээр татагдсан Г.С, М.Э нар ажиллаж байсан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар дотроо Дотоод аудитын алба гэж байсан. Дотоод аудитын албанд нэхэмжлэгч Г.З ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл дотоод аудитын чиг үүргийг 4 орон тоотойгоор гүйцэтгэж байсан. Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтэц, шүүхэд бичгээр 

гаргасан тайлбараас дүгнэхэд дотоод аудитын ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан. 4 хүний ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөж дотоод аудит хариуцсан 2 мэргэжилтэн байна гэсэн шийдвэрийн дагуу дотоод аудитын мэргэжилтнийг томилсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас бүтцийн өөрчлөлтийг маш зөв хуулийн дагуу хийсэн. 

Дотоод аудитын дүрэм болон төсвийн тухай хуульд дотоод аудитын мэргэжилтэнд тавигдах шаардлагыг тодорхойлсон. 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан дотоод аудитор нь санхүү, нягтлан бодогч, эдийн засагч, эрх зүйн чиглэлээр  магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дотоод аудитын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод магистр ба түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагыг тавьсан. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь яагаад хуульд заасан шаардлагыг хангаагүй хүнийг ажиллуулж байсныг мэдэхгүй. Дотоод аудитын мэргэжилтнээр ажиллаж байсан 4 хүнээс тухайн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хамгийн их хангаж байсан хүнийг томилж, үлдсэн 2 хүнийг чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.

Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг хийж, шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд Дотоод аудитын алба байхгүй. Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бүтцийг батлахдаа Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газартай байна. Дотоод аудитын газар нь дотроо хэлтэсгүй. Дотоод аудитын албаны ахлах мэргэжилтний орон тоо байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй. Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоогдсон тохиолдолд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулдаг учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй. Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албанд  мэргэжлийн дагуу ажил эрхэлж байгаа, төрийн албанаас чөлөөлөгдөөгүй, нийгмийн баталгаагаар хангагдсан. Төрийн албаны зөвлөлийн хариуд илт хууль бус захиргааны актын тухай тайлбарласан учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл биш. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд Г.С, М.Э нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч Г.З нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн үүргийг түр хариуцагч Ц.А*******ийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаал хүчингүй болгох талаар дурджээ. 

Иймд энэ асуудалд М.Э, Г.С бид гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэж үзэж тайлбар гаргаж байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын байцаагчийн орон тоо 2 байгаа ба энэ орон тоонд 2 яам нийлсэн бүтцээр М.Э, Г.С бид Төсвийн тухай хууль, Дотоод аудитын дүрмийн хүрээнд тавигдах шаардлагыг хангасан учир томилогдсон.

Дотоод аудитор нь магистр түүнээс дээш боловсролын зэрэгтэй, мэргэшсэн нягтлан бодогч байх санхүү төсөв хяналт шалгалтын чиглэлээр 5-аас дээшгүй жил ажилласан байх гэх мэт шаардлагыг хангасан гэж үзэж томилогдсон болно” гэв. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцагчийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дотоод аудитын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дотоод аудитын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэдгээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэж тодруулсан тул энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч Г.З нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/47  дугаар тушаалаар тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт Дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны Б/03 дугаар тушаалаар “Дотоод аудитын ахлах мэргэжилтэн”-ээр томилогдон ажиллаж байсан бөгөөд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэр бүхий албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдэлд шилжүүлсэн  байна. 

Улмаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар  Г.Зг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгожээ. 

Нэхэмжлэгчээс “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасны дагуу сонгон шалгаруулалт явагдаагүй, ярилцлага хийгээгүй, төрийн нарийн бичгийн даргын үүрэг хариуцагч гэх эрх хэмжээгүй этгээд маргаан бүхий актыг гаргасан нь хууль бус” гэж, хариуцагч, түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг баримтлан маргаан бүхий актыг гаргасан. Г.З-г төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгааны дагуу өөр ажилд томилсон” гэж тус тус маргажээ.  

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолын дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон Хөдөлмөрийн яамд нэгдэх замаар өөрчлөгдөн зохион байгуулагдаж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам байгуулагдах үед тус яамны бүтэц, орон тоог тогтоосон эрх зүйн акт тусдаа гараагүй байх бөгөөд албан хаагчдыг томилсон тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны Б/124 дугаар тушаал -аар “Дотоод аудит хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд М.Э, Г.С нарыг томилсноос үзвэл Г.З-ийн эрхэлж байсан “Дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдаагүй, харин албан тушаалын орон тоог цөөрүүлсэн гэж үзэхээр байхад хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу болжээ. 

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “27.2.Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана”, 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ... боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол ... албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна“ гэж заасан байх ба хуулийн энэхүү заалтын “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн...” гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолд “өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэж тайлбарлажээ.  

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга нь тус яамны дотоод аудитын мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулбал зохих 4 албан хаагч байгаа бөгөөд орон тоог 2 болгож цөөрүүлж баталсан тохиолдолд эрх бүхий 4 этгээдээс сонгон шалгаруулах замаар үргэлжлүүлэн ажиллах албан хаагчийг сонгон шалгаруулах үүргээ биелүүлээгүйгээс төрийн жинхэнэ албан хаагчид эдлүүлэхээр хуулиар тогтоосон нэмэгдэл баталгаа алдагдаж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим хэрэгжээгүй байна. Тодруулбал, 

- Г.З-ийн эрхэлж байсан Хүн, амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Дотоод аудит хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод  “...агентлаг, байгууллагын төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, тэдгээрийн төлөвлөлт, гүйцэтгэлийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, дотоод аудит явуулах, үнэлэлт өгөх” гэж бичигдсэн ажлын байрны зорилго нь  өөрчлөгдөн зохион байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “Дотоод ахлах аудитор”-ын ажлын байрны тодорхойлолт  болон  “Яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагааны чиг үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай” 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/06 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтний чиг үүргийн хуваарь -т “Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төрийн болон төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд, улсын төсөвт үйлдвэрийн газар, төслийн нэгж, тусгай сангуудын үйл ажиллагааны төсвийн хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гарган тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” гэж харъяа байгууллагуудын нэрнээс өөр үг үсгийн зөрүүгүй бичигдсэн байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байрны чиг үүрэг өнөөдрийг хүртэл бүхэлдээ хэвээрээ хадгалагдаж байгаа болох нь тогтоогдож байна. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан” гэсэн тайлбар үндэслэлгүй. 

- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “хоёр яамны дотоод аудитын нэг нэг ахлах, нэг нэг мэргэжилтэн, нийт 4 хүнээс боловсрол мэргэшлийн бэлтгэлийг харгалзан сонгож авсан” гэж тайлбарлаж байх бөгөөд Г.С  болон М.Э  нар нь 2012 оны оноос Хөдөлмөрийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт дотоод аудитын мэргэжилтнээр ажиллаж байсан болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Б/76 дугаар тушаалаар Дотоод аудитын ахлах мэргэжилтэн Г.З, мэргэжилтэн Н.Б******* нарыг албан тушаалаас чөлөөлж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдэлд шилжүүлснээс үзвэл дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд үргэлжлэн ажиллах эрх бүхий 4 албан хаагч байсан байна. 

Харин Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/124 дүгээр тушаалын хавсралтаар “Дотоод аудитын мэргэжилтэн”-ээр Г.С, М.Э томилсноос үзвэл орон тоо цөөрч 2 болсон гэж үзэхээр байна. 

Дээрхээс дүгнэн үзвэл, дотоод аудит хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан байлаа ч ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан албан хаагч нь хүсвэл мэргэжилтний албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжтой, түүнчлэн эрхтэй байна. 

Гэтэл хариуцагчаас захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “...боловсрол, ажлын туршлага, мэргэшсэн байдлаар харьцуулсан”  гэсэн тайлбарыг ирүүлсэн боловч маргаан бүхий актыг гаргах үед сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулсан нь тодорхойгүй, Г.С, М.Э нарыг ямар шалгуурын үндсэн дээр дотоод аудитын мэргэжилтнээр ажиллуулахаар томилсон талаарх нотлох баримтыг шүүхээс шаардсаны дагуу ирүүлээгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “гэрч асуух замаар нотлох боломжтой” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл сонгон шалгаруулалт явуулаагүй гэж үзэхээр байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч Г.З нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “... дотоод аудит хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоох” гэж тодруулсан, “сонгон шалгаруулалт явуулаагүй, надад юу ч мэдэгдээгүй” гэж тайлбарлаж байх бөгөөд “... дотоод аудитын мэргэжилтэн”-ий албан тушаалд ажиллавал зохих этгээдийг сонгон шалгаруулах эрх хэмжээ нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу томилох эрх бүхий албан тушаалтны эрх хэмжээнд хамаарч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг ... түдгэлзүүлэх” гэж заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь тус яамны сонгон шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулсны үндсэн дээр нэхэмжлэгч Г.З-г үргэлжлүүлэн ажиллуулах, эсхүл чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байжээ. 

Нэхэмжлэгчээс “Төрийн нарийн бичгийн даргын үүрэг хариуцагч гэсэн албан тушаал байхгүй, маргаан бүхий актыг гаргах эрх хэмжээгүй этгээд гаргасан” хэмээн тайлбарлан маргаж байх боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/04 дүгээр тушаалаар тус яамны “Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч”-д Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр хариуцуулж шийдвэрлэсэн байх тул түүнийг томилох эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй байна. 

Г.З нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Баянгол дүүргийн Дотоод аудитын албаны даргын Б/07 дугаар тушаалаар тус дүүргийн Дотоод аудитын албанд мэргэжилтнээр ТЗ-4 шатлалаар 600139 төгрөгөөр цалинжиж, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ТЗ-4-5-аар 677436 төгрөгөөр цалинжин ажиллаж байна. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Згийн ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх ажлын 347 өдрөөр тооцож нэг өдрийн цалин хөлсийг 48,636.7 /(757359+280223)/21,3/ төгрөгөөр бодож нийт 13,329,612 /арван гурван сая гурван зуун хорин есөн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгөөс Г.Зд олгосон 6 сарын тэтгэмж болон Баянгол дүүргийн дотоод аудитын албанд мэргэжилтнээр ажиллаж авсан цалин хөлсийг тус тус хасч олгох нь зүйтэй байна.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг 3/гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулсны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь шүүхээс тогтоосон 3 /гурван/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд Г.З-г ажлаас чөлөөлсөн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/96 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор болох 13,329,612 /арван гурван сая гурван зуун хорин есөн мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгөөс Г.З-ийн авсан 6 сарын тэтгэмж болон Баянгол дүүргийн дотоод аудитын албанд мэргэжилтнээр ажиллаж авсан цалин хөлсийг хасч, зохих татвар суутгал хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан Г.З-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.МӨНХЗУЛ

                               ШҮҮГЧ                                        Б.АДЪЯАСҮРЭН

                               ШҮҮГЧ                                        А.НАСАНДЭЛГЭР