Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 9

 

“Дархан Хөвөн” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2017/00897/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1067 дугаар шийдвэртэй,

“Дархан Хөвөн” ХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Б.Б-ийн “хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Б.Б-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, хариуцагч Б.Б-ь, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Пүрэвбаатар, өмгөөлөгч Л.Оюунсувд нараас:

Хариуцагч нь “Дархан Хөвөн” ХК-ийн удирдлагыг 7 жил хийхдээ компанийг дампууруулж, өрөнд оруулж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг удаа дараа хохироож байсан тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйл, мөн хуулийн 61.1.2-т заасан эрх хэмжээний хүрээнд “Дархан Хөвөн” ХК-ийн хувьцаа эзэмшигчид, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж, хурлын материалаа Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн. Дээрхи хурлаар шинээр Төлөөлөн удирдах зөвлөл бүрдэж ТУЗ-ийн 01 тоот тогтоолоор Л.Пүрэвбаатар миний биеийг гүйцэтгэх захирлаар томилсон. Компанийн өмнөх захирал Б.Б-ь ажлаа хүлээлцэхгүй, тамга тэмдэг, компанийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдийг хүлээлгэж өгөхгүй компанийн үйл ажиллагааг саатуулж байна. Мөн тамга тэмдэг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулж компанийн нэрийн өмнөөс бусадтай гэрээ хэлцэл хийж шүүхийн 17 шийдвэрээр бусад тэрбум гаран төгрөгийн өр төлбөрийг үүсгэсэн байдаг. Иймд “Дархан Хөвөн” ХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээг нэн даруй гаргуулан авах шаардлагатай байна гэжээ.

Хариуцагч Б.Б-иас:

Санхүүгийн зохицуулах хороо хяналт шалгалт зохицуулалтын газрын даргын гаргасан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичгээр “Дархан Хөвөн” ХК нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хувьца эзэмшигчдийн хойшлогдсон ээлжит хурлаа хуралдуулж, хурлын материалыг хянаж үзээд журамд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тул Хорооноос 2016 оны 09 дүгээр сарын 2-ны өдөр 9/2714 тоот албан бичгээр 2016 оны 09 дүгээр сарын 15-ны дотор холбогдох дутуу материалыг тайлбар нотлох баримтуудын хамт Хооронд хүргүүлэх үүрэг өгсөн гэсэн. Дээрхи албан тоотын дагуу дурдсан хугацаанд “Дархан Хөвөн” ХК-ийг материалаа ирүүлээгүй гэж үзэн тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Ариунсүхийн 2016 оны ээлжит бус хурлыг хүчинтэйд тооцож 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн манай хуралдуудсан хурлыг хүчинтэйд тооцох боломжгүй гэсэн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичгээр хувьцаа эзэмшигч Б.Б-ь надад хариу мэдэгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот албан бичиг нь хууль зүйн үндэслэлгүй байсан тул удирдах байгуулагуудад гомдол гаргасны дагуу хууль зүйн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагчаар Санхүүгийн зохицуулах хороо болон гуравдагч этгээд Л.Пүрэвбаатар нарыг байлцуулан захиргааны хэргийн шүүхээр асуудлыг эцэслэн шийдвэрлүүлсэн. Бодитой шүүхийн шийдвэр гарсаар байтал илтээр гүжирдэн доромжилсон хандлагатай нэхэмжлэлүүдийг шүүхэд удаа дараа гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба нэр төрөө сэргээлгэхээр хариуцагч Б.Б-ь миний бие Л.Пүрэвбаатарт холбогдуулан шүүхэд гомдлын нэхэмжлэл гаргах болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1067 дугаар шийдвэрээр:

            Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-иас “Дархан-Хөвөн” ХК-ийн  гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулж, нэхэмжлэгч “Дархан хөвөн”  ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-иас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б-ь давж заалдсан гомдолдоо:

Тус компани нь 2016 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны журамд заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хойшилсон хурлаар хуралдуулж холбогдох баримт бичгүүдийг Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын хөрөнгийн биржид хүргүүлсэн. Гэтэл Санхүүгийн зохицуулах хороо 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот мэдэгдлээр манай хурлыг хүчингүйд тооцсон тул Санхүүгийн зохицуулах хороог хариуцагчаар татан оролцуулж гомдол гаргахад Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний хурлын шийдвэрээр Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 9/3753 тоот мэдэгдэл нь захиргааны акт мөн бөгөөд илт хууль бус болохыг тогтоосон тул манай хурал хүчин төгөлдөр юм. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар сарын 23-ны 9/3752 дугаар мэдэгдэлд дурдсанаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлд хамааралтай байхад хуулийг буруу тайлбарлаж, гомдол гаргах эрхтэй захирамжийг эрхгүй хэмээн хэлж хариуцагч намайг төөрөгдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Пүрэвбаатар хариу тайлбартаа:

Уг сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэгч миний шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй, сөрөг нэхэмжлэлийн хариуцагч нь “Дархан Хөвөн” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвбаатар миний биед хамааралгүй байсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарсан. Захирамжийг шүүгч хэргийн оролцогчдод уншиж танилцуулсан. Хариуцагч Б.Б-ь нь шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар нэгэн хүсэлт, нотлох баримт гаргаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг авагдсан нотлох баримтыг хууль зүйн үүднээс зөв үнэлж, шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч миний нэхэмжлэл нь үндэстэй байсан учир шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Дархан хөвөн” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвбаатар хариуцагч Б.Б-ьд холбогдуулан “Дархан хөвөн” ХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Б.Б-ь “Дархан хөвөн” ХК-ийн  хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хойшлогдсон хурлыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1067 дугаар шийдвэрээр  нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Б-иас “Дархан хөвөн” ХК-ийн гэрчилгээ, тамга, тэмдгийг гаргуулж, “Дархан хөвөн” ХК-нд олгохоор шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрийг хариуцагч Б.Б-ь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч Б.Б-ь давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, миний гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлд хамааралтай байхад хуулийг буруу тайлбарлаж, илт нэг талд үйлчилсэн гэж болохоор нөхцөл байдлыг бий болгож, гомдол гаргах эрхтэй захирамжийг эрхгүй хэмээн хэлж хариуцагч намайг төөрөгдүүлсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, дараах дүгнэлтийг хийлээ

          Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл хариуцагч Б.Б-ь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч “Дархан хөвөн” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Пүрэвбаатарт холбогдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар “Дархан хөвөн” ХК-ийн  2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг  хүчингүйд  тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

           Шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн өдөр шүүх хуралдаан хийж, дээрхи шийдвэрийг гаргажээ.

Хариуцагч Б.Б-ь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн бөгөөд шүүгчийн захирамжаар сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан өдрөө шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

           Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Б-ьд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг гардуулсан буюу танилцуулсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт нотлох  баримтаар авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д  “... захирамж гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж зааснаар гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

           Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй гэж шүүх хуралдаан дээр танилцуулсан гэсэн тайлбарыг няцаах баримт хэрэгт авагдаагүй байна.

           Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч Б.Б-ийн давж заалдах гомдлыг хангаж,  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан  шатны  шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Б-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч Б.Б-ьд олгосугай.

           3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

          4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                         ДАРГАЛАГЧ

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.НАРАНГЭРЭЛ

                                         ШҮҮГЧИД                                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                               Л.АМАРСАНАА