Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00806

 

Д.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02434 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 324 дүгээр магадлалтай,

Д.Зын нэхэмжлэлтэй

Ж.Эад холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварт 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ж.Эын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа, түүний өмгөөлөгч Б.Жавхланбаяр, хариуцагч Ж.Э, түүний өмгөөлөгч С.Базарсад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сүмбэр Эрдэнэ урлангийн захирал Ж.Этай хөөрөг хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Ж.Э нь ажлын үр дүнг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний нөхцлийн дагуу хөөрөг нь даваа толгой, алтан нуух, ноён сэрвээ, зааны ясан халбатай, бөгс нь 33-35 мм диаметрийн толгой тавих ямар нэг сэвгүй, толбогүй, цагаан хаш байх шаардлагабайсан. Дээрх хөөрөг хийлгэх ажлын хөлсийг 20 000 000 төгрөгөөр тохирч, захиалагчийн зүгээс 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 7 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус өөрийн нэр дээрх Голомт банкны 1170000970 төгрөгийн данснаас хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Гэрээний үүргийг биелүүлэх хугацаа өнгөрөөд 2 гаруй жил болсон байхад хариуцагч биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээг цуцалж, Ж.Эад хөөрөг хийх гэрээний ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн 2 000 000 төгрөг нийт 22 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Эаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Сүмбэр Эрдэнэ урланг 8 жилийн турш ажиллуулсан. Нэхэмжлэгч нь их гарын цагаан хаш хөөрөгтэй болох гэхээр их үнэтэй байна гэсэн. Би хөөрөг хийх чулууг үзүүлж, түүнтэй үнэ ханшаа тохиролцсон. Эхлээд 13 000 000 төгрөгөөр хаш чулуу аваад 33-ын амтай хаш хөөрөг хийж өгөхөд түүнийг авч яваад маргааш нь буцааж авчирсан. Дахин 8 000 000 төгрөгийн хаш чулуу аваад 35-ын амтай хөөрөг хийж өгсөн ч мөн буцааж авчирсан. Ингээд би сайн чулуу олдтол хүлээж бай, зөвхөн 1 хөөрөгний чулуу 30 000 000-50 000 000 төгрөгийн хооронд байна, түр хүлээж бай гэж нэхэмжлэгчид хэлсэн. Ингээд нэхэмжлэгчид мөнгийг нь буцаан төлж эхэлсэн. Тухайлбал, гадагшаа явах гэж байна 1 000 000 төгрөг, дараа нь эхнэрийнх дансанд 1 500 000 төгрөг, унтлагын өрөөний сет 1 ширхэг 880 000 төгрөг, орос хаш чулуу 2 ширхэг хөөрөг хийхэд нийт 21 000 000 төгрөг, болор хөөрөг 1 ширхэг 26-тай 8 000 000 төгрөг, болор хөөрөг 1 ширхэг 1 500 000 төгрөг, жижиг гарын цагаан хаш хөөрөг 1 ширхэг 3 500 000 төгрөг, өөрөө орос ногоон хаш чулуугаар 1 хөөрөг хийгээд өг гээд ажлын хөлс нь 1 500 000 төгрөг болсон хөөргийг хийж өгсөн, нэхэмжлэгчид өөрийнх нь хүссэнээр боломжоороо хандсан. Мөн төрийн албанд ажилд ороход нь төрийн сүлд хийж, бэлэглэж байсан. Иймд энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02434 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Ж.Эаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Зт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Ж.Эаас 252 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 324 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02434 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Э хяналтын гомдолдоо: Ж.Э миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 342 дугаартай магадлалыг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэг: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх уг хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн байтал үүнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тус магадлалын хянавал хэсэгт ...хэргийн зохигч нар гэрээний үүргийн зөрчлийн хэмжээ болон гэрээ цуцлах журмын талаар маргаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн боловч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно заасан байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гомдолд дурдсан Ж.Э нь нэхэмжлэгч Д.Зтай 2015 оны 10 дугаар сарын 25 өдөр гэрээ байгуулаагүй ба Ж.Эын тамга тэмдэг, гарын үсгийг ашиглан Д.З өөрийн гараар бичсэн хуурамч гэрээ байсан, мөн анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт уг ажил гүйцэтгэх гэрээг 2015 оны 10 сарын 25 өдөр байгуулагдсан гэж үзсэн атал 10 дугаар сарын 15-нд нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөх, энэ өдрөөс хойш 5 хувийн алданги тооцох зэрэг илт ойлгомжгүй, утга агуулгын авцалдаагүй байсаар байхад давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй, тодорхой дүгнэлт өгөөгүй нь шийдвэр, магадлалын үндэслэл болсон нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн зүйл заалтад нийцсэнгүй. Хоёр: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай: Энэхүү зохигч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим огт хэрэгжээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ мөн зүйлийн 6.4-т Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно гэж заажээ. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийн оролцогч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй билээ. Гэтэл хариуцагч Ж.Э нь нэг ч удаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд оролцож чадалгүйгээр эсрэг талын шаардлага түүний үндэслэл нотлох баримтыг няцаах нотлох баримт гаргаж өгөх, гэрч оролцуулах зэргээр хуулиар тогтоосон эрх үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2017 оны 11 сарын 08-ны өдрийн шүүх хуралд хариуцагч Ж.Э нь ирсэн боловч хувийн байдлын улмаас хуралд оролцож чадаагүй нь түүнийг зөвтгөх, хүндэтгэн үзэх шалтгаан биш боловч түүний нэхэмжлэлээ гардаж аваад шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар, хүсэлт гаргасан, бусад баримтуудыг өгч байсан нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож хуулийн ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалах хүсэлтэй байсныг тодорхой харуулж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт шүүх хуралдаан даргалагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна гэж заажээ. Мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.5-т Зөрчлийн улмаас хэргийн оролцогч, гэрч шинжээчийг шүүх хуралдааны танхимаас гаргасан тохиолдолд шүүх хуралдааныг хуралдаан даргалагчийн захирамжаар тодорхой хугацаагаар хойшлуулах... зэрэг боломжтой байтал түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхээс талуудын эрх тэгш байдлыг хангах зарчим алдагдсан. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зарчим болох мэтгэлцэх зарчмын үндсэн нөхцөл болсон зохигч өөрийн биеэр хуралд оролцох эрхээ эдэлж чадаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх гол нөхцөл болж улмаар тус хэргийн талаар хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосон, эдгээр нөхцөл байдлын талаар шүүхээс бүрэн бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр гаргаж чадсангүй. Иймд энэхүү гомдолд дурдсан үндэслэл, бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хоёр шатны шүүх зохигч талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний харилцааг зөв тодорхойлсон хэдий ч маргааны бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.3, 118.5-д заасан зохицуулалттай нийцэхгүй болжээ.

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Ж.Эад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан гэсэн үндэслэлээр шилжүүлсэн 20 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг нийт 22 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна.

Д.З нь Ж.Этай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр амаар гэрээ байгуулан, хариуцагчаар их гарын цагаан хаш хөөрөг хийлгэхээр тохиролцон, материалын үнэ болон ажлын хөлсөнд 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн, талууд хожим нь 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээг бичгийн хэлбэрт оруулан, гэрээний нөхцлүүдийг нарийвчлан тодорхойлжээ. 

Ж.Э нь гэрээний дагуу 2 удаа хаш хөөрөг хийж өгсөн боловч нэхэмжлэгч таалагдаагүй гэх үндэслэлээр хөөргийг буцаан өгсөн, дахин хийлгэхээр тохирсон боловч нэхэмжлэгчийн хүссэн хэмжээний хаш чулуу олдоогүй, улмаар гэрээнээс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид ...гадагшаа явахад 1 000 000 төгрөг, эхнэрийн дансанд нь 1 500 000 төгрөг, унтлагын өрөөний сет 880 000 төгрөг, орос хаш чулуун 2 хөөрөг хийж өгсөн,  болор хөөрөг 8 000 000 төгрөг, барын нүдэн дунд гарын хөөрөг 1 500 000 төгрөг, жижиг гарын цагаан хаш хөөрөг 3 500 000 төгрөг, орос ногоон хаш чулуун хөөрөг хийж өгсний ажлын хөлсөнд 1 500 000 төгрөг нийт 20 000 000 төгрөгийг буцааж төлсөн гэж маргасан байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дээрх татгалзлын талаар тайлбар өгч, баримт гаргаагүйгээс гадна шүүх хариуцагчаас дээрх үйл баримтыг тодруулж, дурдсан эд хөрөнгийг хэзээ хэрхэн өгсөн, баримтаар хэрхэн нотолж буйг тодруулаагүйгээс зохигч нь маргааны ач холбогдол бүхий асуудлаар бүрэн мэтгэлцэж чадаагүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй байна. Зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг, хариуцагч нь татгалзал, үндэслэлээ тус тус нотлох үүрэгтэй боловч шүүх ач холбогдол бүхий байдлыг тодруулах, зохигчийг мэтгэлцүүлэхэд чиглүүлснээр хэргийн бодит байдал тогтоогдоно. Хэргийн бодит байдал тогтоогдоогүй нь зохигчийн идэвхгүй ажиллагаатай холбоотой боловч шүүх маргаантай асуудлыг тодруулах замаар, мэтгэлцэх нөхцлийг хангах боломжтой юм. Зохигч нь хэргийн талаар бодит үнэнд нийцсэн тайлбар гаргаж өгөх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцдэг. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй бол нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх талаар хуулийн 38 дугаар зүйлийн 38.6.-д заажээ.

Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлгүй болсныг залруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02434 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 324 дүгээр  магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны  шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Ж.Эаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        П.ЗОЛЗАЯА