| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2016/01218/И |
| Дугаар | 0031 |
| Огноо | 2017-01-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 0031
С.Бямбацэцэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1501 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч С.Бямбацэцэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч О.Энхжинд холбогдох
“Гэм хорын хохирол 937.870 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч С.Бямбацэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
С.Бямбацэцэг нь 2016 оны 07 сарын 29-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд наадмын талбай дээр явж байгаад нум сумаар харваж тоглож байсан О.Энхжин гэгч залууд духандаа харвуулсан. Тэр дор нь наадмын талбай дээр ажиллаж байсан цагдаагийн хэсэгт очиж мэдэгдсэн. Ингээд О.Энхжингийн хамтаар БОЭТ-ийн хүлээн авах тасагт очиж духандаа оёдол тавиулсан. Тэгээд наадмын талбай дээр буцаж ирсэн. Тэнд байсан цагдаагийн ахмад Батнасан биднийг хоорондоо зохицохыг зөвлөсөн. Ингээд бид маргааш нь буюу 07 дугаар сарын 30-ны өдөр уулзахаар тохиролцож салцгаасан. Гэвч орой нь миний хүзүү толгой маш ихээр өвдөж байсан тул О.Энхжин рүү залгаж бариачид очих шаардлагатай байна гэж хэлсэн. Харин О.Энхжин одоо очих боломжгүй машины мотор эвдэрсэн тул шаардлагатай байвал Говилийн 100 айлаас ирээд ав гэж хэлээд ирээгүй. 07 дугаар сарын 30-нд дахин боолт хийлгэхээр эмнэлэг рүү явахаасаа өмнө О.Энхжин рүү маш олон удаа залгаж, мессеж бичсэн боловч огт холбоо бариагүй учир 07 дугаар сарын 30-нд Орхон аймгийн цагдаагийн газар очиж өргөдөл бичиж өгсөн. С.Бямбацэцэг миний бие 2016 оны 07 сарын 29-өөс одоог хүртэл эмнэлэгээр явж оншлогоо, эмчилгээ хийлгэж байгаа боловч биеийн байдал сайжрахгүй, онош нь гүйцэт тодорхойгүй байгаа тул Улаанбаатар явж ГССҮТ-д үзүүлэн хүзүүний MRI хийлгэх шаардлагтай гэсэн. Одоогийн байдлаар 643 200 төгрөгийн зардал зөвхөн оношлогоо эмчилгээнд зарцуулсан. Энэ хугацаанд О.Энхжин огт холбоо барилгүй гэрийн хаягаа худлаа хэлж хүндрэл учруулж алга болсон. Цагдаагийн туслажтайгаар гэрийн хаягийг нь олж, утсаар холбогдсон боловч, би гэрийн хаягаа үнэн хэлэх албагүй гэсэн. О.Энхжингийн надад учруулсан хохирол 643 200 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн цаашид гарах зардал, эмчилгээний зардалаа баримтжуулан нэхэмжлэх болно гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: С.Бямбацэцэг миний бие 2016.08.17-нд нэхэмжлэлээ шүүхэд өгсөн. Үүнээс хойш Орхон аймгийн БОЭТ-н гэмтэл, мэдрэлийн эмчийн заалтаар 13А маягттай Улаанбаатар хотын ГССҮТ болон 1-р эмнэлэгт очиж үзүүлж MRI шинжилгээ хийлгэсэн. Үүнтэй холбоотойгоор гарсан нэмэлт зардлууд болох замын зардал 100 000 төгрөг, эм тарианы зардал 50 000 төгрөг, соривны тос 14 500 төгрөг, MRI шинжилгээ 95 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 29 170 төгрөг, нотариат 6000 төгрөг нийт 294 670 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч О.Энхжин шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
О.Энхжин нь 2016.07.29-ны өдөр 14 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбай дээр гэр бүлийнхэнтэйгээ хамт очсон. Тухайн үед нум сумаар харвуулдаг газар очиж 3000 төгрөгөөр нум сум харвахаар болсон. Ажиллуулж байсан хүн нь ганц эмэгтэй хүн байсан. Намайг харвахаас өмнө ажиллуулж байсан эгч ойр орчимд байсан хүмүүсд холдохыг анхааруулж сануулж байсан. Бямбацэцэгийн нөхөр энэ хүртэл харвана ононо гэж юу байхав гээд явсан. Би эхний сумыг харваж, цана нь явж байсан 2 хүний эхнэрийг нь оносон байсныг гэр бүлийн гишүүд болох аав, ээж 2 маань надад хэлсэн. Тэр дор нь гүйж очиход нөхөр нь над руу дайрч давшилан миний биед халдаж өшиглөсөн. Би тэр эгчтэй хамт наадмын талбай дээрх цагдаагийн хэлтэс рүү очиж Батнасан гэдэг хүнд мэдэгдсэн. Батнасан гэх цагдаа надад хэлэхдээ Бямбацэцэгийг эмнэлэг рүү авч яв. Би ажиллууж байгаа газрынх нь бүх юмыг хураагаад байж байя гээд, би Бямбацэцэгийн хамт эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод оёо тавиулсан. 25 000 төгрөг тушаасан. Эмнэлэгээс гараад буцаад наадмын талбайн цагдаагийн хэсэг дээр очиход тухайн газрыг ажиллуулж байсан хүнийг алдаад явуулсан гэж хариулт өгсөн. Наадмын талбайн комисс руу ярихад зөвшөөрөлгүй ажиллуулж байсан газар байсан. Тэр хавьд нум сум харвуулдаг байсан хүмүүс надад хэлэхдээ: Хэрэв миний үйлчлүүлэгч хүн оносон байсан бол би 100% хариуцлага хүлээх байсан гэж надад хэлсэн. Уг нь бол нум сум харвах газрыг ажиллуулж байгаа хүмүүс 3, 4 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулалттайгаар ажиллуулдаг юм байна лээ. Харвуулах үйл явцад миний ах болох Энхбат тухайн газрыг ажиллуулдаг хүний утас, дугаар зургийг авсан. Сүүлд өөрийн харваж байхад авахуулсан зургаа харахад үзүүртээ тугалган сум байсан юм байна лээ. Тухайн өдрөө тэр газрын ажиллуулж байсан хүнийг өдөржингөө хайгаад олоогүй учир маргааш нь уулзахаар товлосон. Орой нь машин янзлаад байж байхад над руу ярьсан би боломжгүйгээ хэлсэн. Маргааш өглөө нь Солонгосын элчин сайдаас над руу залгаад би Эрдэнэтээс яаралтай гарсан. Тухайн үед утасны дэлгэц эвдэрсэн байсан учир дуудлага мессеж хүлээж авч чадаагүй. Миний бие аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг. Амьжиргааны түвшин доогуур төлбөрийн боломжгүй. Тухайн газрыг ажиллуулж байсан хүнийг олж өгөн, Бямбацэцэгийн гаргасан баримтуудыг шалгаж тогтоосны эцэст төлбөрийг хамтран барагдуулахаар тогтоож өгнө үү гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №1501 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч О.Энхжингээс 889 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Бямбацэцэгт олгож, нэхэмжлэлээс үлдэх 48 170 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29 170 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 25 903 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:
Тус шүүх нь хариуцагч О.Энхжин нь 2016-07-29-нб өдөр наадмын талбай дээр нум сум харваж байгаад С.Бямбацэцэгийн духан тус газарт онож, гэмтэл учруулсан гэм буруугийн талаар маргаагүй, хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан байна.О.Энхжингийн дээрх үйлдэл нь С.Бямбацэцэгийн биед учруулсан гэмтэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд С.Бямбацэцэг нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзэж О.Энхжингээс 889,700 төгрөг гаргуулан С.Бямбацэцэгт олгохоор шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй.
Шүүх бүрэлдэхүүнд хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрдүүлэх, тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэн хариуцагч О.Энхжин өөрөө олж авах боломжгүй байсан учраас шүүхэд дараах хүсэлтүүдийг гаргасан.
1.Орхон аймгийн 40 жилийн ойн баяр наадмын зохион байгуулах комиссын тоглоом наадмын үйл ажиллгаа явуулах зөвшөөрөл олгосон, хяналт тавьсан түүнийг хариуцсан албан тушаалтаныг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж дараах зүйлүүдийг тодруулах:
1.1 маргаан бүхий тоглоом болох нум сум харвах төлбөрт тоглоомыг наадмын талбайд тоглуулах эрхийг хэн гэдэг хүнд, ямар хэлбэрээр тоглуулахаар зөвшөөрөл олгосон.зөвшөөрөлийг гаргуулах,
1.2 энэхүү тоглоомыг тоглуулан ашиг олохдоо татвар төлсөн эсэх, мөн зөвшөөрөл авахдаа зохих ёсны хураамж төлсөн эсэх, баримтыг гаргуулах
1.3 тоглоом тоглуулахдаа тоглож байгаа болон зорчиж байгаа наадамчдын аюулгүй байдлыг хэрхэн хангасан эсэхэд хэрхэн яаж, ямар хяналт тавьж байсан эсэх,
2. Орхон аймгийн ЦГ-ын Олон нийттэй харьцах албаны ахлах байцаагч, цагдаагийн ахмад н.Батнасанг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж дараах зүйлийг тодруулах хүсэлтэй байна.
2.1. нэхэмжлэгч С.Бямбацэцэг нь суманд оногдсоны дараа ахмад Батнасанд ямар гомдол гаргажхандсан, хэрхэн шийдвэрлэсэн,
2.2.ийнхүу нэхэмжлэгч хандсаны улмаас ямар арга хэмжээ авсан эсэх, болон нум сум харвуулах тоглоом тоглуулж байсан гэх эмэгтэй Алтансувдааас зохих зөвшөөрөл болон биеийн байцаалт зэрэг зүйлүүдийг тодруулсан эсэх,
2.3.бусдын эрүүл мэндэд нэгэнт хохирол учирсан байдал бий болсон байхад ямар нэгэн арга хэмжээ авсан эсэх, болон тухайн тоглоомыг хориглож, үйл ажиллагааг нь зогсоосон эсэх зэргийг тодруулж.
З.Тухайн гэм хор учруулсан гэх хэргийн газар хариуцагч О.Энхжингийн ээж Даваамаа хамт явсан ба болсон үйл явдпыг харсан тул гэрчээр оролцуулах тухай хүсэлтүүдийг тавьсан.
Гэтэл шүүх уг хүсэлтүүдийг хэрэгт /ач холбогдолгүй/ гэх л үндэслэлээр хангахаас татгалзсан.
Дээрх байдлыг тодруулах нь хэрэгт чухал ач холбогдолтой юм.Орхон аймгийн баяр наадмын талбайд наадамлаж явсан иргэн О.Энхжин нь / бүхэл бүтэн нум сум харвуулж буй талбайд/ нум сур харвах төлбөрт тоглоомд 3000 төгрөг төлж харвасан байдаг. Ингэж харвах үед тухайн тоглоом наадгайн үйлчилгээ явуулж байсан эхнэр нөхөр хоёр аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангаагүй байсан ба нэхэмжлэгчийг бэртэх үед зугтаж алга болсон байсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-аар зүйлд зааснаар “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэсний дагуу хариуцагч талд өөрийн гэм буруугүйг нотлох боломжыг олгоогүй шийдвэрлэсэн хэрэгт хэт нэг талыг баримтлан хэргийн нотлох баримтанд бодитой дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т ззаснаар зохигч нэг талын гаргасан тайлбар.нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэж заасны дагуу хариуцагч талд нотлох баримт бүрдүүлэх боломж олгоогүй. Энэ нь зохигчийн өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг шүүхэд хүсэлт тавиж замаар бүрдүүлнэ гэсэн эрхийг хангаагүй, бөгөөд энэхүү эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэхээр байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-12-07-ны өдрийн №142/ШШ2016/01501 тоот шийдвэр нь хариуцагч О.Энхжингийн хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохиролтой шийдсэнд гомдолтой байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч С.Бямбацэцэг нь хариуцагч О.Энхжингээс гэм хорын хохиролд 937.876 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч С.Бямбацэцэг нь 2016.07.29-ний өдөр наадмын талбай дээр явж байгаад нум сум харваж байсан О.Энхжинд духан тус газраа харвуулж хөнгөн гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн тухай үйл баримтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч О.Энхжин нь 2016.07.29-ний өдөр наадмын талбай дээр нум сум харваж байхдаа Иргэн С.Бямбацэцэгийн дух тус газарт онож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, нэхэмжлэгч С.Бямбацэцэг нь биед учирсан гэмтлээ эмчлүүлж тодорхой хэмжээний эмчилгээний зардал гаргасан болох нь тус тус хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдсон байна.
Зохигчид гэмтэл учруулсан гэм буруугийн талаар маргаагүй боловч хариуцагч О.Энхжин нь наадмын талбайд нум сум харвуулж байсан хүн аюулгүй байдлыг хангасан байх ёстой гэм хорын хохирлыг хамтран хариуцна гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөхөөс татгалзан маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Энхжингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа шүүхэд хариуцагч О.Энхжин өөрөө олж авах боломжгүй хэрэгт чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрдүүлэх, тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2016.11.14-ний өдөр хүсэлт гаргасан байх ба шүүх 2016.11.16-ны өдрийн шүүхийн тогтоолоор хүсэлтийг хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Шүүхийн тогтоолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтүүд хэрэг шийдвэрлэхэд яагаад ач холбогдолгүй, хамааралгүй болох талаар тодорхой заагаагүй, үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан гэж үзэх боломжтой байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтүүдээ тухайн хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтын ач холбогдолтой гэж үзэж хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд шүүхээр бүрдүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн авахаас татгалзаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 105 дугаар зүйлийн 105.1-ийг зөрчсөн.
Нум сум харвах төлбөрт тоглоомыг наадмын талбайд тоглуулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллага олгодог эсэх, тухайн тоглоомыг тоглуулж байсан этгээд зохих зөвшөөрөлтэй байсан болох, наадмын талбайд тоглуулахдаа аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар зохих дүрэм журам байгаа зэрэг асуудлыг тодруулж нотлох баримт олж авах нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хамааралтай төдийгүй хууль бус зөвшөөрөл өгсөн аж ахуй нэгж байгууллага, эсхүл зөвшөөрөлгүй төлбөрт тоглоом тоглуулж байсан хэн нэгэн этгээд гэм буруугүй болохоо нотолж чадахгүй бол бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг хамтран хариуцах хариуцлага хүлээх учиртай.
Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/ болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолвол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр зохицуулсан бөгөөд энэ нь гэм хор учруулснаас үүсэх үүргийн гэм буруугийн гол зарчим юм.
Иймд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн засах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй. Энэ талаар давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1501 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29.170 төгрөгийг шүүгчийн захирамжаар Төрийн сангаас буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ