Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 919

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Ц.Хашбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С...., өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч Э...., өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Э....ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803005490290 дүгээр эрүүгийн 36 хавтас хэргийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ...ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт ...ийн ... /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Э.... нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн зам “Шижир” авто төвийн арын замд 2018 оны 6 дугаар сарын 26-ны шөнийн 22 цаг 34 минутын орчимд Дүүргийн цагдаагийн хэлтсийн эзэмшлийн “Kia Rio” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтын “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах.”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2 дахь заалт “хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 25 настай С....ийг мөргөж, амь насыг хохироосон, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 6 дугаар сарын 26-нд ажлаа тараад хот руу явсан. Дарга “гэртээ хариад хувцсаа сольчихоод ир” гэхээр нь Баянхошууны замаар явж байтал гэнэт хүн гүйгээд гараад ирсэн. Тоормос гишгэж амжилгүй мөргөж энэ осол болсон. Уг тээврийн хэрэгслийг би байнга барьж байгаагүй. Тоормос ажиллаж байгаа үгүйг би мэдэхгүй. Санаандгүй байдлаар ийм осол гаргасандаа харамсаж байна. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулна уу” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Маш их гомдолтой байна. Бүрэн бус тээврийн хэрэгслийг ажилд гаргасан хүмүүсийг шалгах ёстой. Амь хохирогч хүү маань “...” ХХК-д ажиллаж 1,2 сая төгрөг авч байсан. Хүүхдийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү. Оршуулгын зардалд 14.702.554 төгрөг нэхэмжилснээс 12,5 сая төгрөг өгсөн. Сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг нэхэмжилж байна. Хүүхдийн тэтгэмжийн зөрүүнд 400.000 төгрөгөөс 174.000 төгрөгийг хасаад 226.000 төгрөгийг, нийт 48.816.000 төгрөгийг нэхэмжилж байна. Жолооч, байгууллага хоёрт гомдолтой байна” гэв.

Эрүүгийн 1803005490290 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....гийн: “Талийгаач дүү айлын 2 дахь хүүхэд байсан. ...2017 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж, “...” ХХК, “...” ХХК-иудад барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан. 2017 онд ...тэй найзалж нөхөрлөөд 2018 онд гэр бүл болсон. ... одоо 8 сартай жирэмсэн. ...Маш их гомдолтой байна. Зам тээврийн осол болсон газар нь хөл хөдөлгөөн ихтэй газар байсан. Ойр хавийн хүмүүс жолоочийг маш хурдтай явж байсан гэсэн. Мөн талийгаачийг машинд мөргөгдөж хол шидэгдсэн талаар ярьсан. Жолоочийн талаас оршуулгын зардалд 7.500.000 төгрөг өгсөн. Одоогийн байдлаар 17 сая төгрөгийн бодит хохирол гарсан учраас нэхэмжлэх хүсэлтэй байна. Тэжээн тэтгэгч нас барсан тул хүүхэд төрсний дараа тэтгэмжийн асуудлаар хүсэлт нэхэмжлэл гаргана...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-86-88/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....ы: “Талийгаач хүү С.... нь миний 2 дахь хүүхэд байсан. ...Энэ жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан учраас бид нарын хувьд маш их гомдолтой байгаа. ...машин нь яагаад бүрэн бус байгаа, юу хийж Улаанбаатар хотод албаны машинтай явж байсан, яагаад бүрэн бус тээврийн хэрэгслийг ажилд гаргасан, хойд тоормос нь бариагүй, урд хоёр тоормос 1,6-1,9 хэмжээтэй байсан. Бид нарын хувьд сэтгэл санааны хувьд маш хүнд байдалтай байна. Эхнэр нь байнга зүрхний эм тариа хэрэглэж байгаа. Жолоочийг буруутай гэж байгаа. Сэтгэл санааны хохирлоо төлүүлмээр байна. Би ганцаараа хохироогүй, бүх ахан дүүс нь хохироод байна. Ах нь хүртэл зүрх өвддөг, цочдог болсон. Жолооч нь яагаад 40-50 км/цаг-ийн хурдтай явж болоогүй юм бол гэж бодоод жолоочид гомдолтой байна. Шижир авто угаалгын камерийн бичлэгийг тухайн үед нөгөө талын хүмүүс ирээд аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-60-63/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....ы гэрчээр өгсөн: “Миний хүү ...ийн хувьд энэ осолд өртөхөөс өмнө 65 кг орчим жинтэй байсан байх. Өндөр нь 170 см, туранхай биетэй байсан. ...Миний хувьд өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтэд дурдсан асуудлыг шалган шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь бүрэн бус байсан учраас тэр асуудлыг шалгаж өгөхийг хүсч байна. Мөн Шижир авто угаалгын газар маш олон камертай байсан бөгөөд хэрэг гарсны маргааш 3 бүдүүн залуу ирээд камерийн бичлэгийг нь хуулбарлаад флашийг нь аваад явсан гэж тэр угаалгын газрын жижүүрээр ажиллаж байсан хүн манайханд хэлсэн байсан. Ер нь энэ асуудлыг сайн шалгаж энэ хүмүүс нь ...нөгөө талын Цагдаагийн хүмүүс л байх гэж бодож байна. Тэр хүмүүсийг шалгаж өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-14-15/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2018.07.06-ны өдрийн 1445 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Талийгаач С....-н цогцост гавлын баруун чамархай, суурь яс, дагз яс, ухархайн дээд ханын хугарал, тархины зулай, чамархай суурь хэсгийн аалзан хальсан дахь цус харвалт, тархины суурь хэсгийн тархины эдийн няцрал, хуйханд цус хуралт, уушгины няцрал, 2 нүдний дээд доод зовхи, баруун шанаанд цус хуралт, баруун шанаанд няцарсан шарх, зулгаралт, дух, өвдөг, сарвуу, цээжинд зулгаралт, баруун гуянд няцарсан шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Учирсан гэмтлүүдийн үүсгэгдсэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.Талийгаачид архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Талийгаач С.... нь гавлын баруун чамархай, суурь яс, дагз яс, ухархайн дээд ханын хугарал, тархины зулай, чамархай суурь хэсгийн аалзан хальсан дахь цус харвалт, тархины суурь хэсгийн тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаач С....ийн цогцост 2018.06.27-ны 02,00-д үзлэг хийхэд нас бараад 2-3 цаг орчим болсон байна. 6.Талийгаачийн цусны бүлэг задсан тул бүлэг тогтоох боломжгүй байна. 7.Шүүх химийн шинжилгээгээр цусанд 1,6 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-113-116/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.06.29-ний өдрийн 6868 дугаар дүгнэлтэд: “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Тодорхойгүй 30 орчим” гэж хаягласан СО2489415 дугаартай хуруу шилтэй цусанд 1,0 промилли спиртийн агууламж илрэв. 3.Цусанд 1,0 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-106/,

Шинжээч Б.Цогбаярын: “Надад ирсэн дээжээс 1,6 промили спиртийн агууламж илэрсэн. Тухайн архи нь хүний ходоодноос цусанд шимэгдэх процесс нь ихсэж болно. Хүний уусан архи ходоодонд, ходоодноос цусанд ордог. Тэр цуснаас авсан дээжинд шинжилгээ хийдэг. Эхний цусны дээж авснаас хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа нас барсан бол нас барах хугацаа хүртэл бодисын солилцоо явагдаж байгаа учраас хэмжээ нь ихсэх боломжтой...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-80-81/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын шинжээчийн 2018.08.30-ны өдрийн 57158 дугаар дүгнэлтэд: “1.Уг автомашины урд хоёр дугуйн тоормосны хүчний хэмжээ, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны хүчний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Харин хойд тоормос, баруун урд дохио, дуут дохио, урд шил баруун доод буландаа хагархай, урд шилний баруун багана хонхойсон, урд копуд баруун урд хэсгээрээ тунарсан, баруун зүүн гар талын урд их гэрлийн хол, ойрын тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна. Автомашины тоормосны аппарат, явах анги, шил арчигч, дугуй, толь, жолооны механизм эвдрэл, гэмтэлгүй байна. 2. Уг тээврийн хэрэгслийн хойд тоормос зогсоогүй нь тоормосны мөр уртасгах байдлаар, харин урд их гэрлийн хувьд жолоочид үзэгдэх орчин хязгаарлах байдлаар нөлөөлөх боловч уг осолд хэрхэн нөлөөлснийг нарийн тодорхойлох боломжгүй. Харин бусад эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байх боломжтой байна. 3. Уг тээврийн хэрэгсэл нь 2018 оны 5 дугаар сарын 23-нд Монгол терминал буюу хувийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна...” гэжээ /1 дүгээр хавтас, хх-127-133/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2018.09.09-ний өдрийн 456 дугаар дүгнэлтэд: “1. “KIA RIO” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалт “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ.” а “хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах:”, 5.3 дахь заалт “Гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, эргэх дохио бохирдсон, асахгүй буюу бүдэг асдаг:” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч С.... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дахь заалт “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а\ явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэргийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах: г\ “өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.” гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.07.06-ны өдрийн 1445 дугаар дүгнэлтээр шүүх химийн шинжилгээгээр цусанд 1,6 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэжээ. 3.Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зураг зэрэг нотлох баримтаар үндэслэн ...жолооч Э.... нь зогсоох арга хэмжээ авсан байна. 4. Уг зам тээврийн осол нь хэний буруутай үйлдлийн улмаас гарсан нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тогтоогдох тул хариулт өгөх боломжгүй байна. 5. Осол болсон зам нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4 дэх заалт “Суурин газар” - 5.3, 5.5 тэмдгээр тэмдэглэгдсэн, хүн ам төвлөрч суурьшсан нутаг дэвсгэр гэсэн тул суурин газрын замд хамаарна. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 дахь заалт Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. “Авто тээврийн үндэсний төв”-ийн 57158 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “KIA RIO” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд тоормос зогсоогүй нь тоормосны мөр уртасгах байдлаар гэх тул уг тээврийн хэрэгслийн хурд тогтоогдох боломжгүй байна. 6. “Авто тээврийн үндэсний төв”-ийн 57158 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дугаар асуултын 2 дугаар хариултаар хариулагдсан” гэжээ /1 дүгээр хавтас, хх-138-140/,

Шинжээч М.Галбадрахын: “...Манай ашиглаж байгаа багаж нь зөвхөн холын гэрлийг шалгадаг. Ойрын гэрлийг шалгах багаж байдаггүй. Ойрын гэрлийг асааж үзээд асаж байгаа эсэхийг нь шалгадаг. Дүгнэлтийн хуудсан дээр шалгагдаагүй учраас цаанаасаа автоматаар “0” гэсэн тэмдэглэгээ гарч ирдэг. ...Тоормосны аппарат нь бүрэн бүтэн боловч энэ машины тухайд хойд талын тоормос нь барихгүй байсан. Аппаратан дээр шалгахад хойд тоормосны аппаратан дээр даралт өгч байгаа боловч дугуйгаа зогсоож чадахгүй байсан. Тэгэхээр хойд тоормос ажиллагаагүй гэж хэлж болохгүй. Ажиллаж байгаа боловч зогсоож чадахгүй байна гэсэн үг. Түүнийг нарийн ийм шалтгаанаар тоормос нь барихгүй байгааг манайх тогтоох боломжгүй. Эд ангиудыг салгаж, задалж үзэж байж тогтоох боломжтой. ...Энэ ослоос шалтгаалж тоормос эвдэрсэн зүйл байхгүй гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-205-206/,

Гэрч Г.Батхүүгийн: “Тухайн өдөр би ...Баянхошууны хөтөлийн замаар явж байхад цагдаагийн 3-4 машин зам дээр зогссон байсан. Би тухайн үед хувийн ажилтай явж байсан боловч сэтгүүлч хүнийхээ хувьд юу болсон талаар тодруулахаар ...гар утсаа асаагаад бичлэг хийж эхэлсэн. Эхлээд би тэр хэрэг гарсан талаар мэдээгүй байсан. Эхний тааралдсан туранхай өндөр залуугаас юу болсон талаар тодруулахад “цагдаагийн машин хүн дайрсан байна” гэсэн. Ертөнцийн зүгээр баруун талд нь хэргийн газрын хамгаалалтанд ажиллаж байсан цагдаа нар намайг бичлэг хийхээ болихыг шаардсан. Миний ойлгосноор тухайн зам тээврийн осол гаргасан цагдаагийн алба хаагчийн ар гэрийн хүмүүс юм уу гэж ойлгогдсон хүмүүс илт эсэргүүцээд намайг бичлэг хийлгэхийг хориглож бичлэгийг авч устгахыг оролдсон. Би тэр хүмүүст “би сэтгүүлч хүн, албан үүргийнхээ дагуу бичлэг хийх эрхтэй” гэдгээ хэлж байсан. Тухайн цагдаа нь болохоор намайг тухайн хэргийн газраас холдохыг шаардсан. Тухайн бичлэгийг хийгээд явж байхад цагдаагийн бүрэлдэхүүний машинд нэг цагдаа хувцастай ердийн биетэй залуу сууж байсан. Тэр залуугийн хувьд их сандарсан байдалтай харагдаж байсан. Тухайн үед би явган хүний зам дээрээс бичлэг хийж, харин тэр цагдаа залуу 2 дугаар эгнээнд байрлах цагдаагийн машинд сууж байсан. Намайг бичлэг хийж байхад хөөгөөд байсан учраас би нөгөө талаар тойроод дахиад бичлэгээ хийх гэхэд цагдаа нар дайраад бичлэг хийлгэхгүй, миний утсыг авах гээд дайраад байсан. Орой 19 цагийн мэдээгээр цацсан санагдаж байна. Тухайн мэдээг гаргахаас өмнө нь Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Баатархүүтэй утсаар холбогдоход намайг тухайн үеийн Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Бөхбаттай холбож өгсөн бөгөөд Бөхбат дарга манай телевиз дээр очиж ярилцлага өгсөн. Ингээд би мэдээгээ болон Бөхбат даргын ярилцлагатай хамт мэдээ болгож цацсан. Тэр мэдээ нь манай телевизийн фэйсбүүк хуудсан дээр тавигддаг болохоор нилээд их хандалт авсан байсан. Тэгэхэд Цагдаагийн эрх ашгийг хамгаалах холбооны Алтанбаатар, Наранбямба гэдэг хүмүүс над руу чиглэсэн байдалтайгаар дайрсан. Тэгэхээр нь би Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Баатархүүтэй холбогдож энэ талаар хэлснээс хойш байдал намжсан болохоор би тэр хүмүүсийг зохион байгуулалттай тийм үйл ажиллагаа явуулсан юм болов уу гэж хардсан. Ингээд тэр бичлэг гарснаас хойш бараг нэг жилийн дараа буюу 2019 оны 06 дугаар сард энэ машинд мөргүүлж нас барсан залуугийн ээж нь гээд ... гэдэг хүн ахынх нь хамт ирж уулзсан. “Манай хүүгийн осолд орсны дараах үеийн бичлэг танд байдаг гэж байна, бид нар тусламж хүсч явж байна” гэсэн. ...Хохирогчийн ар гэрийнх нь хүмүүс флаш диск авч ирэхээр нь тухайн мэдээгээ хуулбарлаж өгсөн. Манай TV4 mongolia гэсэн хаягт байгаа мэдээнийхээ бичлэгийг хуулбарлаж өгсөн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-67-70/,

Гэрч Р.Цээлхагвын: “...Тухайн өдөр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Насанбатын өгсөн үүргийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны нутаг дэвсгэрт гарсан зам тээврийн ослын талаарх ач холбогдол бүхий дүрс бичлэг байгаа эсэхийг тодруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны нутаг дэвсгэр буюу ослын газрын ойр орчмын аж ахуйн нэгж байгууллагын камерын бичлэгийг шалгаж ажилласан. Хэрэгт ач холбогдол бүхий дүрс бичлэг бичигдсэн байх боломжтой “Хөтөл”, “Цагаан болор” гэх 2 аж ахуйн нэгжийн камерын бичлэгт үзлэг хийсэн. Үзлэгээр уг зам тээврийн осол болсон газрын ертөнцийн зүгээр баруун хойд хэсэгт “Хөтөл” гэх нэртэй авто угаалгын газар байсан. Уг авто угаалгын газрын баруун дээд буланд, өөрөөр хэлбэл зам тээврийн осол болсон газар луу чиглэсэн байрлалд камер суурьлуулсан байсан. Уг камерийн бичлэгийг шүүж үзэхэд 22 цаг 14 минутанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байснаа ертөнцийн зүгээр зүүн талаас тусгай дуут гэрлэн дохио анивчуулсан тээврийн хэрэгсэл явж байгаад зогссон /тухайн дүрс бичлэгийн камерийн цагаар 22 цаг 14 минут / бичлэг бичигдсэн байсан тул тус газрын эзэн Ч.Эрдэнэтөгөлдөрийг байлцуулан дээрх дүрс бичлэгийг хуулбарлан авсан. Тухайн дүрс бичлэгийн төхөөрөмжийн цаг зөрүүтэй байсан тул илтгэх хуудсанд тусгасан. Мөн зам тээврийн осол болсон газрын замын эсрэг тал буюу ойролцоогоор 80-100 орчим метрийн зайд байрлах “Цагаан болор” авто угаалгын газрын камерийн бичлэгийг шүүж үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий дүрс бичлэггүй байсан тул тус газрын эзэн М.Эрдэнэбаатарыг оролцуулан бичлэгийг хуулбарлан авч, илтгэх хуудсанд тусгасан. Түүнчлэн зам тээврийн осол болсон газрын ойр орчимд байрлах аж ахуйн нэгж камерийн бичлэгт үзлэг хийхэд хэрэгт ач холбогдол бүхий дүрс бичлэг байгаагүй. Зарим нэг газрын камер ажиллахгүй, ослын газраас хэт алслагдсан зайтай байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-92-94/,

Гэрч Н.Тэлмэнгийн: “...Найз ...өөс зам тээврийн ослын талаар сонссон. ... ярихдаа талийгаачийг 1 хүний хамт явж байсан гэсэн тул найздаа тусалж, уг хүнийг олох зорилгоор зам тээврийн осол болсон газрын ойр орчим байрлах нийтийн байрны хүмүүсээс тодруулж, асуусан боловч мэдэхгүй байсан. Миний хувьд камерийн бичлэгт үзлэг хийсэн, хуулбарыг авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-97-99/,

Гэрч А.Алтансүхийн: “...2018 оны 5 дугаар сард нэгдсэн журмаар үзлэгт орж тэнцсэн. Ер нь намайг жолоодож явж байх хугацаанд тоормосны ажиллагаа бүрэн бүтэн байсан. Би энэ машиныг хамгийн сүүлд осол гарахаас нэг хоногийн өмнө жолоодож явж байсан. 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр постонд гарахдаа машинаа хүлээлгэж өгсөн. Би энэ ...улсын дугаартай Kia Rio маркийн машины түлхүүрийг хэлтсийн жижүүр дээр үлдээгээд постондоо гарсан. Ер нь энэ машиныг төр засгийн болон зочдын хамгаалалтанд л унадаг байсан. Ахлах байцаагч болон даргатай хамт байнга явдаг бөгөөд ямар нэгэн байдлаар тоормос эвдэрсэн зүйл ерөөсөө гарч байгаагүй. Бүх дугуйны тоормос хэвийн ажиллагаатай байсан. Мөн хол ойрын гэрэл ч гэсэн зүгээр байсан. ...Уг нь сарын өмнө оношлогоонд орсон тээврийн хэрэгсэл, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. ...Бүрэн бүтэн байдал болон машинуудыг угааж цэвэрлэсэн байдал, дуут дохио, галын хор, эмийн сан, запас дугуй, тусгай дуут дохио, дуу гаралт зэргийг нь үзэж шалгадаг. Тоормосны бүрэн бүтэн байдлыг шалгадаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-193-195/,

Гэрч Т.Түвшинбаатарын: “...2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр албаны Киа Рио маркийн ...улсын дугаартай автомашиныг хэлтсийн дарга Н.Сумъяагийн зөвшөөрлөөр Улаанбаатар хотод засвар хийлгэж байсан автомашинаа үзэж, шалгах, Замын цагдаагийн албанд очиж ажил амжуулах зэрэг ажлаар дэд ахлагч Э....ийн хамт авч явсан. Хотод 20-21 цагийн хооронд орж ирсэн. Тэгж байтал хэлтсээс “маргааш болох дүүргийн баяр наадмын бэлтгэл өглөө 06 цагт зохион байгуулагдана, 06 цагаас өмнө алба хаагчдаа хариуцсан газруудад бэлэн байлгах хэрэгтэй” гэсэн мэдээллийг хэлтсийн жижүүрийн ахлах Г.Алтансүх утсаар хэлсэн. Тэгэхээр нь бид 2 буцъя гэж ярилцсан. Би 21 цаг өнгөрч байхад би Тэнгис кино театрын хойно байдаг гэрийн үүдэндээ буугаад, ... Баянхошуунд байдаг гэр лүүгээ явчихаад буцаж ирэхээр болоод явуулсан. Гэртээ байж байтал 22 цагийн үед ... “даргаа би хүн мөргөчихлөө” гээд ярихаар нь хэргийн газарт буюу Баянхошууны Хөтөлийн замд яваад очиход манай машин аваараа асаачихсан замын 2 дугаар эгнээнд зогсож байсан. Сонгинохайрхан дүүргийн замын цагдаа болон хөдөлгөөнт эргүүл ирчихсэн байсан. Мөргүүлсэн хүн нь байгаагүй, 103 аваад явсан байсан. ...Уг мөргүүлсэн хүн нь тэр шөнөдөө эмнэлэгт очоод нас барсан байсан. ...Манай хэлтэст нийт 12 тээврийн хэрэгсэл байдаг, үүнээс манай тасагт 2 тээврийн хэрэгсэл байдаг. Хэлтсийн хэмжээнд автомашин хариуцдаг албан тушаалтан байхгүй. Манай тасагт цагдаа жолооч гэсэн албан тушаал, алба хаагч нар ээлжлээд хэрэглэдэг. Киа Рио маркийн ...улсын дугаартай автомашиныг 2013 онд шинээр нь авсан байдаг. Манай автомашинуудын хувьд шороон замаар их явдаг тул амархан эвдэрдэг. Дээрх Киа маркийн машиныг 2018 оны хавар явуулын оношилгоонд оруулж замын хөдөлгөөнд оролцож болно гэсэн дүгнэлт авч байсан. Миний хувьд удирдлагын зүгээс машины дуут дохио, гэрэл ажиллаж байна уу, цэвэрхэн байна уу гэх хяналтыг тавихаас зориулалтын багаж хэрэгсэл байхгүй тул эд ангийг нь нарийн үзэж шалгаад байдаггүй. Туршлагаараа л энэ тэрийг нь сольж, засварлая гэдэг...

...Тухайн машин дээр тогтсон цагдаа жолооч гэж байхгүй болохоор манай зохицуулагч цагдаа нар, мөн би өөрөө тэр машиныг ажил гарсан үед жолоодоод явдаг. ...... нь ВС ангиллын жолооны үнэмлэхтэй. Цагдаа нарын хувьд нарийн мэргэжлийн техникийн мэдлэгтэй хүмүүс биш. Харин туршлагаараа л ямар эвдрэл гэмтэл гарав гэдгийг тогтоогоод бололцооныхоо хэрээр засварлаад явдаг юм. ...Бид нарын хувьд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож болон зорчиж явахдаа энгийн нүдээр харахад гэмтэлтэй байна гэсэн зүйл мэдэгддэггүй байсан. Нарийн багажаар байнга хэмжээд байх боломж байхгүй. Ослын өөрчлөлт гарсан байхыг үгүйсгэхгүй. ...Тоормосууд бүрэн ажиллагаатай байсан. 2018 оны 05 дугаар сард энэ машины амартизатор, явах эд ангиудын пүрш, жийрэг резин, свече зэргийг бүгдийг нь солисон. 5 дугаар сарын 23-ны өдөр оношлогоонд орсон. ...Тоормос гэмтэлтэй байсан бол би тэр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байсан. Тоормос барихгүй байх ямар ч шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-100-101, 190-192/,

Гэрч Ц.Мөнхжаргалын: “Энэ машиныг 2017 оны 5 дугаар сараас хойш миний нэр дээр бүртгэж хэлтсийн даргын тушаалаар баталгаажуулж өгсөн. Албан ёсоор энэ машиныг Алтансүх цагдаа-зохицуулагчийн нэр дээр хэлтсийн даргын тушаалаар өгсөн байсан бөгөөд Алтансүхийн эхнэр нь төрөх гээд машин барихгүй гэсэн болохоор миний нэр дээр тушаал нь өөрчлөгдөж гарсан. Тухайн өдрийн эргүүлд гарч ажиллаж байгаа цагдаа-зохицуулагч болон замын зохицуулагч нарын ажилтай нь тухайн машиныг тасгийн даргын зөвшөөрлөөр жолоодож явдаг. ...Миний нэр дээр бүртгэлтэй байдаг ч би тэр машиныг байнга жолоодно гэсэн утгаар биш, ямар ч байсан тэр машиныг үзлэг, засвар үйлчилгээ хийхэд хариуцах эзэнтэй байлгах гэсэн үүднээс хариуц гэж даргын тушаал гарсан. Гол нь машины арчилгаа, өнгө үзэмжийг хариуцах ёстой. ...Ер нь машины хойд тоормос нь сул барьдаг байсан. Энэ талаар ч хэлээд шинэ наклад солиулж байсан бөгөөд мөн л тийм сайн барихгүй байсан. Тухайн үед миний хувьд шинэ тавьсан наклад нь хужаагийнх болохоор барьцалдах чадвар муутай юм байна гэж бодож байсан. Түүнээс урд тоормос хэвийн ажиллагаатай байсан. ...Долоо хоног бүрийн даваа гарагт хэлтсийн тасгийн дарга нар бүх тээврийн хэрэгслүүдийг үзэж шалгадаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-196-198/,

Гэрч А.Баасанхүүгийн: “...Kia Rio маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл ...Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч А.Алтансүх нь хамгаалалтын үед дээрх тээврийн хэрэгслийг жолоодож байдаг. ...Манай хэлтэст 7 хоног бүрийн Даваа гарагт тасгийн дарга нар нэгдсэн рапортын дараа хэлтсийн бүх машиныг шалгадаг. Эргүүл, жижүүрт гарах машинуудыг бүгдийг нь шалгадаг бөгөөд тухайн хүмүүс нь болохоор техникийн мэдлэгтэй гэдэг утгаараа биш машинд байх ёстой тусгай хэрэгсэл, дагалдах хэрэглэлүүд болон машины өнгө үзэмжийг шалгадаг. Би тухайн үед шалгуулсан эсэхээ санахгүй байна. ...Тухайн тээврийн хэрэгсэл нь унаж явахад зүгээр л байдаг байсан. Тоормос, гэрэл зэрэг нь зүгээр байсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэл ажиглагдаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-199-201/,

Гэрч О.Будсүрэнгийн: “Манай хэлтсийн тасгийн дарга нар 7 хоног бүрийн даваа гарагт рапортын дараа хуваарийн дагуу цагдаагийн хэлтсийн харъяаны бүх автомашинуудыг үзэж шалгадаг. Гол нь машины өнгө үзэмж, тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтууд бүрэн эсэх, дугуйны элэгдэл, гэрэл дохио бүрэн бүтэн эсэх, мөн тоормос бүрэн ажиллагаатай байгаа эсэхийг шалгаж илтгэх хуудсаар хэлтсийн даргад танилцуулж, цаашид авах арга хэмжээгээ тодорхойлдог.  ...Би жолоочоор тоормосыг нь шалгуулсан. 4 дугуйны тоормос нь ажиллагаатай байсан. Шороон зам дээр тоормослуулахад ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос нь ажиллагаатай байсан. Тэр машиныг яг өөрийн биеэр шалгаж үзсэн. ...Би Замын цагдаагийн албанд 2008 оноос 2016 он хүртэл замын цагдаагийн байцаагч, тасгийн дарга зэрэг ажлуудыг 10 орчим жил хийсэн. Тийм болохоор техникийн талаар мэдлэг туршлагатай. 1995 оноос “жолооч, машин тэрэг барьж байна, шалгаж байгаа асуудал нь болохоор ямар ямар тээврийн хэрэгсэл нь ямар эвдрэл гэмтэлтэй байна, ямар засвар үйлчилгээ хийх шаардлагатай вэ” гэдгийг тогтоох зорилгоор нэг бүрчлэн үзэж шалгадаг. ...Хэрэв тухайн үед буфер хагархай байсан бол хагархайгаар нь бичих ёстой. Яг тухайн намайг шалгах үед ямар байсан байна, би яг түүгээр нь бичдэг. Дотооддоо хийж байгаа хяналт шалгалт, түүнийг хамгаалаад байх ямар ч шаардлага байхгүй учраас би яг үнэн зөвөөр нь бичсэн байгаа...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-184-186/,

Гэрч Э.Түмэндэлгэрийн: “...Энэ машин нь манай байгууллагад 2013 оны 9 дүгээр сард Замын цагдаагийн газраас хуваарилагдаж ирсэн. 2016 оноос эхлэн засвар үйлчилгээ хийгдэж эхэлсэн. Засвар үйлчилгээ хийсэн талаар машины хувийн хэргийг нь би авчирсан байгаа. Энэ хувийн хэрэг дээр 2018 оны 6 дугаар сарын 06-нд Эй Эм Кэй ХХК-ийн дансанд 820.150 төгрөгийн сэлбэг авч бүрэн засвар үйлчилгээнд орсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-187-189/,

Гэрч Н.Сумъяагийн: “Энэ машин нь Замын цагдаагийн тасгийн ганц ажил төрөлд явдаг. Манай нутаг дээгүүр төрийн өндөр албан тушаалтнууд байнга зочилж явдаг учраас хамгаалалт хийх шаардлагаас үүдээд тухайн өдрийн үүрэг гүйцэтгэж байгаа бүх алба хаагчид тухайн машиныг унаж хэрэглэдэг. Мөн долоо хоног бүрийн даваа гарагт тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгуулдаг бөгөөд миний хувьд Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Түвшинбаатар, Захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч О.Будсүрэн нараар гол төлөв тээврийн хэрэгслийг шалгуулах ажлыг хийлгэдэг. ...Машины өнгө үзэмж, бүрэн бүтэн байдал, шаардлагатай тусгай хэрэгсэл байгаа эсэх, эвдрэл гэмтэл, тос тосолгоо, асаалт гэх зэргээр шалгах ёстой юу л байна бүгдийг нь үзэж шалгадаг. ...Ер нь тухайн шалгалтын гол үзлэг бол тоормосны системийг шалгадаг. Түвшинбаатар нь Замын цагдаагийн албаны дүгнэлт гаргах эрхтэй алба хаагч бөгөөд түүний хэлсний дагуу сэлбэг хэрэгслийг олгодог. Манай хашааны хувьд машин явуулаад тоормослуулах зай талбай байхгүй учраас хажуугийн шороон хэсэг дээрээ шалгадаг. Тоормосыг машин үзэх бүртээ шалгадаг бөгөөд тоормос муудсан тохиолдол болгон дээр шаардах бичиж, үзлэгийн тэмдэглэлээ хавсаргаж мөнгө гаргаж сэлбэгээ авдаг учраас тоормосгүй гаргана гэсэн ойлголт байхгүй. Тоормосгүй машиныг хэзээ ч ажилд гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-174-175/,

Иргэний хариуцагч Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн төлөөлөгч Л.Чинбатын: “Манай байгууллагаас дээрх хэргийн улмаас нас барсан талийгаачийн ар гэрт нь тусламж үзүүлээгүй. Хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Э.... нь оршуулгын зардалд найман сая нэг зуун мянган төгрөг өгсөн гэсэн. Өөр төлбөр мөнгө өгсөн талаар мэдэх зүйл байхгүй байна. ...Одоогоор энэ асуудлаар байгууллагын зүгээс ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа. Манай байгууллагын хувьд төсөвт ямар нэгэн төлбөр төлөх мөнгө төгрөг суусан зүйл байхгүй учраас гаргаж өгөх боломжгүй. Харин шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд шийдвэрийг биелүүлэх талаар арга хэмжээ авч ажиллах болно” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-78-79/,

Шинжээч Л.Гансүхийн: “...Энэ дүрмийн заалт нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт буюу 2 дугаар хавсралтын 5.3 дугаар зүйлд “Гэрэл дохио, асдаггүй буюу бүдэг асдаг, бохирдсон гэсэн заалт байгаа. СХД-ийн Авто тээврийн үндэсний төвийн шинжээч нарын дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл нь стандарт шаардлага хангахгүй байгаа нь тээврийн хэрэгслийн жолоочид харах орчинг хязгаарлах байдлаар зам тээврийн осолд нөлөөлнө гэсэн байх тул дээрх 2 дугаар хавсралтын 5.3 дахь заалтыг зөрчиж байна гэж үзсэн. ...Зам тээврийн осолд тоормосны мөр уртасгах байдлаар нөлөөлнө гэж дүгнэлтэнд тусгасан. Энэ нь тухайн тээврийн хэрэгслийн хойд тоормос ажиллагаатай байсан бол тоормосны мөр богиносно. СХД-ийн Авто тээврийн үндэсний төвийн шинжээч нарын дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслийн хойд тоормос ажиллаагүй гэж гаргасан бөгөөд энэ нь дээр хэлсэн зам тээврийн осолд тоормосны мөр уртасгах байдлаар нөлөөлнө гэж дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг үндэслэн би гаргасан. Яг тухайн тээврийн хэрэгсэл дээр тоормосыг нь шалгасан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-82-84/,

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн шинжээчийн 2019.01.21-ний өдрийн 12/38 дугаар дүгнэлтэд: “1.Хавтаст хэрэгт авагдсан материалаас үзэхэд Киа Рио загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.... нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтын “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч С.... нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтыг зөрчсөн байна. 3.Хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд (4-р хуудас) “уг автомашины баруун талын дугуйны тоормосны мөрний урт 13.2 м... зүүн талын дугуйны тоормосны мөрний урт 16.5 м”, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (6-р хуудас) зэрэг баримтаас үзэхэд Киа Рио загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь зогсоох арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлтэй байна. 4.Уг зам тээврийн осол нь хэний буруутай үйлдлийн улмаас гарсан болоход техникийн шинжээч хариулт өгөх боломжгүй. Харин явган зорчигч С.... нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь тухайн осол хэрэг гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна.  5. ...дугаартай тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөж тодорхой зайнд шидсэн байх тул уг хавтаст хэргийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд үндэслэн уг автомашины явсан байж болзошгүй хурдыг энерги хадгалагдах хуулийг ашиглан 55.,3 км/цаг гэж тодорхойлъё. 6. Уг автомашин нь өвлийн буюу Blizzak дугуйтай байсан нь тоормосны мөр урт болоход нөлөөлөхгүй. Харин “хойд тоормос зогсоогүй” гэснийг тухайн шинжээчдийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулсан байх тул бид хариулт өгөх боломжгүй. Шороон зам дээр автомашины тоормосыг үнэлгээ өгөх хэмжээнд нарийвчлан шалгах боломжгүй...” гэжээ /2 дугаар хавтас, хх-135-138/,

Шинжээч Д.Бадрахын: “...Тухайн автомашины хүн мөргөх үедээ ямар хурдтай явсныг тодорхойлдог томъёо нь Оросын Холбооны Улсын эрдэмтдийн гаргасан шинжлэх ухаанаар батлагдсан хүнийг мөргөөд цааш нь шидэхэд ямар хэмжээний энерги зарцуулагдах, энэ энергиэс шалтгаалаад автомашины хурд хэрхэн буурах, ямар хэмжээгээр буурах вэ гэдгийг тодорхойлдог. Тодорхой өгөгдлүүдийг өгөөд томъёонд оруулж бодож хариуг нь гаргадаг. Ингэж бодоход ...дугаартай машин 55,3 км/цаг-ийн хурдтай явсан байна гэсэн дүгнэлт гаргасан. ...Хохирогч нь нилээд залуу туранхай хүн байсан. Өндрийн хэмжээнээс нь 100-г хасаж дундаж утгыг авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-142-143/,

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн 5 шинжээчийн 2019.02.28-ны өдрийн 12/48 дугаар дүгнэлтэд: “1.Тээврийн хэрэгслийн хойд тоормос болон урд их гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан байдал нь зам тээврийн осол болоход нөлөөлөх боломжтой. Тухайн ослын хувьд дээрх техникийн бүрэн бус байдал нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. 2.Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан ...техникийн зөрчилтэй автомашин ...3.5 заалт “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан.” ашиглахыг хориглоно гэснийг зөрчсөн байна. Энэ нь осолд нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй. 3. Жолооч Э.... нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтын 5.2 заалт “хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан.” тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно гэснийг зөрчсөн байна. 4. Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.3.а-д зааснаар “замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан нь: а/ стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралтад заасан техникийн гэмтэлтэй ...тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” үүрэгтэй. 5.Хавтаст хэргийн 219-р хуудсанд байгаа Монгол Терминалын техникийн хяналтын үзлэгийн хуудсанд их гэрлийн тусгалын хувьд стандарт хангасан, тоормосны хүчний үзүүлэлтийн хэмжилт нь бичигдээгүй байна. Үзлэгийн дүнгээр тэнцсэн гэж дүгнэгдсэн байна. 6.Явган зорчигчийн биеийн жингийн хэмжээ хурд тодорхойлоход онцгой нөлөөлөх үзүүлэлт биш тул өмнөх шинжээчийн дүгнэлтэнд хийсэн тооцоог үндэслэлтэй гэж үзэж байна. 7.Жолооч Э.... нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 8.Жолооч Э.... нь Замын Хөдөлгөөний дүрмийн 2.3 Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”... гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй” гэжээ /2 дугаар хавтас, хх-164-166/,

Гэрч Б.Баасанжавын: “...Нар жаргах гэж байх үед манай гэрт найз Жамц ирсэн. Жамц талийгаач ...тэй утсаар яриад, нэг их удалгүй ... ирсэн. Бид 3 хамтдаа 2,5 литрийн пиво хувааж ууцгаагаад нэг их удалгүй Жамц, ... 2 “Баянхошуу орно, хамт ажилладаг ахындаа очно” гээд явсан. ...Би Жамцтай утсаар ярьчихаад Баянхошуу явж, Жамцын хэлсэн айлд очиход нийтийн байрны 2 өрөөнд Жамц, талийгаач ..., танихгүй ах эгч нар байж байсан. Намайг уг айлд байж байгаад гарахад талийгаач ... уг айлын ахтай маргалдаж, хоорондоо хэрэлдээд зууралдаад байхад нь Жамц тэр 2-ыг салгаад ...ийг өмөөрөөд “больцгоо” гээд байсан. Хэсэг хугацааны дараа тэр 2 дахин барьцалдах үед талийгаач ..., танихгүй ах 2 нэг нэгийгээ цохиж, танихгүй ах ...ийг өшиглөхөд газар унасан. ... босоод хойшоо зам хөндлөн гарч, ертөнцийн зүгээр зүүн зүгт гүйсэн. Тэгснээ буцаж зам хөндлөн гараад ертөнцийн зүгээр зүүн зүг рүү замын урд талаар гүйж байгаа харагдсан. Би Жамцад “гэртээ харьлаа” гэж хэлчихээд замын урд талаар зүүн зүгт ...ийн явсан чиглэлд явж байтал замын хойд талд зам тээврийн осол гарсан байсан. Очоод хартал зам дээр цагдаагийн алаг тэрэг зогссон, ... машины урд талд хэвтэж байсан. Би цагдаагийн алаг тэрэгний жолооч цагдаагаас “энэ хүн яасан юм бэ, машинд мөргүүлсэн юм уу” гэхэд жолооч цагдаа “би мөргөсөн” гэж хэлсэн. Удалгүй түргэн тусламж ирж ...ийг авч явсан. Би буцаж нөгөө айлдаа очоод Жамцыг асуухад “байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ харьсан.

...Хамгийн анх тэр хохирогчийн ар гэрийн хүмүүс надтай утсаар холбогдоод Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр уулзсан. Талийгаачийн ах, эгч хоёр, Жамц бид дөрөв уулзсан. Талийгаачийн ах, эгч хоёр нь өөрсдөө асуулт асуугаад “тэгсэн юм уу, ингэсэн юм уу” гээд асуугаад байсан. Би “тийм, үгүй” гээд л хариулсан. Харин би тэр хүмүүст цагдаагийн машин сигналдаад хурдтай явсан талаар юу ч яриагүй. Би угаасаа энэ машинд мөргүүлсэн асуудлыг нь хараагүй гэдгээ хэлсэн. Тэр хүмүүс ер нь надаас тулгаж асуугаад байсан. Би ч тэгж асуугаад байхаар нь сандарсан.

...Намайг тэнд байх хугацаанд ямар ч телевизийн хүмүүс зураг аваагүй. ...Талийгаач бид нарын очсон айл болохоор замын урд талдаа, нүүрний эгнээнд нийтийн байранд байдаг айл байсан. Тэр айлын эзэн нь талийгаачийг зодсон бөгөөд зодоон нь яг замын хажуу талд болсон. Талийгаач түрүүлээд зам хөндлөн гараад хойшоо явчихсан. Тэр үед айлын эзэн намайг мөн зодох гээд байсан. ...ийг зам хөндлөн гараад явахыг би харсан. Түүнээс хойш харагдаагүй бөгөөд би зам гараагүй замын урдуур замаа дагаад явж байсан. Тэгэхэд автобус зогссон байсан бөгөөд такси барих гээд явж байхад хүмүүс бөөгнөрсөн байхаар нь очиж харахад тэр осол болсон байсан. ......ийг явснаас хойш би тэр гэрийн эзэн ахтай хэрэлдээд нилээд удаан зогссон. 10 гаран минут болсон байх.

...Эхлээд ...ийг гэрийн эзэн ахаас салгахад шууд хойшоо зам хөндлөн гүйгээд гарсан. Замын хойд талд гарчихаад нэг их удаагүй зүүн тийшээ явж байгаад эргээд замын урагшаа гараад мөн зүүн тийшээ гүйгээд явчихсан. Яг тэр үед айлын эзэн нь над руу дайраад Жамц түүнийг хориглоод аваад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-89-91, 3 дугаар хавтас, хх-10-13/,

Гэрч Б.Жамцын: “2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ...... над руу “залгаад миний цалинг өгөхгүй гэж байна, чи хаана байгаа юм бэ, яваад очъё” гэхээр нь би байгаа газраа зааж өгөөд ...тэй Эх нялхас дээр уулзсан. Бид 2 манай найз Баасанжавын гэрт 1 том савалгаатай пиво уучихаад байж байтал ... “Санжмятав ахын гэрт очъё” гээд Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, Хөтлийн ...нийтийн байранд очсон. Санжмятавын гэрт очиход хүнгүй байсан. Хажуу талынх нь эгч болох танил Чука эгчийн өрөө рүү ороод дахиж нэмж 2 пиво аваад бид нар уусан. Талийгаач ... өрөөнөөс гараад явсан. Нэг мэдсэн хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь би гарч хартал ... Санжмятавын өрөө рүү орчихсон тэр 2 хоорондоо маргалдаж байсан. Би “юу болоод маргалдаад байгаа юм бэ” гэж асуутал Санжмятав ах надад “Пүрэвдоржийг цалинг нь өгөхгүй гэж байна, чи авч өг гээд над руу давшлаад байна” гэсэн. Би гараад Чука эгчийн өрөө рүү ороод байж байтал ... Санжмятав 2 гадаа гарчихсан хоорондоо барилцаад авчихсан зогсож байсан. Санжмятав ах ...ийг нэг удаа гараараа цохитол газар унаад Санжмятавын хөлнөөс бариад автал Санжмятав өшиглөсөн. Би салгаад Санжмятавын гэр лүү оруулчихаад буцаад гараад иртэл ..., Баасанжав 2 гадаа байхгүй явчихсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-251, 2 дугаар хавтас, хх-1/,

Гэрч Л.Энхсайханы: “Би С.... гэж хүнийг мэдэхгүй. Энэ хүн манай байгууллагад ажилд орох хүсэлт гаргаад 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн өдрөө зааварчилгааны хяналтын хуудас бичүүлж авсан бөгөөд тухайн өдрөөсөө ажлаа хийж явсан. С.... нь арматурчин албан тушаал дээр ажиллаж байсан бөгөөд нас барахаасаа өмнө 2 хоног ажилдаа ирээгүй. Түүний найз нөхөд нь манайд ажиллаж байсан бөгөөд найз нөхдөөс нь осолд орж нас барсан талаар мэдээд ажил явдалд нь оролцсон. Компаниасаа мөнгөн тусламж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-182-183/,

Шүүгдэгч Э....ийн яллагдагчаар өгсөн: “2018 оны 6 дугаар сарын 26-ны ...20 цагаас ажлаасаа буугаад хэлтэс дээр байхад манай тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Түвшинбаатар нь Улаанбаатар хот руу явна гэсэн учраас би даргыг хүлээж байгаад хамт явчихъя гээд хэлсэн. 20 цаг 45 минут болж байхад Түвшинбаатар дарга бид хоёр хот руу явсан. Налайхаас гарахдаа дарга машинаа барьж явсан. 22 цагийн орчим би Нийслэлийн Цагдаагийн газрын баруун талд буусан. Намайг Эх нялхсын орчим автобусанд явж байхад тасгийн дарга Түвшинбаатар залгаад “маргааш өглөө эрт ажилтай болсон, би буцаад явах болчихлоо, чи цуг явах уу” гэхээр нь би “тэгье” гэтэл Түвшинбаатар дарга “тэгвэл чи машин аваад гэртээ харьж хувцсаа солиод хоол ундаа идэж уучихаад эргээд хүрээд ир” гэхээр нь би Эх нялхсын автобусны буудал дээр буугаад такси бариад ...даргаас машины түлхүүр авсан. ...Баянхошуу өгсөж зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад миний машины урдуур гэнэт хүн гараад ирсэн. Тэгэнгүүт нь би тоормос гишгихэд урдуур орж ирсэн залуу машины баруун урд талын буферт цохигдож унасан. Тэр залуу машинд цохигдоод унахтай зэрэгцээд машин зогссон. Буугаад мөргүүлсэн хүн дээр очиход толгойноос нь цус гоожсон байсан. Тэгэнгүүтээ 103, 102 дугаарын утсанд дуудлага өгсөн.

Би маш их сандарсан байсан, юу ч хийхээ мэдэхгүй шахам зогсоод байсан. Нөгөө мөргүүлсэн хүн ч гэсэн ёо ёо гэснээс өөрөөр ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн мөргүүлсэн хүнээс архи үнэртэж байсан. Тэгж байтал 103 дугаарын машин ирсэн. Тэгж байгаад хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн үзлэг хийсэн. Үзлэг хийгээд дууссаны дараа Гэмтлийн эмнэлэг дээр очиход нь намайг хамт дагуулж яваад эмнэлэг рүү оруулаагүй. Тэд нар тэндээсээ шүүх эмнэлэг дээр намайг дагуулж ирээд миний биеэс шинжилгээнд зориулж цус авсан. Тэнд надаас тайлбар аваад дуусахад үүрийн 05 цаг болж байсан. Буцаад 06 цагт Замын цагдаагийн газарт очсон. ...Тэр машины тоормос, гэрэл нь зүгээр байсан. Гэрэлний хувьд тийм бүдэг биш, сайн л тусаж байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-51-54/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хх-3-13/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-27/, жолоочийн үнэмлэхний хуулбар /1 дүгээр хавтас, хх-38/, ажлын үнэмлэхний хуулбар /1 дүгээр хавтас, хх-39/, хүний биеэс дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-41, 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-51/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1 дүгээр хавтас, хх-52/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-53/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 дүгээр хавтас, хх-56/, мөрдөгчийн санал /1 дүгээр хавтас, хх-57/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-73/, автомашин, шатахууны зөвшөөрлийн хуудас, маршрут, илтгэх хуудас /1 дүгээр хавтас, хх-75-79/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018.06.29-ний өдрийн 6866 дугаар “...2. Шинжилгээнд ирүүлсэн “Э....” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-110/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-146/, Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2018 оны тушаал /1 дүгээр хавтас, хх-160/, Э....ийн ажил байдлын тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-161-162, 163-164, 196-170/, шүүгдэгчийн дипломын хуулбар /1 дүгээр хавтас, хх-222/, шинжээчийн 2018.10.16-ны өдрийн 5701 дүгээр дүгнэлт /1 дүгээр хавтас, хх-203-204/, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын 2018.04.04-ний өдрийн Б/11 дүгээр тушаал /1 дүгээр хавтас, хх-229/, амь хохирогчтой холбоотой баримтууд /1 дүгээр хавтас, хх-242-246/, хохирлын тооцоо, баримтууд /2 дугаар хавтас, хх-7-8, 10-67/, мөрдөгчийн тогтоол /2 дугаар хавтас, хх-77/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-145-154/, гэрч Ц.Ганзоригийн мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-177-179/, мөрдөгчийн 2019.04.24-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” санал /2 дугаар хавтас, хх-241/, хохирлын мөнгө өгсөн баримтууд /2 дугаар хавтас, хх-247/, гэрч С....ийн мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-16-17/, гэрч Э.Чинзоригийн мэдүүлэг /3 дугаар хавтас, хх-18-19/, шийтгэлийн хуудас /3 дугаар хавтас, хх-37 ар/, амь хохирогчийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /3 дугаар хавтас, хх-66/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтас, хх-72-73/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,

мөн хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “...” ХХК-ийн тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.01-ний өдрийн 155/ШШ2019/00359 дүгээр шийдвэр, тэжээгчээ алдсаны тэтгэврийн дэвтэр, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн иргэний нэхэмжлэл зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хойд баруун дугуйн тоормос барихгүй байсан нь тогтоогдсон. Бүрэн байсан бол тоормос гишгихэд тээврийн хэрэгсэл зогсох боломжтой байсан. Жолооч гэж хэн бэ гэдгийг дүрэмд заасан байгаа. Хэн нэгэн өмчлөгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж авчирдаггүй. Харин хохирол, төлбөрийн асуудал дээр л өмчлөгч яригдана. Үйлдэл, үр дагавартаа болгоомжгүй ханддаг. Жолооны ард суусан бол бүрэн бүтэн байдлыг хянах, хангах үүрэгтэй. Тоормосны мөр уртасгаж нөлөөлнө гэж шинжээч дүгнэсэн. Гэрлийн тусгал алдагдсан нь харах боломжийг ойртуулж нөлөөлсөн гэж байгаа. Иймд гэм буруутайд тооцуулах саналтай. Оршуулгын зардлын дутуу төлбөр 2,2 сая төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа тул гаргуулах үндэслэлтэй. Гэрчүүдийн хувьд амь хохирогчийг ажлаасаа гарсан байсан мэт эргэлзээтэй мэдүүлсэн тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж өгнө үү...” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Байгууллага энэ осол гарахад их нөлөөлсөн. Мөнхжаргалд уг машиныг хариуцуулсан. Түвшинбаатар ажлын бус цагаар, ямар ажлаар Улаанбаатарт унаж орж ирсэн нь тогтоогдоогүй. Явуулын оношилгоогоор тоормос, гэрэл шалгаагүй, бүрэн бус байдлыг шалгаагүй. Урд дугуй стандарт хангаагүй, хойд дугуй огт ажилладаггүй, гэрэл стандарт хангаагүй байгаа. Сонгинохайрхан дүүргийн автотээврийн үндэсний төвийн дүгнэлтэд дурдсан. Тээврийн цагдаагийн албаны дүгнэлтэд “дүрмийн заалт зөрсөн” талаар мөн дурдсан. Шинжээч Гансүхийн мэдүүлэгт мөн нөлөөлсөн гэсэн. Бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд “нөлөөлнө” гэж дүгнэсэн. Нэг талыг барьж шалгаж байсан тул удаа дараа гомдол гаргасан. “Шижир” авто угаалгын газрын камерийг шалгаж өгөөгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай. Амь хохирогч ажил эрхэлж байсан, зөрүүг тооцож нэхэмжлэл гаргасан“ гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Амь хохирогч гарцгүй газраар гүйж гарч ирсэн нь нотлогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Санаатай үйлдэл тогтоогддоггүй. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өмчлөгч, ашиглагч хариуцна гэж хуульд заасан байгаа. ... бол өмчлөгч нь биш. ...өд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив, субъектив талыг хангахгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Жолооч зөвшөөрөгдсөн хурдтай явж байсан. Гэрлийн тусгалыг багаж ашиглаж шинжээч нар дүгнэсэн. Хүн болгон тэгэж үзэх боломжгүй. Энэ талаар шинжээч нар хэлээгүй. Дугуйн хээ өөр байсан нь осолд нөлөөлөөгүй гэж үзэж байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү”,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Прокурорыг дэмжиж байна. Гомдолтой байна” гэж тус тус дүгнэлтээ танилцуулав.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.... нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны замд буюу “Шижир” авто төвийн арын замд 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 22 цаг 34 минутын орчимд Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн эзэмшлийн “Kia Rio” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 5.2 дахь “хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан тээврийн хэрэгсэл ашиглахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч 25 настай С....ийг мөргөж, амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Э....ийн “Kia Rio” маркийн ...улсын дугаартай бүрэн бус /тоормосны аппарат нь бүрэн бүтэн боловч хойд талын тоормос нь барихгүй, дугуйгаа зогсоож чадахгүй байсан, урд их гэрлийн хол, ойрын тусгалын чадал стандартын шаардлага хангаагүй/ тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч С....ийг мөргөж, амь насыг хохироосон болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хүний амь нас хохироосон гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд амь хохирогчийн оршуулгын зардалд хэрэгт авагдсан баримтууд /2 дугаар хавтас, хх-7-8, 10-67/-аар 14,702.554 төгрөг тогтоогдсоныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан байна.

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн эзэмшлийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтас, хх-143-144/-ээр 870.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож улмаар тус цагдаагийн хэлтсийн 2018.10.31-ний өдрийн 30/3619 дүгээр албан бичиг /1 дүгээр хавтас, хх-227/-т “Э.... хохирлоо бүрэн барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй”  гэснийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзлээ.

Түүнчлэн сэтгэл санааны хохирлын хэр хэмжээг тогтоох, хэрхэн, яаж тооцон гаргуулах талаар Эрүүгийн хууль, бусад хууль тогтоомжоор тодорхой зохицуулаагүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....ы “Гэм хор учруулсны төлбөрт амь хохирогч ажил эрхэлж өдрийн 40.000 төгрөг, сарын 1.200.000 төгрөгийн цалинтай, өрхийн нэг гишүүнд хуваавал гишүүн бүрт 400.000 төгрөг ногдох ба үүнээс тэжээгчээ алдсаны тэтгэмж 174.000 төгрөгийг хасаж, үлдэх 226.000 төгрөгийг сар тутам төлөх зөрүү гэж ойлгоно. Иймд амь хохирогчийн хүүхдийг 18 нас хүртэл олгох төлбөр болох 48.816.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Амь хохирогч “...” ХХК-д бетон арматурчин мэргэжлээр өдрийн 40.000 төгрөг, сарын 1.200.000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс авахаар ажилладаг талаар тухайн байгууллага тодорхойлолт /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/ ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тухайлбал гэрч Л.Энхсайханы “С.... нь ажилд орох хүсэлт гаргаад 2018.06.09-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. ...Нас барахаасаа өмнө 2 хоног ажилдаа ирээгүй. Найз нөхдөөс нь осолд орж нас барсан талаар мэдээд...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-182-183/, гэрч Б.Жамцын “...6 дугаар сарын 26-ны өдөр манайд ажиллаж байгаад гарчихсан ... “Цалин буусан уу, буусан бол үлдэгдэл цалингаа авах гэсэн юм” гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-251/, гэрч Г.Пүрэвдоржийн “... нь манай компанид 2018 оны 5 дугаар сард ажилд ороод 10 гаран хоног ажилласан бөгөөд цалинг нь өгсөн. 5 дугаар сарын 30, 31-ний өдрийн цалинг нь ажил тасалсан тул өгөхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-2-3/-үүдээс дүгнэхэд хаана ямар аж ахуйн нэгж, байгууллагад хэдий хугацаагаар ажиллаж, хэдэн төгрөгийн цалин, хөдөлмөрийн хөлс авч байсан нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “...нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно...” гэж заасан байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт дутуу, хэрэгт авагдаагүй зэргээс нэхэмжлэлийн тооцоо гаргах бололцоогүй байна гэж шүүх дүгнэн хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж байна.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулах саналтай..” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байсныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь тогтоогдсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж өгнө үү” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “Прокурортой санал нэг байна” гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдолтой байгаа” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас гэмт хэрэг үйлдсэн, явган зорчигч болох амь хохирогч явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний амь нас хохирсон, нотлох баримтын хүрээнд хохирол төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Гомдолтой” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг тус тус харгалзан шүүгдэгч Э....өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг дээрх үндэслэлээр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, 7.1 дүгээр зүйл нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор, мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болохоор тус тус зохицуулсан ойлголт юм. Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан хуулийн дээрх зохицуулалтуудыг шүүгдэгч Э....өд хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй болно.   

Хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Э....ийн жолоочийн B ангиллын 696615 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD, 2 ширхэг флаш зэргийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.... урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигин овогт ...ийн ...ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, нэг хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Э....өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э....өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.  

5. Хэрэгт хураагдан ирүүлсэн шүүгдэгч Э....ийн жолоочийн B ангиллын 696615 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD, 2 ширхэг флашийг хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.... урьдчилан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С....ы нэхэмжлэлийн шаардлагаас “Сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.... нь тэжээгчээ алдсантай холбоотой болон гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э....өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э....өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Л.БААТАР