Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00022

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 637 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 118 дугаар магадлалтай,  

Б.М-ын нэхэмжлэлтэй,

Т.Ц-д  холбогдох,     

Зээл, зээлийн хүү 9.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Т.Ц-ийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч  Т.Ц-, өмгөөлөгч И.А,  нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Ц- нь манай эхнэрийн үеэл эгч нь юм. Хариуцагч Т.Ц- манай эхнэр бид хоёроос маш чухал мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлүүлээч гэсэн. Гэтэл бид хоёрт бэлэн мөнгө байхгүй гэхэд малчны зээл авчих, би хүүтэй нь төлөөд буцаагаад өгнө гэсэн. Тэгээд би Хаан банкнаас 8.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар малчны зээл авсан. Би мөнгө зээлж авсан даруйдаа хариуцагч Т.Ц-ийн Хаан банкны данс руу шилжүүлж мөнгөө зээлсэн. Одоо болтол нэг ч төгрөг төлөхгүй байна. Иймд, зээлүүлсэн 8.000.000 төгрөг, банкнаас авсан хүү 1.600.000 төгрөг, нийт 9.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч  Т.Ц-  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М гэх хүнийг огт танихгүй, мөнгөний туслалцаа гуйж байгаагүй. Б.Мын эхнэр болох П.Алтанчимэг нь 2014 оны 5 дугаар сард надтай утсаар ярьж 2 хүний зээл төлөөд өгөөч өдөртөө бэлэн мөнгийг чинь өгье гээд П.Атархүү, П.Алтанчимэг нарын Төрийн банкны дансанд мөнгө хийлгэсэн. Тэгээд би мөнгөө нэхээд П.Алтанчимэгийнд очсон. Тэгэхэд би нөхөртөө хэлээд малчны зээл авахуулчлаа, таны дансанд мөнгө хийчихлээ гэсэн. Тэгээд 2014 оны 5 дугаар  сарын 13-ны өдөр Б.Мын дүүгийн нөхөр П.Атархүүд 3.327.300 төгрөг, эхнэр П.Алтанчимэгт 3.850.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэд хэлэхдээ орой нь буцаан төлнө гэж авсан. Б.Мын эхнэр П.Алтанчимэг манай хамаатан юм. Түүнтэй өмнө нь холбоогүй байж байгаад 2014 оны 02 дугаар сараас эхлэн холбоотой болсон юм. Тэгээд түүний гуйлтаар өөр хүмүүст мөнгө бас зээлүүлж байсан. Б.Мын эхнэр П.Алтанчимэг нөхөртөө юу гэж хэлж байж миний мөнгийг авч өгсөн гэдгийг би мэдэхгүй. 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр миний дансруу 7.900.000 төгрөг хийчлээ гээд Хаан банкнаас Д.Алтанчимэг, Б.Ээсүрэн нар гарч ирсэн. Одоо П.Алтанчимэг бид нарын хооронд тооцоо байхгүй. Иймээс би өөрийн зээлсэн мөнгөө буцаан авсан бөгөөд Б.М гэх хүнийг огт танихгүй, түүнээс мөнгө зээлсэн асуудал огт байхгүй. Малын үнэ гэж баримтанд бичсэн байсан, би түүнээс мал авсан ч асуудал байхгүй.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 637 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Ц-ээс 7.900.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 1.700.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 141.350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-ад олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 118 дугаар магадлалаар, хариуцагч Т.Ц-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 637 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 гэснийг ...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар... гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141.350 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Т.Ц- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлал хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй гэж хяналтын журмаар гомдол гаргав. Үүнд,

Давж заалдах шатны шүүх миний 2017 оны 6 дугаар сарын 13-нд гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэн Б.М надад мөнгө зээлээгүй нь анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 637 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж зээлийн харилцаа үүсээгүй гэж үзснээр нотлогдоно. Гэвч шүүхийн магадлалд "Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд зээл авах талаар амаар болон бичгээр тохирсон хүсэл зоригийн илэрхийлэл хийгдээгүй" гэсэн байтлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь ойлгомжгүй, нотлох баримтыг ташаа авч үзлээ. Б.М над руу санамсаргүй мөнгө хийсэн, би хүний мөнгийг хууль бусаар авч хөрөнгөжсөн асуудал байхгүй маань дараах үйл явдлаар нотлогдоно.

Б.М гэгчийг одоо хүртэл хараагүй, мэдэхгүй танихгүй, түүнд би дансаа өөрөө өгөөгүй түүнээс хууль бусаар мөнгө авч хөрөнгөжих хэрэгцээ шаардлага огт байхгүй. Харин Б.М 2014 оны 6 дугаар сарын 05-нд 7.900.000 төгрөгийг "Малын үнэ" гэж шилжүүлсэн нь утга агуулгаараа ч тэр төлбөр төлж байгааг илэрхийлсэн явдал тодорхой ойлгогдох бөгөөд түүний эхнэр П.Алтанчимэгийн 2014 оны 5 дугаар сарын 13-нд надаас авсан 3.850.000  төгрөг, Б.Мын төрсөн дүү болох Б.Ээсүрэнгийн нөхөр П.Атархүүгийн авсан 3.327.300 төгрөгийг буцаан өгсөн асуудлыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хуульд нийцэхгүй. Б.Мын эхнэр П.Алтанчимэг, Б.Мын төрсөн дүү Б.Ээсүрэн нар малчны зээлээ дараад дахин зээл авсан өдөр нь мөнгийг буцаан өгье гэж тэд дансаа өгч 2014 оны 5 дугаар сарын 13-нд дээр дурдсан мөнгөнүүдийг би шилжүүлсэн байж яахаараа 2014  оны 6 дугаар сарын 05-нд буюу 20-иад хоногийн дараа П.Алтанчимэгийн нөхөр Б.Маас мөнгө үндэслэлгүй хөрөнгөжих гэж авах хэрэгцээ шаардлагагүй, илт ойлгомжгүй юм. П.Алтанчимэг надаас өөрөө зээлсэн болон нөхрийнхөө дүү Б.Ээсүрэнгийн нөхөр П.Атархүүгийн данс руу орсон мөнгийг төлөхөөр нөхөр Б.Мад хэлж, Б.Ээсүрэн нь миний дансыг өгсөн нь дараах  үйл явдлаар батлагдана.

Б.Ээсүрэн Цагдаагийн газар 2016 оны 3 дугаар сарын 14-нд мэдүүлэхдээ "...манай нөхөр П.Атархүүгийн малчны зээл болох 3.327.300 төгрөг, миний ах Б.Мын эхнэр П.Алтанчимэгийн малчны зээл 3.850.000 төгрөгийг төлөх болсныг дахин Т.Ц- эгчээр хийлгэж авсан нь үнэн. 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр би ах Б.М-тай ярихад Т.Ц-ээс авсан мөнгөө төлөх шаардлага байна ... ах Б.М тэр өдөр малчны зээл авсан... би өөрөө Т.Ц- эгчийн хаан банкны 5675353178 тоот дансыг ах Б.Мад өгсөн. Манай ах Б.М нь 7.900.000 төгрөг Т.Ц- эгч рүү шилжүүлсэн байсан... Тийм ойлголцсон байсан юм" гэснээс үзэхэд Б.Мад төрсөн дүү нь хэлж давхар нотлогдож байна.

П.Алтанчимэг /Б.М-ын эхнэр/ Цагдаагийн газар 2016 оны 4  дүгээр сарын 07-ны мэдүүлэхдээ: "... 2014 оны 5 дугаар сарын 13-нд малчны зээлэнд 3.800.000 төгрөг төлөх байсан юм... Зээлээ төлөх болохоор... Б.Ээсүрэн миний төрийн банкны малчны зээлийн дансыг 2014 оны 5 дугаар сарын 13-нд Т.Ц-д өгөөд миний зээлийг хийлэгсэн" гэхээс үзэхэд Б.Мын эхнэр П.Алтанчимэг 3.800.000 төгрөгийг Т.Ц-д өгөх нь тодорхой байна.

Б.М Цагдаагийн газар 2016 оны 3 дугаар сарын 14-нд мэдүүлэхдээ: "2014 оны 6 дугаар сарын 05-нд би малчны зээл 8.000.000 төгрөг авсан. Эхнэр П.Алтанчимэг Б.Ээсүрэнгээр чам руу данс явуулсан наад дансандаа хий гэхээр нь би Т.Ц- гэдэг хүний нэрээр ...шилжүүлсэн юм" гэх нь Б.М надад хууль бусаар мөнгө шилжүүлээгүй, Б.М өр төлсөн баримтыг ашиглан "мөнгө зээлсэн" гэхчлэн хууран мэхэлж надаас 7.900.000 төгрөг залилж байна. Түүний төрийн цагдаагийн газар хэлсэн үг үнэ цэнээ алдахгүй бөгөөд хууль бусаар надаас мөнгө нэхэмжилж байгаа үйлдэл өөрийн яриагаар үгүйсгэгдэж илэрч байгааг онцлон анхаарна уу.

Нийт надаас зээлийн хүү гэж 9.600.000 төгрөг нэхээд байгаа нь худал яриад байгааг илэрхийлнэ. Б.Мын дүү Б.Ээсүрэн 2016 оны 8 дугаар сарын 31-нд хууль сануулан шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Б.Мыг Т.Ц-д мөнгө зээлүүлсэн асуудал байхгүй Т.Ц-ээс эхнэр нь авсан болон өөрийн нөхөр Б.Мыг мөнгө шилжүүл гэж хэлсэн талаар тов тодорхой дурдсан байгаа. Хууль сануулаагүй албан тушаалтан нь буруутай болохоос түүний мэдүүлэг бодитой юм. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 145 тоот тогтоол нь Б.Мын эхнэр П.Алтанчимэг түүний төрсөн дүү П.Ээсүрэн нар Т.Ц-ээс мөнгө зээлж авсан, түүнийг төлөх ёстойг нотолж байгаа бөгөөд П.Ээсүрэн Б.Мын шилжүүлсэн мөнгийг оролцуулсан тул үлдэгдэл мөнгө 7.000.000 гаруй төгрөгийг Т.Ц-д төлөөгүй байгааг 145 тоот прокурорын тогтоолд дурдсан байдаг. Хэрэв Б.Мын шилжүүлснийг тооцоогүй бол 16.000.000 гаруй төгрөг төлөхөөр байсан. Би П.Алтанчимэг П.Ээсүрэнгийн нөхөр П.Атархүү нарт зээлсэн мөнгийг амархан буцаан авч байгаа хэрэг биш тэд мөнгө өгөхгүй утсаа тасалж зугтаад би олон удаа унаа хөлсөлж зардал гарган очиж бөөн хэрүүл маргаан болж байж авсан. Б.М намайг үндэслэлгүй хөрөнгөжүүлэхийн тулд биш эхнэр Т.Алтанчимэг, дүү Б.Ээсүрэнтэй тохиролцсоны үндсэн дээр бусдын өмнөөс үүрэг гүйцэтгэж мөнгө шилжүүлсэн нь тов тодорхой.

Нөгөө талаар П.Алтанчимэг шүүхэд 2017 оны 5 дугаар сарын 31-нд өгсөн мэдүүлэгтээ,  энэ мөнгийг Т.Ц-д би зээлсэн юм гэгчлэн хэлдэг. Түүний яриа тогтворгүй, худал яриад зөрүүтэй байдгийг анхаарна уу. Миний ярьсан зүйл бодитой үнэн маань хэрэгт явагдсан үйл баримттай нийцэж байхад тэд хууль бусаар гуйвуулж байгааг анхааран үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                      ХЯНАВАЛ:

            Б.М, Т.Ц-ээс зээлийн гэрээний үүрэгт 9.600.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч, хариуцагчаас буцаан шаардах эрхтэй гэж үзэж  7.900.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх  хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

            Хариуцагч Т.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

            Нэхэмжлэгч Б.М ХААН банкин дахь 5684054881 тоот  данснаас “малын үнэ “ утгаар 7.900.000 төгрөгийг хариуцагч Т.Ц-ийн данс руу шилжүүлсэн баримтыг  нэхэмжлэлийн үндэслэл болгосон, хариуцагч Т.Ц- “...Б.Мын эхнэр П.Алтанчимэг, түүний дүү П.Атархүү нарын Төрийн банкнаас авсан зээлийг төлсөн, энэ мөнгийг буцаан Б.Мын данснаас шилжүүлэн өгсөн..., зээл аваагүй” гэж тайлбарлаж талууд мэтгэлцсэн байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүрэгтэй.

            Нэхэмжлэгч Б.М зээл өгсөн гэх боловч  түүний гаргасан “малын үнэ“ гэх утгаар 7.900.000 төгрөг Т.Ц-ийн дансанд шилжүүлсэн  баримт, хариуцагч Т.Ц-ийн  уг мөнгөөр  П.Алтанчимэг, П.Атархүү нарын зээлийг төлсөн гэсэн тайлбар, нотлох баримтаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Ийм нөхцөлд  нэхэмжлэгчийн эхнэр П.Алтанчимэгийн “Т.Ц-д мөнгө зээлдүүлсэн” гэх гэрчийн мэдүүлэг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон ач холбогдолтой эргэлзээгүй баримт болж чадахгүй.

            Иймд, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул  анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцээгүй гэж дүгнэв.

            Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүйг давж заалдах шатны шүүх  хуульд нийцүүлэн дүгнэсэн хэдий ч хариуцагч Т.Ц-ийг  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

        Нэхэмжлэгч Б.М хариуцагч Т.Ц-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлэлээ тодорхойлоогүйгээс гадна хариуцагч  Т.Ц- “ ...Б.Мын эхнэр П.Алтанчимэг, түүний дүү П.Атархүү нарын Төрийн банкнаас авсан зээлийг төлсөн, энэ мөнгийг буцаан Б.Мын данснаас шилжүүлэн өгсөн..., зээл аваагүй” гэж тайлбарлан, П.Алтанчимэг, П.Атархүү нарын Төрийн банк ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлсэн баримтыг гаргасан байна. Энэ тайлбар, баримтыг хариуцагч үгүйсгээгүй чадаагүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 637 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 118 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Т.Ц-ээс 9.600.000 төгрөг гаргуулах Б.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Т.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                          Г.АЛТАНЧИМЭГ