Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/01580/И |
Дугаар | 00029 |
Огноо | 2017-01-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-18-53 тоотод оршин суух Галсан овогтой Наранцогтын /ФА-58032060 / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-7-23 тоотод оршин суух Жаргалсайхан овогтой Цогзолмаад /ФВ-83081329 / хариуцагдах орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Наранцогт,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Г.Наранцогт хариуцагч Ж.Цогзолмаад холбогдуулан орон сууцаа буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Г.Наранцогт нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би хүү Баатарзоригийг Цогзолмаатай гэр бүл болохоор нь 2014-03-20-нд 6-18-53 тоот байрыг бэлэглэлийн гэрээгээр бэлэг болгон өгсөн.Гэтэл 2014 оны 06 сард Цогзолмаа ах дүү аав нартайгаа ирээд өөрийн гэсэн бүх зүйлээ аваад явсан байсан.Үүнээс хойш 2 жил эргээд ирэх байх гээд хүлээж байлаа.2016 оны 05 сард Цогзолмаагийн аав Жаргалсайхан манайд ирээд энэ 2 хүүхэд цаашид амьдрахгүй боллоо.Хүүхдийг нь би өөрийн нэр дээр болгож авах гэсэн юм.Иймд Баатарзоригоос зөвшөөрөл авч өгөөч, мөн гэрчилгээг хаячихсан тул гэрчилгээг нь авч өгөөч гэсэн.Тэгэхээр нь гэрчилгээний мөнгийг төлөөд шинээр гэрчилгээг нь гаргуулаад өгсөн.Ингээд та 2 амьдрахгүй болсон бол би байраа буцааж авая гэхэд би хүүхдээ 18 нас хүртэл байрны талаар ярихгүй гэсэн.Энэ бол надад хүнд цохилт, муухай доромжлол болсон.Шалтгаан нь, би 2008 оноос хойш чихрийн шижин өвчтэй болсон,хүнд үедээ байнгын эмчилгээ асаргаа сувилгаа хэрэгтэй болсныг Цогзолмаа сайн мэдэж байгаа учраас намайг ингэж доромжилж гомдоосон.Иймд миний байрыг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний бие 6-18-53 тоот 1 өрөө байрыг 1992-2013 он хүртэл өмчилж амьдарч байсан.Би хүү охин 2-той.Хүү Баатарзориг насанд хүрч 2013 онд найз охинтой болж хүүхэдтэй болсон.Хүүхэдтэй болсон тул би 2013 оны 9 сарын 20-нд бэрдээ хадаг тавьж гэртээ авчирсан.Сайхан амьдарцгаагаарай гээд байрны түлхүүрээ өгсөн.Байраа бэлэглэсэн.Энэ 3 сайхан л амьдарч байсан.Нэг удаа бэр гэр рүүгээ явсан байсан.Ээж аавтай нь уулзаж авчирсан.Гэтэл 2015 оны 6 сард маргалдацгаагаад Цогзолмаа өөрийн гэсэн бүх зүйлээ аваад явсан байсан.Би мэдээгүй байсан.Түүнээс хойш тусдаа амьдарч байна.Би Цогзолмааг 2-3 удаа очиж гуйсан.Гэртээ хариач гэж.Танай хүүтэй уулзахгүй,нагац эгч мэднэ гэж хэлсэн. Аавтай нь хүртэл уулзсан.Энэ 2 хоёулаа намайг гомдоосон.Энэ байр бол энэ 2-ны хөрөнгө биш.Ганц хүүгээ гэр бүлтэй боллоо сайхан амьдараасай гэж бэлэглэсэн.Охин минь амь үрэгдсэн.Миний бие муу байна.Байрандаа амьдармаар байна.Цогзолмааг явсанаас хойш би байрандаа амьдарч байна.2008 оноос Далх-Очиртой хамт амьдарч байгаа болно.Энэ 2 хүн хоёулаа намайг гомдоосон тул би байраа буцааж авъяа.Баатарцогт Цогзолмаа нар гэрлэлтээ батлуулаагүй гэжээ.
Хариуцагч Ж.Цогзолмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Наранцогтын тайлбартай таннлцлаа. Түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.А.Баатарзориг бид хоёр гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай байсан бөгөөд гэр бүлийн харилцаа дуусгавар болж хамтран амьдруулахгүй гэсэн хүсэл А.Баатарзориг болон Г.Наранцогт нарт байжээ гэж би дээрх нэхэмжлэлийг уншаад ойлголоо.А.Баатарзориг нь намайг зодож гэрээсээ хөөсөн тул би гэртээ очиж чадахгүй байдалд хүрсэн . Ингээд А.Баатарзоригийг гэр бүлийн амьдрал хүүхдийнхээ талаар цаашид яах талаар надтай уулзах байх гэж хүлээсэн ч уулзаагүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад надтай амьдрах хүсэлгүй байгаа юм байна гэж ойлгож хүүхдийн тэтгэвэр болон дундын өмчлөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлүүлэхээр шүүхэд 2016.11.21-нд хандлаа. А.Баатарзориг бид хоёр хамт амьдарсан болохоор орон байр өгсөн агуулгатай нэхэмжлэл бичжээ.Г.Наранцогт бодит байдалд байрыг миний охин Б.Саран-Эрдэнэг хорвоод мэндэлж, ач охинтой боллоо гэж түүнд зориулж өөрийн нэр дээрх байрыг бэлэглэж байсан.Ингээд охин Саран-Эрдэнэ болон А.Баатарзориг миний нэрийг оролцуулан байрны өмчлөлийг шилжүүлж байсан. Г.Наранцогт нь буцааж байраа авья гэж надад хандаж байгаагүй атлаа ханаж байсан мэт нэхэмжлэл гаргажээ. Баатарзориг намайг зодож орон гэрээс хөөснөөс хойш ирж уулзаж байгаагүй. Харин миний аав учир байдлыг нь олох санаатай 1 удаа Г.Наранцогттой очиж уулзаж байсан, тэдний хооронд ямар яриа болсныг мэдэхгүй.
|
Намайг зодож хөөснөөс хойш нэг удаа гэртээ очтол намайг дахин хөөсөн. Гэрт нь амьдарч байгаа бололтой чемодантай хувцас байсан бөгөөд мөн шкаб газарт тухайн эмэгтэйн эд зүйл байсан. Ингээд энэ байдлын талаар тодруултал хамаатны хүн байгаа чамд хамаагүй гэсэн. Надтай амьдрах хүсэлгүй би өөрийн эд зүйлээ авья гэсэн.Гэтэл өгөхгүй гэсэн. Ингээд өнөөдрийг хүртэл Баатарзориг ямар бодолтой байгааг нь мэдэхгүй байсан бөгөөд цаашид амьдрах эсэхээ ярилцах байх гэж бодож байсан. Гэтэл ээжийнх нь нэхэмжлэлтэй танилцаад амьдрахгүй юм байна гэж ойлголоо. Г.Наранцогтын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс гаргаж нэхэмжлэлд хавсаргасан ам бүлийн тодорхойлолт, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, итгэмжлэл зэргийг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Наранцогт хариуцагч Ж.Цогзолмаад холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож орон сууцаа буцаан авах тухай шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.
Нэхэмжлэгч Г.Наранцогт өөрийн хүү А.Баатарцогтыг хамтран амьдрагч болон хүүхэдтэй болсон тул өөрийн өмчлөлийн орон сууцаа 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр хүү Баатарзориг болон Ж.Цогзолмаа,охин Б.Саран-Эрдэнэ нарын өмчлөлд шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох ньзохигчдын тайлбар,бэлэглэлийн гэрээ,орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон.Энэ талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгч “...2013 оны 9 сарын 20-нд бэрдээ хадаг тавьж гэртээ авчирсан.Сайхан амьдарцгаагаарай гээд байрны түлхүүрээ өгсөн.Байраа бэлэглэсэн.Энэ 3 сайхан л амьдарч байсан.Нэг удаа бэр гэр рүүгээ явсан байсан.Ээж аавтай нь уулзаж авчирсан.Гэтэл 2014 оны 6 сард маргалдацгаагаад Цогзолмаа өөрийн гэсэн бүх зүйлээ аваад явсан байсан.Би мэдээгүй байсан.Түүнээс хойш тусдаа амьдарч байна.Би Цогзолмааг 2-3 удаа очиж гуйсан.Гэртээ хариач гэж.Танай хүүтэй уулзахгүй,нагац эгч мэднэ гэж хэлсэн. Аавтай нь хүртэл уулзсан.Энэ 2 хоёулаа намайг гомдоосон”гэж нэхэмжлэлээ үндэслэсэн. Мөн нэхэмжлэлдээ “...2016 оны 05 сард Цогзолмаагийн аав Жаргалсайхан манайд ирээд энэ 2 хүүхэд цаашид амьдрахгүй боллоо.Хүүхдийг нь би өөрийн нэр дээр болгож авах гэсэн юм гэж ирсэн”гэжээ.
Зохигчдын тайлбараар,байрны өмчлөгч А.Баатарцогт хамтран өмчлөгч Ж.Цогзолмаа нар 2013 оны 9 сараас уг байранд хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан 2014 оны 6 сараас тусдаа амьдарч байгаа болох нь тогтоогдож байна.
Хэргийн 9-р хуудаст авагдсан Бэлэглэлийн гэрээний 7-д: Нэмэлт нөхцөл:Хүү Баатарзориг гэр бүл болж тусдаа гарч байгаа тул гал голомтоо залгуулж байна” гэж бэлгийн зорилгыг заасан байна.
Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн байраа хүү Баатарзоригтоо “гэр бүл болж тусдаа гарч байгаа тул гал голомтоо залгуулж байна” гэсэн зорилгоор бэлэглэсэн ч бэлэг хүлээн авагч нар гэрлэлтээ батлуулж баталгаажуулж бэхжүүлээгүй,тусдаа амьдараад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн ч хэн алин нь хамтын амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачилга гаргаагүй,улмаар Цогзолмаагийн аав нь охин Саран -Эрдэнийг өөрийн нэр дээр болгох гэсэн юм” гэж ирсэн зэрэг нь бэлэглэгч Г.Наранцогтыг гомдоосон ноцтой үйлдэл мөн гэж дүгнэх үндэслэлтэй. Бэлэглэгчийн бэлгийн зорилго биелэгдээгүй ба энэ нь бэлэг хүлээн авагчийн үйлдлээс болсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар бэлэглэлийг хүчингүй болгохоор шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчийн тайлбараар, А.Баатарцогт хамтран өмчлөгч Ж.Цогзолмаа нар 2013 оны 9 сараас уг байранд хамтран амьдарч байгаад хоорондын таарамжгүй харилцаанаас шалтгаалан 2014 оны 6 сараас тусдаа амьдарсан,2015-2016 онд Наранцогт нь удаа дараа Цогзолмаатай уулзаж “Баатарзоригтой эргэж нийлэхийг хүсэж” байсан, 2016 оны 5 сард Цогзолмаагийн аав нь “охин Саран -Эрдэнийг өөрийн нэр дээр болгох гэсэн юм”гэж хандсан зэргээс бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх 2016 оны 5 сард үүссэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...Ингээд та 2 амьдрахгүй болсон бол би байраа буцааж авая гэхэд би хүүхдээ 18 нас хүртэл байрны талаар ярихгүй гэсэн.Энэ бол надад хүнд цохилт, муухай доромжлол болсон” гэж тайлбарласан ба А.Баатарцогт нь уг байрыг бусдад худалдах,бэлэглэх бүрэн эрхийг Г.Наранцогтод олгосон итгэмжлэл олгосон нь хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэгч Ж.Цогзолмааг хариуцагчаар татах үндэслэл болжээ.
Бэлэглэгч Б.Далх-Очирын хувьд “2008 оноос хамтран амьдарч байгаа “гэж нэхэмжлэгч тайлбарласан ба эрх ашигт нь сөргөөр нөлөөлж байгаа талаар шүүхэд хүсэлт гаргаагүй.
Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилж шийдвэрт заасан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1,280.2-д заасныг баримтлан 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож,Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-18-53 тоот 1 өрөө орон сууцыг Г.Наранцогтод буцаан олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээж хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ