| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
| Хэргийн индекс | 102/2017/01569/И |
| Дугаар | 001/ХТ2018/00449 |
| Огноо | 2018-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2018/00449
Ч.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02755 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2521 дүгээр магадлалтай,
Ч.М-ын нэхэмжлэлтэй,
Ж.О-т холбогдох,
16.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ч.М-ын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Ч.М-, Г.Балжмаа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Ч.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.О-тэй харилцан тохиролцож, 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээл, хүүг төлөөгүй. Зээлийн гэрээнд зээлдэгч хугацаандаа зээлээ төлж чадаагүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Иргэний хуульд алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн тул алданги 2,500,000 төгрөг, үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 100,000 төгрөг нийт 7,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж: Ж.О-т 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 4,500,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2 сарын хугацаатай 4,000,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн. Иймд хариуцагчаас нийт 16.100.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ж.О- шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.М- нь “...банкнаас зээл авах гэсэн юм, туслаач” гэхээр нь 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 5,000,000 төгрөгийг би хүлээж аваагүй. Бид хоёр олон жил найзууд явсан учир түүнд итгээд нотариат орж гэрээ байгуулсныг ашиглан 16,100,000 төгрөг шаардаж, үйл явдал огт өөр байдлаар явсан мэтээр бичиж, шударга бус байдал үүсгээд байгааг анхаарна уу. Ч.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч үйл баримтуудыг өөр хооронд нь харилцан адилгүй байдлаар бичиж, зохигчдын хооронд болоогүй нөхцөл байдлуудыг бий болгоод байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02755 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.О-ээс 16,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 287,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-ээс 287,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2521 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02755 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.О-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.13 өдрийн 2521 дугаар магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ж.О- нь 4 удаа шүүх хуралдаан болоход хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаагийн шүүх хуралдаанд оролцоогүй ба нэхэмжлэгчийн мөнгийг буцаан өгсөн гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн ба өмгөөлөгч авах хүсэлт гаргасан хэдий ч тэрбээр өөрийн татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нотлоогүй, холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй. Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно” гэж зааснаар хариуцагч Ж.О- нь өмгөөлөгч М.Идэрхангайг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргаагүй атлаа хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. 4 дэх удаагийн буюу 10 дугаар сарын 19-нй өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч Ж.О-т, өмгөөлөгч М.Идэрхангай нарт удаа дараа шүүхийн туслах утасдаж мэдэгдсэн. Гэвч тус шүүх хуралдаанд хариуцагч Ж.О-, өмгөөлөгч М.Идэрхангай нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд оролцоогүй болно. Нэхэмжлэгч Ч.М-ын өмгөөлөгч П.Алтанчимэг нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.13 өдрийн шүүх хуралдааны өдөр товыг санаатайгаар нэхэмжлэгч Ч.М-д худал хэлж төөрөгдүүлснээс болж тус шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Тус өмгөөлөгч нь Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 Өмгөөлөгч гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдийг төлөөлөхдөө төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульд заасан бүх арга хэмжээ авах ба шаардлагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход туслах үүрэгтэй гэж заасныг зөрчсөнд гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.19 өдрийн 102/ШШ2017/02755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.13 өдрийн 2521 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх “...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мөн өдрөө мэдэгдсэн, түүний өмгөөлөгч М.Идэрхангайд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй...” гэх үндэслэлийг магадлалд заажээ.
Нэхэмжлэгч Ч.М- нь Ж.О-т холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх хариуцагчид нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгсөн ба хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоожээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн үндэслэлээр шүүх хуралдааныг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хойшлуулсан, үүний дараа хариуцагчийн “...өмгөөлөгчтэй оролцох хүсэлт”-ийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг хүртэл дахин хойшлуулжээ.
Хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд оролцох эрхтэй, энэ нь талуудын мэтгэлцэх эрхийг хангах зорилготой тул шүүх уг эрхийг хангах үүрэгтэй, энэ үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, товыг мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх ямар шалтгаан байгаа талаар шүүхэд мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй явдалд шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй, энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т нийцээгүй гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ч.М- нь хариуцагч Ж.О-ээс 16.100.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа зээл, хүү, алданги гэж тодорхойлжээ.
Зохигчийн хооронд 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 5.000.000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 2 сарын хугацаагаар зээлэх, хэтэрсэн хоног тутамд биелэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцохоор тохирсон байх ба хариуцагч “...уг гэрээний дагуу 5.000.000 төгрөгийг шилжүүлээгүй” гэж маргажээ.
Хэргийн 49 дүгээр талд авагдсан ХХБ-ны дотоод шилжүүлгийн маягт гэх баримтаас үзвэл Ч.М- нь Ж.О-ийн ХААН банк дах 5023087220 тоот дансанд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр зээлийн зориулалтаар 5.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх ба хариуцагч уг мөнгийг өгөөгүй тул 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэсэн тайлбар гаргасныг хариуцагч үгүйсгэж чадаагүй байна.
Зохигч хүү, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагад нийцсэн, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаагүй байх тул нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхтэй.
Түүнчлэн Ч.М- нь Ж.О-т 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 4.500.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 4.000.000 төгрөгийг тус тус зээл гэсэн утгатайгаар шилжүүлжээ /хэргийн 49-50 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2521 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 238.450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ