| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2017/0170/Э |
| Дугаар | 69 |
| Огноо | 2017-11-14 |
| Зүйл хэсэг | 203.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 69
Ж.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Ц.Амаржаргал
Б.Манлайбаатар
Прокурор Г.Яндаг
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч З.Энхтуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хийсэн эрүүгийн шүүх хуралдааны 216 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-гийн Б-т холбогдох эрүүгийн 201709000187 тоот 1 хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Цагаатгагдсан биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х- овгийн Ж-гийн Б- /РД:**********/,
Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Ж.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 9273 ДАХ улсын дугаартай Тоёота Премо маркийн автомашин дотор ховор зэрэглэлийн ангилалд орох Халиун бугын арьсыг тээвэрлэж байгаль орчинд 7.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холдогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаартай цагаатгах тогтоолоор:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 201709000184 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Б-ыг цагаатгаж,
-Шүүгдэгч Ж.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
-Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Батмандахын эзэмшлийн 4 800 000 төгрөгийн үнэ бүхий 9273 ДАХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,
-Ж.Б-аас 7.500.000 төгрөг гаргуулах тухай хохирогч Б.Бэхбатын иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
-Шүүгдэгч Ж.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бугын арьсыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар... тус тус заажээ.
Дээд шатны прокурор Х.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан “...ховор амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн...” гэх диспозиц нь Засгийн газрын тогтоолоор ховор амьтны ангилалд бүртгэгдсэн амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан үйлдэл, зохих зөвшөөрөлгүй агнасан ховор амьтны түүхий эдийг мэдсээр байж хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэл байхыг ойлгоно.
Мөн тухайн бугын арьсыг хэн, хэзээ, агнасан, зохих зөвшөөрөлтэй агнасан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, Ж.Б-ын халиун бугын арьс тээвэрлэсэн үйлдэл нь байгаль экологид учирсан 7.500.000 төгрөгийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
“...ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан..” үйлдлээс гадна, мөн тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн...” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд, харин шүүхийн дээрх байдлаар дүгнэсэн шиг мэдсээр байж, мөн заавал зохих зөвшөөрөлгүйгээр агнасан ховор амьтны түүхийг эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн байхыг шаардаагүй гэж үзэж байна.
Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоно”,
мөн хуулийн 12-р зүйлийн 12.1-д Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно”,
мөн хуулийн 37-р зүйлийн 37.3-т Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж тус тус зааснаас үзэхэд Ж.Б- зохих зөвшөөрөлгүй ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Ж.Б-т холбогдох Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Улсын яллагч Г.Яндаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“...Эсэргүүцлээ дэмжиж байна. Амьтны зохих зөвшөөрөлгүй агнаснаас гадна тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан зэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан. Анхан шатны шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн тул улсын яллагчийн зүгээс эсэргүүцэл бичсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Цагаатгагдсэн этгээдийн өмгөөлөгч Д.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Халиун бугын арьсыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэж улсын яллагч ярьж байна, хогноос олсон арьсыг хаанаас зөвшөөрөл авах ёстой вэ, гарал үүслийн зөвшөөрөл авна гэж ярьсан, хогноос олсон арьсны гарал үүслийг хэн тогтоох вэ, тусгай зөвшөөрлөөр агнаж хог дээр хаясан байхыг үгүйсгэхгүй.
Халиун бугыг зөвшөөрөлтэй агнасан уу, зөвшөөрөлгүй агнасан уу эсэх нь тодорхойгүй. Бугын арьсыг зөвшөөрөлтэй агнасан, зөвшөөрөлгүй агнасан болох нь тогтоогдоогүй байхад гарал үүслийн зөвшөөрөл авах боломжгүй. Халиун бугын арьс гэж мэдэх боломжгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тул анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Тодорхойлох нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ж.Б-ыг ховор зэрэглэлийн ангилалд орох Халиун бугын арьсыг тээвэрлэж байгаль орчинд 7.500.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ж.Б-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 216 дугаартай цагаатгах тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Дээд шатны прокурор Х.Баярмаагийн “...Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж тус тус зааснаас үзэхэд Ж.Б- зохих зөвшөөрөлгүй ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна...” гэх үндэслэлээр бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд:
Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэмжээ хязгаарын дотор хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад Ж.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна.
Улсын яллагчийн энэ талаар бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул Дархан-уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ж.Б-т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Ж.Б-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Б.МАНЛАЙБААТАР