Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00849

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн  шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

             Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

             2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2017/00437 дугаар шийдвэр,

             Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

             2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 203/МА2018/0001 дүгээр магадлалтай,                                                                                                              

             “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

             25,795,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

             Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Хишигдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэр, нарийн бичгийн дарга         Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Б.Хишигдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манай компани нь ойжуулалт цэцэрлэгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээ ТГ/ӨМ2015/44-г 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Тус гэрээний 4-т заасны дагуу Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх 10.448 м.кв талбайг шинээр зүлэгжүүлэх ажлыг олон улсын стандартад нийцсэн 5-8 төрлийн холимог дээд сортын үрээр Швед технологиор техникийн нөхцөлд заасны дагуу чанартай хийж гүйцэтгэн гэрээний зүйл буюу ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн болно. Дээрх гэрээний зүйл болон ажлын үр дүн, гүйцэтгэл, төсөвлөгдсөн ажлын хөлсний талаар талууд маргаангүй болно. Харин 2015.07.22-ны өдөр комисс хуралдаад баяр наадмын дараагаар зүлэг их хэмжээгээр халцарч сүйдвэл зардал мөнгийг нь шийдээд нөхөн тарилт хийлгэж хүлээж авъя гэж гэрээг сунгасан. Ингээд аймгийн баяр наадам Говь шанх хурдан морины уралдааны арга хэмжээ зохион байгуулсны дараа зүлэгжүүлэлтийн 50 гаруй хувь халцарч талхлагдсан байсныг тохиролцсон ёсоор манай компани нөхөн тарилт хийгээд хугацаандаа хүлээлгэн өгсөн юм. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээ ТГ /ӨМ2015/44-г 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 44/1-ээр гэрээ сунгалт хийх болсон үндэслэлийг гэрээний сунгалтын хэсэгт “...захиалагч нь зүлэгний ургалт гүйцээгүй байхад аймгийн 84 жилийн баяр наадам Говь Шанх-5 хурдан морины уралдаан ёслолын арга хэмжээг аймгийн төв цэнгэлдэхэд зохион байгуулсан тул Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх 10,448 м.кв талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гэрээг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгав гэж хоорондоо тохиролцсон болно” гэж тодорхойлсон байгаа. Мөн сунгалтын гэрээний 2-т дээрх хугацаанаас бусад үндсэн гэрээний заалт хэвээр байх болно гэж тохиролцсон бөгөөд үндсэн гэрээний 4-т гүйцэтгэгчийн хийвэл зохих ажил буюу гэрээний зүйлийг байхад тодорхойлсон бөгөөд Үндсэн гэрээний 4-т заасан манай тал зохих ёсоор бүрэн биелүүлсэн байхад захиалагч талын хүсэл зоригоор, мэдээж баяр наадмаа тав тухтай иргэдийн таашаалд нийцүүлэх үүднээс ургац гүйцээгүй хийсэн нь гэрээний сунгалтын 1-р заалтад тусгагдсан болно. Гэрээний сунгалтын дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагч тал ЗДТГ-ын даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ө/118 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг хүлээн авсан бөгөөд, мөн энэ ажлын хэсэг хуралдан ажлын явцын талаар ярилцан гэрээг 8 сарын 15-ны өдөр хүртэл сунгасан байгаа. 44/1 гэрээний дагуу нэмэлт ажлыг хийж гүйцэтгэх ажлын төсвийн талаар 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай талаас захиалагч талд 41 тоотоор илгээсэн бөгөөд захиалагчийн хүсэлтээр ажлын төсвийг бууруулж 25,795,000 төгрөг болгосон. Нөхөн сэргээлтийн хийж гүйцэтгэсэн ажлыг буюу нэмэлт гэрээний зүйл болох ажлын үр дүнг хүлээн авсан талаар ажлын хэсэг гэрээний 10-т зааснаар ажлын гүйцэтгэлийн хяналтыг аймгийн БОАЖ газар, БТС газрууд тус тус хийн, 2015 оны 08 дугаар сарын 18, 20-ны өдөр хуралдан уг ажлын гүйцэтгэлийг хүлээн авахаар шийдвэрлэн, нөхөн тарилт хийсэн зардлыг шийдвэрлэж олгох актыг мөн өдөр үйлдсэн болно. Иймд гэрээгээр гүйцэтгэвэл зохих үүргээ гүйцэтгэгч тал зохих ёсоор биелүүлсэн тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар болон гэрээний 14-т зааснаар захиалагч нь гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй тул ажлын хөлс 25,795,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хандмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч “С” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 10-нд Өмнөговь аймгийн Тамгын газартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажилласан. Уг ажлаа тогтсон хугацаандаа норм нормативын дагуу маш чанартай хийж гүйцэтгэсэн. Энэ компани нь Швед технологийг Монголд нутагшуулах зорилготой, Монгол Улсын ногоон байгууламжид их хувь нэмэр оруулах гэж зүтгэж байгаа компани юм. Ингээд ажлаа хийж гүйцэтгэсэн боловч Өмнөговь аймгийн баяр наадмын үйл ажиллагаа бий болох нөхцөл байдал болж үүний дараа асар их хэмжээгээр сүйдвэл үүсэх үр дагавар болон нөхөн тарилт хийх нэмэлт ажлыг тухайн захиалагчаас санал болгосон. Тухайн үед энэ талаар харилцан тохиролцоод удаа дараа буюу 2015 оны 07 дугаар сарын 22, 28-ны, 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр томилогдсон комисс зардал мөнгөгүй шийдвэрлүүлнэ гэсэн ажил хэргийн хүрээнд аман хэлбэрээр хийгдсэн байдаг. Уг нэмэлт ажлын төсөв 40,000,000 гаруй төгрөгөөр хийгдсэн ба захиалагчийн зүгээс тухайн төсвийг танаж болох бүх хэлбэрээр хэмнэж танаж өгөөч гэж хүссэний дагуу тухайн компанийн ажилчдын цалин, НӨАТатвар гэх зэрэг хасаж болох бүх хэлбэрээр хасаад 25,000,000 төгрөг болгож бууруулсан нь ийм шалтгаантай юм. Ямар нэгэн байдлаар аль нэг этгээдээр ажил хийлгэсэн бол цалин хөлсийг өгөх нь зах зээлийн болон үйл ажиллагааны зарчим шүү дээ. Нэг талдаа захиргаа гэдэг байгууллага байдаг. Захиргаа буюу тухайн үйл ажиллагаанд томилогдсон гишүүд нь уг ажлыг хийж гүйцэтгэсэн хөлсийг шийднэ гэж хэлчихээд учир шалтгаангүйгээр энэ үүргээсээ зайлсхийгээд байгаа юм. “С” ХХК-д маш их хохирол учруулаад байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байдаг. Захиалагч үүргээ биелүүлэхгүй байгаа учраас нэхэмжлэгч тал 25,795,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Өөрөөр хэлбэл, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг зүлэгжүүлэх ажлыг Өмнөговь аймгийн Тамгын газраас “С” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч тал үүргээ гүйцэтгэсэн ба энэ талаар талууд маргадаггүй. 7 сарын 22-ны өдрийн А/118 тоот шийдвэрээр тус ажлыг хүлээж авах, түүнтэй холбоотой шийдвэр гаргах эрхтэй комиссыг байгуулсан байдаг. Тухайн комисс байгуулагдсан өдрөө ажлыг хүлээж авахдаа Говь шанх наадам болох гэж байгаа учраас зүлэг халцарна. Тиймээс нөхөн тарилт хийлгэхээр бол нэмэлт санхүүжилтын асуудлыг шийднэ. Ийм учраас гэрээний хугацааг сунгая гэсэн асуудлыг дэвшүүлдэг. Тухайн үед нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу Хишигдорж байсан учраас уг асуудлыг хүлээн авч ажил гүйцэтгэх гэрээг сунгасан байдаг. Уг гэрээг сунгах хугацаанд наадам болж нийт 5428 м.кв талбайд зүлэгжүүлэлт хийсэн. 5422 м.кв талбай нь наадмын үйл ажиллагаатай холбогдуулан бөх барилдсан, майхан баригдсан, морины тууриа зэргээр талхлагдсан байна. Бидний зүгээс нэмэлт санхүүжилт хийнэ, харин та нар нөхөн зүлэгжүүлэлт хий гэсний дагуу “С” ХХК нь нөхөн тарилтыг хийж гүйцэтгээд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөн тус комисс маань уг ажлыг хүлээн аваад акт гаргасан байдаг. Энэ актад “Уг ажлыг хүлээж авлаа, үндсэн гэрээний дагуу нийт үнэ болох 150,000,000 төгрөгийг, мөн нэмэлт санхүүжилт буюу нөхөн тарилт хийлгэсэн 25,795,000 төгрөгийг гаргаж өгөх нь зүйтэй юм байна.” гэсэн байдаг. Үүнээс хойш уг мөнгөө өгөлгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганзориг, Б.Болдбаяр нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: “С” ХХК-тай Даланзадгад сумын Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг зүлэгжүүлэх ажлыг 150,000,000 төгрөгөөр гүйцэтгэх гэрээг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан. Гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон боловч гүйцэтгэгч тал ажлыг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/118 дугаартай тушаалаар томилогдсон ажил хүлээн авах комисс нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх 10488 м.кв талбайн шинээр зүлэгжүүлсэн ажилтай танилцан тэмдэглэл үйлдэн баримтжуулсан байна. Гүйцэтгэгч компани ажлыг дуусгах эцсийн хугацаанаас 7 хоногийн дараа буюу 2015 оны 07.27-ны өдөр талууд тохиролцож гэрээг сунгасан ба зөвхөн ажил хүлээлгэн өгөх эцсийн хугацааг 2015.7.20 гэснийг 2015.8.20-ны өдөр болгон өөрчилжээ. Энэхүү гэрээнд нөхөн тариалалт хийсэнтэй холбогдуулж ямар нэгэн санхүүжилт олгох талаар заагаагүй ба гэрээний 2 дахь заалтад дээрх хугацаанаас бусад үндсэн гэрээний заалт хэвээр байх болно гэжээ. Гүйцэтгэгч тал ажлыг гэрээний хугацаандаа эхэлж, гэрээний хугацаанд дуусгах боломжгүй болсон тул аймгийн төлөвлөгөөт ажил, арга хэмжээ болох Говь шанх 5 хурдан морины уралдааны ёслолын ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, энэхүү ажиллагаа нь үндсэн гэрээний хугацаа дууссанаас хойш 5 хоногийн дараа буюу 2015.07.25-ны өдөр зохион байгуулагдсан юм. Үүний дараа ажил хүлээж авах комисс тэмдэглэл үйлдэж бага хэмжээний халцралт үүссэн тул гүйцэтгэгч компаниар зардлыг гаргуулан нөхөн тариалалт хийлгэхээр шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч компанийн зардал хүссэн албан бичигт 2015.07.30-ны өдрийн 2-1503 дугаартай албан бичгээр зардлыг гаргах боломжгүй, мөн ажлын гүйцэтгэлийг сайжруулах зөвлөмжийг гүйцэтгэгчид хүргүүлсэн байна. 2015.08.20-ны өдрийн ажил хүлээлцсэн актад гэрээний дагуу 133,886,035 төгрөгийг гүйцэтгэгч талд төлснөөс үлдэгдэл 16,113,935 төгрөгийг төлөх, нөхөн тариалалтын зардал 25,795,000 төгрөгийг хянаж олгох нь зүйтэй гэж Тамгын газрын дарга Б.Түвшинбаярын тэргүүлсэн ажил хүлээн авах комисс үзсэн хэдий ч албан ёсны шийдвэр биш юм. Захиалагч нь аймгийн Засаг даргын Тамгын газар тул шийдвэрийг Тамгын газрын дарга гарган, гарын үсэг зурж баталгаажуулдаг. Тухайн ажилтай холбогдуулан санхүүжилт олгох талаар Тамгын газрын даргын шийдвэр гараагүй байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал гэрээний хугацаа хэтрүүлснээс үүссэн үр дагаврыг захиалагч хариуцах боломжгүй юм. Иймд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас нөхөн тариалалт хийсний зардал 25,795,000 төгрөг гаргуулах “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Хариуцагчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч тал Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг тухайн комисс төлөөлөх эрхтэй, уг эрхээ тухайн комисст шилжүүлсэн гэж яриад байна. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015.07.22-ны өдөр комисс томилох тухай А/118 тоот тушаал гарч, тушаалд “орон нутгийн төсвийн хөрөнгөөр Даланзадгад сумын Төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх тайлбайг шинээр зүлэгжүүлэх ажлын гүйцэтгэлийг хүлээн авах комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилсугай” гэсэн байна. Үүнд: Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг төлөөлж ямар нэгэн хэлцэл болон гэрээг хийх эрхийг олгоогүй. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэлийг хүлээн авах зорилготой комиссыг байгуулж тушаал гарсан. Уг комисс нь гүйцэтгэлийг хүлээж авахдаа хэлсэн үгийг нэмэлт гэрээ хийхийг хүлээн зөвшөөрсөн буюу гэрээ хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь захиалагч талын буруутай үйл ажиллагаанаас болж хугацааг хожимдуулсан гэж байна. Тухайн үед 2015.07.20-ны өдөр буюу ажил хүлээлгэн өгөхдөө гүйцэтгэгч тал ажлаа хүлээлгэн өгсөн бол тэр өдрөө ажил хүлээлцэх комисс томилогдох боломжтой байсан. Нэхэмжлэгч тал нар, хур, цаг агаарын байдлаас болж ажлаа аажуу эхэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гүйцэтгэгч тал эдгээр хүндрэлтэй байдлаа урьдчилан хэлж гэрээ байгуулахдаа тусгаж өгсөн бол боломжтой байсан ба гэрээ хэлцэл гэдэг бол хоёр талын ашиг сонирхолд тулгуурлан хийгддэг учир анхнаасаа эдгээр байдлуудаа гэрээндээ тусгаж өгсөн бол өнөөдрийн маргаантай байдал үүсэхгүй байх байсан. Гэтэл гэрээ байгуулсаныхаа дараа болохгүй бүтэхгүй байгаа талаараа ярьж байгаа нь бодит байдалд нийцэхгүй юм. Түвшинбаяр дарга зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Хурлын тэмдэглэлүүд болон дүгнэлтэд гарын үсэг зурсан зүйл байдаггүй. Энэ талаар нотлох баримт шинжлэн судлахад гүйцэтгэгч тал тайлбарлах болов уу. Ийм нөхцөлүүдээр төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хууль болон талуудын хооронд байгуулагдсан 2015.06.10-ны өдрийн 2015/44 тоот гэрээний нөхцөлд Гэрээнд үнийн тохируулга хийхгүй гэсэн тохиролцоо болон 2015.07.27-ны өдрийн 2015/44/1 тоот нэмэлт гэрээнд үнийн тохируулга хийгээгүй, зөвхөн гэрээний хугацааг 2015.08.20-ны өдөр болгож сунгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             Прокурорын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2015.07.22-ны өдөр Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал гарсан гэж байна. Гэтэл уг гэрээнд ажил гүйцэтгэж хүлээлгэж өгөх хугацаа 2015.07.20-ны өдөр дуусах байсан гэж хэлж байгаа. 2015.06.10-ны өдөр байгуулсан гэрээний 15.9 дүгээр хэсэгт Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд ажлын гүйцэтгэлийг дуусгаагүй тохиолдолд 2015.07.23-ны өдрөөс эхлэн алданги тооцно гэж заасан байдаг ба үүнийг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэтэл Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015.07.22-ны өдөр гэж байхад 2015.07.20-ны өдөр биш байгаа нь тухайн гэрээний 15.9 дэх заалтыг хангаж байгаа нь үндэслэлтэй гэжээ.          

             Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2017/00437 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан “С” ХХК-ийн 25,795,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286,925 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 203/МА2018/0001 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2017/00437 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 25,795,000 төгрөг гаргуулж “С” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 286,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” гэсний дараа “хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газраас 286,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганзориг, Б.Болдбаяр нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 203/МА2018/0001 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна. 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр захиалагч болох аймгийн Засаг даргын Тамгын газар, гүйцэтгэгч “С” ХХК-ийн хооронд Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг шинээр зүлэгжүүлэх ажлын 150,000,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ТГ/ӨМ2015/44 дүгээр гэрээг байгуулсан. Гүйцэтгэгч тал гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлаа дуусгаж хүлээлгэн өгөөгүйн улмаас 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр талууд харилцан тохиролцож ТГ/ӨМ2015/44-1 дугаартай нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр зөвхөн ажил хүлээн авах хугацааг 1 сарын хугацаатай сунгаж 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр болгон өөрчлөлт оруулахдаа “Дээрх хугацаанаас бусад нь үндсэн гэрээний заалт хэвээр байх болно” гэж ажил хүлээн авах хугацаа сунгаснаас бусад асуудлыг тухайн гэрээгээр зохицуулаагүйг тодорхойлж өгсөн юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн а/118 дугаар тушаалаар байгуулагдсан “Ажил хүлээн авах комисс”-ын “тэмдэглэл, дүгнэлтэд нөхөн тариалалт хийлгэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдүүлэх, нөхөн тариалалт хийсний санхүүжилтийг олгох зүйтэй” гэж үзсэн байдаг ч энэ нь захиалагч буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны байр суурь, шийдвэр биш байсан нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн зардал хүссэн албан бичигт хариу болгон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгээр “зардлыг гаргах боломжгүй, харин ажлын гүйцэтгэлийг сайжруулах” гэсэн зөвлөмжийг хүргүүлж байсан зэргээр нотлогдох юм. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь хуулийн этгээд тул түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх Тамгын газрын даргад олгогдсон байдгаас үзэхэд ажил хүлээн авах комиссын гишүүдийн “хөрөнгө шийдүүлэх нь зүйтэй, ....гэж дүгнэв” гэсэн зэргийг аймгийн Засаг даргын Тамгын газрын шийдвэр гэж үзэх, эсхүл нэмэлт гэрээ байгуулан, гэрээний үнэд өөрчлөлт оруулах эрхийг тухайн комисст олгосон гэж үзэх үндэслэлгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д "Худалдан авах гэрээнд дараах өөрчлөлт хийхийг хориглоно”, 41.1.2-т “энэ хуулийн 40.4-т зааснаас бусад тохмолдолд гэрээний үнийг нэмэгдүүлэн өөрчлөх” гэж заасан тул захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд үүссэн харилцааг зохицуулсан тухайн хуулийн хориглолтод үнэ нэмэгдүүлэх нь хамаарч байгаа тул захиалагчаас гэрээний үнийг нэмэгдүүлж гэрээ байгуулах боломжгүй байсан. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...шууд гэрээ байгуулах аргаар буюу талуудын хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнд 5450 м.кв талбайд талуудын тайлбараар 2015.07.27-ны өдрийн 44/1 тоот зүлэгжүүлэлтийг нөхөн тарих ажлын гэрээг эдгээр хуулийн зохицуулалт нийцүүлэн байгуулсанд тооцно” гэж үзсэнээр нөхөн тариалалтын нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэн гэрээ байгуулсан бол аймгийн Засаг даргаас “Нэмэлт гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлэх”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгасан захирамж, захиалагчаас буюу аймгийн Засаг даргын Тамгын газраас гүйцэтгэгч компанитай “Нэмэлт ажлын гэрээ байгуулах тухай” гэрээ байгуулагдах байса. Магадлалын хянавал хэсэгт 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ТГ/ӨМ2015/44/-1 дүгээр гэрээний 2 дахь заалтыг тайлбарлахдаа Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсгийг хэрэглэжээ. Тухайн гэрээний 2-т “Дээрх хугацаанаас бусад нь үндсэн гэрээний заалт хэвээр байх болно” гэж гэрээний агуулгыг Иргэний хуулийн тухайн зүйлийг хэрэглэж тайлбарлах шаардлагагүйгээр туйлын тодорхой заасан тул шүүхийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ТГ/ӨМ2015/44/-1 дүгээр гэрээ байгуулагдах болсон бодит шалтгаан нь гүйцэтгэгч буюу “С” ХХК нь гэрээт ажлыг хугацаандаа эхлүүлж, мөн хугацаандаа хүлээлгэн өгөөгүйтэй холбоотой юм. Дээр дурдсан хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 143/ШШ2017/00437 дугаар шийдвэрийг үндэслэлтэй гаргасан гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 203/МА2018/0001 дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.

         Нэхэмжлэгч “С” ХХК нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 5450 м.кв талбайд нөхөн сэргээлт хийж, шинээр зүлэгжүүлсэн ажлын хөлс  25,795,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 07 сарын 27-ны өдрийн 2015/44/1 тоот нэмэлт гэрээнд үнийн тохируулга хийгээгүй, зөвхөн хугацаа сунгасан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

       Анхан шатны шүүх “С” ХХК-ийн 25,795,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

          “С” ХХК болон Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хооронд тус аймгийн Даланзадгад сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн доторх талбайг шинээр зүлэгжүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр “ТГ ӨМ2015 44” гэрээг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ба “С” ХХК 10488 м.кв талбайг зүлэгжүүлэх ажлыг гүйцэтгэх, Өмнөговь аймгийн ЗДТГ ажлын хөлс 150,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ба талууд энэ гэрээний талаар маргаагүй.

          Нэхэмжлэгч нь “... 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ТГ /ӨМ2015/44 гэрээг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт 44/1 гэрээгээр сунгалт хийх болсон үндэслэл нь ...захиалагч нь зүлэгний ургалт гүйцээгүй байхад аймгийн 84 жилийн баяр наадам Говь Шанх-5 хурдан морины уралдаан ёслолын арга хэмжээг аймгийн төв цэнгэлдэхэд зохион байгуулсан, 2015 оны 07 сарын 22-ны өдөр комисс хуралдаад баяр наадмын дараагаар зүлэг их хэмжээгээр халцарч сүйдвэл зардал мөнгийг нь шийдээд нөхөн тарилт хийлгэж хүлээж авъя гэж гэрээг сунгасан” гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон байна.

           Хариуцагч нь 44/1 нэмэлт гэрээгээр зөвхөн ажил хүлээлгэж өгөх хугацааг сунгасан,   шинээр нөхөн тарилт хийлгэхтэй холбогдуулж ямар нэгэн санхүүжилт олгох талаар тохиролцоо байхгүй гэж татгалзсан тайлбар гаргажээ.

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний маргаан үүссэн байх бөгөөд хэрэгт 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан “ТГ ӨМ2015 44” гэрээ авагдсан ба талууд энэ гэрээний гүйцэтгэлийн талаар маргаагүй, харин энэ гэрээний нэмэлт гэж хийгдсэн 44/1 гэрээний талаар маргасан байна. 

             Гэвч нэхэмжлэгчийн шаардах эрхийн болон хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй “44/1” гэрээ хэрэгт авагдаагүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийг хэрэгт авагдаагүй баримтыг үнэлсэн гэж үзэх бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчжээ.

          Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2017/00437 дугаар шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 203/МА2018/0001 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН