Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00180

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00305 дугаар шийдвэр,

       Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дүгээр магадлалтай,       

            Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

            Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох

            Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаал болон 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 10, 11, 12 дугаар сар, 2017 оны 01, 02, 03, 04 дүгээр сарын дундаж цалинтэй тэнцэх олговорт нийт 3.203.748 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл 389.475 төгрөгийг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэл болон тайлбарт: Миний бие нь 2010 онд Ховд их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангийг нягтлан бодогч, бакалаврын зэрэгтэйгээр төгссөн. 2014 оны 12 дугаар сарын 08-нд Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын тушаалаар нягтлан бодогчийн ажилд орсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн хооронд жирэмсний амралтаа авсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай хүүхэд асрах чөлөө авсан. Гэтэл З.Лхамхүү дарга 10 дугаар сарын 05-нд хүүхэд асрах чөлөө дуусаагүй байхад намайг дуудаад ажлаас халагдах хүсэлтээ өг гэсэн. Би хүсэлт бичиж өгөхгүй гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 12-нд бичиг хэрэг Ц.Мягмаржаргал өнөөдөр тушаал чинь гарсан ирж гардаж ав гэж хэлсэн. 2016 оны 10 дугаар сарын 13-нд очиж тушаалаа авсан. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг дарга З.Лхамхүү нь нөхөж гаргасан байна. Мөн Аудитын газрын гүйцэтгэлийн шалгалт ороод албан бичиг өгсөн байсан. Аудитын газрын дарга Л.Галбадрахын албан бичигт ажлаас халах арга хэмжээ авах тухай байгаагүй. Намайг хүүхэд асрах чөлөөтэй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өнөөдрийг хүртэл ажил хүлээлцээгүй. Иймд Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаал болон 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2016 оны 10, 11, 12 дугаар сар, 2017 оны 01, 02, 03, 04 дүгээр сарын цалинд нийт 3.203.748 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл 389.475 төгрөгийг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбаярын тайлбарт: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Аудитын газрын даргын хийсэн шалгалтын дүнтэй уялдуулж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар тушаал гаргасан. Б.Б-ийн хувьд ашиглангийн хэргийн асуудал байгаа. Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Санхүүчийн ёс зүй гэсэнтэй уялдуулж үзэж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тушаалын дугаарын хувьд техникийн шинжтэй алдаа гарсан гэж тайлбарлаж байсан. Үүнтэй холбогдуулаад ХААН банк болон байгууллагын тушаалуудыг нотариатаар гэрчлүүлж өгсөн. Мөн ХААН банкны тухайн саруудад авч байсан цалингийн зөрүү буюу ашиглангийн тухай асуудлыг нэг бүрчлэн гүйлгээ болгоноор нь нотариатаар баталгаажуулж өгсөн. Б.Б- нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж байна. Дээрх шаардлагуудын үндэслэлийн улмаас цалин нөхөн төлөх буюу нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

            Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00305 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдох Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаал болон 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ажилгүй байсан хугацааны 2016 оны 10 дугаар сар, 11 дүгээр сар, 12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 03 дугаар сар, 04 дүгээр сар нийт 3.203.748 төгрөгийн цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл 389.475 төгрөгийг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 3.203.718 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 66.210 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл 389.475 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12.334 төгрөгийг тус тус нэхэмжлэгчээс гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дүгээр магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 153/ШШ2017/00305 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б- нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн 110000321668 тоот данснаас гаргаж түүнд буцаан олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 153/ШШ2017/00305 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 29 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын даргын 2016 оны 09 сарын 30-ны Б/16 дугаартай тушаал, 16 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, тус байгууллагын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шийдвэр, магадлал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйд гомдолтой байна. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын 2016 оны 09 сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай тушаал, 16 дугаартай тушаалуудыг гаргахдаа дарга З.Лхамхүү нь дараах хуулиудыг ноцтой зөрчсөн. Дээрх тушаалд Авилгатай тэмцэх тухай хуулийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэх” хуулийн заалтыг барьсан нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн. Энэ нь тушаал бүхэлдээ хууль зөрчсөнийг нотолж байна. Шийдвэрийн үндэслэлд”... Авилгатай тэмцэх тухай хуулийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан хэтрүүлэх” гэж заасан илүү нарийвчилсан зохицуулалтыг баримтласан...” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үндэсний аудитын газрын харъяа Аудитын газрын дарга Л.Галбадрахын 2016/04/ГА1/58 дугаартай Зөрчлийг арилгах тухай албан шаардлага зэрэгт зөрчил арилгах тухай байснаас бус ажлаас халах арга хэмжээ авах тухай байгаагүй, уг тушаалын тушаах хэсгийн 2.5-т “илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргахгүй байх арга хэмжээ авч, аймгийн Аудитын газарт 2016 оны 09 сарын 20-ны дотор мэдэгдэх” гэж заасан. Гэтэл бодит байдалд Б.Б- нь 2016 оны 04 сарын 26-наас 08 сарын 25 хүртэл жирэмсэн, амаржсаны 120 хоногийн амралттай байсан. Мөн 2016 оны 08 сарын 26-наас 2017 оны 02 сарын 25-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай хүүхэд асрах чөлөөтэй байсан. Хэрэгт Б.Б-ийн хүсэлт болох баримтыг эх хувиар нь хавсаргасан. Б.Б- нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд Байгаль орчин, аялал жуучлалын газраас сарын 14.976 төгрөгийг 2 сар төлсөн байсан бөгөөд Ховд аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаагаар нотлогдож байгаа. Б.Б- нь 1.506.000 төгрөг хийсэн, одоо ямар ч төлбөргүй зөрчлийн талаарх албан бичиг болон Аудитын газрын гүйцэтгэлийн шалгалтаар илэрсэн актаас харахад тодорхой байна. 2016 оны 05 сарын 29-ний өдөр Байгаль орчин, аялал жуучлалын газрын 2015 оны үйл ажиллагааны үр дүн, төсвийн зарцуулалтын үр ашигт хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан гарсан. Уг тайлангийн дүгнэлтэд Байгаль орчны газар нь аймгийн байгаль орчин, түүний баялагийн суурь судалгаанд тулгуурласан мэдээллийн сан бүрдүүлж, хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэг, Усны тухай хуулийг мөрдөн ажиллаагүй, нягтлан бодох бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй. Зөвлөмжийн 4-т "...Байгууллагын нягтлан бодогчид хуулийн дагуу арга хэмжээ авч аймгийн Аудитын газарт 2016 оны 09 сарын 20-ны дотор мэдэгдэх...” гэж заасан. Дээрх тайлантай Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Лхамхүү танилцсан байна. Мөн Үндэсний аудитын газрын харъяа Ховд аймгийн аудитын газрын дарга тэргүүлэх аудиторын 2016 оны 08 сарын 29-ний Аудитын тайлан, зөвлөмж, акт, албан шаардлага батлах тухай 23 дугаартай тушаал гарсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлсэнээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл оногдуулна.” гэж заасан. Гэтэл 2016 оны 09 сарын 30-ны өдрийн 16, Б/16 дугаартай тушаалыг 2016 оны 10 сарын 13-нд Б.Б-т 2016 оны 08 сарын 29-нөөс 10 сарын 13-ныг хүртэл 44 хоног хуульд заасан хугацааг хэтрүүлж ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Дээрх Аудитын тайлан, зөвлөмж, акт, албан шаардлага Байгаль орчин, аялал жуучлалын газарт хэдэн оны хэдэн сард Үндэсний аудитын газрын харъяа Ховд аймгийн аудитын газраас очсон талаарх баримтуудаа хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтээ бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу нотолсонгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа албан тушаалтны ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг нь хэвээр хадгална” гэж заасан байхад чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд энэ талаар Ховд аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Иймд 2017 оны 06 сарын 23-ны Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 153/ШШ2017/00305 дугаар шийдвэр, 2017 оны 09 сарын 27-ны Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 29 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой өөрчлөлт оруулсан нь хуульд нийцсэн байна.

           Нэхэмжлэгч Б.Б- нь Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт холбогдуулан тус газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа тодруулж, дээрх 16 дугаартай тушаал болон 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны 2016 оны 10-12 сар, 2017 оны 1- 4 сар бүтнээр 3.203.748 төгрөгийн цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд 389.475 төгрөг нөхөн төлүүлнэ гэжээ.

         Ажил олгогч, ажилтны хооронд 2016 оны 01 дүгээр сарын 02-ны хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан байна.         

             Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай тушаал, мөн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/16 дугаартай тушаалууд хэрэгт авагдсан байх бөгөөд энэ хоёр тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаалыг үндэслэн тус байгууллагын нягтлан бодогч Д.Бадамцэцэг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4 дэх заалт, Авилгын эсрэг хуулийн 7.1.6-д заасныг зөрчин албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн баталсан цэснээс зөрүүтэй хуулгыг банкинд өгч бүх ажилтны цалингаас өөрийн дансанд 2.250.433 төгрөг шилжүүлэн авч албан тушаалаа урвуулан ашигласан нь аймгийн Аудитын газрын гүйцэтгэлийн аудитын шалгалтаар нотлогдсон гэсэн үндэслэл зааж, ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

          Ховд аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2015 оны ажиллагааны үр дүн төсвийн зарцуулалтын үр ашигт хийсэн гүйцэтгэлийн тайлангийн 2 дугаар бүлгийн илрүүлэлт хэсэгт байгууллагын нягтлан бодогч Б.Б- баталсан цэснээс зөрүүтэй хуулгыг банканд өгч өөрийн дансанд 2.250.433 төгрөг шилжүүлж албан тушаалаа ашигласан үйл баримт нотлогдсон гэж хариуцагч нь Аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаал болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлсөн байна.

          Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нягтлан бодогч Б.Б- баталсан цэснээс зөрүүтэй хуулгыг банканд өгч өөрийн дансанд 2.250.433 төгрөг шилжүүлж албан тушаалаа ашигласан тухай Ховд аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015 оны ажиллагааны үр дүн төсвийн зарцуулалтын үр ашигт хийсэн гүйцэтгэлийн тайлангийн 2 дугаар бүлгийн илрүүлэлт хэсэгт тусгагдсан, аймгийн Аудитын газраас дээрх тайлангаар илрүүлсэн 2.250.433 төгрөгийг  2016 оны 10 дугаар сарын 01-ний дотор буцаан төлүүлэх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын газарт холбогдуулан тавьсан ХОА-2016/04/ГА №1/64 тоот төлбөрийн актыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, нягтлан бодогч нар хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан, аудитын тайлан, зөвлөмж, акт, албан шаардлагыг аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаалаар баталсан байх бөгөөд уг тушаалыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга 9 сарын 13-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэгээ хийгдсэн байна.

            Нэхэмжлэгч Б.Б- нь баталсан цэснээс зөрүүтэй хуулгыг банканд өгч өөрийн дансандаа нийт 34 ажилтан албан хаагчийн цалингаас 2015 оны 11 сард 262.0 мянга, 2016 оны 1 дүгээр сард 450.0 мянга, 2 дугаар сард 214.4 мянга, 3 дугаар сард 924.0 мянга, 4 дүгээр сард 400.0 мянга нийт 2.250.433 төгрөг суутгаж авсан гэх зөрчлийг аймгийн Аудитын газрын хяналт шалгалтаар шалган тогтоосон байх тул ажилтныг ажлаас  чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д нийцсэн байна.

          Аймгийн Аудитын газрын 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тайланд тусгасан дээрх зөрчлийг аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаалаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болжээ. Ажилтан хамгийн сүүлд 2016 оны 4 сард зөрчлийг гаргасан байх ба ажил олгогч зөрчил гаргаснаас хойш 5 сарын дотор, уг зөрчлийг баталгаажуулсан тушаалыг гардан авснаас хойш нэг сарын дотор буюу 2016 оны 09 дүгээр сарын 30-нд ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасантай нийцсэн гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

           Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасантай нийцсэн байх тул ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг зөрчөөгүй байна. 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд түүний төлсөн 70.200  төгрөгийг мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчид буцаан олгох нь зөв тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлжээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 29 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар  хяналтын гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН