Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 893

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                                                                    

 

 

 

 

 

 

           Б.Өд холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Гантулга,

Шүүгдэгч Б.Өгийн өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, Э.Ганбат, Б.Батбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Должин, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, А.Содхүү,  

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 420 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, Э.Ганбат, Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Өд холбогдох эрүүгийн 201501080463 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Э овогт Б.Ө, 1987 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ 000 байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 000 гудамжны 00 дугаар байрны 00 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:0000000000/,

 

ЭЦТЗБХАХ, 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Горхи мэлхий хад” нэртэй амралтын газарт хамт олноороо аялж, амарч байгаад оройн 19 цаг өнгөрч байхад ахлах мэргэжилтэн Х.Х нь гэрийн гадаа тааралдсан Б.Өгийн нүүр, толгойн хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисноос болж Б.Ө нь Х.Хын зүүн эгэм рүү нь гараараа цохиж унаган амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулан хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Б.Өд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Прокуророос Б.Өд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Өг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Өд оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өгийн 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 720 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Өгийн өмсөж явсан цэнхэр өнгийн ноосон цамц 1 ширхэг, улаан судалтай хар хөх өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн дотоож 1 ширхэг, хос пүүз /цэнхэр, хар өнгө хосолсон/, талийгаач Х.Хын өмсөж явсан цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, саарал өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цагаан өнгийн майк 1 ширхэг, цэнхэр алаг орны бүтээлэг 1 ширхэг, талийгаач Х.Хоос авсан 3 ууттай үс, гарын хумс, HUAWEL загварын цагаан өнгийн хагарч цуурсан гар утас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн задлан шинжилгээний явцыг бэхжүүлсэн диск 2 ширхэг, ТВ9 телевизийн “Эзэнгүй төрийн эмгэнэл” нэвтрүүлгийн бичлэг сиди 2 ширхэг, “BXS” Н.264 Network dijital video recorder гэсэн бичигтэй хар өнгийн хяналтын камерын бичлэг хүлээн авагчаас хуулбарласан диск 8 ширхэг зэргийг хавтаст хэрэгт хавсаргаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Өгаас 21.400.000 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 15 дугаар байрны 106 тоотод оршин суух /ВЮ79030224 регистрийн дугаартай/ Оюуны Должинд олгох, О.Должин нь тэжээн тэтгэхтэй холбоотой зардал, Эрүүгийн Цгийн газраас нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү болон цэргийн алба хаагч амь насаа алдсанаас олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн байх тул түүнтэй холбоотой зардлаа нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ө тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “…Б.Ө миний бие 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 гэх зүйл ангиар 13 жил хорих ял шийтгэгдсэн. Энэхүү шүүхийн 420 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг: Холбогдсон гэх хэрэг, үйлдлийн талаар:

Миний бие 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Тэрэлжид ажлын хамт олонтойгоо амарч байхдаа оройн 19 цагийн үед байрлаж байсан амралтын газрын 8-н ханатай монгол гэрийн зүүн урд талд Б.Г, Р.Бь, Х.Х нар тойрч зогсоод юм ярьж байхад нь 8-н ханатай монгол гэрээс гарч очтол талийгаач Х.Х үгийн зөрүүгүй намайг цохиж зодон дайрсан. Би зүүн шанаа чамархайн тус газраа маш хүчтэй цохиулаад юу болоод байгааг сайн ойлгоогүй ухарч 6-7 орчим метр газар зугтсан байдаг. Зугтаж байх үед талийгаач баруун, зүүн гараараа ээлжлэн миний нүүр, толгой хэсэг рүү маш хүчтэй цохиод дайраад байсан. Энэ үед би аргагүйн эрхэнд өөрийн биеийг хамгаалж талийгаачийн зүүн эгэмд нь баруун гараараа 1 удаа нударсан үйлдэл хийгээд хойш ухартал намайг 1 хүн араас татаж урдаа оруулан араас түрж гэрийн урд байх модон саравчны цаагуур оруулсан. Талийгаачаас салах үед талийгаачтай цуг зогсож байсан Бь, Ган-Эрдэнэ хоёр талийгаачийн араас буюу хойд саравчнаас буюу баруун талаас нь талийгаач руу гүйж харагдсан. Үүнээс хойш юу болсныг би хараагүй. Намайг салгасан гэх гэрч Д.Мб ч ард юу болсныг нарийн хараагүй, миний араас түрээд надтай юм яриад явж байсан, харанхуй болсон, модон саравч халхалсан байсан учир харах ч боломжгүй байжээ. Үүнийг гэрч Д.Мб 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шүүх хуралд “талийгаачийг өөр хүн цохисон эсэхийг хараагүй” гэж давхар батлан мэдүүлсэн. Гол гэрч Л.Эт энэ үйл явдлын эхлэлийг хараад талийгаач надаас салснаас хойш юу болсныг харалгүй амралтын байр руу гүйж хүн дуудаад хоёр минут гаруйн дараа буцаж гарч ирсэн байдаг. Би хамрын цусаа арилгаж 1-2 минут орчим болоод намайг салгасан хүнтэйгээ цуг талийгаач дээр буцаж ирэхэд талийгаач надаас салсан газраас зүүн тийш очоод уначихсан. П.Тб талийгаачийг “одоо бос бос” гээд хажууд нь Б.Г, Р.Бь нар зогсоцгоож байсан. Ингээд надаас хойш талийгаачид өөр хүн гэмтэл шарх учруулснаас болоод нас барах болсон гэдгийг мэдээгүй учир зөвхөн надаас болоод хүн нас барлаа гэж ойлгон маш их сандрал, цочролд орон тэнд байсан хүмүүст ч буруу ойлголт авахад хүргэсэн байдаг.

Хоёр: Хэргийн шалгалтын ажиллагаа:

Хэрэг болсны дараа өмгөөлөгчгүйгээр болсон үйл явдлыг шударгаар мэдүүлэг өгсөн /2015.10.10/. Гэтэл хэд хоногийн дараа шүүх эмнэлгийн дүгнэлт гарахад талийгаачид олон тооны гэмтэл шарх ноцолдох, зууралдах, цохих хүчний үйлчлэлээр шинээр учирсан нь тогтоогдсон. Ингээд энэ гэмтэл шархууд нь цаг хугацаа, шарх учирсан дарааллын хувьд талийгаач надаас салсан газраас өөр газар очиж унасан байсан зэргийг мэдээд бүгдийг шалгуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч сэжиг бүхий этгээдүүдийг шалгаагүй. Маш богино цаг хугацаанд буюу хэдхэн секундэд болсон асуудлыг ерөнхий, тойм байдлаар шалган хэргийн шалгалтын ажиллагааг зөвхөн над руу чиглүүлэн явуулж хавтаст хэргийн бүрдэлтийг хийсэн болно.

Гурав. Шүүхийн тогтоолын үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Анхан шатны шүүхээс хэргийг дүгнэхдээ “Б.Ө Х.Х нар хоорондоо маргалдсаны улмаас Х.Х Б.Өг хэд хэдэн удаа зодож цохих үед Б.Ө зөрүүлээд Х.Хын хүзүү, толгой орчимд 1 удаа цохисон” гэж үзжээ. Талийгаач бидний хооронд урьд өмнө ямар нэгэн маргах, муудах гэх мэт тааламжгүй харилцаа үүсч байгаагүй. Тухайн асуудал болохын өмнө талийгаачтай Б.Ө гэрт маргасан гэж Д.Мб, П.Тб нарын мэдүүлээд байгаа шиг маргасан, муудалцсан асуудал тухайн үед огт болоогүй. Мөн гадаа талийгаачтай маргах, үг солих ч боломж байгаагүй. Намайг яваад очтол талийгаач үгийн зөрүүгүй цохиж зугтахад хөөж зодсон. Шүүх маргасны улмаас гэж буруу дүгнэсэн нь энэ асуудал талийгаач бид хоёрын хоорондох таарамжгүй харилцаанаас үүдэлтэй мэт харагдахаар болжээ. Талийгаач бид хоёрын дунд тухайн өдөр, тухайн үед маргаан огт болоогүй гэдгийг дараах хөдлөшгүй нотлох баримтуудаар давхар давхар нотолдог.

Үүнд: 1. Маргасан гэх тухайн цаг үед нь гэрт байсан гэрч Б.Г, Р.Бь, Г.Эрдэнэчимэг, М.Эрдэнэчимэг, О.Цэдэвсүрэн нар ...гэрт маргаан болоогүй ...маргаан болсон бол мэдэх ёстой ...гэх мэдүүлгүүд.

2. Тухайн маргасан гэх цаг хугацаанд нь талийгаач гэрт огт байгаагүй, гэрт огт ороогүйг батлах камерын бичлэг /бичлэгийн 19:40-19:59, 20:00-20:07/.

3. Талийгаач тэр цаг хугацаанд гэрийн урагшаа 18 цаг 50 минут өнгөртөл 40 орчим минутын хугацаанд байнга утсаар ярьж байсныг харуулах талийгаачийн 98289159 дугаарын утасны ярианы билл /хх-134-3хх/.

4. Гэрч Б.Алдарын тухайн цаг үед талийгаачтай ярьсан тухай мэдүүлэг /хх-218-1хх/ зэрэг болно.

Шүүх “...талийгаачийн хүзүү, толгой орчим 1 удаа цохисон...” гэж үзжээ. Энэ нь мөн л бодит байдлаас зөрсөн байна. Миний бие талийгаачийн зүүн эгэмд нь 1 удаа нударсан үйлдэл хийсэн. Үүнийг харсан гэрч Л.Эт мэдүүлгээ газар дээр нь шалгуулахдаа тухайн газар, орчинд нь очиж өмнөө хүн зогсоож байгаад талийгаачийг цохиод дайрч байх үед нь Б.Ө эхэнд нь ийм байдлаар цохисон гэж үйлдлээр үзүүлсэн нь зургаар бэхжүүлэгдсэн /хх-4-2хх/ байдаг. Энэ нь бодит байдалд нийцсэн үнэн зөв мэдүүлэг юм.

Талийгаач Х.Х миний 1 удаагийн үйлдлээс арагш унасан. Унахдаа талийгаачийн биед толгойн орой зулай хэсгийн язарсан шарх, хавдар, толгойн оройн хуйхан доор цэгчилсэн цусан хураа, хаван, залгиур хоолойн голомтлог цус хуралт гэх мэт 7-8 шарх, гэмтлийг нэгэн зэрэг үүссэн гэж шүүх үзсэн нь огт үндэслэлгүй болжээ. Талийгаачид учирсан дээрх шарх, гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй. Ноцолдох, зууралдах, цохих, хоолойг нь боох, шахах хүчний олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ гэдэг нь дараах нотлох баримт, тайлбар, мэдүүлгээр давхар давхар нотлогддог. Үүнд: 1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэргийн газраас авсан зураг, бусад баримт. 2. Анх талийгаачид задлан шинжилгээ хийсэн шинжээчдийн дүгнэлт. 3. Давтан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт. 4. Шинжээч эмч С.Одончимэгийн “толгойн оройн шарх нь унах үед үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг. 5. Шинжээч эмч М.Энхбаярын “толгойн оройн шарх нь эгц байрлалаас буюу шарх үүссэн хэсэгт чанх дээрээс мохой зүйл дээр цохисны улмаас үүсэх боломжтой” гэх мэдүүлэг. 6. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүрэгт болсон шүүх хуралдаанд шинжээч эмч С.Одончимэг, М.Золжаргал нарын “талийгаачийн толгойн оройн шарх нь унах үед үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг. 7. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Чингэлтэй дүүрэгт болсон шүүх хуралдаанд шинжээч эмч М.Энхбаяр, Г.Энхбаатар нарын “талийгаачийн толгойн оройн шарх нь унах үед үүсэх боломжгүй”, “талийгаачийн хоолойд ил шарх байхгүй, далд буюу ховч ясны уг залгиур хоолойн голомтлог цус хуралт, хавантай. Тэр хэсгийн арьс татагдаж булчинт давхарга эвдэрсэн нь хоолойд боолт, шахалт орсноос үүснэ. Энэ шарх гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. Эгэмд 1 удаа цохиход үүсэх боломжгүй. “талийгаачийн уушиг гялтан дор цэгчилсэн цус харвалт, дээд доод уруулын дотор салстад цус хурсан, нүдний алиманд цус хурсан зэрэг нь амьсгал дутагдалд илэрдэг ерөнхий шинж мөн” гэх мэдүүлгүүд болно.

Талийгаачийн толгойн оройд учирсан гэмтлийг авах үеийн хүчний үйлчлэл, доргилтын нөлөөгөөр тархинд нь цус харвасан байж болно гэдгийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралд шинжээч эмч М.Золжаргал, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хуралд шинжээч эмч М.Энхбаяр нар тодорхой ярьж тайлбарласан. Талийгаач миний 1 удаагийн үйлдлээс унасан гэж үзвэл толгойн ар дагзны баруун доод хэсгийн хуйхан дор цус хурсан шарх нь үүссэн байж болно. Үүнийг шинжээч эмч нар ч унах үед үүсэх боломжтой гэж тайлбарладаг. Гэхдээ энэ шарх нь үхэлд хүргэх буюу тархинд хүнд хэлбэрийн цус харвах хэмжээний доргилт үүсгэхээр ноцтой гэмтэл шарх биш. Учир нь, тухайн газар орон нь цемент, хад чулуу гэх мэт хатуу гадаргуутай биш хөрсөрхөг зөөлөн газар байсан. Дагзанд учирсан шарх нь гаднаа ил шарх байхгүй, гадагш овойж хавдсан зүйл байхгүй. Харин толгойн оройн шарх нь ил язарсан шархтай, уг шархнаас нэлээд их цус гарсан байдаг. Уг шархыг тойроод овойж хавдсан. Задлан шинжилгээгээр “зулайн оройн хэсгийн хуйхан дор цоохортсон цус хуралттай. Уг шарх амьд ахуйд нь үүсгэгдэнэ” гэжээ. Эндээс үзэхэд толгойн ар дагзнаасаа цус харвах хэмжээний доргилт аваагүй. Харин толгойн орой зулай хэсэгт илүү хүчтэй цохигдож, илүү хүчтэй доргилт аван тархинд хүнд хэлбэрийн цус харвалт өгсөн нь тодорхой харагдаж байна. Шарх учирсан дарааллын хувьд дагзны шарх учирснаас хойш толгойн орой зулай хэсгийн шарх учирсан байдаг. ...Харин талийгаачийг гаднаас зөөж оруулахад толгой талаас нь өргөсөн Х.Гбын урд энгэр, өмдний урд хэсэгт нь нэлээд их цус болж /хх-174-3хх/ гэрийн гадаа үүдний чулуун шал, гэр доторх шалан дээр талийгаачийн цус дуслаад явсан байдаг. Мөн тухайн үед байсан гэрч Ган-Эрдэнэ, Бь, Тб нар талийгаачийн толгой зүгээр байсан гэдгийг гэрчилдэг.

Миний бие талийгаачаас салаад хамрын цусаа арилгаад буцаж ирэхэд талийгаач надаас салсан газраас өөр газар Л.Этгийн хойд зүгт харж унасан гэснээс өөр зүгт буюу урд зүгт харж /хх-174-3хх, 163-164-6хх/ олон тооны гэмтэл шинээр авч унасан байсан нь талийгаач миний үйлдлээс болж нас бараагүй, надаас хойш идэвхитэй үйлдэл хийн хэн нэгэнтэй ноцолдож боолгуулж, хоолой болон толгойн орой хэсэгтээ үхлийн шарх авч нас барахад хүрснийг давхар давхар нотлон харуулж байна.

2017 оны 7 дугар сарын 16-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд прокурор Б.Гантулга талийгаачийн байрлал өөрчлөгдсөн талаар ...хазгай, налуу газар байсан ...гэж ор үндэслэлгүй зүйл ярьсан. Мөн прокурор ...энэ олон хүнийг 6-7 удаа байцаалаа, энэ хүмүүс үнэнээ хэлэхгүй байхад бид яах ёстой юм гэх зэргээр ярьсан нь хэргийн бодит үнэн байдлыг тогтоохын тулд бус ...шударга бус, ёс зүйгүй хандаж байгааг харуулж байна.

Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

2017 оны 9 дүгээр сарын 27-нд Чингэлтэй дүүргийн шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлах үед хэргийн газрын камерын бичлэг алга болсон нь тодорхой болсон. Тодруулбал, BXS H264 network dijital video recorder гэсэн бичигтэй хар өнгийн хяналтын камерын бичлэг хүлээн авагчаас хуулбарлан авсан бичлэгүүдээс хэрэг гарах үеийн буюу 19:00-20:00 цаг /камерын цагаар 20:00-21:00 хүртэлх 1 цагийн бичлэг алга болсон байсан. Энэхүү бичлэг нь гэрч Д.Мб, П.Тб нарын гэрт талийгаачтай Б.Ө маргасан гэж мэдүүлээд байгааг худал болохыг, тэр үед нь талийгаач гэрт байгаагүй, гэрт ороогүйг батлах, гэрийн гадаа талийгаач болон Ган-Эрдэнэ, Бь, Тб нарыг цуг зогсож байхад нь очиж байгаа, очингуут үг солих боломж, цаг хугацаа өгөлгүйгээр талийгаач шууд намайг цохиод хөөгөөд цуг байсан дээрх нөхдүүд араас гүйж байгааг Л.Эт амралтын байр луу гүйж хүн дуудаад 2 минут гаран болоод буцан гарч ирж байхад нь урдаас нь талийгаачийг өргөөд очиж байгааг харуулсан хэрэгт чухал ач холбогдол бүхий гол нотлох баримт байсан юм. Бичлэг алга болсон нь хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн явдал гэж үзэж байна. Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хуралд уг алга болсон бичлэгээс хэрэг болох үеийн бичлэгийг тодруулан камерын бичлэгтэй харьцуулан үзэх боломжтой байдлаар СД-нд буулган шинэ нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа болно.

Тав: Бусад бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт, шийдвэрүүд:

Анхан шатны шүүхээс зөвхөн миний 1 удаагийн үйлдлээс хоорондоо харилцан хамааралгүй олон тооны гэмтэл шархыг нэгэн зэрэг учран талийгаач нас барсан гэж хэргийн бодит байдалтай нийцэхгүй буруу дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Ингэхдээ Б.Өгийн 1 удаагийн үйлдэл өөрийгөө хамгаалсан үйлдэл биш гэж үзэж хэн нь эхлээд хэнийхээ Үндсэн хуульд заасан амьд явах эрхэд халдсан амь насанд аюултай довтолгоон хийж зодсон гэдгийг үнэлж дүгнэлгүй Б.Ө гэдэг хүн Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх гэх мэт иргэн хүний зайлшгүй, салшгүй эрхийг эдлэх эрхгүй, эдлэх ёсгүй, өөрийн амь биед аюултайгаар халдсан, тулгарсан довтолгооноос өөрийгөө хамгаалах эрхгүй этгээд мэтээр тодорхойлж дүгнэсэн нь Олон улсын эрх зүйн хэм хэмжээ, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуульд нийцэхгүй дүгнэлт шийдвэр болжээ.

Миний 1 удаагийн үйлдэл нь талийгаачийг үхэлд хүргэх шалтгаан болоогүй боловч өөрийн амь биед аюултай буюу миний амин газар болох нүүр, толгой хэсэгт тулгарсан аюултай довтолгоон, хүчтэй цохилтуудын үед хийсэн үйлдэл. Талийгаач гэнэт шалтгаангүй зодож цохисон, миний хариу үйлдэл хийсэн зэрэг нь маш богино хугацаанд болж өнгөрсөн. Тухайн үед олон удаа толгой, нүүр хэсэгтээ хүчтэй цохиулснаас чих дөжирч, толгой дүүрч маш их цочирдсон тул өөрийн үйлдлийн учир холбогдол, үр дагаварыг тооцоолох боломж нөхцөл, цаг хугацаа надад байгаагүй. Гэнэт зодуулж цочирдсоноос болоод талийгаач над руу дайрч байхдаа юу гэж хэлж байсан, би өөрөө юу гэж хэлсэн, хэн намайг салгасан гэдгийг тухайн үед тодорхой мэдэхгүй байсан. Сүүлд энэ явдлын талаар дэс дараатай тодорхойлон юу болсныг сэргээн санаж мэдүүлгээ тодорхой өгсөн. Энэхүү үйл явдлыг харсан цорын ганц гэрч Л.Эт дараах байдлаар тодорхойлж гэрчилдэг. Үүнд:

1. “...талийгаач эхлээд Б.Өг баруун, зүүн гараараа ээлжлэн цохиж хөөгөөд байсан. Б.Ө хариу 1 удаа цохисон. Өөр ямар нэгэн үйлдэл хийгээгүй...” гэх мэдүүлгүүд /хх-244-1хх, 1-4-2хх, 105-5хх/.

2. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүрэгт болсон шүүх хурал дээр прокурор Э.Тогтох: Б.Ө өөр тийш зугтах боломж хэр байсан бэ гэж асуухад Л.Эт: ер нь бол завдал өгөхгүй савчаад дайраад байсан. Талийгаач бүүр нэлээд хэд хэд цохисон” гэх мэдүүлэг /хх-105-5хх/.

3. 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүрэгт болсон шүүх хуралд шүүгч Б.Халиун: Б.Ө өөрийгөө хамгаалахаар тийм хэмжээний нөхцөл байдал үүссэн юм уу гэж асуухад Л.Эт: “Үүсэлгүй яах вэ, үүссэн үүссэн” гэж мэдүүлсэн болно.

Энэ хэрэгт гэрчээр оролцож буй П.Тб нь хэрэг гарсны дараа хамгийн их сэжигтэй байсан. Түүнийг нь Тбтой цуг ажилладаг Тунгалаг гэдэг хүн хамгийн сайн мэдсэн тухай Түвшинбаяр гэрч О.Цэдэвсүрэн нар хоорондоо ярьсан байдаг. Энэ ярианы бичлэгийг нь шүүх хурал дээр СД болон бичгэн хэлбэрээр нотлох баримт болгон гаргаж өгсөн боловч шүүх үнэлж үзэлгүй орхисон байна. Гэрч П.Тб нь эхний 4 удаагийн мэдүүлэгтээ талийгаач, Б.Ө хоёр гэрт маргаагүй гэж мэдүүлж байснаа өөрийн гэмийг нууж гэмт үйлдлээ надад тохох, байцаалтыг зөвхөн над руу чиглүүлэхийн тулд мэдүүлгээ өөрчилж хэрэг болохын өмнө Б.Ө, талийгаачтай гэрт маргасан, гэрийн гадаа маргаж байсан гэж огт тийм зүйл болоогүй байхад гүтгэж мэдүүлэг өгсөн. Тбын мэдүүлээд байгаа юм шиг маргаан болоогүй гэдгийг өмнөх хэсэгт тодорхой нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүд, камерын бичлэгээр нотлон тайлбарласан болно. Талийгаач дээр хамгийн түрүүнд гүйж очсон хүн П.Тб гэдгийг анхаарч шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү...” гэжээ.         

Шүүгдэгч Б.Өгийн өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Шүүхийн тогтоолд заасан дүгнэлтүүд хэргийн бодит байдалтай нийцээгүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтуудад заасныг үндэслэл болгож гомдол гаргасан. Шийтгэх тогтоолын “дүгнэвэл” хэсгийн эхэнд энэ хэрэгт хийгдвэл зохих мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн” гэж дүгнэсэн. Үүнтэй санал нийлэхгүй байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр “талийгаачийн биед толгойн зулайд, дээд доод уруул, хүзүүний зүүн хажууд, баруун гарын бугуй, ядам хуруунд, толгойн оройн хуйханд гэх мэт олон газарт шарх, гэмтэл, хаван хавдар, зулгаралтууд үүссэн. Энэ нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ” гэж гарсан. Гэрч Л.Эт 2015 оны 10 дугаар сарын 9, 10 дугаар сарын 14, 10 дугаар сарын 29, 12 дугаар сарын 10, 12 дугаар сарын 16-ны өдрүүдэд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Б.Ө Х.Хыг нэг л удаа зүүн хүзүү эгэм орчимд цохисон” гэж тогтвортой мэдүүлсэн байдаг. Энэхүү гэрч Л.Эт нь Х.Х, Б.Ө хоёрын энэхүү үйлдлийг харсан цорын ганц гэрч юм. Б.Ө энэ талаар “над руу халдаж довтолсон учраас өөрөөсөө түлхэх маягаар зүүн эгэмд нь цохисон” гэж мэдүүлснийг гэрч Л.Этгийн мэдүүлэг үндэслэлтэй болох нь батлагддаг юм. Шинжээчийн дүгнэлт ёсоор хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эдгээр олон тооны гэмтлүүд, толгойн оройд үүссэн. Ингэхдээ Б.Ө нэг удаа цохисон байдаг. Гэтэл талийгаачийн нүүрэнд тийм олон тооны шарх гэмтэл үүссэн байдаг. Энэ шарх гэмтлийг хэн учруулсныг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар тогтоож чадаагүй, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн гэж дүгнэж байгаа нь бодит байдалтай нийцсэнгүй. Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх” гэсэн шаардлагыг, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Шийтгэх тогтоолын “дүгнэлт”-ийн хэсэгт “согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар Б.Ө, Х.Х нар хоорондоо маргалдсанаас” гэсэн дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт бол Б.Ө, Х.Х нар согтуурсан, хоорондоо маргалдаж байгаад ноцолдсон юм шиг дүгнэсэн. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ Б.Ө архи уугаагүй. Архи уугаагүй шалтгаан нь тухайн өдөр 2 хониор хорхог хийх ёстой байсан. Тэгэхээр ажлаа зохих ёсоор хийж явсан. Архи уусан байлаа гэж бодоход тал хундага амссан эсэхийг бусад гэрч нар нотолдог. Ийм байдлаар худал дүгнэлт хийгээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мб гэх гэрч “тэр хоёрыг гэрт байхдаа маргалдсан мэтээр хэлснийг гэрч Тбоор хэлүүлэх гэж хэд хэдэн удаа оролдсон. Тб нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй “тэр хоёр маргалдсаныг би хараагүй” гэдгийг хэлсэн. Гэрч Л.Эт эхний үедээ хоорондоо маргалдсан хүмүүс гэрээс гарж ирсэн гэж мэдүүлсэн. Үүнийгээ сүүлд “нөгөө талдаа 2 хүн ноцолдоод гараад ирсэн чинь” гэж буруу мэдүүлсэн байна” гэж гэрч Л.Эт нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өөрийн мэдүүлгээ залруулсан байхад анхан шатны шүүх тэднийг “маргалдсан” гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Шийтгэх тогтоолын 27 дугаар талд “талийгаач савж унан биедээ зулайн орой хэсгийн хуйх болон уруулын шарх, цус хуралт, хаван, зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, баруун гарын сарвуу, бугуйнд цус хуралттай, бамбай булчирхай, залгиурын голомтын цус хуралт, цус харвасан хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан болох нь” гэж тэмдэглэжээ. Б.Ө цохисон, савж унах үед нь нүүр нүдэнд нь учирсан олон гэмтлүүд учруулсан юм шиг дүгнэсэн. Б.Ө ганц удаа цохисон нь батлагддаг. Гэтэл арагшаа унах явцдаа тийм олон гэмтэл учирсан мэтээр шүүх дүгнэлтдээ бичээд байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Шийтгэх тогтоолд “Б.Өгийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байна гэж дүгнэсэн. Энд гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрдүүлдэг 4 шинж байдгаас субъектив талын шинжийг хэрхэн бүрдүүлж байгааг тодорхойлон зааж чадаагүй. Ямар нотлох  баримтаар тогтоогдсон бэ. Өөрөөр хэлбэл, Б.Ө талийгаачийг алах санаа бодол, сэдэлт, зорилго зэрэг нь ямар нотлох баримтаар нотлогдож байна вэ. Энэ хэрэгт тогтоож чадаагүй. Б.Өгийн өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлаж хэлсэн “шүүгдэгч өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн” гэснийг яагаад үндэслэлгүй гэж үзсэнээ шүүх шийтгэх тогтоолд тодорхойлж тайлбарласангүй. Уг зүй нь “үндэслэлгүй” гэж үзсэн үндэслэлээ заах ёстой байсан. Б.Өгийн хүний хүзүү толгой орчимд цохиж буй үйлдэл нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн шинжгүй байсныг тодорхой харуулж байна гэж шийтгэх тогтоолд дурдсан. Эндээс үзэхэд аргагүй хамгаалалт гэдгийг шүүх өөрөө тайлбарлаж чадаагүй. Б.Ө руу довтлоод ирэхэд өөрийгөө хамгаалаад өөрөөсөө холдуулсан нь үнэн. Тэрийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй, хаана цохихоор аргагүй хамгаалалт гэж үзэх вэ. Ингэж бодохоор анхан шатны шүүх аргагүй хамгаалалтын талаар тодорхой ойлголтгүй юм байна гэсэн бодол төрж байна. Анхан шатны шүүх Б.Өг буруутгахын тулд түүний эсрэг цуглуулсан нотлох баримтыг ашигласан, түүнд ашигтай байж болох нотлох баримтуудаас нэгийг ч авч хэлэлцсэнгүй. Жишээлбэл Б.Өд ял оногдуулахдаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж дүгнэсэн. Үнэхээр Б.Өг гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзээд ял шийтгэл оногдуулж байгаа бол түүнийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх 2-3 шалтгаан нөхцөл байгаа. Яагаад түүнийг буруутгах талд гол анхаарлаа хандуулаад байна вэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн бол” ял хөнгөрүүлэх тухай заасан. Энэ заалтаар гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзсэн бол яагаад хөнгөрүүлж үзэж болдоггүй байсан бэ. Б.Өг буруутгахын тулд шүүх нэг талыг хэтэрхий барьсны баталгаа болно гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс энэ хэргийн талаар дүгнэлт хийхэд онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн гэрч Л.Этгийн зарим, Д.Мб, Жбэ, Х.Гб, Р.Бь, Б.Г, П.Тб, Ч.Цэдэвсүрэн, Д.Бз, Б.Ариунаа зэрэг гэрчүүдийн олон янзын зөрүүтэй мэдүүлгүүдээс хэнийх нь аль мэдүүлэг нь үнэн зөв, хэнийх нь аль мэдүүлэг худал болсныг баталсан эсэхийг ялгаагүй. Мөрдөн байцаалтад гэрчүүд ингэж мэдүүлсэн байна гээд бичсэн байдаг. Тэрийгээ нотлох баримтаар дүгнэсэн. Мб “энэ хэрэг гарах үед би тасраад уначихсан байсан” гэж мэдүүлсэн байдгийг бичсэн байдаг. Тасарч унасан хүнээр юуг нь гэрчлүүлэх вэ. Үүнийгээ хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийж чадаагүй. Гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэж байгаагаа дурдаж чадаагүй. Улсын Дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 244 дүгээр тогтоолын заалт хэрэгжээгүй. Уг тогтоолд 3 төрлийн заалтыг оруулж өгсөн. Б.Ө нь Х.Хын хүзүү толгой хавьд цохисны улмаас Х.Х арагшаа савж унан биедээ амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас амь нас хохирсон болох нь хяналтын камерын бичлэг хүлээн авагчаас хуулбарлан авсан дискний бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна гэж дурдсан. Хяналтын камерын бичлэгийг анхан шатны шүүх хуралдаанд үзэж чадаагүй. Бичлэг нь огт гараагүй. Нэг хүний дүрс гараад хэн гэдгийг мэдэж чадаагүй, жирэлзсэн дүрс яваад өнгөрсөн. Ийм байхад хяналтын камерын бичлэгээр хэргийг нотлогдож байна гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй байна. Гэтэл энэхүү дискний бичлэгийг анхан шатны шүүх хуралдаан дээр үзэх гэж 2-3 цаг орчим оролдоод чадаагүй. Анхан шатны шүүхийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, согтууруулах ундаа хэрэглэж улмаар Х.Хтой маргалдсан, савж унан биедээ, зулай орой хэсгийн хуйх, уруулын шарх, цус хуралт, хаван, зүүн нүдний алимнаас цус хуралт, хүзүүний зүүн хажуу баруун гарын сарвуу, бугуйнд цус хуралттай, бамбай булчирхайн залгиурын голомтод цус хуралттай, гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан, хүний хүзүү толгойд цохисон нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн шинжгүй байгааг харуулж байна, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэсэн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй орхисон. Харилцан зөрүүтэй нотлох баримтуудаас аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүйн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. “Х.Х нарыг гэрийн гадаа байхад нь би тэдэн дээр явж очиход Х.Х намайг үгийн зөрүүгүй хоёр гараараа ээлжлэн толгойн хэсэгт савж цохиод байсан, би “та намайг яасан гэж ингээд байгаа юм бэ” гээд өөрөөсөө холдуулахын тулд зүүн эгэм рүү нь нэг удаа цохисон” гэж Б.Ө мэдүүлдэг. Б.Өгийн энэ мэдүүлэг нь гэрч Л.Этгийн мөрдөн байцаалтад 6 удаа, мөн анхан шатны шүүхэд өгсөн мэдүүлгүүдээр батлагддаг юм. Б.Ө амь хохирогчийн нэг удаа довтолгооныг зайлуулсан. Л.Эт анхан шатны шүүх хуралдаанд “талийгаачийг дагзаараа газар савж унасан байх гэж бодсоноо хэлсэн” гэж мэдүүлдэг. Иймд Б.Өгийн энэхүү үйлдлийг аргагүй хамгаалалтын үед хийсэн гэж үзэж байна. Хуульд зааснаар хэн ч өөрийнхөө эсрэг гэмт халдлагаас өөрийгөө хамгаалах бүхий л арга хэмжээг авах эрхтэй. Энд ажил мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж гуйх бололцоо эсэхээс үл хамаарч аргагүй хамгаалалт хийх эрхтэй гэж заасан. Хэрвээ энэ байгууллагын дунд бага тушаалын албан тушаалтан дээд тушаалын хүний хууль бус ажиллагааны өмнө хүлцэнгүй зогсож үг дуугүй зодуулж байна гэсэн дүрэм байдаггүй л юм бол. Б.Өгийн энэ үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхээс өөр арга байхгүй. Б.Ө энэ үйлдлийг хийхдээ талийгаачийн үйлдэл үргэлжилсээр байгаа тэр үйлдэл, яг тэр үед хийсэн үйлдэл. Түүнээс биш үйлдэл нь эхлэхээс өмнө юм уу, үйлдэл нь төгссөний дараагаар цохисон үйлдэл биш. Иймд Б.Өгийн үйлдлийг гэмт хэргээс өөрийгөө хамгаалсан үйлдэл хийсэн гэж үзэж байна. Б.Өгийн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Ийм учраас түүнд  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бусад талийгаачид учирсан олон тооны гэмтлүүдийг хэн учруулсан, хэн амь насыг нь хохироосон бэ гэдгийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоох боломж байгаа...” гэв.

Шүүгдэгч Б.Өгийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь Б.Өгийн толгой руу нь олон удаа цохисны улмаас зүүн эгэм рүү нь 1 удаа цохиж хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон гэсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон гэж яллах үйл ажиллагаа явуулсан. Гэтэл шүүхийн дүгнэлтэд Б.Ө хохирогчийн толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироосон гэсэн дүгнэлт хийсэн. Энэ бол маш ноцтой бөгөөд, улсын яллагчийн итгэл үнэмшил, нотлогдсон гэсэн нотлох баримтдаа хийсэн үнэлэлтээс тэс өөр үнэлэлт хийж ялласан. Өөрөөр хэлбэл улсын яллагч нотлох баримтуудаа өөрчилж яллах дүгнэлтийн агуулга, хэргийн нөхцөл байдлаас өөр байдлаар дүгнэлт хийсэн нь шүүхийн дүгнэлт нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй. Мөрдөн байцаалтын ажиллагаанд дутуу хийсэн зүйл байсан. Бид нар энэ асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр яригдсан боловч шүүх хүлээж аваагүй. Гэхдээ гэм буруугийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь заалтад зааснаар мөрдөн шалгах ажиллагаа хийх асуудлыг ярьсан боловч шүүх бүрэлдэхүүнээрээ энэ хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Хийсэн дүгнэлтийг аваад үзэхэд шүүхийн дүгнэлт бол үйл баримтыг буруу үнэлсэн. Хохирогчийн биед учирсан олон гэмтлийн үйлчлэл нь өөрөө ийм үйлдлийг Б.Ө бүгдийг нь учруулсан мэтээр дүгнэлт хийж гэм буруутай гэж үзсэн. Гэтэл Б.Ө бусад гэмтлүүдийг нь учруулах үйлдэл хийгээгүй гэдгийг гэрч Эт болон бусад гэрч нар нотолсон. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхэд урьдаас хөдөлбөргүй нотлогдсон нотлох баримт байх ёсгүй гэсэн зарчмыг ноцтой зөрчиж алдагдуулсан. Энэ нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй. Ямар сиди байсан бэ гэхээр өмнөх бүрэлдэхүүн үзсэн. Харъяалал өөрчлөгдөөд Чингэлтэй дүүргийн шүүх дээр ирсэн. Энэ бүрэлдэхүүн өрөөндөө үзсэн үү гэхээс биш, өрөөндөө үзсэнийг нь бодохдоо урьдаас хөдөлбөргүй нотлогдсон нотлох баримт гэж үнэлэлт өгөх процесс биш гэж үзэж байна. Энэ шүүх хуралдаан дээр яригдах асуудал. Гэтэл шүүх хуралдаан дээр энэ сиди бичлэгийг судлаагүй. Судалсны ач холбогдол нь сиди бичлэгийг үзвэл Б.Өгийн мэдүүлэг үнэн зөв гэдгийг нотолсон. Өөрөөр хэлбэл, гэрээс Б.Ө гарахад хохирогч болон Ган-Эрдэнэ, Бь, Тб нар хохирогчтой цуг гэрийн үүдэнд тойроод зогсож байсан. Б.Өг гараад ирэхэд түүн рүү довтолгоон хийгээд камераас гараад явсан үйл баримт байгаа. Тэрнээс өмнө хохирогч утсаар яриад ганцаараа нааш цааш яваад байгаа бичлэг байсан ч шүүх үүнийг үзээгүй атлаа сиди бичлэгээр нотлогдлоо гэдэг нь бол шүүхийн урьдаас хөдөлбөргүй нотлогдсон нотлох баримт байх ёсгүй гэсэн зарчмыг шүүх алдагдуулсан атлаа өөрөө шүүх хуралдаан дээр үзсэн мэтээр мэтгэлцэх боломжийг гаргаагүй, нотлох баримтыг шинжлээгүй атлаа ийм дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг ноцтой зөрчсөн асуудал гэж үзэж байна. Хохирогчийн биед хийсэн Б.Өгийн үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд хөдөлбөргүй нотлогдсон гэж үзэж байгаа асуудал бол зүүн эгэм рүү нь 1 удаа  гараараа цохисон. Гэтэл хүний амь нас хохироосон гэж байгаа боловч цогцост задлан шинжилгээ хийсэн анхны дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн материалаас гаргасан дүгнэлтэд байгаа гэмтлүүд нь хоёр өөр төрлийн гэмтэл. Эхнийх нь тархиндаа цус харвасан гэмтэл, дараагийн хохирогчид амьсгал бүтэлт үүссэн, хүзүү хоолойд нь шахах үйлчлэл үзүүлснийг нотолсон гэмтэл байгаа. Энэ дүгнэлтийн дараа мөрдөн байцаалтын шатанд дүгнэлт гаргуулах асуудлыг удаа дараа тавьсан боловч хүлээж аваагүй. Улсын Дээд шүүх дээр үүнийг хүлээж авсан. Тэгээд мөрдөн байцаалтын шатанд 5 шинжээчийн 32 дугаар дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт гаргуулахад шинжээчид  тогтоолд тавигдсан 3 дахь асуултад “нүдэн дэх цэгчилсэн цус хуралт, уруулан дахь цэгчилсэн цус хуралт хүзүүний хэсэг дэх цус хуралт, мөн улаан хоолойд цус хуралт гэсэн шинж тэмдгүүд нь амьсгал бүтэлтийн шинж тэмдгүүд мөн үү” гэж асуухад шинжээч нар “амьсгал бүтэлтийн улмаас хохирогч нас бараагүй” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, амьсгал бүтэлтийн шинж мөн гэж хэлээгүй, биш ч гэж хэлээгүй. Гэтэл шүүх хуралдаанд шинжээч нарыг оролцуулаад “амьсгал бүтэлтийн шинж тэмдэгт энэ шинж тэмдгүүд хамаарах уу” гэж асуухад “амьсгал бүтэлтээр нас бараагүй гэсэн дүгнэлт гарсан байна” гэсэн. “Тэгвэл энэ амьсгал бүтэлтийн шинж тэмдэг мөн үү” гэж асуухад “мөн, хүзүү хоолойд нь шахаж дарах үйлчлэлээр үүссэн байна. Ийм үйлчлэл болсон” гэж тайлбарласан. Нөгөө Б.Ө амьсгал бүтэлтэд оруулсан гэмтэл хэзээ хийсэн бэ. Хохирогчид өөр хэн ч халдаагүй гэсэн нотолгоо биш болчихлоо. Энэ утгаараа мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл гарч ирсэн. Үүнтэй холбоотойгоор хуйхны шархыг шүүх дүгнэхдээ Б.Ө утсаар цохисон юм шиг ойлголтоор дүгнэсэн боловч утас нь угаасаа хагархай утас байсан. Өөр хүний таксинд явж байгаад мөнгөний оронд түр өгсөн хагарсан утас гэдэг нь нотлогдсон. Дээр нь шинжээч нар энэ дүгнэлтийг хийхдээ энэ бол унахад үүсээгүй. Б.Өгийн үйлдлээс унасан гэж үзвэл хуйхны гэмтэл учраагүй шарх гэж үзсэн. Нөгөө талаар Б.Өгийн урдаас цохисон үйлчлэл болсон гараар цохисон гэдгийг Эт хэлсэн. Тэгээд унасан гэдэг үйл баримт эрс зөрүүтэй болсон. Ийм учраас шийтгэх тогтоолд хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй. Аргагүй хамгаалалт нь гэм хор учруулсан боловч тэрийг нь гэмт хэрэг үзэхгүй гэсэн зарчим байгаа. Гэхдээ бид аргагүй хамгаалалт гэж шүүх үзэхгүй бол гэмт хэргийг үйлдсэн хүн нь Б.Ө нь биш байна гэж үзэж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэр гаргах боломж нээлттэй байгаа. Шүүхээс аргагүй хамгаалалт гэж үзэхгүй гэж үзсэн дүгнэлт нь ойлгомжгүй. Ерөнхий дүгнэлт нь хүний амьд явах эрхийн асуудлыг дурдсан байдаг. Хүн халдлагад өртөх ёсгүй гэсэн. Хамгийн анх халдлагад өртсөн хүн бол Б.Ө. Б.Ө тэр олон цохиулчихаад аз болоод тархинд цус харавсангүй. Гэтэл 1 удаа эгэмд нь цохисон хүний амь нас хохирчихоод энэ 2 үйлдэл дээр нь 2 өөр үнэлэлт өгч болохгүй. Аргагүй хамгаалалтын хувьд халдлагын асуудал байгаа. Халдлага байсан уу гэвэл байсан. Халдлага нь хуульд харш байсан. Халдлага явах үед аргагүй хамгаалалт хийгдсэн. Хамгаалах хариу үйлдэл байсан уу гэдэг нь нотлогдсон. Аргагүй хамгаалалтыг хийхдээ заавал хамгаалах боломж байсан уу, хамгаалах үйлдэл хийхгүйгээр боломж байсан уу гэдгийг судалж үзнэ. Тэгэхэд үүнийг гэрч болон Б.Өгийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгээр Б.Ө хамгаалах үйлдэл хийгээд зугтах оролдлого хийсэн боловч ханцуйнаас нь барьж аваад ахиад довтолгоо явагдсан. Энэ үед зайлсхийх цэвэр оролдлого хийх. Б.Ө гараараа довтолсон хүний эсрэг гараасаа өөр зүйлээр довтолгоон хийгээгүй. Энэ бүх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлон баримтуудаар хангалттай нотлогдсон байхад шүүх шүүгдэгчийг хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаад 1 удаа толгойд нь цохиж амь насыг нь хохироосон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаас эрс зөрүүтэй дүгнэлт хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр өөр бүрэлдэхүүнтэйгээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна…” гэв.

Шүүгдэгч Б.Өгийн өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар миний үйлчлүүлэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж чадаагүй. Буруутгаж байгаа нотлох баримт нь хангалтгүй. Хүний амь нас хохироосон гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Шүүхээс тийм дүгнэлт хийх боломж байхгүй. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 420 дугаартай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, 1.2 дахь заалтад “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж хуульд заасан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар дараах гомдлыг гаргасан.

Гэрчүүдийн олон удаагийн зөрүүтэй мэдүүлэг болон анхан шатны шүүх түүнийг хэрхэн үнэлсэн талаар ярих шаардлагатай.

Анхан шатны шүүхийн 420 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт 16 гэрчүүдийн бүх мэдүүлгийг нэгтгэх боломжгүй гэдэг шиг монтажилж авчирчихаад бүх Б.Өтай холбоотой хэсгийг нь өгүүлбэр дундаас таслаж авчраад хүнийг яллаж болох уу. Нотлох баримтыг бүрэн дүүрэн нотлох ёстой, эсхүл 1 хүний мэдүүлэг 2 өөр эсрэг санаа явж байхад нэгийг нь үнэлээд нөгөөг нь үнэлэхгүй орхиж байна. Үүнийг нотлох баримт хэргийн нотлох баримттай нийцсэнгүй гэж хэлээд байна.

Гэрч Л.Этгийн шүүхээс үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй орхигдуулсан мэдүүлгүүд, 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн мэдүүлэгт “хажууд нь Ган-Эрдэнэ, Тб, Бь, Мб нар байсан”, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт та тухайн хоёр хүнийг яаж таньсан бэ гэхээр дуу хоолойгоор нь таньсан гэсэн. Өмгөөлөгч Б.Батбаяр: Дуу хоолойгоор нь таньсан бол яаж толгойгоороо унасныг нь харсан бэ гэхэд гэрч Л.Эт: Би толгойгоороо унасан гэж бодож байна гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ 13 метрийн цаанаас харанхуй байсан, сайн харагдахгүй байсан гэсэн атлаа толгойн ар хэсгээрээ түрүүлж газарт хүрсэн гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, харанхуй шөнө 13 метрийн зайд хүний толгойн ар хэсэг түрүүлж газар хүрч байгааг яаж харсан бэ. Тэгэхээр амь хохирогч унасан гэдэг нь эргэлзээтэй болж байна.

Шүүгч Халиун: Ноцолдсон, барьцалдсан, маргалдсан талаар тодорхой хэлж өгнө үү гэхэд гэрч Л.Эт: Сайн хараагүй болохоор тодорхой хэлж болохгүй байна гэсэн. Шүүгч Б.Халиун: Бодитой сайн харж чадаагүй байна гэж ойлголоо зөв үү гэхэд гэрч Л.Эт: Тийм гэв. Тэгэхээр толгойгоороо савж унасан гэх ганц гэрчийн мэдүүлгийг үгүйсгэж байна. Ган-Эрдэнэ, Тб, Бь, Мб нар тасралтгүй худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдсон. Хавтаст хэрэгт энэ хүмүүсийн мэдүүлэг 8 удаа авагдсан. Эхний 5 мэдүүлэгт “гэрт тасраад унасан байсан, юу ч санахгүй байна. гаднаас нүцгэн хүн тэврээд оруулж ирсэн, би сайн мэдэхгүй байна” гэсэн. 6 дахь мэдүүлгээсээ үгээ нийлүүлээд юу ярьсан бэ гэхээр яагаад үнэнээ хэлсэн гэхээр “гэрээс гараад талийгаачтай юм яриад зогсож байгаа камерын бичлэгээр тогтоогдсон. Тэгэхээр гарсан юм байна 2 алхамын зайтай буруу араад зогсож байсан. Юу болсныг нь мэдэхгүй” гэдэг. Ингэж худал ярьж мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан. Энэ хүмүүсийн мэдүүлэг ийм эрс зөрүүтэй байхад нэг хэсгийг нь үнэлээд нөгөө хэсгийг нь яагаад үнэлэхгүй байгаа юм бэ гээд Улсын Дээд шүүхээс үүнийг шалга гээд буцаахад гэрчээр асуусан. Худал мэдүүлэг өгсөн хүмүүсийг Эрүүгийн хуульд заасан тодорхой хариуцлага хүлээлгэх ёстой. Дараа нь шүүх хуралдаанаас хэлэлцэгдсэн асуудлаас өмгөөлөгч Ганбат хадны тэндээс хар хувцастай хүн гүйж ирээд цохисон. Хадны тэндээс хэн гүйж ирсэн бэ гэж тодруулахад Бь би биеэ засчихаад ирсэн. Хар цамцтай байсан гэж мэдүүлсээр байтал хэргийг шийдвэрлэхэд авч хэлэлцээгүй. Гэрт Б.Ө, талийгаач хоёр маргалдсан гэх асуудлыг тасарсан байсан Мб гаргаж ирсэн. Гэрт байсан бүх хүмүүсийг шалгаад байцаахаар гэрт тийм зүйл болоогүй гэж хариулсан. Тэгэхээр шүүхээс маргалдсаны улмаас гэж дүгнэсэн нь худлаа байна. Тэр хоёр хүн хоорондоо маргалдаагүй.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн тухай ноцтой асуудал болсон.

Камерын бичлэг алга болсон. Шүүх хуралдаан дээр хайгаад олоогүй ч биш энэ бичлэг алга болсон. 2-3 цаг хайгаад олоогүй. Маргааш өглөө нь хойшлуулж байгаад ирж үзээд байхгүй. Тэгэхээр хавтаст хэрэгт прокурорын камерын бичлэг үзсэн тэмдэглэл хаанаас гарч ирсэн бэ. Тэр бичлэгийг үзүүлж байж гэрч нарыг худал мэдүүлэг өгсөн эсэхийг нотлож биет гэмт хэрэг гараад байгаа процесс нь өөрөө 4 минутад болсон. 2 минутад нь бүх асуудлыг харсан өөр хүн хүрээгүй гээд байгаа Эт караоке руу гүйж ороод гарч ирээгүй байсан. Тэгэхээр энэ хооронд юу болсон бэ. Б.Өг салгаад нэг хүн саравчны ард аваачсан. Энэ хооронд юу болсон гэдэг камерын бичлэг миний үйлчлүүлэгчид хамгийн ашигтай нотлох баримт болсон. Тэрийг хаана байгааг нь олохгүй байсан.

Гурав. Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолын биелэлтийн талаар нэг ч заалт нь биелэгдээгүй. Биелүүлэх гэж оролцоогүй. Шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нөхцөл байдал буюу хохирогчийн цогцост хийсэн үзлэгээр “толгойн баруун зулайн ар хэсэгт 1.1 x 0.2 см хэмжээтэй язарсан шарх, задлан шинжилгээгээр зулайн орой хэсгийн шарх” гэсэн гэмтлийг хэн, хэзээ учруулсан болохыг огт шалгалгүй орхигдуулсан гэж дүгнэсэн. Шүүх хуралдаанд шинжээч эмч нарыг авчирч асуухаар энэ гэмтлээс хүн нас барах боломжтой гэж дүгнэсэн. Энэ шархыг доргилтгүйгээр учруулах боломжгүй бол цус харвах гэмтэл нь өөрөө доргилтоос үүснэ гэсэн. Тэгэхээр Б.Ө энэ гэмтлийг учруулаагүй болох нь хангалттай нотлогдсон. Үүнийг хэн учруулсан бэ. Б.Өгаас өмнө учруулсан байх боломжтой юу. Хэрвээ босоогоор нь учирсан бол хүзүүг нь дагасан цус урсаж, хувцас нь болох байсан. Хэн учруулсныг шалгаагүй. Мөн шинжээч эмчийн “эд эсийн шинжилгээгээр хохирогчид амьсгал бүтэлт тогтоогдоогүй” гэсэн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг баталгаажуулж холбогдох шинжилгээний баримтыг хэрэгт хавсаргаагүй байна. Үүнээс гадна шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн Л.Эт, Д.Мб, Жбэ, Х.Гб, Р.Бь, Б.Ариунаа, Д.Бз, П.Тб, Ч.Цэдэвсүрэн нарын харилцан зөрүүтэй мэдүүлгийн аль хэсгийг ямар үндэслэлээр үнэн зөв гэж үзсэн, хэрхэн үгүйсгэж, няцаасан үндэслэлийг шүүх дүгнээгүй байна гээд ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “Х.Х нууцын бичээч Б.Өг хэд хэдэн удаа зодож цохих үед шүүгдэгч Б.Ө нь зөрүүлээд Х.Хын хүзүү, толгой орчимд нэг удаа цохисны улмаас Х.Х нь чулуулаг хатуу хөрстэй газар арагшаа биеийн жингээрээ савж унан биедээ зулайн орой хэсгийн хуйх болон уруулын шарх, цус хуралт, хаван, зүүн нүдний алиманд цyc хуралт, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, баруун гарын сарвуу, бугуйд цус хуралттай, бамбай булчирхай, залгиурын голомтлог цус хуралт, амь насанд аюултай тархины зөөлөн бүрхүүл дор тархмал цус харвасан хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж амь нас нь хохирсон болох нь тогтоогдлоо” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Эмнэлгийн задлан шинжилгээгээр хохирогчийн “биед тогтоогдсон дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэж дүгнэсэн. Тархмал цус харвасан үед ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн. Хэрвээ эгэм рүү нь цохиход талийгаач савж унан нас барсан бол түүний нас барсан байрлал өөрчлөгдсөн бэ. Гэрч Гбын мэдүүлгээр баруун урагшаа харсан байсан. Гэрч Эт хойшоо савж унасан гэсэн. Тэгэхээр гэрч Этг караоке руу 2 минутын хугацаатай ороод буцаад гарж ирэхэд талийгаач урдаас нь дамжлаад ирж байхад очиж тусалсан. Тэгэхээр энэ хугацаанд юу болсныг хараагүй байж өөр хүн гар хүрээгүй. Зулайн язарсан шархыг хэн учруулсныг тогтоох гэдэгт өөр хүн гар хүрээгүй бол энэ гэмтэл нь хаанаас гарч ирсэн бэ. Тэгэхээр өөр хүн гар хүрсэн байна гэдэг нь хангалттай нотлогдож байгаа. 1 удаа эгэмд цохихоор хоолойны боогдолтоор цамц нь урагдчихсан. Зулай болон дагзан дээрээ шархтай, нүдэнд нь цус хурсан, залгиур хоолойдоо язарсан шархтай, цаанаа гүн шархтай, уушгинд цэгчилсэн цус харвалттай хүн нас барахгүй. Тэгэхээр 1 удаа эгэм рүү цохиод ийм олон гэмтлүүд учруулж аллаа гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна. Байрлал өөрчлөгдсөн талаар гэрчийн мэдүүлэг хангалттай тогтоогдсон. Б.Өд цохиулаад үйлдэл хийж чадахгүй байх ёстой тэр хүний байрлал яагаад өөрчлөгдсөн бэ гэхээр Б.Өгийн эгэм рүү нь цохиод нас бараагүй. Дараа нь хүний зулайн ясанд тултал учирсан язарсан шархаас болж хохирогч нас барсан гэж үзэж байна. Шүүхээс нэг удаагийн үйлдлээр алсан гэдгийг нь үгүйсгэж байна. Өмгөөлөгч нарын хувьд Б.Ө эгэм рүү нь нэг удаа цохисноос болоод үхсэн гэж дүгнээд байгаа нь аргагүй хамгаалалт юм. Түүнээс биш эгэм рүү нэг удаа цохиод нас барсан байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс болж нас бараагүй. Шүүх эгэм рүү нэг удаа цохисноос бусад гэмтлүүдийг нь тогтоож чадахгүй гэж байгаа бол хүний нүүр лүү олон удаа савж цохиод байгаа хүнийг эгэм рүү зөрүүлж цохисон үйлдэл бол аргагүй хамгаалалтын хуульд тэгж заасан гэж бодохгүйгээр мэдрэмжээрээ хийдэг үйлдэл гэж үзэж байна. Тэрийг анхан шатны шүүх болгоомжгүй, хайхрамжгүй аргагүй хамгаалалт хэрэглэсэн шинжгүй байна гэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн тэс өөр заалт. Аргагүй хамгаалалт нь олон улсын конвенцоор хүнд олгосон эрх. Эдгээрийг хооронд нь хольж байгаа нэг өгүүлбэрт оруулаад болгоомжгүй, хайхрамжгүй хандсан нь аргагүй хамгаалалт хэрэглэсэн шинжгүй байна гэсэн. Аргагүй хамгаалалт хэрэглэхийн тулд хаашаа зугтах ёстой вэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Тэгэхээр хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрч, шинжээчийн дүгнэлт зэргээр Б.Ө талийгаачийн амь насыг хохироосон. Энэ олон гэмтлийг ганцхан Б.Өгийн нэг удаагийн үйлчлэлээс учирсан гэдэг нь эргэлзээтэй байна. Ийм учраас энэ эргэлзээтэй байдлыг тогтоож чадахгүй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байгаа. Миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээтэй байгаа учраас түүнийг цагаатгаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Давж заалдах гомдлоо дэмжиж байна…” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Должин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маш их гомдолтой байна. Насанд хүрээгүй 3 хүүхдийг минь өнчрүүлэн байж намайг өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эгнээнд шилжүүлэн байж энэ хэргийг ийм байдалд хүргэх байсан юм уу. Энэ хэргийн материалтай танилцахад Б.Ө миний нөхрийг архичин мэтээр ярьсан байдаг. Ямар ч хүн албан байгууллагынхаа баяр дээр архи уух асуудал байдаг. Тэрийг хэн ч архичин гэж хэлдэггүй. Тухайн үед яаж биеэ авч явах эсэх нь тухайн хүний асуудал. Хоёулаа архи уудаггүй нөхцөлд байхад яагаад заавал миний нөхрийн амь насыг хөнөөн байж энэ асуудлыг шийдвэрлэсэн юм бэ. Аргагүй хамгаалалт гэж яриад байна. Хэрэг болсон газар нь тал шиг газар байсан. Ойр хавьд нь хүмүүс байсан. Зугтаад нэг тийш нь явж болох байсан. Үнэхээр тийм хэцүү байдалд орсон юм бол яагаад бусдаас тусламж гуйгаагүй вэ. Ямар ч тийм нөхцөл байдал байгаагүй. Өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирсан гэсэн. Тэгвэл үүнийг нотлох баримт байгаа. Бүх талаас зураг авсан. Хэний биед, хэний нүүрэнд цохиод байсан гэхээр Б.Өгийн духан тус газар багахан хэмжээний шарх, гарт нь хэдхэн мм-ийн зайтай тав тогтсон байсан учраас тэрийг хуучин шарх гэж боддог. Өөр хөхөрсөн ямар нэгэн зүйл байхгүй. Тухайн нөхцөл байдлыг аваад үзэхээр ийм байсан гэж үзэж байна. Энэ олон жил миний нөхрийг нас барсан хэрэгт албан газар нь биеэ авч зайлсан, гэрчүүд нь ажилгүй болохгүйн тулд ямар нэгэн дарамт шахалтаас айгаад биеэ аваад зайлсан. Гэмт хэрэгтэн нь хүртэл би биш. Мөрдөн байцаагч нь тогтооно биз дээ гэдэг. Үнэхээр Б.Ө гэмт хэрэгтэн биш байсан юм бол 2 жилийн хугацаанд яагаад тогтоогоогүй вэ. Энэ нөхцөл боломжоор хууль, шүүхийн байгууллага хангасан. Би хууль, шүүхийн байгууллагад итгэж байна. Өөрийгөө өмгөөлөхийн тулд мөрдөгч, прокурор ажлаа хийж чадахгүй, шүүгч нь ажлаа хийж чадахгүй байна гэдэг. Байж байгаад 1 жил гаруй хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулдаг маш их эрхтэй. Тэгвэл хохирогчид ямар эрх байна вэ. Этгийн мэдүүлэгт гар далайж байгааг нь харсан гэдэг. Миний бодлоор хамгийн сүүлд миний нөхөр нүдүүлж зодуулчихаад үхэхийн өмнө Эт гарч ирээд биеэ хамгаалж Б.Өг зайлуулж байгаа тэр үйлдлийг харсан болохоос өмнө нь болсон үйлдлийг хараагүй. Үүнийг юугаар нотлох вэ гэхээр хэний биед илүү шарх сорви байна гэдгээ нотолно. Шүүгдэгч ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэж яриад байна. Тэгвэл хохирогчид яаж ашигтайгаар шийдвэрлэх вэ. Би тэр эрхээ эдэлмээр байна. Би энэ хэргийн ял шийтгэлийг хөнгөдсөн гэж үзэж байна. 15 жилээр хүний амь насыг үнэлж болох уу. Мөрдөн байцаалтад буцаана гэж яриад байгаа ч юуг хийлгэх гээд байгааг ойлгохгүй байна. Б.Ө үнэхээр үйлдээгүй бол бүх зүйлээ нотлох баримттай гаргаж ирэх ёстой. Үнэнээ хэлээд хам хэрэгтэн болоод ял нь хүндрэх гээд байгаа юм байна гэж боддог. Ямар учраас 15 жил багадаж байхад 13 жилийн хорих ял өгсөн бэ. Мөрдөн байцаагч нар чадахаараа ажлаа хийсэн гэж боддог. Бүтэн 2 жилийн хугацаанд шүүгдэгчийн талаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Өөрийнхөө хийсэн зүйлд бусдыг буруутгадаг. Б.Ө өөрөө оршуулгын зардлыг гаргах ёсгүй гэж хэлдэг. Иймд хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэж, миний нөхөр, хүүхдүүдийн гомдлыг барагдуулж, энэ хүний ялыг бууруулах биш, зохих ял шийтгэлийг нь оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Должингийн өмгөөлөгч А.Содхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч нар аргагүй хамгаалалт гэж үзэж байх шиг байна. Аргагүй хамгаалалт бол биш гэдэг нь шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Аргагүй хамгаалалтын онолын асуудал нь уг үйлдлийг хийхэд аргагүй байдал үүссэн байх ёстой. Үүнийг хийхэд өөрийн биеийг хамгаалж тэр үйлдлийн эсрэг үйлдэл хийхээс өөр аргагүй байдал үүссэн байхыг ойлгоно. Тэгэхээр өөр үйлдэл хийх боломж байсан гэж үзэж байна. Хохирогчийн гэмтлийг Б.Өгаас өөр хүн учруулаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хохирогч гэрээсээ эрүүл, биедээ ямар нэгэн шарх сорвины гэмтэлгүй гарсан. Амралтын газар очоод өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй. Толгойноос цус гарсан зүйл байдаггүй. Тухайн гэмтлүүд нь Б.Өтай маргалдаж зодолдсоны улмаас үүссэн гэмтлүүд. Түүнээс хойш өөр хүнтэй зодолдсон зүйл байдаггүй. Гэрчүүд энэ хэргийг анх Налайх дүүргийн шүүхэд хэлэлцэхэд 13 гэрчийг байцаасан. Нэг гэрчээс 2-5 удаа байцаалт авсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын яриад байгаагаар гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Зөрүүтэй мэдүүлгийг арилгахын тулд олон удаа байцаасан. Гэрчүүдийн зөрүүтэй мэдүүлгийг арилгахын тулд өмгөөлөгч нарын ярьж байгаагаар нэг бүрчлэн үг үсгийн зөрүүгүй нэг байцаалт өгсөн байна гэдэг. Эсхүл арилгая гээд өөр төрлийн байцаалт өгөхөөр мэдүүлэг зөрүүтэй байна гэсэн. Энэ хүмүүст таалагдах шийдвэр гаргахын тулд энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа 2 жилийн турш явж байна. Анхан шатны шүүхээс нийт 14 удаа буцсан. 15 дахь удаагаа Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дээр шийдвэрлэсэн. 2016 оны анхны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхээс 15 жилийн хорих ял аваад давж заалдах шатны шүүх хянан, Улсын Дээд шүүх дээр хянаж үзээд хохирогч болон түүний өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг явуулж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Буцааснаас хойш 14 удаа хойшлуулж байж, дандаа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр буцаасан. Иймэрхүү байдлаар өөрт ашигтай байдал үүсгэх гэж, таалагдсан байцаалтыг авахуулахын тулд шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан. Ингээд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дээр ирсэн. Түүнээс хойш 6 удаа хойшилсон. Ингээд энэ хүмүүст таалагдах шийдвэр гаргахын тулд яваад байвал энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй. Энэ хэргийг Б.Өгийн нэг удаагийн үйлдэл гээд байх шиг байна. Нэг удаагийн үйлдэл биш, нилээн олон удаагийн үйлдэл байна гэдэг нь хохирогчид учирсан гэмтлээр харагддаг. Гэрч Эт нэг удаа цохисныг гэрчлээд байдаг гэж яриад байгаа нь Эт нэг удаа цохисныг нь харсан болохоос өмнө хэдэн удаа, яаж цохисныг нь хараагүй. Өмгөөлөгч Ганбат гар утас нь хуучин гэмтэлтэй байсан гэдэг. Гар утсыг урьд хэрэглэж байсан таксины жолооч энэ хуучин цуурсан гэмтэл, энэ нь гэмтлүүд нь шинээр үүссэн цууралт байна гэдгийг хэлсэн учраас өмгөөлөгчийн яриад байгаа зүйл няцаагдаж байна. Шүүгдэгчид энэ хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин хүндрүүлэх нөхцөл байдал буюу энэ хэргийг согтуугаар үйлдсэн. Драйгераар үлээлгээд гарсан шинжээчийн дүгнэлтээр спиртийн төрлийн зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан. Б.Ө өөрийн гэм буруугаа ойлгодоггүй. Өөр хүн учруулсан гэдэг. Анхны мэдүүлэгтээ “би зодсон юм, уучлаарай. Би муухай зүйл хийчихлээ. Би 1 хонь, 1 ямаа, 1 хүн алчихлаа”. Ах руугаа яриад “ахаа, та миний хүүхдүүдийг харж хандаж байгаарай. Би хүн алчихлаа” гэсэн байдаг. Сүүлдээ өмгөөлөгчөөс зөвлөгөө авсны дараа би алаагүй, гэмтэл учруулаагүй гэдэг. Гэм буруугаа ойлгож гэмшсэн шинж огт байдаггүй. Хохирогчийн оршуулгын зардлыг огт төлөөгүй учраас энэ хүнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал огт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Должингийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмгөөлөгч А.Содхүү болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй санал нэг байна. Ер нь бол тухайн үед ганцхан цохиж амь насыг нь хохироосон гэх асуудал яригддаг боловч амь хохирогчид үүссэн олон тооны шарх гэмтлүүд нь урьд нь үүсээгүй, шинээр үүссэн нөхцөл байдлууд харагддаг. Тэгэхээр Өлзийбуягийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Энд яригдаж байгаа зүйл бол яллах дүгнэлтэд тулгуурлаж яриад шийтгэх тогтоолтой зөрсөн гэж яриад байна. Яллах дүгнэлтэд энэ хүнийг амь нас хохирсон гэдэг асуудал ярьж байгаа учраас амь нас хохирох үндэслэлийг зааж өгсөн. Нэг цохилтоос болсон. Бусад цохилт нь амь насанд халгүй, хөнгөн гэмтэл гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан учраас энэ нөхцөл байдлаар ингээд явсан. Үүнийг буруугаар мушгин гуйвуулах нөхцөл байдал харагдаж байна. Аргагүй хамгаалалт хийх асуудлыг ярьлаа. Өнөөдөр гэм хор учруулаагүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч нар тайлбарлаад байна. Гэм хор учруулаагүй нөхцөл байдалд гомдол ярьж байгаа учраас аргагүй хамгаалалт хийгдээгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Сидиг судлаж үзээгүй талаар ярьж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуулийн дагуу олж авсан, өөрөөр хэлбэл бэхжүүлсэн нотлох баримтыг л нотлох баримт гэж үзнэ гэж заасан. Энэ аргаар бэхжүүлж аваагүй хуульд заасан өөр аргаар бэхжүүлж авсан бол хуулийг зөрчсөн бол нотлох баримтад тооцохгүй байх талаар заасан. Гэтэл шүүх хуралдаанд гаргаж ирсэн энэ нотлох баримтыг өнөөдрийн нөхцөл байдалд шууд аваад үнэлж үзээд ингэсэн байна гээд дүгнэх боломж байхгүй. Энэ нь анхан шатны шүүхийг буруутгасан нөхцөл байдал гэж үзэж байна. Амьсгал бүтэлтийн шинж тэмдэг мөн үү гэхэд амьсгал бүтэлтээр нас бараагүй гэдэг талаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Тэгэхээр амьсгал бүтэлтийг хэн учруулсан бэ гэдгийг тогтоох амархан. Тухайн үед тэнд ганцхан хүн Б.Өтай зодолдсон. Б.Ө, Х.Х нар хоорондоо зууралдсан. Тэрнээс биш бусдаар өөр гэрчүүдийг 6-7 удаа байцаасан. Мөн шүүх хуралдаанд орж ирээд гэрчийн мэдүүлэг авч байгаа. Энэ тохиолдолд амь хохирогч ямар нэгэн  байдлаар өөр хүнтэй зодолдсон, маргалдсан зүйл байхгүй. Тэгвэл шинээр үүссэн гэмтэл буюу амьсгал бүтэлтийг Б.Ө учруулсан байх боломжтой. Ганцхан цохилтыг Эт харсан. Өөрийгөө өмгөөлөх эрхийнхээ дагуу би нэг удаа цохисон гэж хэлэх эрх нь шүүгдэгчид байгаа. Хадны завсраас ирсэн хар хувцастай хүн цохисон гэх мэдүүлэг байдаг. Хэрэг Улсын Дээд шүүхээс буцсаны дараагаас мөрдөн байцаах газар очиж байцаагдсан. Энэ явцад гэрч Бсийг байцаасан байцаалтад суусан. Мөн Ариунаа болон бусад гэрчүүдийг байцаах үед хадны завсраас ирээгүй. Эт тухайн үед Ариунааг хадны завсраар ирсэн хүн талийгаачийг цохисны гэдэг байдлаар мэдүүлээгүй гэдгийг гэрч Гб болон бусад гэрч нар шүүх хуралдаан дээр хэлээд энэ талаар яригдаагүй гэдгийг хэлсэн. Энэ нөхцөл байдал тогтоогдсон. Камерын бичлэг алга болсон гэх асуудлыг ярьж байна. Камерын бичлэг алга болоогүй, бичлэгүүдийг бүгдийг нь үзсэн. Өмнөх шүүх хуралдаанд харсан нөхцөл байдлууд байгаа. Камерын бичлэгт нэг бичлэг гацсан асуудал байгаа. Тэгэхээр ихэнх бичлэгийг 2 цагийн хугацаанд үзсэн учраас камерын бичлэгийг үзсэн гэдэг байдлаар нотлох баримтаар шинжлэн судлах нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Нотлох баримтыг үнэлэх, дүгнэх эрх нь шүүхэд олгогдсон. Өмгөөлөгч нарт нотлох баримтыг үнэлэх эрх олгогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагаанд яллах болон цагаатгах талын нотлох баримтын аль алийг нь тэнцүү цуглуулаад үүгээр энэ хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа бол яллах талын нотлох баримтад тулгуурлаж шийтгэх тогтоол гарсан. Үнэлсэн нөхцөл байдал харагддаг болохоос биш. Заавал аль алийг нь үнэлээд, эндээс энэ хүнийг гэм буруутай байна уу гэдэг нөхцөл байдлыг тогтоох үүрэг шүүхэд байгаа. Энэ нотлох баримтуудыг өнөөдөр хоорондоо ийм зөрүүтэй байна гэсэн байдлаар өө харж тогтоох боломжгүй. Б.Ө Х.Х гэдэг хүний амь насыг хохироосон гэм буруутай байна уу, үхэлд хүргэх шинж чанартай нөхцөл байдал байсан байна уу гэдгийг шүүх тогтоож байгаа. Гэтэл гэм хор учруулаагүй, аргагүй хамгаалалт гэж үзчихээд дахин нэг тайлбарлахдаа энэ хүн гэм хор учруулаагүй. Эд нар зөрүүтэй байна, худал ярьж байна гэдэг байдлаар тайлбарлаад байгаа гомдлын үндэслэлийг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй, нотлох баримтыг үнэлэх дүгнэх аргаар үнэлсэн. Цуглуулах бэхжүүлэх аргыг ямар нэгэн байдлаар хууль зөрчиж аваагүй нөхцөл байдлууд байгаа учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгч шинжээчийн дүгнэлтийн талаар ярьж байна. Бусад гэрч нарын мэдүүлэг болон гэмт хэрэг гарсан гараагүй байдлын талаар ярьж байна. Гэрч Этгийн мэдүүлэг зөв гэсэн. Б.Ө нэг удаа цохих үйлдэл хийгээд гэмтэл учруулсан. Энэ нь аргагүй хамгаалалт байсан гэх асуудал яригдаж байгаа. Шинжээч нарыг амьсгал бүтэлтийн шинж тэмдэг илэрсэн үү гэж шүүх хуралдааны явцад асуухад илэрсэн гэж хэлсэн. Гэтэл шинжээч нар энэ амьсгал бүтэлтийн шинж тэмдэг илэрч болох уу гэдэг асуудлыг тавихад илэрч болно гэж хариулсан болохоос ханцуйнаас татаад хүзүүн дээр нь дараад амьсгал бүтэлт учруулсан гэсэн ойлголт байхгүй. Энэ талаар яригдаагүй, шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Бүх шинжээчийн дүгнэлтийг шүүх хуралдааны явцад танилцуулаад, шинжээч Одончимэг хэлэхдээ уг гэмтлүүд нь нүдэнд цус хуралт, хүзүүнд цус хуралт гэсэн гэмтлүүд нь нэг удаагийн цохилтын улмаас унахад учирсан шинж тэмдгүүдэд илэрнэ гэсэн асуудлын дүгнэлт нь зөв үү, буруу юу гэхэд шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гэсэн. Амьсгалын бүтэлтийн шинж тэмдгээс нүдний салстад учирсан гэмтэл, хүзүүнд учирсан гэмтэл, цус хуралт, залгиур хоолойд учирсан гэмтлүүд нь үүсэж болох уу гэдэг асуудлыг эмч Энхбаяраас асуусан. Амьсгал бүтэлтийн шинж тэмдгийн үед уг шинж тэмдгүүд илэрч болдог гэдгийг нотолсон болохоос биш. Энэ тохиолдолд амьсгалын бүтэлтийн шинж тэмдгээс болж хохирогч нас бараагүй гэдгийг шинжээчийн дүгнэлтээр энэ шинжээчийн дүгнэлт зөв гэсэн. Харин амьсгал бүтэлтийг шинж тэмдгийн үед илэрч болдог нөхцөл байдал мөн үү гэхэд мөн гэж хэлсэн. Эд мөрийн баримт шинжлэн судлаагүй гэж яриад байна. Бид нар 3-4 цаг хүлээж байгаад бичлэгийг үзсэн. Тэрийг үзэх үндэслэл нь юу болсон бэ гэхээр прокурорын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг танилцуулж эхэлсэн. Шууд тэмдэглэлээс танилцуулж болох уу гэсэн. Бусад өмнөх шүүх хуралдаанд прокурорууд камерын бичлэгт үзлэг, тэмдэглэл хийгээд тэр сиди нь тэр чигтээ ирсэн. Бид нар бүх бичлэгийг үзэж харсан. 2 дугаар камерын бичлэг гацаад харагдаагүй, гараагүй асуудал байгаа. Гэхдээ 2 дугаар камер гэдэг нь өөр зүгийг бичсэн бичлэг биш. Нэг бичлэгийг тал талаас нь бичсэн камеруудын бичлэгийг үзсэн. Бусад камерын бичлэгийг үзэхэд жирэлзсэн харагдахгүй шахуу зүйл байдаг гэсэн нь үнэн. Бүгд үүнийг харсан. Ганцхан 2 дугаар камерын бичлэг тод байна гэж байхгүй. Үүнийг тодруулах техник технологийн бүхий л арга хэмжээг авсан. Хамаг боломжтой байдлаар тодруулсан зүйл учраас энэ талаар мөрдөгч нь баримтаа аваад хийсэн. Өмгөөлөгч Батбаяр 16 гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байгаа. Миний үйлчлүүлэгч хүнийг цохиж зодсон гэх буруутай зүйл хэрэгт байхгүй гэсэн. Хавтаст хэрэгт Б.Өг буруутай гэсэн. Үүнийг нотолсон баримт байгаа гэж үздэг. Гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг хийх ажиллагааг авсан уу, аваагүй юу гэж яриад байна. Гэтэл мэдүүлгийн зөрүүг арилгахаар Улсын Дээд шүүхээс хэрэг буцсаны дараа бүх байцаалтыг мөрдөн байцаах газар авсан. Энэ байцаалтад өмгөөлөгч Өлзийбаяр л оролцсон. Бусад өмгөөлөгч нарыг оролцох эрхээр нь хангасан. Нэг ч өмгөөлөгч тухайн байцаалтад оролцоогүй. Тийм байж өнөөдөр бүх байцаалт нь адилхан байгаа учраас хуулбарлаад тавьсан учир энэ нь нотлох баримт биш гэж хийсвэр байдлаар дүгнээд байгаа асуудал нь үндэслэлгүй. Өөрт олгогдсон эрх нь байсан учраас энэ асуудал оролцоогүй, та бүхэнд байцаалтад оролцохгүй яасан юм бэ гэдэг асуудлыг шүүх хуралдааны явцад өмгөөлөгч Өлзийбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас асуусан асуулт хавтаст хэргийн тэмдэглэлд байгаа байх. Этгийн мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийн цохисон цохилтын улмаас гэмтсэн асуудал эргэлзээтэй гэсэн асуудлыг ярьдаг. Өмгөөлөгч нар нь нэг бол Этгийн мэдүүлэг үндэслэлтэй гэсэн атлаа эсхүл түүний мэдүүлэг нь хэрэггүй гэдэг. Эт нь өөрийнхөө үзсэн, харсан зүйлийг эхний удаа мэдүүлсэн, дараа нь камерын бичлэг үзээд тодруулсан мэдүүлгийг өгсөн асуудал байгаа. Гэрч нарыг эрүүгийн хариуцлагад татаж байгаад шалгахгүй яасан юм бэ гэдэг. Татаж шалгах нөхцөл байдал тогтоогдоогүй учраас шалгаагүй. Бид бүх нөхцөл байдлыг сэргээн санасан, дүрсэлсэн асуудлаа мэдүүлсэн. Энд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөөд шаардлагагүй гэсэн асуудлыг тавьсан. Мөн Мб, Тб нарын мэдүүлэгт 2 алхамын зайтай зогсож байсан гэж өмгөөлөгч Батбаяр хэлсэн. Би нэг удаа бичлэгийг үзсэн, үзлэгийн тэмдэглэлийг уншиж танилцуулсан. Энэ хоорондох зайны асуудлыг нүдэн баримжаагаар зөндөө үзсэн. Цаана байгаа хүмүүс нь сайн харагдахгүй байсан. Энэ асуудлыг 2 алхамын зайтай байсан гэж хажууд нь байсан мэтээр хийсвэр дүгнэлт хийж байгаа нь буруу. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр энэ асуудал нь тусгагдсан байгаа. Гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой байгаа. Хадны тэндээс ирсэн хар хувцастай хүн ирсэн гэх Ариунаагийн мэдүүлгийг шалгаагүй гэдэг. Улсын Дээд шүүхээс хэрэг буцаад гэрчүүдийг байцаагаад шалгах явцад бүгдийг шалгасан, энэ ажиллагаа хийгдсэн гэж үздэг. Хавтаст хэрэгт нотлох баримт нь байгаа. Бусад гэрчүүдийн мэдүүлгээр худал болох нь тогтоогдсон. 3 дугаар хавтаст хэргийн 233 дугаар талд камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Энэ үзлэгийн тэмдэглэлийг уншиж танилцуулсан. Улсын Дээд шүүхийн тогтоолын заалт биелэгдээгүй гэсэн. Зулай орой хэсгийг гэмтлийг шалгаагүй гэсэн асуудал тэмдэглэлд байдаг. Энэ асуудлыг шалгасан. Тэр утасных нь гэмтэл хуучин уу шинэ үү, хаанаас олдсон бэ гэдгээс гадна гагцхүү Б.Ө хэрэглээд хүний биед гэмтэл учруулсан гэдгийг тогтоож чадаагүй учраас энэ асуудлаар яллаагүй. Шүүх энэ үндэслэлээр ял шийтгэл халдаагаагүй. Эд эсийн шинжилгээний баримтыг хэрэгт хавсаргаагүй гэсэн. Эд эсийн баримтын шинжилгээгээр бид нар хэрэгт хавсаргасан болохоос нотлох баримтын хэмжээнд үнэлэх үнэлэхгүй асуудал нь шүүхийн эрхийн асуудал. Үүнийг нь шүүх хүлээж авч үзээд үндэслэлтэй байна гэсэн. Цогцосны байрлал өөрчлөгдсөн асуудлыг Этгийн мэдүүлэгт тулгуурлаж ярьдаг. Эт хэзээ очсон бэ гэхээр хэргийн газрын үзлэг мэдүүлэг шалгасан үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс харагддаг. Эт хүмүүс дуудаад буцаад гүйгээд очиход амь хохирогчийг өргөөд явж байсан гэдэг. Тэгээд унагаах гээд байхаар нь Эт очиж өргөсөн гэдэг. Хэргийн бодит байдал нь энэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Б.Ө нь 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 19 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Горхи мэлхий хад” амралтын газарт хамт олноороо амарч байхдаа ахлах мэргэжилтэн, Цгийн хошууч Х.Х гэрийн гадна түүний нүүр, толгойн хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохисны улмаас Х.Хын зүүн эгэм рүү нь гараараа нэг удаа цохиж унаган амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Должингийн “...талийгаачийн ажлын газраас оршуулгын зардал гэж 7.600.000 төгрөгийг гаргаж өгсөн. ...оршуулгын болон буяны ажилд нийт 21.440.364 төгрөг гарсан, энэ гарсан зардлыг нэхэмжилж байна. ...гэхдээ энэ зардалд талийгаачийн ажлын газраас өгсөн 7.600.000 төгрөг орсон байгаа. ...Миний нөхөр Х.Х нь 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр ажилдаа явахаар гэрээсээ гарсан. Амралтанд явна гэж хэлээгүй. Байгууллагаас нь ажлын өдрөөр, ажлын цагаар зохион байгуулсан арга хэмжээнд оролцож явах үедээ амь насаа алдсан. Гэтэл Цгийн Ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн №Б/546 тоот тушаалд Х.Х 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдөр нас барсан тул Цгийн байгууллагын данс бүртгэлээс хассугай гэснээс болж тэтгэмжийг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр буюу талийгаачийн авч байсан цалингийн 5 жилийн дунджийн 60% хувиар тогтоогдсонд туйлын их гомдолтой байна. Алба үүргээ гүйцэтгэж яваад нас барсан ажилтнаа Цгийн бие бүрэлдэхүүнээс хасахдаа үхлийн шалтгааныг болон албан үүргээ /хх-145-146, 163-164-I/ гүйцэтгэж яваад нас барсныг нь бичээгүйн улмаас өнчирч хоцорсон биднийг хохироож байна. Хэрэв тушаал нь “албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас нас барсан” гэж гарсан бол 1994 оны 6 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 10.2-т зааснаар тэжээгчээ алдсан тэтгэмжийг цалингийн дунджийн 100 хувиар авах боломжтой байсан. Иймд Эрүүгийн Цгийн газраас зөрүү 40 хувийг нэхэмжилж байна. Эсхүл Цгийн Цз тушаалдаа өөрчлөлт оруулж хүүхдүүдийн авах тэтгэмжийг эцгийнх нь цалингийн дунджийн 100 хувиар болгуулъя гэж үзэж байна. Иймд 24 сарын тэтгэмжийг Эрүүгийн Цгийн газраас нэмж олгуулж өгнө үү. Гэхдээ 36 сарын тэтгэмжийг олгохоор Цгийн газрын даргын тушаал гарсан байгаа. Мөн тушаалд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 10.2-т заасан өөрчлөлт орвол ар гэрт нь тэтгэмж 36 сар биш 5-н жилийн дунджаар олгогдох ёстой. Хэрэв Цгийн Ерөнхий газрын даргын №Б/546 тоот тушаалд өөрчлөлт оруулах боломжгүй гэж үзэж байвал зөрүү 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг Эрүүгийн Цгийн газраас гаргуулж өгнө үү. Үүн дээр Эрүүгийн Цгийн газраас сургалтын төлбөр гэж 38.880.000 төгрөг нэхэмжилж байна. Хүү Х.Өлзий-Очир нь “мэдлэг боловсролын парк” буюу “Болор” дунд сургуульд төлбөртэй сурдаг. 2015 оны сургалтын төлбөрийн үлдэгдэл 1.680.000 төгрөгийг эцгийг нь нас барснаас хойш хүнээс зээлж өгсөн. Мөн дараа жилийн төлбөр 6 сая төгрөг. Хүү Х.Өлзий-Очирын төлбөр 7.680.000 төгрөг. Хүү Х.Мөнхтэмүүлэн Баянгол дүүргийн 54 дүгээр сургуулийн 7 дугаар ангид сурдаг. Жилд 200.000 төгрөгийн төлбөр төлдөг. Энэ жилийн төлбөрийг төлөөгүй 6 жилийн төлбөр нийтдээ 1.200.000 төгрөг. Бага хүү маань 95 дугаар цэцэрлэгт явдаг. Одоогоор цэцэрлэг нь хаагдаад гэртээ байгаа. Үүн дээр 3 хүүхдийг маань бакалаврын зэрэгтэй дээд боловсрол эзэмшихтэй холбоотой сургалтын төлбөр нь 30.000.000 төгрөг болж байна. Одоо нэг жилийн сургалтын төлбөрийн дундаж нь 2.500.000 төгрөг. Нийтдээ 38.880.000 төгрөг болж байна…” /хх-143-146-I/,

Гэрч Л.Этгийн “...манай хүүхэд 1 нас 5 сартай Мөнх-Очир баасан юм шиг үнэртээд байхаар нь живхийг нь солих санаатай гараад байрлаж байсан гэрлүүгээ очиж нөхөр Мбг гэрээс дуудаж гаргаж ирээд бид хоёр машины зогсоол руу хүүгийн живхийг сольё гээд явж байхад араас гэнэт чимээ гарахаар нь эргээд хартал ...Х.Х нэлээн согтолттой Б.Ө руу цохиод, дайраад байсан. Тэгтэл Б.Ө талийгаачид хандан “та намайг яасан гэж ингээд байгаа юм бэ” гээд баруун гараараа талийгаачийн толгой хэсэг рүү цохисон, тэгтэл талийгаач хойшоо дагзаараа саваад унасан. Тэгээд манай нөхөр очиж салгаад би караоке руу орж Бат-Эрдэнэ хошуучид өөрөө орж гадаа болсон хэргийн талаар хэлээд бид нар гарсан. Тэгтэл Гб түрүүлээд очсон, Б.Өтай хамт өргөөд гэр лүү оруулъя гэж байсан. ...би хүүхдээ М.Эрдэнэчимэгт түр тэврүүлэн хажуунаас нь хамжиж гэр лүү өргөлцөж оруулсан. ...орон дээр тавиад дээш нь ахиулж өргөж тавьсан, тэр үед ор цус болоод талийгаачийн толгойноос цус гарч байгааг мэдсэн…”,

“...гэрийн урд шонгийн модны ойролцоо Х.Х “чи яасан овоо юм бэ” гээд орилоод Б.Ө руу дайраад байсан ...Б.Ө баруун гараараа Х.Хын толгой хавьцаа нэг цохисон чинь Х.Х эгц арагшаа саваад толгойгоороо унасан. ...Тухайн үед 19 цаг өнгөрч байсан. ...Б.Ө, Х.Хыг цохиод унагаасан. Х.Хыг тухайн үед Б.Өгаас өөр хүн цохиж байгааг хараагүй…”,

“...Би анх танд гэрчээр мэдүүлэг өгөхдөө надад ямар нэгэн баримжаа байхгүй байсан учир багцаагаар 100 метр гэж хэлсэн байсан. Ингээд миний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийхэд 13.5 метрийн зайтай байсан. Тухайн үед надад багцаа байхгүй байсан учир ойролцоогоор 100 метр зайтай гэж хэлсэн байна. ...Одоо сайн бодоод байхад би хүүхдээ тэврээд нөхрийн хамт явж байхад ард хүмүүс шуугилдах чимээ гарахаар нь эргээд харахад хоёр хүн гэрийн зүүн урд талд ноцолдоод зүүн урагшаа яваад байсан. ...талийгаач Х.Х Б.Ө руу дайраад нэлээн хэдэн удаа гараараа толгой, нүүр хавьцаа нь цохисон. Өмнөөс нь Б.Ө “та яагаад ингээд байгаа юм бэ” гээд баруун гараараа талийгаачийн зүүн хүзүү орчимд нь нэг удаа цохисон чинь талийгаач арагшаа саваад унасан. Ямар ч хөдөлгөөн хийж чадалгүй унасан…” /хх-242-249-I, хх-6-7-II, хх-178-179-III/,

Гэрч Жбийн “...бид нарын байрлаж байсан Монгол гэрийн баруун талд байрлах модон саравчны урд талд Б.Ө Х.Хын цээжээр нь тэврээд өвдөглөөд сууж байсан. Намайг очиход Б.Ө бага зэргийн амьсгаадсан байдалтай байсан ба Х.Х ухаангүй нүд нь хагас нээлттэй байсан. Очингуутаа Б.Өгаас “юу болоод байгаа юм бэ яасан бэ” гэж асуусан чинь Б.Ө “намайг зүгээр байхад гурав цохилоо, тэгэхээр нь би тэвчихгүй нэг цохисон чинь уначихлаа” гэж байсан. Тэгэхээр нь би лавшруулаад “хааш нь юугаар цохисон бэ” гэж асуухад “гараараа хүзүү хэсэг рүү нь нэг удаа цохисон” гэж байсан…”,

“...Б.Өг араас татаж салгасан үйлдэл огт хийгээгүй, бүх зүйл дууссан хойно караокенээс гарч ирэхэд Б.Ө талийгаачийг толгойг түшчихсэн газар, шороон дээр сууж байсан…” /хх-184, 187-I/,

Гэрч П.Обын “...Хотоос гарахаас өмнө буюу 13 дугаар хороолол орчим явж байтал Б.Ө над руу залгаад “би Хашаа ахыг нэг цохьчихлоо, ухаан алдчихаад байна, амьсгалахгүй байна” гэж ярьсан…”,

“...Тухайн өдрийн 16-17 цагийн үед Б.Өгийн 88023473 дугаарын утас луу өөрийн 88110466 дугаарын утсаар залгаад “за наана чинь юу болж байна” гэж асуухад “Ган-Эрдэнэ, Бь ах агсам согтуу тавиад ер нь жаахан бужигнаад Ган-Эрдэнэ, Х.Х, Бз нар маргалдаад байна” тэгэхээр нь “за эртхэн амралт руу явъя” гээд хэлтсийн дарга бид хоёр ярьсан. Ингээд талийгаач Х.Х над руу залгаад хоол ундны юм нэмж захисан, тэгэхээр нь би “наана чинь юу болоод байгаа юм бэ” гэж асуухад “юм болоогүй санаа зоволтгүй” гэж хэлээд утсаа тасалсан” гэх, мөн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр түүний өгсөн “Орой 19 цагийн үед над руу Б.Ө өөрийн 88023473 дугаараас залгаад “Х.Х ахыг би нэг удаа цохисон чинь газар унаж ухаан алдчихаад байна, сэрэхгүй байна” гээд утсаа салгасан…” /хх-199, 201-I, хх-82-83-IV/,

Гэрч Д.Мбгийн “...Намайг ороод зүүн талын орон дээр суухад юу болсон юм бэ мэдэхгүй талийгаач Х.Х босож ирээд арын орон дээр байсан Өлзийтэй муудалцсан чинь Төмөрөө ах Х.Х ахын урдуур ороод орон дээр байсан хүмүүсийг хорьсон. Тэгтэл гадны хүн байхад муудаад яахав гээд муудалцахаа болиод сууцгаасан. ...машины зогсоол явж байсан чинь гэрээс хүмүүс шуугилдаад гарч ирэхээр нь эргээд харсан чинь талийгаачийн нүүр хавьцаа нэг хүн цохисон чинь талийгаач газар уначихаар нь би гүйгээд цохисон хүн дээр нь очиход Өлзий байсан ба би “Чи яаж байгаа юм бэ, хүн цохиж болохгүй, цохисоных нь буруу болно шүү дээ” гээд холдуулсан чинь намайг “За чи байж бай” гээд хажуу тийш болгоод талийгаач дээр очсон. ...Талийгаач Өлзийг цохисон эсэхийг би хараагүй. Талийгаачийг нэг хүн баруун гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон чинь уначихсан. Тэгээд би цохисон хүн дээр нь гүйгээд очсон чинь Өлзий байсан…”,

“...Тухайн үед манай эхнэрийг гэрт орж ирэхээс өмнө талийгаач Х.Х Б.Өтай гэр дотор маргалдаад Тб хориод салгаад больчихсон байсан. Тэгээд гэр дотор байсан хүмүүс орж гараад байж байсан ба тэр үед талийгаач гэрээс гарсан байсан...” /хх-12-14-II/,

Гэрч Х.Гбын “...Эт эгч удаагүй хүүхдийнхээ живхийг солино гээд гараад ...удалгүй Эт эгч гаднаас орж ирээд “гадаа зодоон болоод байна” гэхээр нь Бат-Эрдэнэ хошууч бид 2 гараад очтол бид нарын байрлаж байсан гэрээс ертөнцийн зүгээр зүүн урд зүгт шонгийн модны хажууд Х.Х газарт уначихсан, хажууд нь Б.Ө, Бь, Ган-Эрдэнэ, Тб, Этгийн эгчийн нөхөр Мб нар байсан. ...Х.Х ах Б.Ө нараас өөр хоорондоо зууралдсан өөр байдлаар зодоон цохион гараагүй. Харин Бз хошууч, Бь, Ган-Эрдэнэ нартай ам мурийгаад өнгөрсөн өөр ямар нэгэн зүйл болоогүй…”,

“...талийгаачийн /Х.Х/ цээжин хэсгээс нь Б.Ө гараараа өргөөд бага зэрэг өндийлгөсөн байсан. “Юу болсон бэ” гэхэд Б.Ө “би цохичихсон юм аа, хүн алчихлаа шүү дээ” гэж байсан. ...би талийгаач дээр Бат-Эрдэнэ хошуучаас түрүүлж очсон. Миний араас Бат-Эрдэнэ хошууч ирсэн. Бат-Эрдэнэ хошууч Б.Өг баруун тийшээ авч яваагүй ээ. Намайг очиход талийгаач газар унаад ухаангүй байсан…”, “...талийгаачийн орны дээхэн талд Б.Ө сөгдөж суучихаад “би хүн алчихлаа” гээд байн байн хэлээд мөргөөд байсан…” /хх-151-152-I, хх-174-III, хх-81-IV/,

Гэрч Б.Ган-Эрдэнийн “...Тэр үед Б.Ө гэрийн баруун хатавчнаас хоёр дахь орны урд шалан дээр хоёр өвдгөөрөө өвдөглөөд толгойгоо шаланд хүргэсэн, толгойн тус газраа гараа нийлүүлсэн “би цохиод хаячихлаа, би алаад хаячихлаа, наадах чинь гурван хүүхэдтэй, би Эрүүгийн Цгийн албаа баллаад хаячихлаа” гээд залбираад үглээд байсан…” /хх-236-I/,

Гэрч Р.Бсийн “...талийгаач баруун талын үүдний орон дээр дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа цэнхэр өнгийн өмдтэй дээшээ хараад хэвтчихсэн хошууч Бз толгойг нь түшээд “өнгөрчихлөө шүү дээ” гээд, Б.Ө орных нь урд газар суучихсан “би шаачихлаа шүү дээ, баларлаа” гээд уйлаад байсан…” /хх-228-I/,

Гэрч Д.Бзгийн “...гэрт орж ирээд та нар “талийгаачийг яачихсан юм бэ” гэсэн чинь Б.Ө “уучлаарай Заяа ах аа, дүү нь цохиод ийм болгочихлоо, би Эрүүгийн Цгийн газрын нэрийг хөөдчихлөө, намайг уучлаарай” гээд сөхөрч суугаад залбираад байсан. ...Эмч явсны дараа Тэрэлжийг хариуцсан хэсгийн төлөөлөгч, Цгийн ахлах дэслэгч Хадборгил, Ц Цгийн ахлах ахлагч Цэнгэлдорж нар орж ирээд Б.Өг ард нь гавлаад гэрийн зүүн талын орон дээр суулгасан бөгөөд “би гэрийхэнтэйгээ утсаар яриадахъя” гэхээр нь утсыг нь өгч яриулсан. Б.Ө ахтайгаа яриад байх шиг байсан...” /хх-177-178-I/,

Гэрч П.Тбын “...18 цаг нилээн өнгөрч байхад ширээний баруун талын урт сандлын дээд талд талийгаач Х.Х сууж байсан. Сандалын урд хэсэгт би сууж байсан. Бид хоёрын ард Б.Ө орон дээр сууж байсан. Нэг харсан чинь Б.Ө, Х.Х хоёр, хоёр талаас босоод ирээд барьцалдаад авах гэхээр нь би “больцгоо, гадны хүн байна” гэж хоёр гараа алдлаад хорьсон чинь хоёр тийшээ суусан. Тэгээд талийгаач гараад явсан. ...энэ үед 18 цаг өнгөрч байсан байх, манайхан ихэнх нь караоке руу орсон байсан юм. ...Ган-Эрдэнийг Бь дуудаад баруун тийш 1-2 алхам явахаар нь би араас нь очсон, очиход Бь “Батсүх, Эрдэнэчулуун хоёр чи бид хоёрын талд орохгүй, Цгаа өмөөрөхгүй, дарга нарын талд ороод дуугарахгүй байна” гэсэн утгатай юм ярьж байсан. Тэгтэл бидний ард Х.Х “муу бацаан дарга нарт матаад байхдаа яахав дээ” гээд том, том дуугараад байхаар нь бид нар хоорондоо “энэ хоёрын асуудал бидэнд хамаагүй” гээд гурвуулаа юм яриад зогсож байсан...” /хх-201-202-III/,

Гэрч О.Цэдэвсүрэнгийн “...Эт дараалан 3 дуу дуулаад надад “би хүүхдийнхээ памперсыг сольчихоод ирье” гээд гараад явсан. Эт хүүхдээ тэвэрч гараад 10 орчим минут болоод эргэж орж ирээд “Бат-Эрдэнэ ахаа манай хэд маргаад байна” гэхэд Бат-Эрдэнэ гарсан. ...Б.Ө сөхөрч суугаад “би хүн алчихлаа түргэн хурдан дууд, Ц дуудаарай” гээд байсан…” /хх-223-I/,

Гэрч Ч.Цэнгэлдоржийн “...Гаднаас нэг өндөр нуруутай залуу орж ирээд “цохисон хүн нь би байна” гэсэн. ...Мөн гавлахаас өмнө “ах руу залгаад яръя” гээд өөрийнхөө гар утсаараа нэг хүн рүү залгаад “ах аа, та архи надаас их уудаг шүү дээ, та бага уугаарай, манай хоёр хүүхдийг харж яваарай, би хүн алчихлаа” гэж ярьсан. Тэгээд ярьж дуусахаар нь Хадборгил утсыг нь авсан. ...нэрийг нь асуухад өөрийгөө “Б.Ө гэдэг, би Эрүүгийн Цгийн газарт нууцын бичээч хийдэг, одоо шууд намайг хорих байхдаа” гэж ярьсан. ...“Хашаа ахын хажууд очтол хоёр талын шанаа руу нэг нэг удаа, эрүүнээс нэг удаа өлгөж цохихоор нь би зөрүүлээд зүүн эгэм орчим нь нэг удаа цохитол арагшаа унасан” гэж ярьсан…” /хх-154-155-I/,

Гэрч Б.Хадборгилын “...гэрт байсан хүмүүсийг гадагш нь гаргах гэж байтал гаднаас нэг залуу орж ирээд надад “би цохьчихсон юм аа” гэж хэлэхээр нь Ц Цэнгэлдоржоос гавыг нь аваад уг залуугийн хоёр гарыг нь ард нь би гавласан. ...Уг залуу “би цохьчихсон юм аа” гэснээс өөр юм яриагүй. Мөн гавлахаас өмнө “ах руу залгаад ярья” гээд өөрийнхөө гар утсаараа нэг хүн руү залгаад “ах аа та архи надаас их уудаг шүү дээ, би танд зөндөө хэлдэг шүү, манай хоёр хүүхдийг харж яваарай, би хүн алчихлаа” гэж ярихаар нь би утсыг нь авсан. Гар утсыг нь жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн…” /хх-157-I/,

Гэрч Б.Батдэлгэрийн “...хошууч Об утсаар надад “Б.Ө яриад Х.Х ахыг цохьчихсон чинь ухаан орохгүй байна” гэж хэлсэн. Ингээд өөрийн гар утсаар Б.Өгийн гар утас руу залгаад холбогдож ярихад “би Х.Х ахыг нэг цохисон чинь ухаан орохгүй байна гэж хэлсэн. ...Эт хэлэхдээ “Х.Х ах Б.Ө руу дайрсан чинь Б.Ө буцаагаад Х.Х ахыг нэг цохих шиг болж пид хийх хүчтэй чимээ гарч Х.Х ах газар унасан” талаар ярьсан…” /хх-203-204-I/,

Гэрч Б.Өлзийсайханы “…2015 оны 10 дугаар сарын 9-ний орой 21 цагийн үед дүү Б.Ө өөрийн 88023473 гэсэн дугаараас миний 98170741 дугаар луу залгаад “миний хоёр хүүхдийг харж яваарай, та архи их уудаг шүү, архи бага уугаарай” гэж ярихаар нь “чи юу яриад байгаа юм бэ” гэсэн чинь утас нь тасраад дахин над руу залгаагүй…” /хх-47-II/,

Шинжээч эмч С.Одончимэгийн “…Х.Хын биед зулайн хуйханд шархтай, дээд доод уруулын салстад цус хуралттай, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралттай, баруун гарын бугуй болон ядам хуруунд цус хуралттай, толгойн хуйхны дагзны хэсэгт цус хуралттай гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр шууд үүснэ. Энэ гэмтлүүд нь тухайн үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Дээрх гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал, ноцолдох, гараар цохих зэрэг үед үүсэх боломжтой. Тархины зөөлөн бүрхүүлийн доорх малгайлсан цус харвалт нь толгойн тус газар нэг удаа цохисны улмаас толгойгоороо газар цохих үед үүсэх боломжтой. Энэ нь толгойн тус газар хүч үйлчилж арагшаа биеийн жингээрээ савж, толгойгоороо унах зэрэг нь нөлөөлж үхэлд хүргэсэн. Малгайлсан цус харвалт гэдэг нь тархины зөөлөн бүрхүүл доогуур, тархины оройн хэсгийг бүхэлд нь хамарсан гэсэн утгатай эмнэлгийн хэллэг юм. Малгайлсан цус харвалт нь гадны ямар нэг хүч үйлчилж судас /тархины/ хагарснаас үүсэж байгаа гэмтэл. ...Х.Хын зүүн эгэм тус газарт цохисны улмаас бамбай булчирхай залгиурын голомтлог цус хуралт үүсэж болно. Тархины зөөлөн бүрхүүл дор тархмал цус харвалт гэмтэл нь талийгаач арагшаа биеийн жингээрээ савж толгойгоороо унахад үүсэх боломжтой. Тархины зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт нь хүнд хэлбэртэй явагдсан учраас эмнэлгийн тусламж авч чадаагүй байна. ...зүүн нүдний алиманд 4-7 цагийн байрлалд цус хурсан, дээд уруул, доод уруул доторх цус хуралт, хүзүүний зүүн хажуу хэсэгт эгэмнээс дээш 3.5 см зайд, хүзүүний зүүн хажуу доод хэсэгт үүссэн цус хуралт бүхий гэмтлүүд нь цохих үед үүсэх боломжтой. ...Гэхдээ эд эсийн шинжилгээгээр талийгаачийн амьсгал бүтэлтийн шинж илрээгүй учир дээрх гэмтлийг амьсгал бүтэлтийн үед үүссэн гэж батлах боломжгүй. ...Цээжний доод хэсэгт өвчүүний хормой хэсгээр 15 х 8 см талбайд мөн баруун суганы урд хэсэгт 2 х 1.5 см талбайд өнгөц шаргал өнгийн зулгаралт нь цээжин дээр дарж хиймэл амьсгаа хийх үед үүсэх боломжтой. ...Х.Х нь баруун гараараа Б.Өгийн дух, хамар луу цохих үед баруун гарын том үенд гэмтэл үүсэх боломжтой. Баруун сарвууны ар хэсэгт бугуйн үенээс доош 1.3 см зайд 0.5 х 0.1 см, баруун бугуйн үений дотор 0.3 х 0.3 см улаан өнгийн зураасан шалбаралттай, энэ гэмтэл ноцолдох зууралдах үед үүсэх боломжтой...” /хх-86-87-II, хх-229-231-III/,

Б.Өгийн сэжигтнээр өгсөн “...тэгээд Ган-Эрдэнэ, Бь, талийгаач Х.Хтой гэрийн зүүн урд талд шороон дээр юм яриад зогсож байсан. Тэгэхээр би очтол талийгаач Х.Х над руу гэнэт ямар ч үг хэлэлгүй хоёр гараараа ээлжлээд нүүрэн тус газар угсарч олон удаа цохих үед миний нүүрэн тус газар гурван удаа онож цохисон. Тэгэхээр нь би хойшоо зугтаагаад ухарсан, тэгсэн талийгаач миний баруун гарын бугуйн хэсгээс зуураад авахаар нь би баруун гараа шувтарч тавиулсан, тэгээд талийгаач дахиад над руу дайрах гэхэд би баруун гараараа талийгаачийн зүүн эгэм орчимд нь баруун гараараа нэг удаа нударсан, Бат-Эрдэнэ намайг араас татаад холдуулаад гэрийн баруун урд зүг рүү аваачаад наанаа байж бай гэж хэлсэн. Тэгсэн Х.Х дээр Ган-Эрдэнэ, Бь, Бат-Эрдэнэ нар очсон босохгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би яваад очтол талийгаач газар унасан байдалтай босохгүй байсан. ...Би тухайн үед тэр гурвыг юу ярьж байсныг сонсоогүй. Харин тэр гурав хоорондоо зодолдож, муудалцаж хэрэлдээгүй байсан…” /хх-196-198-II/,

мөн түүний яллагдагчаар өгсөн “…тухайн үед би хонь гаргаж дуусаад машин дээрээ гар утсаа авах гээд очиход миний 88023473 дугаарын гар утас руу Цгийн хошууч Об нь өөрийнхөө 88110466 дугаарын гар утаснаас залгасан дуудлага ирсэн байсан. Тэгэхээр нь би буцаагаад Цгийн хошууч Об руу залгахад, ахлах мэргэжилтэн Цгийн хошууч Об утсаа аваад наагуур чинь юу болж байна гэж асуусан, тэгэхээр нь талийгаач Х.Х, Цгийн хошууч Бз, Ц Бь, Ц Ган-Эрдэнэ нар хоорондоо маргалдаж байгаад одоо маргалдсан асуудал байхгүй, зүгээр болсон гэж хэлсэн. ...тэгээд дараа нь талийгаач Х.Х намайг Цгийн хошууч Обтай утсаар ярьж муудалцсан маргалдсан асуудлыг тэд хоорондоо яриад мэдсэн, тэгээд талийгаач намайг Бз, “талийгаачийг нэг удаа цохисон чинь босохгүй байх юм” гээд Об хошууч руу ярьсан, ингээд нэлээн хугацаа өнгөрсний дараа босохгүй байхад нь эмнэлэг, Ц дуудсан. Гэрт өргөж оруулъя, гадаа удаан байлгаад яах вэ гэсэн. Ингээд би хөлнөөс нь, цээжнээс нь Гб, Эт нар хамжиж Бь, Ган-Эрдэнэ нарын маргалдсан асуудлыг ховлосон мэтээр ойлгож уурласан байж магадгүй гэж бодож байна. Тэгээд тэр асуудлыг талийгаач дотроо бодож байгаад согтуудаа над руу ямар нэгэн үг хэлэлгүй дайраад цохисон байх гэж бодож байна...” /хх-202-203-II/,

мөн түүний яллагдагчаар дахин өгсөн “…18 цагийн үед ахлах мэргэжилтэн Об залгаад “наана чинь юу болоод байгаа юм бэ гэхээр нь Бз, Ган-Эрдэнэ, Бь гурав өдөр жаахан маргалдсан. Одоо зүгээр байна гэсэн чинь өмнөөс та нар гайгүй бол Очгэрэл хурандаагийн цайллаганд гялс ороод наана чинь очмоор байна гэхээр нь ажлаа амжуулаад ирээ гэж хэлсэн. Нийтдээ над руу хоёр удаа Об залгаж ийм л юм ярьсан. 19 цаг 03 минутад би өөрийн 88023473 дугаараас Обын 88110466 дугаар луу залгаад Х.Х намайг зодох үед нь би нэг удаа Х.Хыг цохисон. Х.Х босохгүй байна гээд хүмүүс хэлээд байна гэж хэлсэн. 19 цаг 15 минутын дараа дахин залгаад ирж байна уу, Х.Х босохгүй байна гэж хэлсэн. Удалгүй миний 88023473 дугаар луу хэлтсийн дарга Батдэлгэр өөрийн дугаараас залгаад юу болсон талаар асуухаар нь дээрх хэлсэн үгээ хэлсэн…” /хх-94-IV/ гэх мэдүүлгүүд болон Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 913 дугаар дүгнэлтэд “…1. Б.Ө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Б.Ө нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Б.Ө нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадвартай байна. 4. Б.Ө нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна…” /хх-85-II/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1796 дугаар дүгнэлтийн “…1. Х.Хын бие цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зулайн орой хэсгийн хуйх болон уруулын шарх, цус хуралт, хаван, зүүн нүдний алиманд цус хуралт хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт, баруун гарын сарвуу, бугуйд цус хуралттай, бамбай булчирхай, залгиурын голомтлог цус хуралт, тархины зөөлөн бүрхүүл дор тархмал цус харвалт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Үүссэн дэс дарааллыг нарийн тогтоох боломжгүй. 3. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь бүгд амьд ахуйд нь үүссэн гэмтлүүд болно. 4. Х.Х нь тархины зөөлөн бүрхүүл дор тархмал цус харвасан хүнд гэмтлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 5. Х.Хын биед үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдохгүй байна. 6. Тухайн үед эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай байжээ. 7. Талийгаачийн нас барсан хугацааг хэргийн газрын цогцосны үзлэгээр нарийн тогтоох боломжтой. 8. Цус нь АВО-н системээр O /I/ бүлэгтэй байна. 9. Шүүх химийн шинжилгээгээр цусанд нь хүнд зэргийн согтолт илэрсэн байна. 10. Талийгаачийн биеийн ил хэсэгт тогтоогдсон шарх, цус хуралт, шалбаралтууд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн үхэлд нөлөөгүй хөнгөн гэмтэл болно…” гэх дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, /хх-89-93-II/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 32 тоот бүрэлдэхүүнтэй хийсэн шинжээчдийн дүгнэлтийн “...1. 2015 оны 10 дугаар сарын 22-ны шинжээч эмч С.Одончимэг, Т.Амартүвшин, М.Золжаргал нарын гаргасан 1796 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Х.Хын зулайн оройн хэсгийн хуйханд үүссэн 1.9 х 0.3 см тэгш эрмэгтэй шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд уг шарх нь үхэлд нөлөөлөхгүй. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “HUAWEL” загварын цагаан өнгийн гар утсаар цохих үед үүсэх боломжтой. 3.4. Тогтоолын  3-р асуултад дурдагдсан гэмтлүүд нь тухайн хэсэгт мохоо зүйл үйлчилснээс үүсгэгдэх бөгөөд үхэлд нөлөөлөхгүй болно. Талийгаач Х.Х нь амьсгал бүтэлтийн улмаас нас бараагүй болно. 5. Тархины зөөлөн бүрхүүлийн доор тархмал цус харвасан үед ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 6. Хүнд зэргийн согтолтын үед цусны зуурамтгай чанар, судасны нэвчимтгий чанар ихсэж, судас агших /тархины цусны эргэлтийн хямрал үүсэх/ тул цус харвахад нөлөөлж болно. Тэргүүлэх зэргийн шинжээч эмч М.Энхбаяр, ахлах зэргийн шинжээч эмч Г.Энхбаатар, ахлах зэргийн шинжээч эмч Ө.Сарангэрэл, шинжээч эмч М.Энхтайван, Б.Долгормаа...” /хх-171-173-VI/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 8896 дугаар дүгнэлтийн “…1. Шинжилгээнд ирүүлсэн Х.Хын цогцосноос авсан гэх цусанд 3.9 промилли, шээсэнд 4.6 промилли, ходоодны шингэнд 6.9 промилли спиртийн агууламж илэрсэн байна. 2. Цусанд хорт болон мансууруулах бодис тодорхойлох стандарт ажлын заавар батлагдаагүй тул шинжилгээг хийх боломжгүй байна. Дээрх шинжилгээг хийхэд 50-100 мл шээс ирүүлэх шаардлагатай болно…” /хх-94-II/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14597 дугаар дүгнэлтийн “…1. Б.Өгийн биед дух, хацарт хаван цус хуралттай, шуу, тохой сарвуунд шалбаралтуудтай гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” /хх-117-II/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4862 дугаар дүгнэлтийн “…1. Шинжилгээнд ирүүлсэн “HUAWEL” гэсэн саарал өнгийн бичигтэй цагаан утасны дэлгэц цуурсан уг цууралт шинээр гарсан байна. Бусад гар утасны гадаргуу гэмтэлгүй байна...” /хх-148-150-II/ гэх дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Гаалийн амралтанд хүн нас барсан хэргийн газрын схем зураг /хх-5-16, 18-19-I/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-26-I/, компьютерын процессор хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-27-28-I/, “BXS” H.264 Network dijital video recorder гэсэн бичигтэй хар өнгийн хяналтын камерын бичлэг хүлээн авагчаас хуулбарлаж авсан дискний бичлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон болсон үйл баримтаас үзэхэд амь хохирогч Х.Хын толгойн оройд учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл байх ба түүнийг Б.Өгийн гэм буруутай үйлдлээс шалтгаалж учирсан гэж үзэхээргүй байх ба энэ талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагджээ. Мөн хохирогчийн биед амьсгал бүтэлтийн шинж илэрсэн боловч энэ нь Б.Өгийн нэг удаагийн цохилтоос өөр тусдаа үйлдлээр үүссэн гэж үзэхгүйг шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгасан байх ба энэ байдалд өөр хэн нэгэн буруутай болохыг баталж нотлох ямар ч баримт байхгүй байна. Гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд Б.Өг амь хохирогч Х.Хыг ганцхан удаа цохисон байна гэж дүгнэхээр байх ба хохирогчийн толгойн оройн хэсэгт учирсан хөнгөн гэмтлийг хэн, хэзээ учруулсаныг тогтоогоогүй, тогтоох боломжгүй болсон байна. Энэ хэрэгт гэрчээр татагдсан олон тооны гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг ямар ч зөрүүгүй болгох боломжгүй ба тэдний мэдүүлгээс үзэхэд тухайн үед болсон үйл баримтыг өөрсдийн үзсэн, харсан, сонссон, ойлгосон хэмжээнд мэдүүлсэн байх ба дахин мэдүүлэг өгөхдөө ч хэргийн үйл баримтыг эрс өөрчлөх агуулга бүхий мэдүүлэг өгөөгүй, худал мэдүүлэг өгсөн эсэх талаар нотлогдсон, шалгагдаж тогтоогдсон зүйл байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, тухайн үед амралтын газарт болсон бусад алба хаагч нарын хоорондын маргааны талаар байгууллагын удирдлагад Б.Ө мэдэгдсэн байх ба амралтыг зохион байгуулж, ахалж явсан талийгаач Х.Х энэ байдалд дургүйцэж түүнтэй маргалдан Б.Өг цохисон байх ба үүний улмаас амь хохирогчийн зүүн эгэм рүү нэг удаа хүчтэй цохисноос хохирогч газар унахдаа амь насанд нь аюултай буюу “тархины зөөлөн бүрхүүл дор тархмал цус харвалт-малгайлсан цус харвалт” гэмтэл учирч нас барсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.     

Хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд Х.Хын буруутай үйлдлийг аюултай довтолгоо гэж үзэхээргүй байх учир Б.Өг түүний эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.   

Түүнчлэн энэхүү гэмт хэргийг анхан шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан түүний үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг гэж үзэн өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Б.Өг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тус тус хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв. 

Б.Өгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчлэн хэргийн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгон цагаатгах, шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, Э.Ганбат, Б.Батбаяр нарын гаргасан давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 420 дугаар Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн, Э.Ганбат, Б.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

           ШҮҮГЧИД                                                          М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                     Д.МЯГМАРЖАВ