Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 244

 

Б.Өлзийбуянд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор А.Оюунгэрэл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, Э.Ганбат, Д.Цэвээнцэрэн,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 337 дугаар магадлалтай, Б.Өлзийбуянд холбогдох эрүүгийн 201501080463 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Өлзийбуян, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Б.Батбаяр нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Элжгэн тайжууд овогт Балжиннямын Өлзийбуян нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Өлзийбуянг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, түүний цагдан хоригдсон 173 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийбуянгаас оршуулгын зардал 23.093.093 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Должинд олгож, оршуулгын зардлаас “Нью Семетри” ХХК-нд төлсөн 7.650.000 төгрөгийн зөрүү 765.000 төгрөг, хүнс болон бусад зүйлийн үнэ 700.845 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Должин нь шүүгдэгч Б.Өлзийбуянгаас нэхэмжилсэн хүүхдүүдийн сургалтын төлбөр 38.880.000 төгрөг, иргэний хариуцагч Эрүүгийн Цагдаагийн газраас нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүү болон цэргийн албан хаагч амь насаа алдсанаас олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү гаргуулах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.7-д зааснаар хэргийн эд мөрийн баримт задлан шинжилгээний явцыг бэхжүүлсэн диск 2 ширхэг, “ТВ9” телевизийн “Эзэнгүй төрийн эмгэнэл” нэвтрүүлгийн бичлэг сиди 2 ширхэг, ““BXS” Н.264 Network dijital video recorder” гэсэн бичигтэй хар өнгийн хяналтын камерын бичлэг хүлээн авагчаас хуулбарласан диск 8 ширхэг зэргийг хэрэгт хавсаргаж, Б.Өлзийбуянгийн өмсөж явсан хувцас, хохирогч Х.Хашболорын өмсөж явсан хувцас, цэнхэр алаг орны бүтээлэг 1 ширхэг, талийгаач Х.Хашболороос авсан 3 ууттай үс, гарын хумс, “HUAWEL” загварын цагаан өнгийн хагарч цуурсан гар утас 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Өлзийбуян, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Б.Батбаяр нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Б.Батбаяр, Д.Цэвээнцэрэн нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Өлзийбуян хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... ийм хэрэг гарсанд маш их харамсаж байна. Талийгаач бол салбартаа тэргүүний алба хаагч бөгөөд хамт олон дундаа нэр хүндтэй хүн байсан. Энэ гэмт хэргийг үйлдсэн жинхэнэ эзнийг цагдаа, шүүхийн байгууллага олж тогтоон шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдалд буруу үндэслэлгүй дүгнэлт өгч, нэмж шалгах шаардлагатай зүйлүүдийг орхигдуулж жинхэнэ гэмт этгээдэд ял завшуулсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Талийгаач Хашболор нь намайг цохиж зодох үед өөрийн амь насаа хамгаалах үйлдэл хийгээгүй бол би өөрөө амь хохирох нөхцөл байдал үүссэн. Талийгаач миний амин газар буюу толгой, нүүр хэсэгт маш хүчтэй цохиж байсан. Гэрч Ган-Эрдэнэ, Батсуурь, Төмөрболд нар талийгаачтай хамт үлдэж 1 минут орчим хугацаанд цуг байсан. Үүнийг камерын бичлэгээс тодорхой харж болно. Энэ хугацаанд хэн нэг нь гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой байна. Эдгээр байдлаас үзэхэд мөрдөн байцаалтын шатанд талийгаачийн аав, ээжээс шалгуулахаар гаргасан гомдол үндэслэлтэй байжээ гэж үзэхээр байна. Хүний аминд хүрчихлээ гэж бодож ярьж байсан нь үнэн. Би талийгаачийн үхэлд өөр хүмүүсийн оролцоо байгааг мэдээгүйн улмаас тухайн үед айж ийм байдалд орсон. Шүүх эмнэлэгийн дүгнэлт гарсны дараа талийгаач өөр хүмүүстэй ноцолдож зууралдсаны улмаас түүнийг үхэлд хүргэх олон тооны шарх, гэмтэл авсан гэдгийг мэдсэн. Ингээд мөрдөн байцаалтын явцад байцаагч, прокурор нарт дээрх байдлын талаар амаар болон бичгээр маш олон удаа хүсэлт, гомдол өгсөн боловч нэг ч хүсэлтийг маань хүлээн авч хянаж шийдвэрлээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэргийн газар байсан гэрч этгээдүүдээс авсан хумсны дээж алга болсон ноцтой асуудал гарсан. Хумсны дээжийг шинжилгээнд өгч талийгаачтай ноцолдож зууралдсан, баруун бугуйн үе хэсэгт хумсаар маажиж, самардсан шархыг хэн үүсгэсэн гэдэг нь харагдах байтал нөхдөө хаацайлан хамгаалж хэргийн бодит үнэн байдал бусад этгээдийн оролцоог нуух зорилготой байхыг үгүйсгэхгүй. Хэргийн газрын үзлэгээр талийгаачийн унасан газрыг зөв тогтоогоогүй. Мөрдөн байцаалтын шатанд гэрчүүд  намайг буруутгахаар үгээ нийлүүлж илт худал мэдүүлэг өгсөн. Миний гарцаагүй амь насаа хамгаалж хийсэн үйлдлээс хохирогч нас бараагүй. Надаас салснаас хойш өөр этгээдүүдтэй ноцолдож, зодолдож гэмтэл авсан нь тодорхой байна. Шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг огт харгалзаагүй, миний үйлдэлд огт тохирохгүй хуулийн зүйл, заалт ашиглаж тухайн зүйл ангийн дээд хэмжээгээр яллаж байгаа нь жинхэнэ гэм буруутай этгээдүүдэд ял завшуулсан шийдвэр болж байна. Эцэст нь цагдаа, шүүхийн байгууллагын алдаатай, шударга бус ажиллагаа, шийдвэр, гэрч гэх хүмүүсийн худал нэгнийгээ хамгаалсан, хэтэрхий нэг талыг барьсан, хууль бус үйл явдлаас болж гэмт этгээдүүдэд ял завшуулж, миний бие, сэтгэлд асар их хохирол учруулж бусдын өмнөөс олон жил шоронд хоригдож, эхнэр хүүхэд маань харж хандах хүнгүй үлдэх болоод байгаад маш их харамсаж, гомдож байна. Энэ харамсалтай хэргийг хуулийн дагуу жинхэнэ гэмт этгээдийг олж тогтоож үндэслэлтэй шийдвэрлэхийн тулд шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулж, талийгаачид учруулсан олон тооны шарх гэмтлүүдийн эзнийг тогтоох, талийгаачийн толгойн орой зулай хэсгийн шарх учруулсан чиглэлийг тогтоолгох, тухайн цаг мөчид талийгаачтай хамт хажууд нь байсан Ган-Эрдэнэ, Батсуурь, Төмөрболд нарын байрлал, тэдгээрийн гэмт үйлдэл, оролцоог тогтоох, алга болсон хумсны дээжийг олж шинжилгээнд өгөх гэх мэт ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзэж байна. Хоёр шатны шүүхээс надад оноосон 15 жилийн хорих ялыг хүчингүй болгож, хэргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтүүдийг хүлээж аваагүй. Шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Гэрч нарын мэдүүлэгт буруу дүгнэлт хийсэн. Гэрчүүд нь хуульд заасны дагуу худал мэдүүлэг өгөхгүй, мэдүүлэг өгөхөөс зайлсхийх эрхгүй боловч тэдний өгсөн анхны мэдүүлэг нь мөрдөн байцаалтын ажиллагаа явагдах тусам өөрчлөгдөж байсан. Мөрдөн байцаалтын шатанд авагдсан нотлох баримтуудад зөв дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлтэй байхад шүүх хуулийг буруу хэрэглэж дүгнэлт хийсэн. Шүүгдэгчийн үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондох шалтгаант холбоог буруу дүгнэсэн. Үүнийг засах шаардлага бүхий хүсэлтийг мөн хүлээж аваагүй. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь амьсгал бүтэлтэд ороход нөлөөлж нас барсан талаар дурдсан. Гэтэл энэ асуудалд ямар ч дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Б.Өлзийбуянг ч учруулсан гээгүй, өөр хэн нэгнийг ч учруулсан гээгүй орхигдуулсан. Талийгаачийн үхлийн шалтгаан нь тархины суурь хэсгийг хамарсан цус харвалт гэж тодорхойлсон. Шалгавал зохих байдлууд дутуу байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 зүйлд заасан тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. Анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримтуудад хоёр шатны шүүхүүд дүгнэлт хийгээгүй. Улсын яллагч шүүх хуралдаан дээр “... хохирогчийн толгойн оройн шархыг Б.Өлзийбуян учруулсан ч байж магадгүй, учруулаагүй байж ч магадгүй” гэж, шинжээч эмч “толгойны зулайн шархын үүсгэсэн үйлчлэлээр талийгаачийн тархинд малгайлсан цус харвалт учирсан байх боломжтой, бусад шинэ буюу 7-8 гэмтлүүд нь юунаас ч үүсч болно” гэсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн гэрчүүдийг эрүүгийн хариуцлагад татах, шинжээч томилуулах, нотлох баримт гаргуулах, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан хууль ёсны хүсэлтийг хангуулах, хумсны дээжийн талаар тодруулах, гэрчүүдийг хуульд заасан журмын дагуу нэг нэгээр нь байцаах зэрэг ажиллагаануудыг хийлгэх шаардлагатай тул Б.Өлзийбуянд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэвээнцэрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… Б.Өлзийбуянгийн үйлдэл нь аргагүй хамгаалалт гэж үзэж байна. Талийгаач нь шүүгдэгчийг үгийн зөрөөгүйгээр 2 гараараа нүүр, цээж рүү нь ээлжлэн савж цохиж биед нь гэмтэл учруулсан. Энэ үйлдэл яг үргэлжилж байх үед нь амь биед нь учирсан аюулыг зайлуулахын тулд Б.Өлзийбуян зүүн эгэм рүү нь нэг л удаа түлхэхэд хүн салгаад цаашаа явсан. Ингээд буцаад ирэхэд нь хүмүүс “чиний цохисноос болоод энэ хүн газар унаад босохгүй байна” гэхэд нь “би хүн алчихсан юм байна” гэсэн сэтгэл санааны цочролд ороод “би хүн алчихлаа” гэж хэлсэн байдаг. Шүүх хуралдаанд оролцсон 13 гэрчээр энэ үгийг хэлүүлсэн нь Б.Өлзийбуянг буруутгах гэсэн ажиллагаа болсон. Гэтэл Б.Өлзийбуянд ач холбогдолтой байж болох бусад гэрчийн мэдүүлгийг авч хэлэлцээгүй. Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан “хүн бүр аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэсэн эрхийнхээ хүрээнд өөрийгөө хамгаалсан үйлдэл байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл “... шүүгдэгч Б.Өлзийбуянд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн байна. Гэрч нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй гэх өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэргийн гол гэрч Энхтуяагийн мэдүүлэг нь үйл баримтын талаар зөрүүтэй асуудал байхгүй. Талийгаачид учирсан гэмтэл нь хүчтэй доргилтоос үүссэн болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, Б.Өлзийбуянгийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь хангалттай нотлогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон шинээр илэрсэн нөхцөл байдлын үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргаж байгаа гомдлууд үндэслэлгүй гэж үзэж байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Өлзийбуянг 2015 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 19 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Горхи, Мэлхий хад” амралтын газар амарч байхдаа хамт ажилладаг Х.Хашболорын зүүн эгэм рүү цохиж унагаасны улмаас амь насанд нь аюултай “гавал тархины битүү гэмтэл” бүхий хүнд гэмтэл санаатай учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаж чадаагүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж үндэслэл бүхий тогтоол гаргах ёстой.

Гэтэл шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нөхцөл байдал буюу хохирогчийн цогцост хийсэн үзлэгээр “... толгойн баруун зулайн ар хэсэгт 1.1х0.2 см хэмжээтэй язарсан шарх” гэж, задлан шинжилгээгээр “... зулайн орой хэсгийн шарх” гэсэн гэмтлийг хэн, хэзээ учруулсан болохыг огт шалгалгүй орхигдуулсан байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөн шинжээч эмчийн “... эд эсийн шинжилгээгээр хохирогчид амьсгал бүтэлт тогтоогдоогүй” гэсэн мэдүүлгийг үнэн зөв эсэхийг баталгаажуулж холбогдох шинжилгээний баримтыг хэрэгт хавсаргаагүй байна.

Үүнээс гадна шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн Л.Энхтуяа, Д.Мөнхбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганболд, Р.Батсуурь, Б.Ариунаа, Д.Батзаяа, П.Төмөрболд, Ч.Цэдэвсүрэн нарын харилцан зөрүүтэй мэдүүлгийн аль хэсгийг ямар үндэслэлээр үнэн зөв гэж үзсэн, хэрхэн үгүйсгэж, няцаасан үндэслэлийг шүүх дүгнээгүй нь шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болно.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, хэргийг яаж үйлдсэн болон гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг хөдөлбөргүй, нэг мөр тогтоох шаардлагатай байх тул шүүгдэгч Б.Өлзийбуян болон түүний өмгөөлөгч Э.Ганбат, Б.Батбаяр нарын гаргасан гомдлыг хүлээн авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Хэргийн эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэвээнцэрэнгийн гаргасан “... Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлд заасан эрхийнхээ хүрээнд өөрийгөө хамгаалсан үйлдэл” гэсэн саналыг хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 337 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Өлзийбуян холбогдох эрүүгийн 201501080463 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Өлзийбуянд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   ДАРГАЛАГЧ,

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 Т.УРАНЦЭЦЭГ

   ШҮҮГЧ                                                                            Б.ЦОГТ