Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 448

 

З.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 710 дугаар магадлалтай, З.Г-т холбогдох 201525011555 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 306 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан /З-ын Г гэсэн нэрээр/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 71 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтааж 1 жил хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан энэ таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 306 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим буюу 1 жилийн хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 2 жилийн хорих ялаар тогтоосон, 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ял шийтгэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг баримтлан эдлээгүй үлдсэн 6 жил 03 сар 16 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан /Б-ийн Г нэрээр/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 244 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгийг мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэг болгон өөрчилж, 3 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Б овогт З-ын Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, бүлэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч З.Г-ийг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Г-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч З.Г гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 03-нд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт миний үйлдсэн хулгайн гэмт хэрэг илрэн шалгагдаж байгаа болно. Уг айлаас 19 ширхэг сумтай буу, гадаадын үнэтэй архи, виски, дээлийн торгонууд зэрэг эд зүйл хулгайлсан гэмт хэрэг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхийн тулд өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолыг заавал хүчингүй болгох шаардлага үүсээд байгааг анхаарч үзнэ үү. Учир нь нэг төрлийн 2 хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэгтгэж мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс надад 2 шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээр ялыг нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох боломжгүй болно. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг тодорхой заасан байсан боловч шинэ хуулиар энэ зохицуулалтыг халсан байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлд заасан зохицуулалтыг буцаан хэрэглэх боломжгүй байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн зохицуулалтыг харахад хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд 2 шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байхад өмнө нь үйлдсэн хэрэгт ял оногдуулж тэдгээрийг нэгтгэх боломж, эрх аль ч шүүхэд байхгүй гэдэгт итгэлтэй байна. Миний бие дээрх илэрсэн хэргийг хянаж буй прокурорт энэ хэргийн холбогдох баримтыг Улсын дээд шүүхэд хүргүүлэх хүсэлт гаргасан ба хуралдаан болох үед материал хүргэгдсэн байна гэдэгт итгэж байна. Энэхүү байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар хэргийг буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсээс З.Г-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хэрэв шалгагдаж байвал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Г нь ганцаараа 2015 оны 07 дугаар сараас 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн үйлдлээр, Л.М-той бүлэглэн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 1 удаагийн үйлдлээр бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч Б.Э, М.Б, Ш.Ж, Э.С, Д.Ж, П.Э, Ж.Т нарын эд хөрөнгийг хулгайлж, нийт 21,520,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Гэмт хэрэг болон ял, эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар тодорхойлж, тогтоодог ба энэхүү нийтлэг зарчимд хамаарахгүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хууль нь урьд мөрдөгдөж байсан хуультай харьцуулахад “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” нөхцөлийг бий болгож байгаа үед шинэ хуулийг хуучин хуулийн оронд буцаан хэрэглэх буюу хуулийг буцаан хэрэглэх зарчим эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны суурь зарчмуудын нэг юм.

Энэхүү “хууль буцаан хэрэглэх” зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгалаа олсон бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох, баривчлах, хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай бол 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тохирох зүйл, хэсэг болох 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.

Өөрөөр хэлбэл, шинээр мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиар оногдуулах хорих ялын дээд хэмжээг нэмэгдүүлж, уг гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн байх тул “хууль буцаан хэрэглэх” зарчим хэрэглэгдэхгүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх З.Г-ийн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан гэж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Г нь “Энэ шийтгэх тогтоол гаргахаас өмнө үйлдэгдсэн хулгайн хэрэг шалгагдаж байгаа тул хэргүүдийг нэгтгэн шалгуулах” талаар гомдол гаргажээ.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн ба З.Г-ийн нэгтгэн шалгуулахаар гаргасан хүсэлтэд дурдсан хэргийн талаар нотлох баримтууд хэрэгт авагдаагүй тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй бөгөөд хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, тогтоогдоогүй нотлох баримтыг тогтоох, түүнийг үндэслэн шийдвэр гаргах эрхгүй учир шүүгдэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч З.Г-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 710 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч З.Г-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН