Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 294

 

 Р.Бямбадуламд холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор М.Буяннэмэх,

шүүгдэгч Р.Бямбадуламын өмгөөлөгч А.Төмөрчулуун,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Батсүх,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 627 дугаар магадлалтай, 727648 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Р.Бямбадулам, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, эмэгтэй, 2001 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 08 дугаар сарын 07-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэгдэж суллагдсан, Шар мухлай овогт Равдангийн Бямбадулам нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт заасан “Онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Шар Мухлай овогт Равдангийн Бямбадуламыг хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дах заалтыг үндэслэн шүүгдэгч Р.Бямбадуламыг 16 /арван зургаа/ жилийн хугацаатай хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Бямбадуламаас 9.034.003 төгрөг гаргуулж хохирогч Э.Мандахад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтыг үндэслэн Р.Бямбадуламыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “... 1986 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар Р.Бямбадуламыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй ...” гэж, тогтоох хэсгийн 7 дахь заалтын “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Р.Бямбадуламаас 9,034,003 төгрөг гаргуулж хохирогч Э.Мандахад олгосугай ...” гэснийг “... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р.Бямбадуламаас 4,758,126 /дөрвөн сая долоон зуун тавин найман мянга нэг зуун хорин зургаа/ төгрөг гаргуулж хохирогч Элбэгзаяагийн Мандахад олгосугай ...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Мандах, шүүгдэгч Р.Бямбадулам, түүний өмгөөлөгч А.Төмөрчулуун нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч шүүгч Д.Ганзоригийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх, өмгөөлөгч А.Төмөрчулуун, О.Батсүх нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Р.Бямбадуламын өмгөөлөгч А.Төмөрчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “... 1997 онд үйлдэгдсэн буюу одоогоос 19 жилийн өмнөх хэргийг 2002 оноос мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиар зүйлчилсэн. Одоогийн мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл журмыг хуульчлан тодорхойлсон байдаг. 1986 онд батлагдсан буюу хэрэг гарах үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацааг хуульчилсан бөгөөд 44 дүгээр зүйлийн 1-ийн г-д “энэ хуульд зааснаар 5 жилээс дээш хугацаагаар хорих, эсхүл түүнээс хүнд ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш арван жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасан. 1986 оны Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт заасны дагуу Р.Бямбадуламд ямар ч тохиолдолд цаазаар авах ялыг хэрэглэх үндэслэлгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдоогүй. Хэргийн газраас олдсон 36 размерын пүүз нь Бямбадуламынх болох нь эргэлзээтэй. Бямбадуламын мэдүүлгээр хэргийн газарт хиам, помидор байсан гэх боловч энэ нь үзлэгээр тогтоогдоогүй. Мөн яллагдагч “тухайн үед хохирогч хувцастай байсан” гэдэг боловч хэргийн газрын үзлэгээр нүцгэн байсан, гал тогооны өрөөнөөс гарах хаалга хүртэлх хана цус мэт зүйлээр бохирлогдсон зэрэг нь уг хэргийг Р.Бямбадулам үйлдсэн эсэхэд бодит эргэлзээ төрүүлж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.6-д заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл бүрэн шалгагдаж тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Р.Бямбадуламыг гэм буруутайд тооцохдоо 4 удаа хутгалсныг онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэснээс биш чухам ямар сэдлээр тухайн үйл явдалд хандсан, мөн хохирогч Элбэгзаяа нь Р.Бямбадуламын хүсэл зоригийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэж байсан, үүний эсрэг тэмцэл үүссэн зэрэгт ямар нэг үнэлэлт дүгнэлтийг өгсөнгүй. Иймд 1986 оны Эрүүгийн хуулийн 44 дүгээр зүйлийн 1-ийн г-д зааснаар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэрэгсэхгүй болгох, эсхүл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдоогүй байх тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Р.Бямбадулам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... 19 жилийн өмнө гарсан хэргийн эзэн нь олдохгүй болохоор надад тохож тулган  шаардаж байгаад гомдолтой байна. Тухайн өдөр намайг хоол хийгээд гэр цэвэрлээд өгөөч гээд гуйхаар нь очоод гал тогоонд зууш хийж байтал намайг араас тэврээд авахаар нь гарыг нь тавиулж болиулсан. Дараа нь дахин намайг барьж аваад ор луугаа чирээд байсан. Би байдаг хүчээрээ хажуу тийш нь самардаж түлхээд гараад гүйснээ санадаг. Би ийм л үйлдэл хийсэн. Турк улсад нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаад 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Монголд ирээд 2 дугаар сарын 29-ний өдөр хүн амины хэрэгт холбогдсон. Шууд л чи яаж хутгалсан гээд л хэргийг надад тохож эхэлсэн. Байцаагч Энхболд нь өөрийн санаагаар хөтөлж асууж, хариултыг нь биччихээд “та яагаад худлаа бичээд байгаа юм бэ” гэсэн чинь дараа нь залруулчихаж болдог юм, чи хэрэгт ч орохгүй, олон жил болсон хэрэг яах ч үгүй гээд албан шахалтаар дарамталж гарын үсэг зуруулсан. Надад энэ хүнийг алах ямар ч өс хонзон, атаа хорсол байхгүй. Хэрэв би хүн алсан бол гадаадад дүрвээд ирэхгүй явах байсан. Энэ 19 жилийн хугацаанд сурч, хөдөлмөрлөөд Монгол Улсаас орж гараад явж л байсан. Хэргийн газраас олдсон миний татсан тамхины иш, аяган дээрх хурууны хээ минийх болж тогтоогдсон байдлыг үндэслэн намайг хүн алсан болгосонд үнэхээр харамсаж байна. Хутган дээрээс олдсон хурууны хээ, цустай гутлын мөрийг яагаад үндэслэл болгохгүйгээр зөвхөн тэр өдөр миний тухайн айлд байсан хэсэгхэн цаг хугацааг миний эсрэг баримт болгож байгааг ойлгохгүй байна. Миний бие Орос сургууль төгсөж, Германд сурч боловсорсон болохоор үнэндээ төрөлх хэлээ сайн ойлгож чаддагүй. Энэ байдлаасаа болж анхан болон давж заалдах шатны шүүхийн шатанд мэдүүлэг өгөхдөө зарим зүйлийг сайн олгохгүй буруу, зөрүү өгч өөрийн бодлоо үнэн зөв илэрхийлж чадаагүй. Хэргийн үнэн зөвийг олж, намайг гүтгэсэн хэргээс чөлөөлж өгнө үү ...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Батсүх хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүгдэгч нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаас оргон зайлаагүй ч гэсэн гадаад улс руу олон жилээр явсан мөн нэрээ сольсон зэргээс харахад тус гэмт хэргийг нуун далдлах зорилготой байсан гэж үзэх үндэслэл болж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд: “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн  шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

Р.Бямбадуламд холбогдох хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэхэд шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн талаарх материаллаг болон процессийн эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр “хууль ёсны байх, харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шийдвэрийн үндэслэл болж буй баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан хууль зүйн дүгнэлт бүхий үнэлгээг шийдвэртээ тусгаснаар “үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг тус тус хангасан гэж үзнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар хэрхэн тогтоогдож байгаа болон аль нотлох баримт нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийлгүйгээр шийтгэх тогтоол, магадлал гаргасан нь үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл хэргийн ямар үйл баримт Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ямар арга хэрэгслээр тогтоогдсон, улмаар уг үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгааг тодорхойлоогүй гэж үзнэ.

Гэмт хэрэг ямар гэмт санаагаар хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн, хэргийн үйл баримтыг мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг ямар нотлох баримтаар батлагдаж, эсхүл үгүйсгэгдэж байгаа, улмаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжүүд хэрхэн агуулагдаж байгаа талаар тус тус дүгнэлт хийх шаардлагатай гэж дүгнэв.

Түүнчлэн Р.Бямбадуламыг ямар үндэслэлээр одоо үйлчилж буй 2002 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж, мөн ямар үндэслэлээр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох эсэх асуудлыг шийдвэрлэхдээ 1986 онд батлагдсан Эрүүгийн хуулийг хэрэглэсэн талаар хууль зүйн дүгнэлт зайлшгүй хийх шаардлагатай гэж үзлээ.

Ийнхүү хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон шийдвэрлэх эрхгүй тул шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 627 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Р.Бямбадуламд холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцааж, хэрэг шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                            Д.ГАНЗОРИГ