Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00835

 

Б.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02850 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 364 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.Ч-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш-д холбогдох,

Сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/122 тоот тушаалыг, ажлаас чөлөөлсөн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/228 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 19 144 832 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2014 онд бүрэлдэхүүн сургуулиудын захирал шалгаруулах сонгон шалгаруулалтад орж тэнцэн захирал Б.Очирбатын тушаалаар Геологи, Уул уурхайн сургуулийн захирлаар томилогдон ажиллах болсон. Миний бие ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар хийж гүйцэтгэн, шинээр ажил санаачилан үр бүтээлтэй хэрэгжүүлэн ажиллаж байсан. 

Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг мэдэгдээгүй атал туслах Э.Энхчимэгийг дуудаж өгсөн байдаг. Ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан талаар Захиргаа, мониторингийн газрын даргаас лавлахад Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас ирүүлсэн албан бичгийг үндэслэсэн талаар товч хэлсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр авч тушаалтай танилцахад хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр захирлын албан тушаалаас чөлөөлж, профессорын албан тушаалд томилсон байсан.

Надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10/5496 тоот албан бичгийг үндэслэсэн байдаг. Тус албан бичгийг 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч мөн өдрөө хэрэгжилт, хариуг холбогдох материалын хамт хүргүүлсэн. Дээрх албан бичгийн хэрэгжилтийг авах хугацаанд бүрэлдэхүүн сургуулийн зүгээс хариуг өгсөн. Үндэсний аудитын газрын 5/144 тоот албан шаардлагад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, биелэлтийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх, Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж, дээрх зөрчлийг дахин гаргахгүй байхыг надад бус харин Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ректорт даалгасан байдаг.

Төрийн өмчийн хорооноос баталж, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хооронд талбайг түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд Ш- өмчөө түрээслүүлж, ерөнхийлөн захирагчаас надад эрх шилжүүлсний дагуу би гэрээнд гарын үсэг зурсан. Тус гэрээнд Геологи, Уул уурхайн сургуулийн захирлын зүгээс эрх, үүрэг тусгагдаагүй гагцхүү яамнаас тавьсан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах үүргийг ректор өгсөн болно. Гэтэл талбайн түрээсийн мөнгийг авсан хэрнээ түрээслээгүй, гэрээний хэрэгжилтэд хяналт тавиагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн тухайн үед яамнаас гэрээгээр 4 хүн авч ажиллуулах чиглэл өгсөн. Би дур мэдэн 2 хүн ажиллуул гэснийг 4 болгон нэмээгүй. Тухайн үеийн яамны хэлтсийн дарга Ц.Баярхүү үүрэг өгснийг биелүүлсэн. Энэ тухай шийдвэр гаргах эрх бүхий удирдлагад тэр даруй танилцуулж байсан. Мөн энэ хугацаанд албан шаардлагад дурдсаны дагуу гэрээт ажилтнуудын хийсэн ажлын тайланг нэр бүхий 4 хүн гаргаж өгсөн. Зөрчил гаргасан болохыг шалгаж тогтоосон баримт байхгүй хэрнээ 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/122 тоот тушаалаар сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр ногдуулсан тул тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Миний бие улс төрийн ямар нэгэн намын гишүүн бус, сонгуульд нэр дэвшээгүй, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах хүсэлт өгөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 нийцэхгүй. Надтай байгуулсан гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан байх ба аль нэг тал гэрээг цуцлах санал гаргаагүй, надад мэдэгдэл өгөөгүй, би ажил үүргээ гүйцэтгэж байсан тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу дахин сунгагдаж гэрээ 2018 оны 06 дугаар сарын 30-нд дуусахаар байсан. Гэтэл хугацаа дуусгавар болсон гэж тушаалын үндэслэлийг тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрэмд тусгагдсан хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлэх ажилтнуудын үнэлгээг авах хэрхэн үнэлэх арга нь өөрөө тодорхойгүй. 

Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гараагүй байхад үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсныг эс зөвшөөрч байгаа тул ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Геологи, Уул уурхайн сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү. Ажилгүй байсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл ажлын 92 хоногт, нэг өдрийн 208 096 төгрөгөөр тооцон нийт 19 144 832 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал Б.Очирбат, Б.Ч- нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг 2014 оны анх байгуулж тухай бүрт сунган, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр Б/228 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бөгөөд хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дууссан. Улмаар түүнийг мэргэжлийнх нь дагуу профессорын ажилд томилсон. Нэхэмжлэгч нь Төсвийн тухай хуулийн дагуу бүрэлдэхүүн сургуулийн төсвийн шууд захирагч бөгөөд 2 жилд нэг удаа удирдах ажилтны хувьд сонгон шалгаруулдаг зарчимтай тул гэрээг хугацаатай байгуулдаг. Дээрх Б/228 дугаар тушаалаар хоёр хүний асуудлыг шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл нэхэмжлэгчид хамааралгүй. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.14.6-д заасны дагуу Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын ажлын үр дүнг хамт олноор хэлэлцүүлэн дүгнүүлэх, зорилгоор захирлын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүн сургууль, институтын захирлын ажлын тайлангийн хурал зохион байгуулах удирдамж, хуваарийн дагуу Геологи уул уурхайн сургуулийн захирал Б.Ч-ийн тайлан хэлэлцүүлгийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, уг хурлаар дүрэмд заасны дагуу Б.Ч-ийн 2016-2017 оны хичээлийн жилд гүйцэтгэсэн ажилд тус сургуулийн хамт олны зүгээс нууц санал хураалт авахад хамт олны зүгээс хангалтгүй буюу 38.5 хувийн үнэлгээг авсан. Үнэлгээг тайлан хэлэлцүүлэх комиссоос хамт олонд танилцуулсан.

Үр дүнгийн гэрээний 5.2-т заасны дагуу Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын бүрэн эрхийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх тушаал гарсан. Нэхэмжлэгч 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/122 тоот сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Б.Ч- Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Төрийн өмчийн хороо, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний биелэлтэд хяналт тавилгүй, түрээсийн орлогыг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10/5496 тоот албан бичиг ирснээр бид зөрчлийг мэдсэн. Үндэсний Аудитын газраас 2013-2015 оны үйл ажиллагаа, үр дүнд аудит хийж, Б.Ч- нь Геологи, Уул уурхайн сургуулийн 207.6 мкв талбайг түрээслэх гэрээ хийж, 18 700 000 төгрөг Ш-д шилжүүлсэн боловч уг талбайг түрээслээгүй, гэрээнд хяналт тавиагүй, яамнаас шилжүүлсэн 18 684 000 төгрөгийн талаар ажлын тайлан гаргаагүй, яамнаас нэр бүхий 2 иргэнийг гэрээт ажилтнаар авч ажиллуулах чиглэл өгсөн байхад 4 иргэнд цалин хөлс олгосон зэрэг нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, санхүүгийн зөрчил, дутагдал гаргасан нь Үндэсний аудитын газрын 5/144 тоот албан шаардлагаар тогтоогдсон тул түүнд А/122 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02850 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Ч-ийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, Уул уурхайн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 825 176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ч-т олгож, нэхэмжлэлээс 7 319 656 төгрөг гаргуулах 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдан, хариуцагчаас 204 153 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 364 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02850 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204 153 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасныг баримтлан 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажлын 84 хоног, нэг өдрийн 88 201.6366 төгрөг /8, 9, 10 cap/ нийт 7 408 937.47 төгрөгийг нэхэмжлэгчид олгохыг анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн юм.

Нэхэмжлэгч Б.Ч- нь 2014 оны 7 сард ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн сургуулийн захирлын албан тушаалд томилогдсоноор мөн оны 07 дугаар сарын 01-ний өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, дээрхи хугацаатай гэрээг нэг жилээр 2 удаа сунгасан ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/228 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн түүнийг Геологи Уул Уурхайн захирлын албан тушаалаас чөлөөлж, мөн сургуульд профессороор ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “...талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болно” гэж зааснаар хугацаатай гэрээг байгуулсан ба нэхэмжлэгч хугацаатай гэрээний талаар маргаагүй бөгөөд харин үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан гэж маргасан юм. ШУТИС-ийн ректор, Геологи уул уурхайн сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Ч- нарын хооронд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2-т Геологи уул уурхайн сургуулийн захирал Б.Ч- нь “...Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн бүтээгдэхүүнийг хугацаанд нь чанартай, бүрэн нийлүүлнэ...”, Үр дүнгийн гэрээний 1-д Төсвийн шууд захирагчийн буюу Геологи Уул уурхайн сургуулийн захирлын хүлээх үүргийг тус тус тодорхойлсон юм. Б.Ч- дээрхи гэрээнүүдээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн төдийгүй түрээслэгч Боловсрол Шинжлэх ухааны яамны түрээсийн төлбөрт шилжүүлсэн 18 684 000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, зарцуулалтын тайланг гаргаагүй, мөн БШУЯ-аас нэр бүхий 2 иргэнийг гэрээт ажилтнаар авч ажиллуулах чиглэл өгсөн байхад 4 иргэн авч ажиллуулан цалин хөлс олгосон зэрэг нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн болох нь Үндэсний Аудитын газрын 2016 оны 5/144 тоот албан шаардлагаар тогтоон нотолсон байтал шүүх үүнийг анхаарч үзээгүй нь ч буруу байсан юм.

Хариуцагчийн зүгээс дээрхи нөхцөл байдлыг болон Б.Ч-той байгуулсан нь хөдөлмөрийн гэрээ, Үр дүнгийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар “...гэрээг цаашид сунгахгүй...” үндэслэл бий болсон гэж үзэж түүнийг ажлаас чөлөөлсөн ШУТИС-ийн захирлын тушаал хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёс, шударга ёсны зарчимд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул 181ШШ2017/02850 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Б.Ч-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ч- нь сахилгын шийтгэл ногдуулах тухай хариуцагч Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А\122 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоолгох, Геологи, Уул уурхайн сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, санхүүгийн зөрчил, дутагдал гаргасан нь Үндэсний аудитын газрын албан шаардлагаар тогтоогдсон тул түүнд А/122 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон учир 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б/228 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс хөдөлмөрийн эрх зүйн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр шийдвэрлээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ажил олгогч Шинжлэх ухаан, Технологийн Их Сургууль нь захирлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А\122 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Ч- болон ахлах нягтлан бодогч Ч.Оюун, Б.Алтантуяа нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-т зааснаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Түүнчлэн, ажил олгогч нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Б\228 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.3., 40 дүгээр зүйлийн 40.1.6., 43 дугаар зүйлд заасныг баримталж, Б.Ч-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул түүнийг Геологи, уул уурхайн сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, тус сургуулийн Уул уурхайн салбарын профессорын албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ч- нь ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас чөлөөлсөн хоёр тушаалын эрх зүйн үндэслэлийн талаар маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн сахилгын шийтгэлтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүй, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын бодит үндэслэлийн талаар хангалттай бүрэн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, ажлаас чөлөөлсөн тушаалын эрх зүйн үндэслэлийг зааглан ялгаагүйгээр хэргийн үйл баримт тодорхой бус, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Ч- нь хариуцагч Шинжлэх ухаан, Технологийн Их Сургуультай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээтэй ажиллаж байсан ба үр дүнгийн гэрээг дүгнэсэн байдал хангалттай бүрэн тогтоогдоогүй байна.

Шинжлэх ухаан, Технологийн Их Сургуулийн дүрмийн 4.14.6-д Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын ажлын үр дүнг хамт олноор хэлэлцэн дүгнэдэг гэж хариуцагчийн тайлбарт тусгагдсанаас гадна ажил олгогчийн тушаалд энэхүү дүрмийг үндэслэл болгосон байх боловч хэрэгт уг дүрэм авагдаагүйгээр маргааны гол үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжийг үгүйсгэсэн байна.

Захирлын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүн сургууль, институтын захирлын ажлын тайлангийн хурал зохион байгуулах удирдамж, хуваарийн дагуу Геологи уул уурхайн сургуулийн захирал Б.Ч-ийн тайлан хэлэлцүүлгийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулж, уг хурлаар дүрэмд заасны дагуу Б.Ч-ийн 2016-2017 оны хичээлийн жилд гүйцэтгэсэн ажилд тус сургуулийн хамт олны зүгээс нууц санал хураалт авахад хамт олны зүгээс хангалтгүй буюу 38.5 хувийн үнэлгээг авсан гэх тайлбарыг хариуцагч тал өгсөн байна. Энэ хурлын материал хэрэгт бүрэн авагдаагүй байгааг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрын хэмжээг тодорхойлохдоо дундаж цалингийн хэмжээг алдаатай тооцсоноос гадна “цалин хөлсний зөрүү, амралтын мөнгөний тооцоог нийлж, цалин хөлсний маргаанаа жич шийдвэрлүүлэх”-ээр шийдвэрт заасан нь үндэслэл муутай болжээ.

Маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй нөхцөлд шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/02850 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 364 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 204 153 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН