Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 15 дугаар хороолол, Алтан өргөө 72б байр, 44 тоотод оршин суух Б.Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, 14191-т байрлах, ШУТИС-д Ханхолбогдох

Сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас чөлөөлсөн тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Б.Ч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Заантогтох, хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Жадыра нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Ч  би тус сургуулийн Геологи, уул уурхайн сургуульд 2000 онд сургалтын мастераар орж 2004 оноос ахлах багш болж дэвшин ажилласан. 2014 онд бүрэлдэхүүн сургуулиудын захирал шалгаруулах сонгон шалгаруулалтад орж тэнцэн захирал Б.Очирбатын тушаалаар Геологи, уул уурхайн сургуулийн захирлаар томилогдон ажиллах болсон. Миний бие ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар хийж гүйцэтгэн, шинээр ажил санаачлан үр бүтээлтэй хэрэгжүүлэн ажиллаж байсан. Хийсэн ажлаас дурдахад: “Сургуулийг судалгаанд суурилсан их сургууль болох зорилгын хүрээнд эрдэм шинжилгээ, гэрээт ажлыг дэмжиж жилд 1 тэрбумаас дээш төгрөгийн ажил гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж ажилласан нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хэмжээнд жил дараалж тэргүүлсэн. Гадаад харилцааг өргөжүүлэхэд онцгой анхаарч нэг гэрээ нэг ажил зорилт тавин олон улсын их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан, боловсон хүчнийг чадавхижуулах, оюутан суралцагсдын солилцоог идэвхжүүлсэн. Гадаадад зорчих багш, судлаачид үр дүнтэй ажиллах тал дээр үүрэг даалгавар өгч ажиллаж хамтын ажиллагааны үр дүн дээшилсэн” гэх мэт ажлыг хийсэн. 2017 оны 7 сарын 6-ны өдөр миний бие ОХУ-ын Новосибирскийн ТИС-аас дадлага хийхээр ирсэн багш, оюутнуудтай уулзалт хийх арга хэмжээтэй байсан. Үдээс хойш 17 цагт  туслах Э.Энхчимэг над руу залган танд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан байна гэж хэлсэн. Тухайн тушаалыг надад огт мэдэгдээгүй хэрнээ 17 цагийн үед туслах Э.Энхчимэгийг дуудан өгсөн байсан. Тушаал гарсныг мэдээд 17 цаг 20 минутын орчимд сургууль дээр ирсэн боловч хариу өгөх албан тушаалтнууд ажлын байран дээр байхгүй байсан. Маргааш нь буюу 7 сарын 7-ны өдөр сонгууль болж, 7 сарын 16 хүртэл баяр наадмын амралтын өдрүүд таарсан учраас удирдах албан тушаалтантай уулзаж амжаагүй. Ажил цуглахад ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан талаар Захиргаа, мониторингийн газрын даргаас лавлахад Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн албан бичгийг үндэслэсэн талаар товч хэлсэн. Миний бие тухайн тушаалын үндэслэлийн талаар холбогдох яамны проректор Л.Баяр-Эрдэнэд тайлбар өгч байсан бөгөөд тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Миний бие 2017 оны 7 сарын 17-ны өдрөөс ээлжийн амралтаа авах саналаа өгсөн. Гэтэл тодорхой хариу өгөхгүй, тушаал гарсан эсэх талаар нэг ч хариу мэдээлэл байгаагүй хирнээ 2017 оны 7 сарын 6-ны өдөр ээлжийн амралт олгох тухай тушаал гаргасан байсан. Тушаалыг 2017 оны 7 сарын 17-ны өдөр СА-ны ажилтан Алтанзулыг явуулж байсан. Ингээд ээлжийн амралт авахаасаа өмнө сургуулийнхаа засвар үйлчилгээний ажлыг цэгцлэн хичээлийн 5-р байранд явж байхад 17 цагийн орчимд Сургалтын асуудал эрхэлсэн проректор Х.Энхжаргал утсаар залгаж 18 цагаас өмнө ирж ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Ямар учраас би ажлаа хүлээлгэж өгөх шаардлагатай болсныг асуухад Ректорын тушаал гарсан чамайг Геологи уул уурхайн сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, Л.Пүрэвийг томилсон өөрөө ирээд мэдээлэл ав гэсэн. Ажлаас чөлөөлсөн тушаалаа танилцуулж өгөөгүй мөн ажил хүлээлцэж аваагүй байж маргааш нь буюу 2017 оны 7 сарын 20-ны өдөр миний өрөөний цоожны голыг сольж орсон байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 7 сарын 21-ний өдөр эх хувийг миний оронд захирлаар томилогдсон гэх Л.Пүрэвээс хүсэлт тавьж авсан. Тушаалтай танилцахад хөдөлмөрийн гэрээ,  үр дүнгийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр захирлын албан тушаалаас чөлөөлж Геологи, уул уурхайн сургуулийн профессорын албан тушаалд томилсон байсан. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж мөн албан тушаал бууруулсныг миний үл хүлээн зөвшөөрч гомдолтой байгаа тул тус дүүргийн шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын 2017 оны 7 сарын 6-ны өдрийн А/122 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг өөрт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Геологи, уул уурхайн сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.” гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд иргэн Б.Ч ийн гаргасан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын 2017 оны 7 сарын 6-ны өдрийн А/122 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Геологи, уул уурхайн сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй, мөн зүйлийн 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах талаар заасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21.7-д талууд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох талаар хуульчилсан. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал Б.Очирбат, Б.Ч  нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Үр дүнгийн гэрээг 2016 оны 7 сарын 1-ний өдрөөс 2017 оны 6 сарын 30-ний өдөр хүртэл байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь хэсэгт  хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бөгөөд харилцан тохиролцож хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээний хугацаа дууссанаар гэрээнд заасан журмын дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон асуудал юм.  Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.14.6-д заагдсаны дагуу, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын ажлын үр дүнг хамт олноор хэлэлцүүлэн дүгнүүлэх, зорилгоор Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал Б.Очирбатын 2017 оны 5 сарын 17-ны өдөр баталсан “Шинжлэх ухаан технологийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль, институтын захирлын тайлангийн хурал зохион байгуулах удирдамж, хуваарь”-ийн дагуу Геологи, уул уурхайн сургуулийн захирал Б.Ч ийн тайлан хэлэлцүүлгийг 2017 оны 6 сарын 7-ны өдөр зохион байгуулсан. Уг хурлаар Б.Ч ийн 2016-2017 оны хичээлийн жилд гүйцэтгэсэн ажилд тус сургуулийн хамт олны нууц санал хураалтаар өгсөн үнэлгээг тайлан хэлэлцүүлэх комиссоос хамт олон танилцуулсан бөгөөд Б.Ч  нь өөрийн сургуулийн хамт олноос хангалтгүй үнэлгээг авсан. Үр дүнгийн гэрээний 5.2-т Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу хангалтгүй үнэлгээтэй тул Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дүрмийн 4.14.5, 4.14.6-д заагдсан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх тушаал гарсан байдаг. Түүнчлэн нэхэмжлэлдээ 2017 оны 7 сарын 6-ны өдрийн А/122 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл нь үндэслэлгүй юм. Учир нь Б.Ч  нь Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Төрийн өмчийн хороо, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний биелэлтэд хяналт тавилгүй, түрээсийн орлогыг зориулалтын бусаар зарцуулсан Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 2017 оны 6 сарын 20-ны өдрийн 10/5496 тоот албан бичиг, Монгол Улсын Үндэсний Аудитын газрын 5/144 тоот албан бичгийн дагуу хяналт шалгалт хийж Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Ректор эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан. Тус санхүүгийн зөрчил, дутагдлын хүрээнд 2013-2015 оны үйл ажиллагаа, үр дүнд хийгдсэн Үндэсний аудитын газрын тайлангийн дагуу Геологи, уул уурхайн сургуулийн 207,6 кв.м талбайг түрээслэх гэрээ хийсний дагуу 18.7 сая төгрөг Шинжлэх ухаан технологийн их сургуульд шилжүүлсэн боловч уг талбайг түрээслээгүй зөрчил гарсан. Иймд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 7.1-т “Хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, сургууль, ажилтанд эд материалын хохирол учруулсан, дарамт шахалт үзүүлсэн, зөрчил дутагдал гаргасан, хариуцлагагүй ажиллагаа явуулсан нь тогтоогдсон бол холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу зохих хариуцлага тооцно” гэж заасны дагуу албан ёсоор мэдэгдэж хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, сахилгын шийтгэл ногдуулсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх хэсэгт заасан “хөдөлмөрийн нөхцөл” гэдэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа хамаарч байгаа бөгөөд Б.Ч той байгуулсан 2014 оны 7 сарын 1-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, тухай бүр хугацааг сунгаж байсан тул нэхэмжлэгч Б.Ч  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу “...хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан..” гэх гомдлыг эрх зөрчигдсөн үеэс шүүхэд хандан гаргах боломжтой байсан боловч тэрээр ийнхүү гомдол гаргаагүй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар байнгын ажлын байранд талууд харилцан тохиролцсон тохиолдолд хугацаатай гэрээг байгуулж болохоор зохицуулсан тул ийнхүү гэрээг хугацаатай байгуулсныг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгч Б.Ч  хуульд заасан журмын дагуу гараагүй учраас уг хөдөлмөрийн гэрээг байгууллага ажилтантай харилцан тохиролцож хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ч  нь Шинжлэх ухаан технологийн их сургуульд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас чөлөөлсөн тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирлын 2017 оны 7 сарын 26-ны өдрийн А/122 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын Б.Ч т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Геологи Уул уурхайн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, Геологи Уул уурхайн сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн 2017 оны 7 сарын 19-ний өдрөөс шүүхээр маргааныг хянан шийдвэрлэсэн 2018 оны 10 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 59,837,036 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг гаргасан гэж тодруулж байна.

Хариуцагч нь Б.Ч т Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирлын 2017 оны 7 сарын 26-ны өдрийн А/122 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй, Б.Ч той байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул Б.Ч ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж, тус сургуулийн Уул уурхайн салбарын профессорын албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, ажлаас чөлөөлсөн  тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь Б.Ч т бус уг тушаалаар ажилд томилогдсон Л.Пүрэвт хамааралтай тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Б.Ч  нь Шинжлэх ухаан, технологийн их сургуультай 2014 оны 7 сарын 01-ний өдөр Геологи Уул уурхайн сургуулийн захирлын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ /хэргийн 1 хавтас 30-33 тал/ байгуулан ажиллаж байсан ба Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирлын 2017 оны 7 сарын 26-ны өдрийн А/122 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал / хэргийн 1 хавтас 45 тал/-аар Б.Ч т Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг баримтлан БШУЯ, Төрийн өмчийн хороо, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний биелэлтэд хяналт тавилгүй, түрээсийн орлогыг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, улмаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирлын 2017 оны 7 сарын 19-ний өдрийн Б/228 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” тушаал / хэргийн 1 хавтас 6 тал/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг баримтлан “Б.Ч той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээний хугацаа дуусгавар болсон” гэх үндэслэлээр Б.Ч ийг 2017 оны 7 сарын 19-ний өдрөөс Геологи, уул уурхайн сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс тус сургуулийн Уул уурхайн салбарын профессорын албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 7 сарын 26-ны өдрийн А/122 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлыг 2017 оны 8 сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дахь заалтад заасан маргааны талаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор, 2017 оны 7 сарын 19-ний өдрийн Б/228 дугаартай “Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай” тушаалаар өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг 2017 оны 8 сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдлоо тус тус гаргасан гэж үзнэ.

2017 оны 7 сарын 26-ны өдрийн А/122 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын үндэслэл болсон БШУЯ, Төрийн өмчийн хороо, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний биелэлтэд хяналт тавилгүй, түрээсийн орлогыг зориулалтын бусаар зарцуулсан гэх зөрчлийг нэхэмжлэгч Б.Ч  гаргасан болох нь Монгол Улсын Үндэсний аудитын газрын 2016 оны 7 сарын 1-ний өдрийн 5/144 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага / хэргийн 1 хавтас 28 тал/, Монгол Улсын Үндэсний аудитын газрын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2013-2015 оны үйл ажиллагаа, үр дүнд хийсэн аудитын тайлан /хэргийн 2 хавтас 67-88 тал/-гаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь 2013-2015 оны үйл ажиллагаатай холбоотой зөрчилд 2017 оны 7 сарын 26-ны өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлээ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 6 сарын 20-ны өдрийн 10/5496 дугаартай “Тайлан ирүүлэх тухай” албан бичиг /хэргийн 1 хавтас 27 тал/ Шинжлэх ухаан технологийн их сургуульд ирснээр мэдсэн, улмаар дотоодын хяналт шалгалтыг хийсний үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байх боловч Монгол Улсын
Үндэсний аудитын газар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2013-2015 оны үйл ажиллагаа, үр дүнд хийсэн аудитын тайланг Шинлэх ухаан, технологийн их сургуульд 2016 оны 7 сарын 7-ны өдрийн 4/1071 дугаартай албан бичиг /хэргийн 2 хавтас 66 тал/-ээр хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  Монгол Улсын Үндэсний аудитын газрын 2016 оны 7 сарын 7-ны өдрийн 4/1071 дугаартай албан бичиг, тайланг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ажилтан 2 сар өрөөндөө нуун дарагдуулж байсны улмаас цаг тухайд нь мэдээгүй, 2016 оны 9 сард Шинжлэх ухаан технологийн сургууль хүлээж авсан гэж тайлбарлаж байх тул хариуцагч Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Б.Ч ийн гаргасан зөрчлийн талаар 2016 оны 9 сард мэдсэн гэж үзнэ.

Хариуцагч ШУТИС нь Б.Ч ийн гаргасан зөрчлийн талаар 2016 оны 9 сард мэдсэн атлаа 2017 оны 7 сарын 26-ны өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтад “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасантай нийцээгүй байна.

Иймд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирлын 2017 оны 7 сарын 26-ны өдрийн А/122 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын нэхэмжлэгч Б.Ч т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч ШУТИС нь нэхэмжлэгч Б.Ч той 2014 оны 7 сарын 1-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 2015 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байх ба хөдөлмөрийн гэрээний хугацааг 2015 оны 7 сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 сарын 1-ний өдрийг хүртэл, 2016 оны 7 сарын 1-ний өдрөөс 2017 оны 6 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус сунгаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан, талууд харилцан тохиролцож хугацаатай байгуулсан, хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан талаар нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд гомдол гаргаж байгаагүй гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтад зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох боловч ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хугацаатай байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байхыг шаардана.

ШУТИС болон Б.Ч  нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон шаардлага, шалтгаан, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тодорхой тусгаагүй байх тул байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсныг хуульд нийцээгүй гэж үзнэ.

 ШУТИС нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дахь заалтад заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах хуулийн шаардлагыг зөрчиж Б.Ч той Геологи уул уурхайн сургуулийн захирлын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хууль зөрчиж байгуулсан гэрээний хугацаа дууссан үндэслэлээр Б.Ч ийг Геологи уул уурхайн сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх бөгөөд Б.Ч ийн хүсэл зоригийг харгалзахгүйгээр түүнийг тус сургуулийн Уул уурхайн салбарын профессорын албан тушаалд ажиллуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34, 107 дугаар зүйлд заасан ажилтныг өөр ажилд шилжүүлэх хуулийн зохицуулалтад хамаарахгүй байна.

Иймд хариуцагч ШУТИС нь нэхэмжлэгч Б.Ч ийг өөр ажилд буруу шилжүүлсэн гэж үзэж, Б.Ч ийг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи Уул уурхайн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож  шийдвэрлэх нь зүйтэй байна

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

Нэхэмжлэгч Б.Ч  нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуулийн Уул уурхайн салбарын профессорын албан тушаалд ажиллаагүй байх ба Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Б.Ч т Уул уурхайн салбарын профессорын албан тушаалын цалинд 2017 оны 9 сард олгосон цалин хөлс болох 1,691,600 төгрөгийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дансанд буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Голомт банкны 2017 оны 10 сарын 8-ны өдрийн төлбөрийн баримт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Гүйлгээний жагсаалт” нэртэй баримтуудаар тус тус тогтоогдсон, хариуцагчийн төлөөлөгч нь Б.Ч  Уул уурхайн салбарын профессорын албан тушаалын цалинд олгосон цалин хөлсийг буцаан шилжүүлсэн гэдэгт маргахгүй байх тул Б.Ч т Геологи Уул уурхайн сургуулийн захирлын ажлаас чөлөөлөгдсөн 2017 оны 7 сарын 19-ний өдрөөс шүүхээр маргааныг хянан шийдвэрлэсэн 2018 оны 10 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгоно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу Б.Ч ийн нийгмийн даатгалын дэвтэр /хэргийн 1 хавтас 15-19 тал/-т бичигдэн баталгаажсан сүүлийн гурван сарын цалин хөлс буюу 2017 оны 5 сарын цалин хөлс 3,260,436 төгрөг, 2017 оны 6 сарын цалин хөлс 3,718,536 төгрөг, 2017 оны 7 сарын цалин хөлс болох 5,843,250 төгрөг, нийт 12,822,222 төгрөгөөс тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 4,274,074 төгрөг, үүнийг сарын ажлын 21.5 өдөрт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 198,794 төгрөг, үүнийг Геологи Уул уурхайн сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн 2017 оны 7 сарын 19-ний өдрөөс шүүхээр маргааныг хянан шийдвэрлэсэн 2018 оны 10 сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу нийт ажлын 315 хоногт тооцоход ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээ нь 62,620,110 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч 59,837,036 төгрөгийг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 59,837,036 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ч т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Ч ийн болон хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуульд даалгаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах гэсэн байдлаар тодорхойлсон нь бие даасан шаардлага болохгүй, ажил олгогчийн тушаал нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох үндэслэл байгаа эсэхийг тогтоох хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх тусдаа бие даасан шаардлага гэж үзээгүй, уг тушаалыг заавал хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болохыг, хариуцагч нь Б.Ч ийн гаргасан гэх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд дурдагдаагүй бусад зөрчлүүд болон үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн гэх тайлбаруудыг гаргасан боловч уг гаргасан гэх зөрчил болон үр дүнгийн гэрээний биелэлт хангалтгүй дүгнэгдсэн байдал нь Б.Ч ийг ажлаас чөлөөлөх үндэслэл болоогүй, зөвхөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр Б.Ч ийг ажлаас чөлөөлсөн гэж шүүх хуралдаанд тайлбарласан тул ажлаас чөлөөлөх үндэслэл болоогүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн захирлын 2017 оны 7 сарын 6-ны өдрийн А/122 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалын Б.Ч т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Ч ийг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 59,847,036 төгрөгийг хариуцагч ШУТИС-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Ч т олгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Ч ийн болон хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч ШУТИС-д даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Шинжлэх ухаан технологийн их сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 457,185 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР