Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/02330

 

Б.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02017 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Чийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шд холбогдох,

 

Сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас чөлөөлсөн тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гийн захирлаар 2014 оноос ажиллах болсон. Ажиллах хугацаандаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй, үр бүтээлтэй ажилласан. Туслах Э.Эээс 2017.07.06-ны 17 цагт сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсаныг мэдсэн. Тушаалыг надад мэдэгдэлгүй туслах Э.Эт өгсөн байсан. Тухайн өдрөөс хойш сонгууль, баяр наадмын амралтын өдрүүд таарсан учраас удирдах албан тушаалтантай уулзаж амжаагүй. Ажил цуглахад тушаалыг Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас ирүүлсэн албан бичгийг үндэслэсэн талаар хэлсэн. Тухайн тушаалын үндэслэлийн талаар холбогдох яамны проректор Л.Б-д тайлбар өгч байсан бөгөөд тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Ингээд 2017.07.17-ны өдрөөс ээлжийн амралт авах саналаа өгсөн. Ээлжийн амралтын тушаал 2017 оны 7 сарын 6-ны өдөр гаргасан. Ээлжийн амралт авахаас өмнө 17 цагийн орчимд Сургалтын асуудал эрхэлсэн проректор Х.Э утасдаж 18 цагаас өмнө ирж ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан, тушаалаа танилцуулж өгөөгүй, мөн ажил хүлээлцэж аваагүй байж маргааш нь буюу 2017.07.20-ны өдөр өрөөний цоожны голыг сольж орсон байсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 7 сарын 21-ний өдөр хүсэлт тавьж авсан. Тушаалтай танилцахад хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр захирлын албан тушаалаас чөлөөлж Гийн профессорын албан тушаалд томилсон байсан. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж мөн албан тушаал бууруулсанд гомдолтой байна. Шийн захирлын 2017 оны 7 сарын 6-ны өдрийн А/122 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг өөрт холбогдох хэсгийг хүчингүйд тооцуулах, ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Гийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийн захирал Б.О, Б.Ч нарын хооронд  хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг 2016 оны 7 сарын 1-ний өдрөөс 2017 оны 6 сарын 30-ний өдөр хүртэл байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон. Шийн дүрмийн 4.14.6-д заагдсаны дагуу, тайлангийн хурал зохион байгуулах удирдамж, хуваарийн дагуу Гийн захирал Б.Чийн тайлан хэлэлцүүлгийг 2017 оны 6 сарын 7-ны өдөр зохион байгуулсан. Уг хурлаар Б.Чийн 2016-2017 оны хичээлийн жилд гүйцэтгэсэн ажилд өөрийн сургуулийн хамт олноос хангалтгүй үнэлгээг өгсөн.

Үр дүнгийн гэрээний 5.2-т төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу хангалтгүй үнэлгээтэй тул Шийн дүрмийн 4.14.5, 4.14.6-д заагдсан захирлын бүрэн эрхийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх тушаал гарсан.

 

Б.Ч нь Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Төрийн өмчийн хороо, Шийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний биелэлтэд хяналт тавилгүй, түрээсийн орлогыг зориулалтын бусаар зарцуулсан.  Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 2017 оны 6 сарын 20-ны өдрийн 10/5496 тоот албан бичиг,Үндэсний Аудитын газрын 5/144 тоот албан бичгийн дагуу хяналт шалгалт хийж ректор эрх хэмжээний хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан. Үндэсний аудитын газраас  2013-2015 оны үйл ажиллагаа, үр дүнд хийгдсэн шалгалтын тайлангаар Гийн 207,6 кв.м талбайг түрээслэх гэрээ хийсний дагуу 18 700 000 төгрөгийг  Шд шилжүүлсэн ч уг талбайг түрээслээгүй зөрчил гарсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, хөдөлмөрийн гэрээний 7.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, сургууль, ажилтанд эд материалын хохирол учруулсан, дарамт шахалт үзүүлсэн, зөрчил дутагдал гаргасан, хариуцлагагүй ажиллагаа явуулсан нь тогтоогдсон  гэж хариуцлага тооцож,албан ёсоор мэдэгдэж гэрээг дуусгавар болгосон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн нөхцөл гэдэгт хөдөлмөрийн гэрээний хугацаа хамаарч байгаа бөгөөд Б.Чтой байгуулсан 2014 оны 7 сарын 1-ний өдрийн хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, тухай бүр хугацааг сунгаж байсан.  Б.Ч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан гэх гомдлыг эрх зөрчигдсөн үеэс шүүхэд гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсэгт зааснаар байнгын ажлын байранд талууд харилцан тохиролцсоноор  хугацаатай гэрээг байгуулж болохоор зохицуулсан, Б.Ч маргаагүй тул харилцан тохиролцож хугацаатай байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг тус тус баримтлан Шийн захирлын 2017 оны 7 сарын 6-ны өдрийн А/122 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын Б.Чт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Чийг Шийн Гийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 59 847 036 төгрөгийг хариуцагч Шиас гаргуулан нэхэмжлэгч Б.Чт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Б.Чийн болон хариуцагч Шийн төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Шд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Шиас улсын тэмдэгтийн хураамжид 457 185 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, дээрх гэрээг 2 удаа сунгасан ба хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн захирлын ажлаас чөлөөлж, профессороор ажиллуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч хугацаатай гэрээний талаар маргаагүй байхад шүүх гэрээг хугацаатай байгуулсан нь хуульд нийцээгүй гэсэн буруу. Нэхэмжлэгч нь үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул гэрээг цаашид сунгахгүй үндэслэл бий болсон.  Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг зөв үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Ч хариуцагч Шд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулах, Геологи,уул уурхайн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “сахилгын шийтгэл ногдуулсан болон ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан” гэж маргажээ. /1хх-1-3, 21-22, 49-50, /

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай 2014 оны 7 дугаар сарын 1-нээс хойш хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр Г-ийн захирлын ажлыг гүйцэтгэж ирсэн нь хөдөлмөрийн гэрээ 2015 оны 7 дугаар сарын 1-нээс 2016 оны 7 дугаар сарын 1 хүртэл, 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл сунгагдсан байдлаар нотлогдож байна. /1хх-30-33/

 

Мөн хөдөлмөрийн гэрээний 7.1 дэх хэсэгт зааснаар үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, хангалтгүй биелүүлсэн тохиолдолд хууль, тогтоомж, дүрэм журамд заасан хариуцлага хүлээлгэхээр тохиролцжээ./хх-31/ Талууд хөдөлмөрийн гэрээгээр үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахаар тохиролцсон, үр дүнгийн гэрээний агуулга нь ажилтны үндсэн ажлын төсөв захиран зарцуулдаг онцлогтой холбоотойгоос гадна тухайн гэрээ болон хөдөлмөрийн гэрээний хугацааг тохирч зөвшилцсөн байна./хх 58-61/

 

Уг гэрээг хугацаатай байгуулахад гэрээний эрх чөлөөний зарчим зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээнд жил бүр гарын үсэг зурж, тодорхой хугацаагаар байгуулснаас үзэхэд, уг гэрээг хугацаатай байгуулахаар талууд тохиролцсон гэж үзнэ. Талууд жил болгон хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээний хугацааг сунгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэж үзэхээр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.

 

Ажил олгогч буюу хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаартай тушаалаар Б.Чт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасныг баримтлан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Төрийн өмчийн хороо, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний биелэлтэд хяналт тавилгүй, түрээсийн орлогыг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 

Хариуцагч “..,2013-2015 оны үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг ирснээр мэдэж, улмаар дотоодын хяналт шалгалт хийсний үндсэн дээр ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан” гэжээ. Үндэсний аудитын газраас дээрх тайланг “Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн, ажилтны зөрчил гаргасан хугацаа, Б.Чийн гаргасан зөрчлийн талаар 2016 оны 9 дүгээр сард мэдсэн” гэх хариуцагчийн тайлбар зэрэгт дүгнэлт хийж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн байх тул уг сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн дүгнэлт зөв болжээ./1-р хх-ийн 27, 45,233-243, 2-рхх-ийн 66,3-рхх-1-8/

 

Хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/228 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан үндэслэлээр Б.Чийг Гийн захирлын ажлаас чөлөөлж, профессорын албан тушаалд томилсон байна. /1-рхх 6/ Ийнхүү тушаал бууруулсан үндэслэлээ хариуцагч “үр дүнгийн гэрээ хангалтгүй гэж үнэлэгдсэн, цаашид хөдөлмөрийн гэрээг сунгах шаардлагагүй” гэж үзсэнтэй холбон тайлбарлаж байна.

 

Талууд үр дүнгийн гэрээг 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдөр буюу хугацаатай гэрээ дуусах өдрөө дүгнэж, ажил олгогчийн зүгээс хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний санал гэсэн хэсэгт ажил олгогчийн төлөөлөгч “..,холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор” заажээ./2-р хх 45/ Хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээ гэх баримтад хангалтгүй гэх үнэлгээ өгсөн нь сахилгын шийтгэлийн шинжтэй бус харин цаашид хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэхгүй буюу сунгахгүй байх үндэслэлийг нотлох баримт гэж үзнэ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цаашид сунгахгүй байхаар шийдвэрлэсэн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02017 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Шийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/122 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын Б.Чт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул Б.Чийн Шийн Гийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД