Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2017/02850

 

 

 

 

 

 

 

   2017 оны 11 сарын 13           Дугаар181/ШШ2017/02850               Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: ...............................тоотод оршин суух, ... овогт .... Ч /Регистрийн дугаар: 5/-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: .................................................байрлах, ШУТИС/Регистрийн дугаар: /-д холбогдох

 Ажилд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 19.144.832 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М. хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б.ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М. нар оролцов.

                                                                                                         

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Б.Ч би тус сургуулийн Геологи, уул уурхайн сургуульд 2000 онд сургалтын мастераар орж 2004 оноос ахлах багш болж дэвшин ажилласан. 2014 онд бүрэлдэхүүн сургуулиудын захирал шалгаруулах сонгон шалгаруулалтанд орж тэнцэн захиралБ.Отушаалаар Геологи, уул уурхайн сургуулийн захирлаар томилогдон ажиллах болсон. Миний бие ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хариуцлагатайгаар хийж гүйцэтгэн, шинээр ажил санаачлан үр бүтээлтэй хэрэгжүүлэн ажиллаж байсан. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр туслах Э.Энхчимэг надруу залган танд сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан байна гэж хэлсэн. Тухайн тушаалыг надад огт мэдэгдээгүй хэрнээ 17 цагийн үед туслах Э.Энхчимэгийг дуудан өгсөн байсан. Ямар үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан талаар Захиргаа, мониторингийн газрын даргаас лавлахад Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас ирүүлсэн албан бичгийг үндэслэсэн талаар товч хэлсэн. Миний бие тухайн тушаалын үндэслэлийн талаар холбогдох яамны проректор Л.Баяр-Эрдэнэд тайлбар өгч байсан бөгөөд тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн.

 

 

Миний бие 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс ээлжийн амралтаа авах саналаа өгсөн ч 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай тушаалд 7 дугаар сарын 20-ны өдрөөс амрахаар заасан байсан.

Ингээд ээлжийн амралт авахаасаа өмнө ажлаа цэгцлэж байтал 17 цагийн орчимд Сургалтын асуудал эрхэлсэн проректор Х.Э залгаж чамайг ректорын тушаалаар Геологи, уул уурхайн сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, Л.Пүрэвийг томилсон тул ажил тарахаас өмнө ирж ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр авсан. Тушаалтай танилцахад хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр захирлын албан тушаалаас чөлөөлж, профессорын албан тушаалд томилсон байсан. Иймд дараах шаардлагыг гаргаж байна.

1.Надад сахилгын шийтгэл ногдуулахдаа Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 10/5496 тоот албан бичгийг үндэслэсэн байдаг. Тус албан бичгийг 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч мөн өдрөө хэрэгжилт, хариуг холбогдох материалын хамт хүргүүлсэн. Дээрх албан бичгийн хэрэгжилтийг авах хугацаанд бүрэлдэхүүн сургуулийн зүгээс хариуг өгсөн. Үндэсний аудитын газрын 5/144 тоот албан шаардлагад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, биелэлтийг 2016 оны 10 сарын 15-ны дотор Үндэсний аудитын газарт ирүүлэх, Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж, дээрх зөрчлийг дахин гаргахгүй байхыг надад бус харин Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, ШУТИСийн ректорт даалгасан байдаг.

Төрийн өмчийн хорооноос баталж, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, ШУТИСийн хооронд талбайг түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд ШУТИСөмчөө түрээслүүлж, ерөнхийлөн захирагчаас надад эрх шилжүүлсний дагуу би гэрээнд гарын үсэг зурсан. Тус гэрээнд Геологи, уул уурхайн сургуулийн захирлын зүгээс эрх, үүрэг тусгагдаагүй гагцхүү яамнаас тавьсан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах үүргийг ректор өгсөн болно. Гэтэл талбайн түрээсийн мөнгийг авсан хэрнээ түрээслээгүй, гэрээний хэрэгжилтэд хяналт тавиагүй гэж байгаа нь үндэслэлгүй. 

Мөн тухайн үед яамнаас гэрээгээр 4 хүн авч ажиллуулах чиглэл өгсөн. Би дур мэдэн 2 хүн ажиллуул гэснийг 4 болгон нэмээгүй. Тухайн үеийн Яамны хэлтсийн дарга Ц.Баярхүү үүрэг өгснийг биелүүлсэн. Энэ тухай шийдвэр гаргах эрх бүхий удирдлагад тэр даруй танилцуулж байсан. Мөн энэ хугацаанд  албан шаардлагад дурдсны дагуу гэрээт ажилтнуудын хийсэн ажлын тайланг нэр бүхий 4 хүн гаргаж өгсөн. Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1-д “.... тогтоогдсон бол ...” хариуцлага ногдуулах заалт байгаа. Гэтэл зөрчил гаргасан болохыг хууль хяналтын байгууллага, аль нэг удирдлагын нэгж шалгаж тогтоосон баримт бичиг байхгүй хэрнээ 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/122 тоот тушаалаар сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр ногдуулсан тул тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

2. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Б/228 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6, 37.1.3-т заасныг баримтлан захирлын албан тушаалаас чөлөөлж, профессороор томилсон. Миний бие улс төрийн ямар нэгэн намын гишүүн бус, сонгуульд нэр дэвшээгүй, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах хүсэлт өгөөгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.6 нийцэхгүй.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёсгүй. Хэрэв хугацаатай байгуулсан тохиолдолд гэрээний хугацаа дуусмагц талууд цуцлах санал тавиагүй бол анх заасан хугацаагаар гэрээ сунгагдсан тооцохоор заасан. Надтай байгуулсан гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан байх ба аль нэг тал гэрээг цуцлах санал гаргаагүй, надад мэдэгдэл өгөөгүй, би ажил үүргээ гүйцэтгэж байсан тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу дахин сунгагдаж гэрээ 2018 оны 6 дугаар сарын 30-нд дуусахаар байна.

Гэтэл хугацаа дуусгавар болсон гэж тушаалын үндэслэлийг тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй байна.  Мөн хугацаа дуусгавар болсон гэсэн хэрнээ хариуцагч талаас шүүхэд өгсөн хоёр тайлбар зөрүүтэйгээс үзвэл сахилгын шийтгэл давхар ногдуулсан гэж үзэхээр байна. Миний бие хамт олны зүгээс 64,1 хувийн үнэлгээ авсан бөгөөд надаас бага үнэлгээтэй проректор ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Мөн ШУТИСийн дүрэмд тусгагдсан хичээлийн жилд хийж гүйцэтгэсэн ажлыг үнэлэх ажилтнуудын үнэлгээг авах хэрхэн үнэлэх  арга нь өөрөө тодорхойгүй. 

Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гараагүй байхад үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсныг эс зөвшөөрч байгаа тул ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Геологи, уул уурхайн сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн томилж өгнө үү.  Ажилгүй байсан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл  ажлын 92 хоногт, нэг өдрийн 208.096 төгрөгөөр тооцон нийт 19.144.832 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй, мөн зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд талууд харилцан тохиролцсоноор гэрээг хугацаатай байгуулах талаар заасан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 21.7-д талууд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох талаар хуульчилсан.

ШУТИСийн захирал Б.Очирбат, Б.Ч нарын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Үр дүнгийн гэрээг 2014 оны анх байгуулж тухай бүрт сунган, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны  6 дугаар сарын 30-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах хэсэгт “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлээр Б/228 дугаар тушаалаар нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бөгөөд хугацаатай байгуулсан гэрээний хугацаа дууссан. Улмаар түүнийг мэргэжлийнх нь дагуу профессорын ажилд томилсон. Нэхэмжлэгч нь Төсвийн тухай хуулийн дагуу бүрэлдэхүүн сургуулийн төсвийн шууд захирагч бөгөөд 2 жилд нэг удаа удирдах ажилтны хувьд сонгон шалгаруулдаг зарчимтай тул гэрээг хугацаатай байгуулдаг.  Дээрх Б/228 дугаар тушаалаар хоёр хүний асуудлыг шийдвэрлэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл нэхэмжлэгчид хамааралгүй.

“ШУТИСийн дүрэм”-ийн 4.14.6-д заагдсаны дагуу, ШУТИСийн бүрэлдэхүүн сургуулийн захирлуудын ажлын үр дүнг хамт олноор хэлэлцүүлэн дүгнүүлэх, зорилгоор захирлын тушаалаар батлагдсан “бүрэлдэхүүн сургууль, институтын захирлын ажлын тайлангийн хурал зохион байгуулах удирдамж, хуваарь”-ийн дагуу Геологи уул уурхайн сургуулийн захирал Б.Чийн тайлан хэлэлцүүлгийг 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан. Уг хурлаар дүрэмд заасны дагуу Б.Чийн 2016-2017 оны хичээлийн жилд гүйцэтгэсэн ажилд тус сургуулийн хамт олны зүгээс нууц санал хураалт авахад хамт олны зүгээс хангалтгүй буюу 38.5 хувийн үнэлгээг авсан.  Өгсөн үнэлгээг тайлан хэлэлцүүлэх комиссоос хамт олонд танилцуулсан.  Энэ нь түүнийг захирлаар ажиллахдаа хэрхэн ажиллаж байсныг илтгэнэ. Үр дүнгийн гэрээний 5.2-т “Төсвийн шууд захирагч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагч түүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх, шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан тул тэрээр ШУТИСийн захирлын бүрэн эрхийн хүрээнд бүрэлдэхүүн сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх тушаал гарсан байдаг.

Түүнчлэн нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/122 тоот сахилгын шийтгэл ноогдуулах тухай тушаалыг хүчингүйд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Учир нь Б.Ч Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Төрийн Өмчийн хороо, ШУТИСийн хооронд байгуулсан түрээсийн гэрээний биелэлтэнд хяналт тавилгүй, түрээсийн орлогыг зориулалтын бусаар зарцуулсан нь эрх бүхий этгээдээс тогтоогдсон.  Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 10/5496 тоот албан бичиг ирснээр бид зөрчлийг мэдсэн. Үндэсний Аудитын газраас 2013-2015 оны үйл ажиллагаа, үр дүнд аудит хийж,  Б.Ч нь Геологи, уул уурхайн сургуулийн 207.6 мкв талбайг түрээслэх гэрээ хийж, 18.700.000 төгрөг ШУТИСьд шилжүүлсэн боловч уг талбайг түрээслээгүй, гэрээнд хяналт тавиагүй, яамнаас шилжүүлсэн 18.684.000 төгрөгийн талаар ажлын тайлан гаргаагүй, яамнаас нэр бүхий 2 иргэнийг гэрээт ажилтнаар авч ажиллуулах чиглэл өгсөн байхад 4 иргэнд цалин хөлс олгосон зэрэг нь төсвийн шууд захирагчийн хувьд Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, санхүүгийн зөрчил, дутагдал гаргасан нь Үндэсний аудитын газрын 5/144 тоот албан шаардлагаар  тогтоогдсон тул түүнд А/122 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ч нь ШУТИСьд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт  19.144.832 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэг талаас ШУТИСь, нөгөө талаас Б.Ч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Чийг тус сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн захирлын албан тушаалд ажиллахаар,  2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ. /хх 30-33/

1.ШУТИСийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/122 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2, 10.3.1, 10.4.1, Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 10/5496 дугаар албан бичгийг үндэслэн нэхэмжлэгчид нэг сарын хугацаатай үндсэн цалинг 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.  /хх 45/

Төрийн өмчит их дээд сургуулиудын 2013-2015 оны үйл ажиллагаа, үр дүнд хийсэн аудитаар ШУТИСийн харьяа Геологи, уул уурхайн сургууль нэр бүхий 2 иргэнийг ажилтнаар ажиллуулах чиглэл өгсөн байхад 4 иргэнийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилтнаар ажиллуулсан, гүйцэтгэсэн ажлын тайланг гаргуулж үр дүнг дүгнээгүй нь Төсвийн тухай хуулийн 16.5.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 5.1.4-д заасныг зөрчсөн болохыг тогтоож зөрчил арилгуулах тухай Үндэсний  аудитын газрын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5/144 тоот албан шаардлага гаргажээ. Уг шаардлагын  хэрэгжилт үр дүнг тооцож тайланг ирүүлэх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч байгууллагад албан бичиг хүргүүлжээ.

Хариуцагч дээрх албан бичгийг мөн өдрөө хүлээн авсан, нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарлан, зөрчлийг уг албан  бичиг ирснээр мэдсэн, түүнчлэн нэхэмжлэгч төсвийн шууд захирагч гэдэгт хэн алин нь маргаагүй байна.

Хэрэгт авагдсан тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2.9-д “бүрэлдэхүүн сургуулийн харьяа алба, нэгж, эрдэм шинжилгээний хүрээлэн, төвд ажилтан авах асуудлыг тухайн сургуулийн захирал шийдвэрлэх”-ээр, 10.3.1-д “Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор, 10.1.2, 10.4.1-д “анх удаа сахилгын зөрчил гаргасан буюу зөрчлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан ажилтныг сануулах буюу цалинг бууруулах” сахилгын шийтгэл ногдуулахаар, талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.1-д “сургууль, ажилтанд эд материалын хохирол учруулсан, зөрчил дутагдал гаргасан, хариуцлагагүй ажиллагаа явуулсан нь тогтоогдвол хариуцлага тооцох”-оор зохицуулсан байх ба Үндэсний аудитын газраас нэхэмжлэгчийг төсвийн шууд захирагч, томилох эрх бүхий этгээдийн хувьд гэрээт ажилтны гүйцэтгэсэн ажлын тайланг дүгнэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах албан үүрэгтээ хайнга хандсныг тогтоосон байна. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1-д “Төсвийн захирагч нь дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байхаар”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8-д “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа жилийн 02 дугаар сарын 15-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг 3 дугаар сарын 15-ны дотор харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх”-ээр зохицуулсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан байх ба Төсвийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгчийн 2014 онд гаргасан зөрчлийг 2016 онд аудитын шалгалт хийснээр илрүүлэн тухайн төсвийн ерөнхийлөн захирагчийн ажлын албанд буюу Боловсрол соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн, Боловсрол соёл ухааны яам нь хариуцагч байгууллагад ирүүлснээр зөрчил гаргасныг мэдсэн гэж тайлбарлаж байх ба  албан бичиг ирснээр мэдсэн гэдэгт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаагүй тул шүүх энэ үндэслэлээр нь хугацааг хэтрээгүй гэж үзэн захиргаа ажилтанд сахилгын шийтгэлийг үндэслэлгүй ногдуулсан гэж үзэх боломжгүй гэж үзлээ. Иймд нэхэмжлэлээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

2.Тус сургуулийн захирлын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/228 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 43 дугаар зүйлд заасныг  баримтлан Б.Чийг Уул уурхайн сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, профессороор ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д үндэслэл хамааралгүй, нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлээгүй харин хугацаатай гэрээний хугацаа дууссан тул албан тушаалаас чөлөөлж, өөр ажилд томилсон гэж тайлбарлав.

Тушаалд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан захирлаас чөлөөлж, профессорын ажилд томилж байгаа нь нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаалыг шилжүүлсэн үйлдэл гэж үзэх бөгөөд тушаалд ажилтныг шилжүүлэн ажиллуулах болсон үндэслэлээ тусгаагүй, холбогдох хуулийг баримтлаагүй байдлыг түүнийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32, 33, 34 дүгээр зүйлд зааснаар захиргаа ажилтныг ажлын зайлшгүй шаардлагаар, эсхүл сул зогсолтын үед, эсхүл ажилтны эрүүл мэндийн шалтгааны улмаас өөр ажил, албан тушаалд шилжүүлэхээр зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар захиргаа ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй ажил гүйцэтгэхийг шаардах эрхгүй гэж заасныг зөрчиж хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад шилжүүлжээ.

            Түүнчлэн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан “гэрээ дуусгавар болсон” үндэслэлийг баримталсан нь үндэслэлгүй байна.  

Зохигчид нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр байнгын ажлын байр, гэдэгт маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” байгуулахаар, мөн хуулийн 23.2.2-т “талууд харилцан тохиролцсноор байнгын ажлын байранд гэрээг хугацаатай” байгуулж болохоор зохицуулжээ. Дээрх хуулийн заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд гэрээг хугацаатай байгуулж болох нөхцлийг зохицуулсан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд хугацаатай байгуулах болсон үндэслэл буюу тохиролцоог тусгаагүй, хэрэгт авагдсан тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд ямар ажлын байранд ямар хугацаагаар гэрээг байгуулж болох талаар тусгагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч төсвийн шууд захирагч тул Төсвийн тухай хуулийн дагуу үр дүнгийн гэрээг хугацаатай байгуулдаг,  2 жил тутам сонгон шалгаруулдаг зарчимтай гэж тайлбарлаж байх боловч Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Төсвийн шууд захирагч дээд шатныхаа төсвийн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулж, биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэхээр зохицуулснаас гэрээг хугацаатай байгуулах талаар тусгагдаагүйгээс гадна өөр бусад дүрэм журмаар хязгаарлагддаг болохыг баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд ажилтантай гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэлээ нотлоогүй тул талууд харилцан тохиролцож гэрээг анх хугацаатай байгуулсан гэж үзэх боломжгүй юм.

            Иймд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/228 дугаар тушаал үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилов.

Нэхэмжлэгч 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш цалин хөлс олгоогүй тул энэ өдрөөс тооцон гаргуулна гэж, хариуцагч 2017 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлсийг тооцож олгосон гэж маргав. Мөн хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт 2017 оны 7 дугаар сард 5.843.250 төгрөг олгосон гэж тэмдэглэгдсэн байх ба дээрх мөнгөнд ээлжийн амралтын мөнгө багтсан гэж тайлбарлаж байх тул шүүх нөхөх олговрыг олгохдоо тушаал гарсан өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс тооцох нь зүйтэй гэж үзэв.

Зохигчид  2017 оны 7 дугаар сард олгосон дээрх цалин хөлсний зөрүү, амралтын мөнгөний тооцоог нийлж, зөрүү үүсвэл цалин хөлсний маргаанаа жич шийдвэрлүүлэх эрхтэй. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасныг баримтлан 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажлын 83 хоног,  нэг өдрийн 142.472 төгрөг /4,5,6 сар/ нийт 11.825.176 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

            Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул  хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Б.Чийг  ШУТИСийн Геологи уул уурхайн сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11.825.176 /арван нэгэн сая найман зуун хорин таван мянга нэг зуун далан зургаан/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Чт олгож, нэхэмжлэлээс 7.319.656 төгрөг гаргуулах 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдан, хариуцагчаас 204.153 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ