Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 44

 

 

 

 

Б.Б.д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс 132/2017/0137/Э

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Б.Б  

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           И.Чимэдбадам

            Хохирогч                                                   Ч.Ц                                   

           Нарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Б.д холбогдох 1715001580053 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б.ы давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Л овогт Б.ын  Б.

   Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт иргэн Ч.Ц.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор:

Луузан овогт Б.ын Б.ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Б.ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Б.ы 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч  Б.Б нь торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо:

 ... Мөрдөн байцаах явцад мөрдөн байцаагч П.А нэг талыг барьж асуудалд хандсан, бүх гэрчүүд нь Ц.ийн талын хүмүүс байсан. Миний талын гэрч болохоор охин О л байдаг. О.ийн мэдүүлгийг авахдаа тодорхой болсон үйл явдлыг ярьсан байхад мэдүүлгэнд нь ойлгомжтой бичиж аваагүй, мөн шинжээчийн дүгнэлт ч эргэлзээтэй байсан. Хохирогч Ч.Ц нь энэ үйл явдал болохоос өмнө 2015 онд явганаас хальтарч унан хавиргаа гэмтээж байсныг мэднэ.

Тухайн үед нь миний нөхөр Ч.Б, охин Б.У бид очиж байсан. Ер нь миний хувьд энэ хүнийг гэмтээх ямар нэгэн шалтгаан байхгүй. Шүүхээс хүсэхэд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, шүүх хуралд гэрчээр Б.О.г оролцуулах мөн шүүх хуралд өмгөөлөгч И.Ч.ыг оролцуулах хүсэлтүүдийг гаргаж байна. Аймгийн шүүхээс хүсэхэд дээрхи сум дундын шүүхийн шийдвэрлэсэн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү…  гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:

…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна…гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Орхон сумын нутаг “Шувуут” гэх газарт айлын хуриманд оролцож байгаад хадам эгч  Ч.Ц.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг түлхэн унагааж биед нь баруун хавирганы хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Б нь “…мөрдөн байцаагч нэг талыг барьж асуудалд хандсан …, О.ийн мэдүүлгийг нь ойлгомжтой бичиж аваагүй…, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй…, ” гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч түүний гомдол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Тухайлбал: Хохирогч Ч.Ц.ийн … миний доод талд А гэдэг хүн охинтойгоо сууж байсан бөгөөд боль гэсэн чинь хойш нь түлхэж унагаагаад шууд над руу ирээд намайг бас хойш түлхээд унагаасан …, би хойшоо унахдаа хавиргаа гэмтээсэн…,  хавирга өвдөөд болохгүй болохоор нь эмчид үзүүлсэн…, миний цээж рүү гараараа түлхсэн юм… , миний нэг хавирга гэмтсэн асуудал байгаа…урьд өмнө хавиргаа гэмтээж байсан асуудал байхгүй… гэсэн мэдүүлэг /хх 10/, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 52/,

мөн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хэлэлцүүлэгт өгсөн … намайг түлхэж унагаасан нь үнэн…би өмнө нь ямар нэг байдлаар гэмтэл авч байгаагүй… гэсэн мэдүүлэг,

гэрч П.Б.ийн …гэртээ ирээд манай эхнэр хавирга өвдөөд байна гээд яваад байсан...,  2 хоногийн дараа надад харуулахад гадна талдаа хөхөрсөн байдалтай байсан..., Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд хавирга нь хугаралттай байна гэдэг онош гарсан… ,  гэсэн мэдүүлэг /хх 13/,

гэрч Л.А.ын “…тэгэхэд Ц.г түлхээд орны хөл дээгүүр давуулаад унагаачихсан юм…Ц хавирга хэсгээрээ орны хөл хэсгээр нилээн эвгүй дараад уначихсан…” гэсэн мэдүүлэг ,/хх 14/,

гэрч Т.Д.ийн …нөгөө эгч манай ээж А.ыг заамдаад бариад авсан бөгөөд би танай дүүг авч явж байгаа гээд хашгираад байсан…,би салгаад ээжийг аваад гарсан..., Ц гэдэг эгч зүүн орон дээр доод захад нь сууж байхад нь очоод түлхээд модон орны хөл дээгүүр давуулаад унагаачихсан…,тэгэхэд тэр эгчийн охин дагуулаад аваад гарсан… гэсэн мэдүүлэг, /хх 15/,

гэрч Б.М.ын …нэг ороход Б эгч нилээн согтуу Ц эгчийг түлхэж байсан.  Тэгэхэд нь би Б эгчийн охинтой хамт салгаад аваад гарсан… гэсэн мэдүүлэг /хх 16/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Б.ы гэм буруутай үйлдэл тогтоогдож байгаагаас гадна түүний охин Б.О нь гэрчээр мэдүүлэхдээ …ээжийг гаргах гэсэн чинь үүдэнд байсан нэг жоохон охины үснээс зулгаагаад гарахгүй байсан …, тэгэхэд Ц эгч миний охины үснээс зулгаалаа гээд уурласан чинь ээж энэ охинд чинь гар хүрэхгүй гээд хэрэлдэж байгаад гарсан…, намайг орж ирэхээс өмнө түлхсэн байж магадгүй..., Д гэдэг эгч сайн мэдэж байгаа байх хажууд нь байсан… гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх бөгөөд Л.А, Т.Д, Б.М, Б.О нараас мэдүүлэг авахдаа хуульд заасан журмын дагуу гэрчийн эрх, үүргийг тайлбарлаж, хууль сануулж мэдүүлэг авсан байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам нь … шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй …, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн… гэсэн тайлбарыг гаргасан боловч

-хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар шинжээчийн 301 дугаартай дүгнэлт /хх 21/ хавтаст хэрэгт авагдсан бөгөөд энэ дүгнэлт нь гэрч Э.О.ийн “…тухайн хүний байрлалаас шалтгаалж хавирга алдаж тоолох тохиолдол байдаг..., Ц гэдэг хүн надад анх үзүүлэхэд 8-р хавирга гэж оношилсон байна…,.Рентген зургаар ямар нэг алдаагүй гардаг учраас Ц гэдэг хүний 9-р хавирга хугарсан байна… миний үзлэгээр хавирга зөрүүгүй хугарсан гэж бичсэн байгаа нь шинэ хугарал гэж ойлгоно…,Нэг сарын дотор бороололт үүсэх боломжтой… гэсэн мэдүүлэг /хх 19/-ээр давхар нотлогдож байна.

 

            Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.5 дугаар зүйлд Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд энэ зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ гэмт хэрэг хамаарахаар тусгажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 17.5 дугаар зүйлд тусгагдсан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.д заасан нөхцөл байдал тогтоогдсон байхыг шаардахгүйгээс гадна шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хянан шийдвэрлэхээр хуульчлагдсан байна.

 

Анхан шатны шүүх Б.Б.д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, түүний хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б.ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б.ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

   

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               С.УРАНЧИМЭГ

 

          ШҮҮГЧ                                                                       Ц.ТУЯА      

     

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ё.БЯМБАЦЭРЭН