Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2018/02289

 

 

 

 

18 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2018/02289

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгалийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам, Үйлдвэрчин хороолол, 60 дугаар байрны 185 тоотод оршин суух, эмэгтэй, 44 настай, Санжаажамаа ургийн овогт Г Чийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах хувь нийлүүлсэн нийгэмлэг /цаашид У ХНН гэх/-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгч  Б.Лхагважавын хамт гаргасан тайлбартаа:

“УБТЗ”-ын тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаалаар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтуудыг тус тус үндэслэж нэхэмжлэгч Г.Ч намайг тасалбар бичигч мөнгөний няравын ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байна. УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн даргын буюу ажил олгогчийн санаачилгаар олон улсын тасалбар түгээх кассын орон тоог 40 хүнтэй нэгжийг 26 болгож цомхтгосон. Байгууллага бүтцийн өөрчлөлт хийхдээ Монгол улсын Засгийн газар, харъяа Зам тээврийн яамнаас нь байгууллага салбар нэгжид зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлт хийсэн, тодорхой ажлын байр, орон тоо хасагдсан тухай тогтоол, журам заавар батлаж гараагүй байхад өөрсдийн санаачлагаар нэг төрлийн ажлын байран дээрх хэд хэдэн ажилтнаас заримыг үлдээж, заримыг нь чөлөөлсөн.  Миний ажлын байр алга болоогүй, ажлын байрны орон тоо цөөрүүлсэн

 

 

нь бодитой бус байхад намайг орон тоо цөөрүүлсэн

 гэх нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. УБТЗ-д 24 жил ажиллахдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Харин ч ажиллах хугацаандаа сурч мэдлэг боловсролоо дээшлүүлж байсан. Түүнчлэн, орон тооны цомхтгол хийхдээ хуульд заагаагүй үндэслэлээр хийсэн. Орон тоо цөөрүүлэх зорилгоор явуулсан гэх шалгалтын удирдамж нь хэзээнийх болох нь тодорхойгүй, огноо байхгүй байсан. Салбар нэгжийн бүтцийн өөрчлөлт хийхдээ харъяа яамнаас орон тоо цомхтгох төсөлд хамрагдах ажиллагаа хийгддэг. Гэтэл ийм ажиллагаа хийгдээгүй, өөрсдийн санаачилгаар орон тооны цомхтгол хийсэн гэж үзэж байна. Ажилдаа эгүүлэн тогтоолгосны дараа ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шаардах болно. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч У ХНН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.Чгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй байна. У ХНН-ийн салбар нэгж болох Тасалбар худалдаалах төвийн орон тоог цөөрүүлэх шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг зарим нэр бүхий ажилтанд өгсөн. Гэтэл тасалбар худалдаалах төвийн ажилтнууд гарын үсэг зурж гомдол гаргасан тул Зорчигч үйлчилгээний албаны дарга, Хуулийн зөвлөх, Зорчигч үйлчилгээний албаны ахлах байцаагч, Дотоод хяналтын албаны байцаагч, Үйлдвэрчний эвлэлийн хуулийн зөвлөх нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллан тухайн асуудлыг шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар батлуулсан Мэргэжил, ур чадварын шалгалтын удирдамж гарсан. Удирдамжийн гол зорилго нь дурдсан албан тушаалын орон тоог хасч байгаатай холбогдуулан дээрх ажилтнуудаас мэргэжил, ур чадварын шалтгалт авч, сонгон шалгаруулалт явуулах зорилготой байсан. Энэ сонгон шалгаруулалтыг цахим, тестийн хэлбэрээр авч, 6 дугаар сарын 23-ны өдрийн шалгалтанд Г.Ч 41,7% буюу хангалтгүй үнэлгээ авсан. Давтан шалгалтыг 7 дугаар сарын 04-ний өдөр явуулахад 46,7% мөн хангалтгүй оноо авсан. У ХНН-ийн даргын баталсан орон тооны өөрчлөлтөөр Тасалбар бичигч-мөнгөний няравын орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу нэг сарын өмнө буюу 5 дугаар сарын 07-ний өдөр мэдэгдсэн. Улмаар Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 тушаалаар Г.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн цуцласан. Үүнээс хойш Г.Чтай 3 удаа уулзаж, өөр ажлын байр санал болгосон боловч тэрээр хүлээн аваагүй. Түүнтэй ижил үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн өөр ажилтанд мөн адил санал тавихад хүлээн авч, одоо орон тоо нь жинхлэгдсэн байгаа. Нийт 40 орон тоотой байснаас 26 болж буурсан. Одоо бүх зүйлийг интернэтээр захиалж, цахим програмаар бүртгүүлдэг болсон тул зорчигчид заавал очиж бүртгүүлэх шаардлагагүй болсон. Иймээс У ХНН-ийн удирдлага тасалбар бичигчийн ажлын байрыг цөөрүүлэх шийдвэр гаргасан. Цаашид ч энэ орон тоо хасагдах байх гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ч нь хариуцагч У ХНН-д холбогдуулан, түүнийг орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас халсан нь хуульд нийцээгүй учир Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоолгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, У ХНН-ийн салбар нэгж болох Тасалбар худалдаалах төвийн орон тоог цөөрүүлэх шийдвэр гарч, үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн ба, орон тоо цөөрүүлэхтэй холбоотойгоор жирэмсэн болон хүүхэд асрах чөлөөтэй байгаагаас бусад ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт явуулахад Г.Ч 2 удаагийн шалгалтанд хангалтгүй оноо авсан бөгөөд, замын даргын баталсан орон тооны өөрчлөлтөөр тасалбар бичигч-мөнгөний нярав-ын орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн Г.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 тоот тушаал хуульд нийцсэн гэж тайлбарлан маргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй бөгөөд, нэхэмжлэгч Г.Ч өөрийг нь ажлаас чөлөөлөх тухай ажил олгогчийн гаргасан 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар тушаалд 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гомдол гаргасныг шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2017/10433 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж, дахин 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хугацаанд гомдол гаргасан гэж үзнэ. /хх 13/

Г.Ч нь УБТЗ-ын Олон улсын зорчигчдын галт тэрэгний тасалбар худалдах төвийн даргын 2003 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 77/29 тоот тушаалаар үйлчлэгчийн ажилд түр ажиллахаар томилогдон ажиллаж, улмаар тус төвийн даргын 2004 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 54 тоот тушаалаар дагалдан тасалбар бичигч няравын ажилд томилогдон, 2004 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тасалбар бичигч няраваар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн даргын 01 тоот тушаалаар Г.Чг тасалбар бичигч-мөнгөний нярав-ын ажилд томилж хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулснаар 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажиллажээ. /хх 4-11/

2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогчийн зүгээс ажилтан Г.Чд УБТЗ-ын даргын баталсан орон тооны өөрчлөлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон мэдэгдлийг хүлээлгэн өгч, УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн даргын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 95 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, У ХНН, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3.14 дэх заалтыг тус тус баримтлан, Орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан хийсэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж, Г.Чтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. /хх 7/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар Аж ахуй нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

Хуулийн дээрх зохицуулалтаас ажил олгогч ажилтны орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр Г.Чг ажлаас нь чөлөөлөхдөө Тасалбар худалдаалах төвийн орон тоог цөөрүүлэх шийдвэр гарсны дагуу УБТЗ-ын даргын баталсан орон тооны өөрчлөлтөөр Тасалбар бичигч-мөнгөний няравын орон тоо хасагдсан гэж тайлбарласан боловч, шүүх хуралдааны явцад тийнхүү Тасалбар худалдаалах төвийн ажилчдын орон тоог цөөрүүлэх тухай шийдвэр тусгайлан гараагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл: УБТЗ-ын тасалбар худалдаалах төвийн дүрмийн 3.2-т Төвийн зохион байгуулалтын бүтэц, хөрөнгө оруулалт, их засвар, санхүүгийн төлөвлөгөө, орон тоо, цалингийн санг УБТЗ-ын дарга тогтоож батална гэж заасан бөгөөд, УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын батласан Мэргэжил, ур чадварын шалгалтын удирдамж нь УБТЗ-ын даргын шийдвэрээр ... орон тоо хасч байгаатай холбогдуулан мэргэжил, ур чадварын шалгалт авч, сонгон шалгаруулалт явуулах зорилготойгоор батлагдан шалгалт явуулжээ. /хх 27/

Гэтэл шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс орон тоо цөөрүүлэх талаар УБТЗ-ын дарга шийдвэр гаргадаггүй гэж тайлбарлах бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзахдаа гол үндэслэл болгож буй 2017 оны 5 дугаар сарын 01-нээс мөрдөх Тасалбар худалдаалах төвийн Орон тоо нь Замын даргын шийдвэрийг үндэслэн батлагдсан нь ойлгомжгүй, мөн бичиглэлийн хувьд хоёр өөр байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.Чг УБТЗ-ын Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Чг У ХНН-ийн Тасалбар худалдаалах төвийн тасалбар бичигч-мөнгөний няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА