Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01091

 

Б.А-, Б.Д- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.А-, Б.Д- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д-нд холбогдох,

Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би Хаан банкнаас 6 удаа нийт 223 500 000 төгрөгийн зээл авсан. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 131 359 046 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Би өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 15 дугаар бракт байрлах 59,6 мкв талбай бүхий байр мөн тус хаягт байрлах Ү-2003015723 дугаартай 20 мкв талбай бүхий өргөтгөлийн байр, эрхийн улсын бүртгэлийн №20359583 дугаар гэрчилгээтэй нэгж талбарын 080100314 дугаартай 111 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрх, Дархан сум 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 1-б байрны 79 тоот улсын бүртгэлийн Ү-200300560 дугаартай 29 мкв 2 өрөө байрыг барьцаалсан.

 Мөн дүү Б.Д-ийн өмчлөлийн 3 өрөө байрыг 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 788, 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 306 дугаартай зээлийн гэрээний барьцаанд тавьсан. Би банкны төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас Хаан банкны Дархан салбараас Дархан-Уул аймаг дахь тухайн үеийн Сум дундын 7 дугаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан.

Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны явцад би Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлмаатай харилцан тохиролцож 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 171 дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээн дээр 131 359 047 төгрөгийг 2015 оны 07 дугаар сары 03-ны өдөр 45 000 000 төгрөгийг төлөхөөр, мөн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үлдсэн төлбөрийг өөрийн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулж, төлбөрийг бүрэн барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн. Эвлэрлийн гэрээ байгуулахдаа зөвхөн өөрийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Дээрх тохиролцоог эвлэрлийн гэрээ болон шүүгчийн захирамжид тусгасан байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж, албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 147 дугаар шүүгчийн захирамжаар Б.А-гаас 131 359 046 төгрөг гаргуулж Хаан банкны Дархан салбарт олгохоор шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг манай алба 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн явуулж, төлбөр төлөгч Б.А-д төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэхэд төлбөрөө төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох Дархан сумын 5 дугаар баг, 15 дугаар бракт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай 59,6 мкв талбайтай байр, өргөтгөл эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015723 дугаартай 20 мкв талбайтай байр, үйлчилгээний зориулалттай газрын хамт, мөн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 2А байрны 60 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус битүүмжлэн хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авахад Б.А- шинжээч томилуулах хүсэлт гаргасан, өмчлөгч Д.Алтансүх, Г.Оюунцацрал нар нь үнийн санал өгөхөөс татгалзаж байгаагаа манай газарт бичгээр мэдэгдсэн болно. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд үнийн санал ирүүлээгүй харилцан тохиролцоогүй тул 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээчин томилох тухай тогтоолоор “Капитал зууч” ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход Дархан сумын 5 дугаар баг, 15 дугаар бракт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003006821 дугаартай 59,6 мкв талбайтай байр, өргөтгөл эрхийн улсын бүртгэлийн Ү-2003015723 дугаартай 20 мкв талбайтай байр, үйлчилгээний зориулалттай газрын хамт 110 295 000 төгрөг, Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол 2А байрны 60 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2003000560 дугаартай 39 мкв талбайтай 3 өрөө орон сууц 75 000 000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн талаар талуудад танилцуулсан.

Төлбөр төлөгч Б.А- нь үнэлгээнд гомдол гарган Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5484 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн.  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 дугаар шийдвэрээр Б.А-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 203 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00298 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Улмаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/01 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч барьцаа хөрөнгийг тус газраас 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу оруулахад үнийн санал ирээгүй тул комиссын хурлын шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн болно.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар гомдол гаргагч Б.А-, Б.Д- нар нь Д-нд холбогдуулан Албадан дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д зааснаар Д-ны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албадан дуудлага худалдаа явуулах тухай 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 15070764/001 дугаар тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15070764/02 дугаар тогтоолын дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид Хаан банк Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар магадлалаар Гомдол гаргагч Б.А-, Б.Д- нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Б.А-гийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай барилга, газар нь төв зам дагуу байрлалтай А зэрэглэлийн бүсд хамаарагдах бөгөөд зах зээлийн үнэлгээгээр өндөр үнэлэгдэх боломжтой барилга юм. Гэтэл Д-наас томилсон үнэлгээчний гаргасан үнэлгээ нь өмчлөгч нарын өмчлөлийн эд хөрөнгийн зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр үнэлсэн байна. Мөн шүүхийн шийдвэрт тусгагдаагүй барьцаалаагүй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дуудлага худалдаа явуулж хууль зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дахин үнэлгээчин томилж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.А- нь зээлийн гэрээний үүрэгт 131 359 046 төгрөг Хаан банкны Дархан салбарт төлөхөөр банкны салбартай эвлэрснийг Сум дундын 7 дугаар шүүх 2015 оны 147 дугаар шүүгчийн захирамжаар баталсан байна. Нэхэмжлэгч дээрх төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс албадан гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

Төлбөр төлөгч Б.А-гийн нэхэмжлэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1287 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 203 дугаар магадлал, Улсын дээд шүүх 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2017/00298 дугаар тогтоолоор хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч Б.А- нь үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг борлуулж төлбөрийг барагдуулна” гэх эвлэрлийн гэрээний нөхцөлтэй холбоотой гомдол гаргаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болж буй шүүгчийн захирамжаар батлагдсан эвлэрлийн гэрээнд Б.А- нь ХААН банкинд төлөх зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 131 359 046 төгрөгийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дотор 45 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг борлуулж төлбөрийг бүрэн барагдуулж, ХААН банкны 5108047555 дансанд төлөхөөр банкны төлөөлөгчтэй харилцан тохиролцсон байна.

Дээрх тохиролцоонд “өөрийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг борлуулж” гэх заалт нь нэхэмжлэгч Б.А-гийн  2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дотор биелүүлэх үүргийг тодорхойлсон болохоос бус эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах төлбөр авагчийн эрхийг хязгаарлах, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж буй байгууллагын үйл ажиллагааг буруутгах үндэслэл болохгүй юм.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 58 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН