Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2017/00051

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-23-08 тоотод оршин суух, Нарванчин овгийн Бадамсэдийн Алтанцоож /ИУ73032716/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-33 тоотод оршин суух, Чинос овгийн Сэнгээгийн Даваасүрэн /ЧЖ59122614/

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-8-33 тоотод оршин суух  Боржигон овгийн Базарвааний Мөнхцэцэг /ЧЖ60070501/ нарт холбогдох 

“Зээлийн гэрээний 7 000 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Алтанцоож, хариуцагч Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтанцоож шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн 2-т /эхнэр нөхөр/ 2012 оны 07 дугаар сарын 30-нд 2 000 000 төгрөг, 2012 оны 11 сард 2 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 12-нд 2 500 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 13-нд 500 000 төгрөг өгсөн. Нийт 7 000 000 төгрөг тус бүрийг 0.5%-ийн хүүтэй авна гээд зарим сар хүү гэж хэдэн төгрөг өгөөд хэсэг хугацаанд холбоотой байсан боловч 2014 оны сүүлээс сураггүй болсон. Эрэн сурвалжлуулах албанд өгөөд 1 жил болоход олдохгүй байсан. Миний үндсэн мөнгө болох 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б.Алтанцоожийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мөнхцэцэгт холбогдох хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Би 2012.07.30-нд 2 000 000 төгрөгийг “Намсрайн даллага” ломбард, 2012.11.22-нд 2 000 000 төгрөгийг “Харуул цохио” ломбард, 2013.06.13-нд Золзаяагийн дансанд 500 000 төгрөг. Үүнийгээ цувуулсан өгсөн. Гэхдээ хугацааны хувьд зарим мөнгөө мартаад байна. Одоо санаж байгаа болон бичиг баримт гарч ирсэн дээрх мөнгийг өгсөн тооцоо байна. Бэлнээр болон дансаар нь мөнгийг шилжүүлдэг байсан тул ломбард болон Алтанцоожийн дансны хуулбарыг хэрэгт гаргуулах хүсэлтэй байна. Би мөнгийг бүрэн өгсөн учраас Б.Алтанцоож надаас мөнгө нэхэлгүй өдий хүрсэн байсан. Гэтэл мөрдөн байцаагч намайг бусдыг залилсан гэх хэрэг шалгах явцад хохирогч байж магадгүй гэж шалгаснаас хойш мөнгө өгөх ёстой гэж над руу дайрах болсон. Түүнээс өмнө надаас мөнгө нэхэж байгаагүй. Би авсан зээлээ бүрэн төлсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Даваасүрэн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие С.Даваасүрэн нь иргэн Б.Алтанцоожоос нэг ч төгрөг зээлж байгаагүй. Миний эхнэр Б.Мөнхцэцэг нь мөнгө зээлж байсан түүнийгээ төлсөн гэдэг. Энэ талаар маргаан үүсч шүүх цагдаагүй явж байгаа. Энэ үеэс эхнэрийг хэдэн төгрөгний зээл Алтанцоожоос авсан болох, зээлээ төлсөн зэрэг асуудлыг зарим нэг зүйлийг нь мэдэх болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бидний хооронд мөнгө төгрөгний авлага өглөг байхгүй. Эхнэр Б.Мөнхцэцэг нь Б.Алтанцоожоос мөнгө авсан гэх асуудлаар цагдаад шалгагдаж байгаа бөгөөд энэ талаар нарийн зүйл мэдэхгүй байна гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтанцоож нь хариуцагч Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нарт холбогдуулан “7 000 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа: хэргийн 6-8 дугаар хуудас дахь баримтуудад /зээлийн гэрээ, барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээ, гэрээ хэлцэл/ үндэслэсэн бөгөөд ... 2013 оны 6 дугаар сарын 13-нд 500 000 төгрөгийг дансаар авсан, 2013 оны 6 дугаар сарын 12-нд 2 500 000 төгрөгийг өдрийн 0,5 хувийн хүүтэй С.Даваасүрэн ирж авсан, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Мөнхцэцэг С.Даваасүрэн нар нь “Харуул цохио” ХХК-с 2 000 000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 120 000 төгрөгийн хүү төлөхөөр надаар авахуулсан, энд Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нар ч гарын үсэг зурсан, би өөрөө авч өгч байгаа учир би өөрөө ч гарын үсэг зурсан, энэ мөнгийг би өөрөө 2 240 000 төгрөг төлж дуусгасан, 2012 оны 10 дугаар сарын 30-нд 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай өдрийн 0,5 хувийн хүүтэй зээлсэн. Би  Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нараас нийт 4 591 600 төгрөгийг хүүнд авсан. Одоо үндсэн зээл 7 000 000 төгрөгөө гаргуулж авах хүсэлтэй байна гэж тайлбарласан.  

Хариуцагч нар нь Б.Алтанцоожоос 2013 оны 6 дугаар сарын 13-нд 500 000 төгрөг,  2013 оны 6 дугаар сарын 12-нд 2 500 000 төгрөгийг өдрийн 0,5 хувийн хүүтэй зээлсэн, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2 000 000 төгрөгийг өдрийн 0,5 хувийн хүүтэй зээлсэн, нийтдээ 7 000 000 авсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбартай маргахгүй байх ба, хэрэгт авагдсан 6-8 дугаар хуудас дахь гэрээнүүдэд өөрсдөө гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээгээр, “зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Тиймээс нэхэмжлэгч Б.Алтанцоож нь хариуцагч Б.Мөнхцэцэг С.Даваасүрэн нараас Иргэний хуулийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Б.Алтанцоож нь, зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 4 591 600 төгрөг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд банкны хуулга, орлогын мэдүүлгүүдээр энэ нь нотлогдсон.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрэээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан.

Нэхэмжлэгчийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкны дансаар хариуцагчид шилжүүлсэн 500 000 төгрөгийн хувьд, хүү тогтоосон бичгийг гэрээ хийгдээгүй байх тул энэ 500 000 төгрөгт хүү нэхэмжлэх эрхгүй.

Харин 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2 500 000 төгрөгийг нэхэмжлэгч нэг сарын хугацаатай зээлсэн гэж тайлбарласан бөгөөд нэг сарын хүүтэйгээ 2 537 500 төгрөг гаргуулах, “Харуул цохио” ХХК-с 2 000 000 төгрөгийг Б.Алтанцоож нь Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нарт зээлж авч өгсөн болох нь “барьцаалан зээлдүүлэх зээлийн гэрээ”-нд хариуцагч нар болон Б.Алтанцоож нь өөрөө гарын үсэг зурсан, нэхэмжлэгч: “...өөрөө мөнгөгүй учир өөр ломбардаас өөрсдийг нь дагуулж очиж мөнгө зээлж өгсөн, би энэ хүмүүсд зээлж өгсөн учир нөгөө ломбард нь надаас нэхээд, би энэ мөнгийг нь төлсөн...” гэсэн тайлбараар давхар нотлогдож байх ба, зээлийн гэрээг 15 хоногийн хугацаатай байгуулсан, хүү 120 000 төгрөг нийт 2 120 000 төгрөг төлөхөөр гэрээ хийгдсэн, гэрээний хугацаа сунгагдаагүй байх тул 2 120 000 төгрөгийг гаргуулах, 2012 оны 10 дугаар сарын 30-нд 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай өдрийн 0,5 хувийн хүүтэй зээлүүлсэн байх ба тухайн гэрээний нийт үүрэг 2 900 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. Иймд дээрх зээлийн гэрээнүүдий нийт үүрэг 8 057 000 төгрөг байгаагаас, хариуцагч нарын  банкаар шилжүүлж өгсөн болон бэлнээр өгсөн 700 000 төгрөг,  нийт 4 591 600 төгрөгийг хасаж тооцохоор 3 465 900 төгрөгийг хариуцагч нар, нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь анх 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2,0 сая төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2,0 сая төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 12-нд 2 500 000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 13-нд 500 000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд, хариуцагч нар 2012 оны 12 дугаар сарын 06-наас эхлэн 16 удаа буюу хамгийн сүүлд 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөг өгсөн болох нь зохигчдын тайлбар, банкны хуулгаар нотлогдож байх ба нэхэмжлэгч Б.Алтанцоожийн хүсэлтээр 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 781 дугаартай Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нарыг эрэн сурвалжлуулахаар шийдвэр гарчээ. 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан.

Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нэг үндэслэл бол үүрэг бүхий этгээд үүргээ хүлээн зөвшөөрөх явдал юм. Үүний тулд үүрэг хүлээсэн этгээдээс үүргээ хүлээн зөвшөөрсөн аливаа зан үйлийг ойлгож болох юм. Хуулинд заасанчлан урьдчилгаа олгох, хүү төлөх хэлбэрээр илэрч болох юм. Иймд хүү буюу урьдчилгааг 16 удаа өгч байсан нь нотлогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.

Хариуцагч нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд уг зээлийг хамтран авч ашигласан байх ба мөн буцаан төлөхдөө ч хэн нэгний зээлсэн мөнгө гэж төлж байгаагүй байна. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заасан. Иймд хариуцагч нарын хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй байх тул тэдний хүлээх тэнцүү байна гэж үзлээ. 

Хариуцагч банкны хуулгаар Золзаяагаас шилжүүлсэн 514,0 төгрөг, орлого гээд 1 500 000 төгрөг, мөн орлого гэсэн 2 000 000 төгрөгийг өөрсдийнхөө шилжүүлсэн мөнгөний тооцоонд оруулсан байх ба, хариуцагч Золзаяагаас гэсэн мөнгө нь эдний охиноос хийгээгүй, Сэлэнгийн Гаалиас манай хамаатан шилжүүлсэн мөнгө гэж тайлбарласан. Банкны хуулгаар хэний Золзаяа болох нь нотлогдохгүй байх ба юуны мөнгө гэдэг нь харагдахгүй, Б.Мөнхцэцэг болон С.Даваасүрэн нараас шилжүүлсэн мөнгөнүүд нь өөрсдийнхөө нэрийг бичсэн, салатны мөнгө гэх зэргээр шилжүүлж байсан байна.  Иймд дээрх Б.Алтанцоожийн дансанд орлогоор орсон 514 000 төгрөг, 1 500 000 төгрөг, 2 000 000 төгрөг нь Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нараас шилжүүлсэн болох нь нотлогдоогүй /өөрсдийнх нь нэр байхгүй/ тул хариуцагч нарын шилжүүлсэн мөнгө гэж дүгнэх боломжгүй байна. Хариуцагч Б.Мөнхцэцэг миний тооцоогоор нийтдээ 6 981 000 төгрөг Б.Алтанцоожид өгсөн гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй болно. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлээс 3 465 900 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 3 534 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 404 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нараас 3 465 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцоожид олгон, нэхэмжлэлээс 3 534 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 126 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 404 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА