Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00185

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Б.Алтанцоожийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/01110 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Алтанцоожийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Даваасүрэн, Б.Мөнхцэцэг нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 8.035.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтанцоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Алтанцоож шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн 2-т /эхнэр нөхөр/ 2012 оны 07 дугаар сарын 30-нд 2.000.000 төгрөг, 2012 оны 11 сард 2.000.000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 12-нд 2.500.000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 13-нд 500.000 төгрөг өгсөн. Нийт 7.000.000 төгрөг тус бүрийг 0.5%-ийн хүүтэй авна гээд зарим сар хүү гэж хэдэн төгрөг өгөөд хэсэг хугацаанд холбоотой байсан боловч 2014 оны сүүлээс сураггүй болсон. Эрэн сурвалжлуулах албанд өгөөд 1 жил болоход олдохгүй байсан. Миний үндсэн мөнгө болох 7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Алтанцоож нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б.Мөнхцэцэгийн зээлсэн 2.000.000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхцэцгээс, 2012 оны 11 сарын 22-ны өдөр Харуул цохио ХХК-ийн захирал Эрдэнэсүрэнгээс Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нарт авч өгсөн 2.000.000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт 2.660.000 төгрөг болгож төлж барагдуулсан. Хүүгийн хамт 2.660.000 төгрөгийг Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нараас 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр С.Даваасүрэнгийн өдрийн 0,5 хувийн хүүтэй 2.500.000 төгрөгийг 1 сарын хүү 375.000 төгрөг нийт 2.875.000 төгрөгийг С.Даваасүрэнгээс, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкны дансаар шилжүүлсэн 500.000 төгрөгийг С.Даваасүрэнгээс тус тус нэхэмжилж байгаа юм. Хариуцагч нараас Б.Мөнхцэцэгээс \2.000.000 төгрөг, 1.330.000 тегрөг\ бүгд 3.330.000 төгрөг, С.Даваасүрэнгээс\1.330.000 төгрөг, 2.875.000 төгрөг, 500.000 төгрөг\ бүгд 4.705.000 төгрөг, нийт 8.035.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд зээлийн хүү болох 1.035.000 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлсэн болно гэжээ.

Хариуцагч Б.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би 2012.07.30-нд 2.000.000 төгрөгийг Намсрайн даллага ломбард, 2012.11.22-нд 2.000.000 төгрөгийг Харуул цохио ломбард, 2013.06.13-нд Золзаяагийн дансанд 500.000 төгрөг. Үүнийгээ цувуулсан өгсөн. Гэхдээ хугацааны хувьд зарим мөнгөө мартаад байна. Одоо санаж байгаа болон бичиг баримт гарч ирсэн дээрх мөнгийг өгсөн тооцоо байна. Бэлнээр болон дансаар нь мөнгийг шилжүүлдэг байсан тул ломбард болон Алтанцоожийн дансны хуулбарыг хэрэгт гаргуулах хүсэлтэй байна. Би мөнгийг бүрэн өгсөн учраас Б.Алтанцоож надаас мөнгө нэхэлгүй өдий хүрсэн байсан. Гэтэл мөрдөн байцаагч намайг бусдыг залилсан гэх хэрэг шалгах явцад хохирогч байж магадгүй гэж шалгаснаас хойш мөнгө өгөх ёстой гэж над руу дайрах болсон. Түүнээс өмнө надаас мөнгө нэхэж байгаагүй. Би авсан зээлээ бүрэн төлсөн байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч С.Даваасүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Даваасүрэн нь иргэн Б.Алтанцоожоос нэг ч төгрөг зээлж байгаагүй. Миний эхнэр Б.Мөнхцэцэг нь мөнгө зээлж байсан түүнийгээ төлсөн гэдэг. Энэ талаар маргаан үүсч шүүх цагдаагүй явж байгаа. Энэ үеэс эхнэрийг хэдэн төгрөгний зээл Алтанцоожоос авсан болох, зээлээ төлсөн зэрэг асуудлыг зарим нэг зүйлийг нь мэдэх болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бидний хооронд мөнгө төгрөгний авлага өглөг байхгүй. Эхнэр Б.Мөнхцэцэг нь Б.Алтанцоожоос мөнгө авсан гэх асуудлаар цагдаад шалгагдаж байгаа бөгөөд энэ талаар нарийн зүйл мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа:

Хариуцагч Б.Алтанцоожид хариуцагч С.Даваасүрэн ямар нэгэн өр төлбөргүй, хариуцагч Б.Мөнхцэцэг нэхэмжлэгч Б.Алтанцоожоос 2012 оны 07 дугаар сарын 30-нд 2.000.000 төгрөг зээлээгүй ба Намсрайн даллага ломбарднаас 2012 оны 07 дугаар сарын 30-нд 2.000.000 төгрөгийг зээлж авсан. Уг мөнгийг тухайн үед төлсөн. 2012 оны 11 сарын 22-ны өдөр Харуул цохио ХХК-аас 2.000.000 төгрөг зээлсэн түүнийг төлсөн. 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг охин Золзаяагийн дансаар дамжуулан Алтанцоожоос авсан ба түүнийгээ цувуулан төлсөн. Золзаяа 514.000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт өгсөн.

2013 оны 06 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Алтанцоожоос 2.500.000 төгрөгийг нөхөр С.Даваасүрэнгийн нэр дээр зээлж авсан. Бэлэн болон бэлэн бусаар төлсөн мөнгөний баримтаар 4.591.000 төгрөгийн баримтыг шүүхэд бүрдүүлэн өгсөн. Бусад төлсөн мөнгөний баримтыг бүрдүүлж чадахгүй байгаа байдлыг далимдуулж зээл төлөөгүй гэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/01110 дугаар шийдвэрээр:  

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхцэцэгээс 764.500 төгрөг, хариуцагч С.Даваасүрэнгээс 2.139.500 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанцоожид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 5.131.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 156.340 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхцэцэгээс 22.898 төгрөг, хариуцагч С.Даваасүрэнгээс 49.182 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх иргэн С.Даваасүрэн 2013.06.13 нд 2.500.000 төгрөгийг өдрийн 0.5 хүүтэй сарын 375.000 төгрөг төлөхөөр зээлж авсан байна гэж дүгнэсэн. Мөн хариуцагч С.Даваасүрэнг эрэн сурвалжилсан мэт тайлбарыг гаргаж байсан ба С.Даваасүрэнг эрэн сурвалжилж байсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг анхаарч үзээгүй.С.Даваасүрэн нь 2013.07.13 нд зээлийн гэрээний үүрэг биелүүлэх байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон. Нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Иргэн С.Даваасүрэн тухайн мөнгийг би аваагүй эхнэр Б.Мөнхцэцэг мэднэ гэх тайлбар, Б.Мөнхцэцэг зээлээ төлөөгүй гэж эрэн сурвалжуулж байсан гэх хариуцагчийн тайлбар зэргээс С.Даваасүрэн хариуцагч мөн эсэхийг анхаарч үзээгүй. Уг зээлийг төлсөн талаар хариуцагч Б.Мөнхцэцэг мэтгэлцдэг ба Харуул цохио ХХК авсан гэх зээлийн баримтын дагуу иргэн Б.Алтанцоож нэхэмжлэх эрхтэй эсэх хэрэгт нотлоогүй байхад С.Даваасүрэнгээс гаргуулах шийдвэр гаргасан нь хэргийн бодит байдалд тал бүрээс нь анхаараагүй гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.31-ний өдрийн 142/ШШ2017/01110 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Алтанцоож хариуцагч Б.Мөнцэцэг, С.Даваасүрэн нараас зээл 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мөнхцэцэгээс зээлийн төлбөр 3.330.000 төгрөг, хариуцагч С.Даваасүрэнгээс зээлийн төлбөр 4.705.000 төгрөг, төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчилсөн байна.

Хариуцагч С.Даваасүрэн “...би нэхэмжлэгчээс зээл авч байгаагүй, харин эхнэр Мөнхцэцэг зээл авч төлдөг байсан, энэ талаар мэдэхгүй...” гэж, хариуцагч Б.Мөнхцэцэг “...Харуул цохио болон Намсрайн даллага Хадгаламж Зээлийн хоршооноос тус бүр 2.000.000 төгрөг, нөхөр Даваасүрэнгийн нэр дээр 2.500.000 төгрөг, 500.000 төгрөг тус тус зээлж авсан, зээл, зээлийн хүүгийн хамт төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Б.Алтанцоож зээлийн төлбөр нийт 8.035.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхцэцэгт бэлэн болон бусаар шилжүүлэн өгсөн болохоо нотолж чадаагүй, мөн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлдүүлсэн 2.000.000 төгрөг, зээлийн хүү 660.000 төгрөг бүгд 2.660.000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нараас хувь тэнцүү хувааж гаргуулахаар нэхэмжилж буй боловч уг зээлийг хариуцагч С.Даваасүрэн хамтран авсан болох нь тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хариуцагч нарын төлсөн 4.591.600 төгрөгийг тэнцүү хувааж хариуцагч Б.Мөнхцэцэгээс 764.500 төгрөг, хариуцагч С.Даваасүрэнгээс 2.139.500 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5.131.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Б.Мөнхцэцэг Харуул цохио Хадгаламж зээлийн хоршооноос 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөгийг 15 хононгийн хугацаатай, 120.000 төгрөгийн хүү тооцож төлөхөөр тохиролцож зээлж авсан, хариуцагч С.Даваасүрэн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2.500.000 төгрөгийг өдрийн 0.5 хувийн хүүтэй, /хугацаа тодорхой бус/ 6 дугаар сарын 13-ны өдөр бэлэн бусаар 500.000 төгрөг тус тус зээлж авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдсон ба хариуцагч Б.Мөнхцэцэг 3.427.600 төгрөг, С.Даваасүрэн 650.000 төгрөг, охин Золзаяагийн нэр дээр 514.000 төгрөг нийт 4.591.600 төгрөг төлсөн байна.

Хариуцагч С.Даваасүрэнд холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 4.055.000 төгрөгний нэхэмжлэлийн тухайд: Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Алтанцоожоос 6 дугаар сарын 13-ны өдөр зээлсэн 500.000 төгрөгийг 514.000 төгрөг болгож шилжүүлж /Золзаяа/ төлсөн, хамтран зээлсэн 1.330.000 төгрөг, 2.500.000 төгрөгийн зээлийн хүүд тооцсон 375.000 төгрөг бүгд 1.705.000 төгрөгийг хариуцагч Б.Мөнхцэцэгийн төлсөн 3.427.600 төгрөг/4.591.600-650.000-514.000/-т оруулан тооцож, харин хариуцагч нэхэмжлэгчээс 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зээлсэн 2.500.000 төгрөгнөөс 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 300.000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 350.000 төгрөг /бэлэн бусаар шилжүүлсэн/ бүгд 650.000 төгрөгийг хасч зээлийн үлдэгдэл 1.850.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 2.205.000 төгрөг /500.000+1.330.000+375.000/-ийг хэрэгсэхгүй болгох, 

Хариуцагч Б.Мөнхцэцэгт холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 3.330.000 төгрөгний нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч Б.Алтанцоожын нэхэмжилж буй /Харуул цохио ХЗХоршооноос авсан гэх/ 2.000,000 төгрөгний зээлийг хариуцагч Б.Мөнхцэцэг дангаараа зээлж авсан болох нь Барьцаалан зээлдэх зээлийн гэрээний хуудас, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байх тул зээл, зээлийн хүү бүгд 2.660.000 төгрөг хариуцагч дангаараа хариуцаж төлөх үүрэгтэй боловч тэрээр нэхэмжлэгчид 3.427.600 төгрөг /4.591.600-514.000-650.000 төгрөг/ нэхэмжлэгчид буцааж төлсөн, нэхэмжлэгч  2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг хариуцагчид бэлэн болон бусаар шилжүүлж өгсөн болохоо нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнд холбогдуулан гаргасан 3.330.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэхээр байна.

Нэхэмжлэгч Б.Алтанцоож хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргасан байх ба 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр № 781 дүгээр шийдвэрээр хариуцагч Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нарыг эрэн сурвалжлах, тэдний хаяг, оршин суугаа газрыг олж тогтоохыг Тахарын албанд даалгаж шийдвэрлэсэн байх тул гэрээний үүргийн биелэлтийг шаардаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлж чадаагүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргаан “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, С.Даваасүрэн хариуцагч мөн эсэхийг анхаарч үзээгүй, Харуул цохио хоршооноос зээлсэн 2000.000 төгрөгий төлж барагдуулсан, уг  зээлийг нэхэмжлэх эрхтэй эсэх нь хэрэгт нотлоогүй байхад С.Даваасүрэнгээс төлбөрийг гаргуулах шийдвэр гаргасан хэргийн бодит байдалтай нийцээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах боломжтой.

Иймд хариуцагч С.Даваасүрэнгээс зээлийн төлбөр 1.850.000 төгрөг гаргуулж, үлдэх 2.205.000 төгрөг, хариуцагч Б.Мөнхцэцэгээс зээлийн төлбөр 3.330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/01110 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч С.Даваасүрэнгээс зээлийн төлбөр 1.850.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Алтанцоожид олгож, үлдэх 2.205.000 төгрөг, хариуцагч Б.Мөнхцэцэгээс зээлийн төлбөр 3.330.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд “...хариуцагч Б.Мөнхцэцэгээс 22.898 төгрөг...” гэснийг хасч, “...хариуцагч С.Даваасүрэнгээс 49.182 төгрөг...” гэснийг “...С.Даваасүрэнгээс 44.550 төгрөг...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч С.Даваасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.182 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                                            Б.БАТТӨР

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ