Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00446

 

                                                    Б.Алтанцоожийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00051 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Б.Алтанцоож,

Хариуцагч : С.Даваасүрэн,

Хариуцагч : Б.Мөнхцэцэг,

Нэхэмжлэлийн шаардлага :  7.000.000 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн 2-т /эхнэр нөхөр/ 2012.7.30-нд 2 сая төгрөг, 2012 оны 11 сард 2 сая төгрөг, 2013.6.12-нд 2.5 сая төгрөг, 2013.6.13-нд 500.000 төгрөг өгсөн. Нийт 7 сая төгрөг тус бүрийг 0.5%-ийн хүүтэй авна гээд зарим сар хүү гэж хэдэн төгрөг өгөөд хэсэг хугацаанд холбоотой байсан боловч 2014 оны сүүлээс сураггүй болсон. Эрэн сурвалжлуулах албанд өгөөд 1 жил болоход олдохгүй байсан. Миний үндсэн мөнгө болох 7 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2012.7.30-нд 2 сая төгрөгийг Намсрайн даллага ломбард, 2012.11.22-нд 2 сая төгрөгийг Харуул цохио ломбард, 2013.6.13-нд Золзаяагийн дансанд 500.000 төгрөг. Үүнийгээ цувуулсан өгсөн. Гэхдээ хугацааны хувьд зарим мөнгөө мартаад байна. Одоо санаж байгаа болон бичиг баримт гарч ирсэн дээрх мөнгийг өгсөн тооцоо байна. Бэлнээр болон дансаар нь мөнгийг шилжүүлдэг байсан тул ломбард болон Б.Алтанцоожийн дансны хуулбарыг хэрэгт гаргуулах хүсэлтэй байна. Би мөнгийг бүрэн өгсөн учраас Б.Алтанцоож надаас мөнгө нэхэлгүй өдий хүрсэн байсан. Гэтэл мөрдөн байцаагч намайг бусдыг залилсан гэх хэрэг шалгах явцад хохирогч байж магадгүй гэж шалгаснаас хойш мөнгө өгөх ёстой гэж над руу дайрах болсон. Түүнээс өмнө надаас мөнгө нэхэж байгаагүй. Би авсан зээлээ бүрэн төлсөн байсан гэжээ. /хх14/

Хариуцагч С.Даваасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.Алтанцоожоос нэг ч төгрөг зээлж байгаагүй гэжээ /хх 15/

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2016/00051 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг баримтлан Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нараас 3.465.900 төгрөг гаргуулан Б.Алтанцоожид олгон, нэхэмжлэлээс 3.534.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр магадлал гаргаж, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2016/00051 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар Б.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.600 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээнд Намсрайн даллага ХХК-иас авсан гэх 2 сая төгрөгийн зээлийн гэрээнд зөвхөн хувь хүнээрээ Б.Алтанцоож гарын үсэг зурсан. Хувь хүнээрээ зээл гаргасан. Харин Харуул цохио ломбарднаас авсан зээлийн хувьд тус компаниас зээлийг Б.Алтанцоож, Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нар гарын үсэг зурж авсан. Зээлээ төлөөгүй ба зээл авсан талаараа маргаагүй. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. Мөнхцэцэг гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Алтанцоожид өр төлбөр байхгүй билээ. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Б.Алтанцоож нь “...2012.7.30-ны өдөр 2 сая төгрөг, 2012 оны 11 дүгээр сард 2 сая төгрөг, 2013.6.12-ны өдөр 2.5 сая төгрөг, 2013.6.13-ны өдөр 500.000 төгрөг зээлүүлсэн...” гэсэн үндэслэлээр Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нараас 7 сая төгрөг шаардсан байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...нийт 8.057.000 төгрөг зээлүүлсэн, хариуцагч 4.591.600 төгрөг төлсөн...” гэж дүгнэн, хариуцагч нараас 3.465.900 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Давж заалдах шатны шүүх “...Б.Алтанцоож нь барьцаалан зээлдэх газрыг төлөөлөх эрхтэй нь нотлогдоогүй...” гэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Б.Алтанцоож нь барьцаалан зээлдэх газрын бус, харин өөрийн зээлүүлсэн гэх мөнгийг шаардсан байхад шүүх “...нэхэмжлэгч бусдын мөнгийг төлөөлж нэхэмжилсэн...”  гэж үзсэн, ийнхүү дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117-г буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгоно.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуульд нийцээгүй байна. Б.Алтанцоож нь Б.Мөнхцэцэг, С.Даваасүрэн нар тус бүрээс эсхүл хамтад нь зээлийн үүргийг шаардсан эсэх нь ойлгомжгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч 7 сая төгрөг зээлүүлсэн талаараа шаардлагадаа дурдсан байхад шүүх түүнийг 8.057.000 төгрөг зээлүүлсэн гэж дүгнэж, тооцоог уг үнийн дүнгээс хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчжээ.

Б.Алтанцоож нь иргэдэд хүүтэй мөнгө зээлүүлдэг талаараа хэлсэн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т нийцээгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.Алтанцоожийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг байгуулагдсан гэж үзэх эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх зэрэг ажиллагааг хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00051 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70.600 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ