Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/01128

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02964 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 191 дүгээр магадлалтай,

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

М ТӨХК, МУХБ-нд холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7.734.196.058 төгрөгийг М ТӨХК-иас гаргуулах, гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг МУХБ-инд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч МУХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагч М ТӨХК-ийн өмгөөлөгч Ц.Гүенбат, хариуцагч МУХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантогтох, Т.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаж, эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг МУХБ-аар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээг авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан. Улмаар 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр М ТӨХК болон Т ХХК-ийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсан. Т ХХК нь М ТӨХК-ийн захиалгын дагуу Даланзадгад-Таван толгой-Цагаан суврага-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 км хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, М ТӨХК нь ажлын хөлс нийт 5.156.130.705 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон. М ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1/71 тоот албан бичгээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноор Даланзадгад-Тавантолгой- Цагаансуврага-Сайншанд - Баруун-Урт - Хөөт-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын доод бүтэц /далан/ барих ажлыг зургийн дагуу хөрс хуулалтын ажил хийсэн. Дээрх ажлыг зургийн дагуу 2011 оны 5 дугаар сарын 03-наас эхлэн 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэлийн тайлангаа 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1/50, 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1/83 дугаартай албан бичгүүдээр захиалагчид хүргүүлж, гэрээнд заасны дагуу ажлын бичиг баримтуудыг 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгч эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулсан.  Гэрээний 15.1-д ажлыг гүйцэтгэхэд шаардагдах хөлс нийт 5.156.130.705 төгрөг байна, 16.1-д ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг МУХБ-наас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт төлнө, 16.2-д ажлын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж заасан боловч захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэл ажлын хөлс болон алдангид нэг ч төгрөг төлөөгүй болно. Захиалагч гэрээ болон хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй. Манай компани нийт 5.156.130.705 төгрөгийн ажлыг батлагдсан зургийн дагуу, гэрээнд заасан хугацаанд, чанарын өндөр түвшинд бүрэн гүйцэтгэж дуусгасан. Гэрээний 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт захиалагч нь энэ гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх алданги хүлээлгэнэ гэж заасан ба ажлын хөлс болох 5.156.130.705,94 төгрөгийг 0.1 хувиар тооцон үзэхэд хоногт 5.155.100 төгрөгийн алданги тооцогдож байх ба ажлыг гүйцэтгэж дууссан 2011 оны 12 дугаар сарын 27-ноос хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 07 дугаар сарын 25 хүртэлх нийт 1831 хоногоор тооцоход /5.156.130.705,94x1 831=9.440.875.322 төгрөгийн алданги болж байх тул үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу төлөх үнийн дүнгийн 50 хувь буюу 2.578.065.352,97 төгрөг болсон. 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол гарч, “Шинэ төмөр зам төсөл”ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55.000.000 ам.долларын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 28 дугаар тогтоол гаргаж, М ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны ТУЗ-д даалгасан. 

МУХБ нь төрийн эрх барих дээд байгууллагуудын эдгээр тогтоол, шийдвэрүүдийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж өдий хүрсэн. Иймд М ТӨХК-иас хөрс хуулалтын ажлын хөлс 5.156.130.705,94 төгрөг, алданги 2.578.065.352,97 төгрөг, нийт 7.734.196.058,91 төгрөгийг гаргуулах, М ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг МУХБ-инд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор олгосон Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийн дагуу манай компани төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан шинээр барих төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцад  Т ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний 16.1-т " ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг МУХБ-наас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө, 16.2-т ажлын хөлсний үлдэх хувийг Төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон  эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэлээр төлнө гэж тус тус заасан. Гэрээнд ажил хийж дуусгах тухай ямар ч хугацаа заагаагүй. 

Нэхэмжлэгч Т ХХК нь хөрс хуулалтын ажлын гүйцэтгэгчийн хувьд гэрээний 13.3-т заасан үүргээ биелүүлж, ажлыг гэрээний 8-д заасны дагуу, чанарын өндөр түвшинд бүрэн гүйцэтгэсэн болохоо баталгаажуулсан мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлсэн тохиолдолд хариуцагч манай компанид төлбөр төлөх үүрэг үүсэхээр талууд харилцан тохиролцсон байдаг. 

Хариуцагч МУХБ гэрээний оролцогч биш боловч Засгийн газрын 283 дугаар тогтоолоор хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг ТӨХ-д даалгаж, мөн Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолоор ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах 55.000.000 ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрч, Хөгжлийн банкны үүргийг тодорхойлсон. 

Мөн төрийн байгууллагуудын хооронд 4 талт төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээг 2013 онд байгуулсан. Энэ гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон. Төр бусдаар ажил хийлгэсэн бол хөлс төлөх үүрэгтэй ч төсөвт суулгаж байж санхүүжилтээ авах нь зүйтэй.  Ажлын хөлс 5.156.130.705,94 төгрөг болон алданги 2.578.065.352,97 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Алдангийн хувьд гэрээнд хугацаа заагаагүй тул хугацаа хэтэрсэн зүйл байхгүй. Гэрээний 16.1-т санхүүжилт хийгдсэнээс хойш, ажлыг бүрэн хийсний дараа хөлс төлөх үүрэгтэй байсан бөгөөд тухайн үед санхүүжилт орж ирээгүй, санхүүжилт орж ирэхгүй бол ажлын хөлсийг төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч МУХБ шүүхэд гаргасан тайлбартаа: Т ХХК, М ТӨХК-ийн хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулсан. МУХБ- нь энэ гэрээнд оролцоогүй, энэхүү гэрээгээр Т ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.

Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолоор Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардагдах 55.000.000 ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн.Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, 2013 онд гүйцэтгэх 2 дугаар хавсралтад заасан ажлыг холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан. Уг тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу олгохыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд нарт даалгасан. Мөн уг тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан туршилтын хөрс хуулалт хэсгийн 1-т М ТӨХК, Т ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/008 дугаар гэрээ, нийт үнийн дүнг 5.156.131 /төгрөгөөр/, 3.706 /ам.доллараар/ гэж заасан. 

Дээрх шийдвэрүүдээс үзэхэд МУХБ-инд үүрэг болгосон заалтууд байхгүй бөгөөд зөвшөөрсөн, зохих журмын дагуу шийдвэрлэхийг зөвшөөрсөн, ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авах зэргээр зөвшөөрөл олгосон байдаг. 

Хөгжлийн банкны тухай хуульд зааснаар МУХБ- нь Улсын их хурал, Засгийн газрын зөвшөөрсөн шийдвэрүүд гарсны дараа хуульд заасан болзол шалгуур хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай асуудлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн МУХБ-ны зээлийн хороо, төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэдэг.         МУХБ-, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, М ТӨХК нарын хооронд 55.000.000 ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013-5 дугаартай төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан. Уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.15-д 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал санхүүжилтийг олгох боломжтой, олгох боломжит хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдана гэж заасан.Түүнчлэн гэрээний 3.1.4-т Төсөл хэрэгжүүлэгч М ТӨХК нь гэрээлэгчийн хийсэн ажлыг хүлээн авч, гэрээлэгчид төлөх төлбөрийг Зам тээврийн яамаар баталгаажуулж ирүүлсэн байх гэж, 4.1-т Хөгжлийн банк нь төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн хавсралт 1-т заасан олголтын хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн харилцах дансанд шилжүүлнэ гэж, 7.1-т М ТӨХК нь төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлын хэрэгжилт, барилгын ажлын явц, тайлан мэдээ, мэдээллийг Зам тээврийн яамаар баталгаажуулж, энэхүү гэрээний 4.1-т заасан олголтын хуваарийн өдрөөс ажлын 10 хоногийн өмнө Хөгжлийн банкинд хүргүүлнэ гэж тус тус заасан. 

Гэтэл М ТӨХК-иас Т ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалуудыг ирүүлээгүй. Харин Зам, тээврийн яамнаас 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/2111 дугаартай албан бичгээр Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлсэн боловч төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох тайлан, баримтаа ирүүлээгүй учир зохих журмын дагуу шийдвэрлэх боломжгүй болсон. 

Ийнхүү МУХБ-наас уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан тул ажлын гүйцэтгэл баталгаажсан ч гэрээний хүрээнд уг ажлыг тус банкнаас санхүүжүүлэх боломжгүй болсон. Зам тээврийн яам, М ТӨХК-ийн баталгаажуулсан дараах ажлуудад нийт 22.517.000 ам.долларын санхүүжилт олгосон.

Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, МУХБ-, М ТӨХК нь төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, З-ТЗ-Б 2015-5/1 дугаартай гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Уг гэрээний хавсралтаар МУХБ-наас "Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулан санхүүжүүлсэн дүн болох 22.517.000 ам.доллараар санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, талууд тохиролцсон. 

Өнөөдрийн байдлаар Сангийн яам нь энэхүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг МУХБ-инд төлж байна. 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд тус жагсаалтад Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй. Улсын төсвөөс эргэн төлөгдөх санхүүжилтыг Сангийн яаманд шилжүүлсэн.

Энэ төслийн хүрээнд М ТӨХК 22.500.000 ам долларын санхүүжилтийг төлбөрийн даалгавар бичсэний дагуу шилжүүлсэн. Засгийн газар Хөгжлийн банкинд даалгах үндэслэлгүй. Хөгжлийн банкны санхүүжүүлэх эрхийг Засгийн газар тогтоохгүй, шинэ хуулиар тодорхой болгосон. Иймд МУХБ-инд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02964 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ТӨХК-иас 6.445.163.382,18 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.289.032.676,49 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан М ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай хөрс хуулалтын ажлын гэрээний ажлын санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг МУХБ-инд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38.828.930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ТӨХК-иас 16.166.883 төгрөг, МУХБ-наас 16.166.883 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 191 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02964 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч МУХБ-ны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.938.603,53 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч МУХБ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзориг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02964 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 191 дугаартай магадлалаас МУХБ- холбогдох хэсгийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдлыг гаргаж байна.

МУХБ- /МУХБ/нь 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор дүрэм нь батлагдаж, 2011 оны 05 дугаар сарын 12-нд нээлтээ хийсэн ба Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээнд аль нэг тал болон оролцоогүй, гэрээ байгуулагдах үед МУХБ үйл ажиллагаа ч явуулж эхлээгүй байсан тул энэхүү гэрээгээр “Т” ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор МУХБ-нд биш Төрийн өмчийн хороонд даалгасан. Эндээс үзвэл Засгийн газрын тогтоолыг биелүүлээгүй асуудлыг МУХБ-наас биш Төрийн өмчийн хорооноос шаардаж, Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байжээ. Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоол нь үүрэг хүлээлгэсэн бус зөвшөөрөл буюу эрх олгосон шийдвэр юм. Энэхүү олгосон эрхийн хүрээнд МУХБ-ны тухай хуулийн дагуу МУХБ- нь санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэх эрхтэй болохоос үүрэгтэй биш. Дээрх шаардлага хангасан эсэх, эх үүсвэр байгаа эсэх, эрсдэлтэй эсэх, эргэн төлөх хөрөнгийг улсын төсөвт тусгасан эсэх зэрэг нөхцөл байдлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний үндсэн дээр тогтоож, инженерийн болон хууль зүйн дүгнэлтийг мөн гаргасны дараа санхүүжилт олгох шийдвэрийг Зээлийн хороо, 5 тэрбумаас дээш үнийн дүнтэй санхүүжилтийн тухайд Төлөөлөн удирдах зөвлөл гаргадаг. Төрийн аливаа байгууллагын шийдвэрээр МУХБ-нд санхүүжилт олгох үүрэг хүлээлгэх нь хууль зүйн хувьд болоод санхүүгийн хувьд боломжгүй, тиймээс үүрэг хүлээлгэсэн шийдвэр байдаггүй. Өөрөөр хэлбэл МУХБ-ны тухай хуулийн дагуу санхүүжилт олгох шийдвэрийг Засгийн газар бус, харин МУХБ-ны Зээлийн хороо гаргах эрхтэй байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн болон Зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн төсөл санхүүжүүлэх гэрээ байгуулж, тэрхүү гэрээний талуудын өмнө үүрэг хүлээдэг. Санхүүжилт олгохдоо санхүүжүүлэгчийн хувьд шаардлагатай баримт бичгүүдийг нягтлан шалгадаг. Санхүүжилтийг гэрээний дагуу, олгох боломжит хугацааны дотор олгодог. Олгох боломжит хугацаанд аваагүй бол санхүүжүүлэх үүрэг дуусгавар болж, МУХБ-наас чөлөөтэй мөнгөн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулж эхэлдэг. МУХБ- нь МУХБ-ны тухай хуулийг зөрчиж гаргасан энэхүү шийдвэрийг биелүүлэх үүрэггүй, мөн тэдгээр шийдвэр нь ч эргэн төлөх нөхцөлийг тодорхойлсон, эрх олгосон байдлаар гарсан байдаг. Засгийн газрын 2013 оны 28 дугаар тогтоолд Концессын тухай хуулийн 6.1.2 дахь заалт буюу “концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2-т заасан байгууллагад олгох” гэснийг үндэслэсэн нь МУХБ-ны санхүүжүүлэх үүрэг хүлээлгэх эрхийн тухай заалт биш юм. Мөн тогтоолын 4-р зүйлд “Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.” гэсэн байдаг. Эндээс үзэхэд эргэн төлөх хөрөнгийг улсын төсөвт тусгах нь Сангийн сайдын үүрэг байсан тул МУХБ-наас биш Сангийн яамнаас улсын төсөвт тусгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй байжээ.

Энэ хэрэгт МУХБ-ийг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн өмнө МУХБ үүрэг хүлээгээгүй тул үүнтэй холбоотойгоор үүргээ биелүүлэх тухай ойлголт байхгүй, нэхэмжлэгч ч мөн нэхэмжлэлдээ Т ХХК-ийн өмнө хууль буюу гэрээнд заасан ямар үүрэг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй болох тухай тодорхой дурдаагүй, МУХБ-ны зүгээс нэхэмжлэгчийн ямар эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хэрхэн хохирол учруулсан нь мөн тодорхойгүй байгаа.

Улсын Их Хурал, Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 441 дугаартай ”Тогтоолын хэрэгжилтийг хангах тухай” тушаал гарсан. Энэ тушаалын 2 дугаар зүйлд “Энэхүү тушаалын 1-т заасан тооцоо нийлсэн актыг үндэслэн МУХБ-наас улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжүүлсэн зээлийн багцыг шилжүүлэн авахтай холбогдуулан тус банктай 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан “Санхүүгийн зуучлалын гэрээ”-г дуусгавар болгох, МУХБ-тай төсөл санхүүжүүлэх зорилгоор байгуулсан холбогдох гэрээг дүгнэх, дуусгавар болгох, баримт бичгийг шилжүүлэн авах ажлыг Санхүүгийн бодлогын газар, Төсвийн хөрөнгө оруулалтын газар /А.Мөнхбаясгалан/- т даалгасугай ” гэж заасан. Ийнхүү хүчин төгөлдөр хууль тогтоомж, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэр гарч төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүдийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн, мөн шилжүүлсэн тухай баримт бичгийг гаргаж өгсөн атал анхан шатны шүүхээс эдгээрийг үнэлж үзээгүй, үндэслэл болгоогүй. Мөн төслийг шилжүүлсэн талаар Сангийн яамнаас лавлагаа авах хүсэлтийг ч хүлээн аваагүй. “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай” гэрээний талууд нь МУХБ-, Монгол Улсын Эдийн Засгийн Хөгжлийн яам, Монгол Улсын Зам тээврийн яам, М ТӨХК бөгөөд уг гэрээний зорилго нь эдгээр талуудын хоорондын харилцааг зохицуулах байсан бөгөөд уг гэрээнд заасны дагуу М ТӨХК-ийн өмнө хүлээсэн МУХБ-ны үүрэг ч дуусгавар болсон. “М” ТӨХК болон Т ХХК-ийн хооронд 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ” байгуулагдсан. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд тус жагсаалтад “Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй, мөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 2016, 2017 оны төсвийн тухай хуульд ч энэхүү ажлын санхүүжилт тусгагдаагүй. Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, МУХБ, “М” ТӨХК нь “Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” З-ТЗ-Б 2013-5/1 дугаартай гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Уг гэрээний хавсралтаар МУХБ-наас "Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулан санхүүжүүлсэн дүн болох 22.517.000 ам.доллараар санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, талууд тохиролцсон. Хуулиар зөвшөөрөөгүй санхүүжилтийг МУХБ-наас хууль зөрчин олгохгүй, МУХБ нь эх үүсвэргүй, эх үүсвэртэй болсон ч эх үүсвэрийн эргэн төлөлт баталгаажаагүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх хууль зүйн болоод санхүүгийн боломжгүй байдалд хүргэж байна. Мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байтал шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авсан. “М” ТӨХК болон “Т” ХХК-ийн хооронд 1/008 дугаартай “Хөрс хуулалтын ажлын гэрээ” 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр буюу МУХБ албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2011 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө байгуулагдсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн тайлбарласнаар ажил 2011 оны 10 дугаар сард дуусч, тухайн үеэс эхлэн ажлын гүйцэтгэлээ “М” ТӨХК-иас нэхэмжилж эхэлсэн байдаг. Гэтэл 2016 оны 7 сард буюу 5 жилийн дараа нэхэмжлэл гаргасан байгаа нь хуулийн заалтуудыг зөрчсөн. Ажил хүлээлцээгүй буюу ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээ, ажлын хөлсний хэмжээ өнөөдрийг хүртэл захиалагч, гүйцэтгэгчийн хооронд тодорхойгүй, маргаантай байгаагаас үзэхэд ажил хийсэн нь ч тодорхойгүй байна. Ажил хүлээлцэх комисс байгуулаагүй, ажил хүлээлцээгүй гэдгийг захиалагч, гүйцэтгэгчийн аль аль нь зөвшөөрдөг. Гагцхүү Гүйцэтгэгчийн хувьд Захиалагч хүлээн авах үүргээ биелүүлээгүй. Хяналтын шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч дахин хэлэлцэх ажиллагаа хийхээс илүүтэйгээр өмнө гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжсэн байдлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхээс өмнө нь гарч байсан буюу 181/ШШ2017/00171 дугаартай шийдвэр болон анхан шатны шүүхийн 181/ШШ2017/02964 дугаартай шийдвэр нь үг, үсэг, найруулгын хувьд ерөнхийдөө ижилхэн, нэлээд өгүүлбэрийг шууд хуулж бичсэн, тэр ч байтугай хэл зүйн алдааг нь хүртэл давтсан байдаг. Гэтэл Сангийн яам нь санхүүжилтийн хүүгийн төлбөрийг МУХБ-нд төлж байгаад төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүд шилжсэнээс хойш төлөхөө больсон. Анхан шатны шүүхийн 181/ШШ2017/02964 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн үндэслэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3 дахь заалт (нэхэмжлэлийг бүхэлд нъ хэрэгсэхгүй болгох)-ыг удирдлага болгосон атал шийдвэрийн агуулга нь нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хоорондоо зөрчилтэй, хууль зорчсон шийдвэр болжээ. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны шийдвэрт захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний актыг ойлгоно гэж хуульд ингэж заасан байтал Засгийн газрын тогтоолыг захиргааны шийдвэр гэж үзэн энэ хэрэгт иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болгон үзсэн нь хууль зөрчсөн, шийдвэр гэж үзэхэд хүргэж байна. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 8.1.3 дахь заалтыг үндэслэн Засгийн газрын тогтоол захиргааны шийдвэр гэж үзээд үүгээр МУХБ болон Т ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж хуулийг буруу хэрэглэсэн. МУХБ нь Засгийн газраас тогтоол гаргах эрхтэй эсэх талаар маргаагүй. Харин Засгийн газар тогтоолынхоо биелэлтийг хангах үүрэгтэй бол нэхэмжлэгч тогтоолынхоо биелэлтийг хангахыг МУХБ-наас бус Засгийн газраас шаардах ёстой.

Хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо Хөрс хуулалтын ажлын гэрээний хугацаанаас тооцох ёстой байтал Ты оролцоогүй, өөр гэрээ (4 талт гэрээ)-ний хугацаатай холбож тооцсон.

Иймд анхан шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдож байгаа энэ бүх бодитой хууль зүйн фактыг үл хэрэглэн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн шийдвэр гэж үзэж байгаа тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02964 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 191 дугаартай магадлалаас хамтран хариуцагч МУХБ-инд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь “...ажлын хөлс 5.156.130.705 төгрөг, алданги 2.578.065.352 төгрөг нийт 7.734.196.058 төгрөг гаргуулах” шаардлагыг “М” ТӨХК-д, “...гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах” шаардлагыг Хөгжлийн банкинд холбогдуулан гаргажээ

Нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө хариуцагч “М” ТӨХК  “...ажлаа хүлээлгэн өгөөгүй...” гэсэн бол Хөгжлийн банк “...гэрээнд оролцоогүй, Т ХХК-ийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан, төлбөрийн даалгавар гэх мэт баримт ирүүлээгүй, төслийг санхүүжүүлэхтэй холбоотой эрх үүрэг Сангийн яаманд шилжсэн...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ. 

“Т” ХХК болон “М” ТӨХК–ийн хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр байгуулагдсан 1/008 дугаар Хөрс хуулалтын ажлын гэрээгээр нэхэмжлэгч нь Даланзадгад-Тавантолгой-Цагаан суварга-Сайншанд-Баруун-урт-Хөөт-Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 км хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс нь 5.156.130.705 төгрөг байх, энэхүү гэрээний дагуу төлөх ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг МУХБ-наас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлөхөөр талууд харилцан тохиролцсон байх ба нэхэмжлэгч уг гэрээг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурджээ /хэргийн 1 дүгээр хавтас 26-37 дугаар тал/.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ний өдрийн 170 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 799 дүгээр магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 907 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Ингэхдээ “...гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд гэрээний дагуу шаардах эрх үүснэ. Гэрээний 1.4-д энэхүү гэрээ нь гэрээ болон түүний хавсралтуудаас бүрдэнэ. Гэрээ түүний хавсралтад оруулсан нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд гэрээний хамт хүчин төгөлдөр байна. 27-д гэрээний хавсралт №1-техникийн даалгавар...гэжээ. Т ХХК нь гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр мөнгө шаардаж байгаа тул гэрээний 8.2, 27.1.2-т заасан техникийн даалгаврын дагуу ажлыг гүйцэтгэсэн нь тогтоогдсон байх шаардлагатай, ...уг хавсралт байгаа эсэх нь тодорхойгүй” гэж дүгнэжээ.

Зохигч талууд дээрх хавсралтыг шүүхэд гаргаж өгөөгүй байгааг шүүх анхаараагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй гэж үзнэ.   

Хэргийн 2 дугаар хавтасны 218-219 дүгээр талд авагдсан Даланзадгад-Тавантолгой-Цагаан суварга-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 1127.7074-р км-ээс 1077.74-р трасс, хавсралт-2-2-г гэрээний 27.1.2-т заасан хавсралт №1-техникийн даалгавар гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.  

Гэрээний 8.2-т “ажлыг энэхүү гэрээний хавсралт №1 болох техникийн даалгаврын дагуу гүйцэтгэнэ. Ажлыг гүйцэтгэхдээ гэрээний хавсралтад заасан цар хүрээгээр хязгаарлагдахгүй бөгөөд хууль тогтоомжид заасан ажлыг зохих ёсоор бүрэн гүйцэтгэнэ” гэжээ. Үүнээс үзвэл техникийн даалгавар хэрэгт авагдаагүй тохиолдолд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийхэд учир дутагдалтай байна.

Нэхэмжлэгч ажлын хөлс шаардсан, шүүх нэхэмжлэлийг хангахдаа талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Дээрх гэрээний 13.1-т “талууд ажлын гүйцэтгэлийг хүлээлцэхдээ тал тус бүрээс 2-оос доошгүй ажилтан, хяналтын эрх бүхий байгууллагын төлөөллийг оролцуулсан ажил хүлээлцэх комисс байгуулж ажлыг хүлээлцэнэ”. 13.3-т “гүйцэтгэгч тал ажлыг шалгасан, хүлээн зөвшөөрч авсан тухай мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаар гаргуулан хүлээлгэж өгнө” гэж тус тус заасан, нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлаа дээрх журмын дагуу хүлээлгэн өгсөн нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Талууд гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлцсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор ажлын бичиг баримтыг хүлээлцэн энэ гэрээний хавсралтад заасан “ажлын бичиг баримт хүлээлцсэн акт” үйлдэж баталгаажуулахаар гэрээний 14.1-т зохицуулжээ.  

Хэргийн 2 дугаар хавтасны 58 дугаар талд авагдсан М ТӨХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 5-ний өдрийн 1/365 тоот албан бичигт “...төслийн хүрээнд хийгдсэн геологи, геодизийн судалгааны ажил, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон хөрс хуулалтын ажлуудын гүйцэтгэлийн материалуудыг хавсралтаар хүргүүлж байна, хүлээлгэж өгөх материал нийт 9290 хуудас, 95 боть, 1 ширхэг DVD” гэсэн боловч энэ нь гэрээний зохицуулалттай нийцэж байгаа эсэх талаар шүүх дүгнэлт өгөөгүй байна. Нөгөө талаар дээрх  бичгийг хүргүүлсэн нь гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч хөрс хуулалтын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн талаар тайлбар гаргасан боловч уг ажлыг ямар эх үүсвэрээр санхүүжүүлсэн, энэхүү зардлыг компанийн санхүүгийн тайлан, балансад  тусгагдсан эсэх нь мөн тодорхойгүй байна. 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 81 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 219 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банкны хооронд улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй үүссэн өр, авлагыг тооцоог 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж, дүнг Засгийн газрын санхүүгийн тайланд тусган шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ.

Дээрх шийдвэрийн дагуу шинэ төмөр замын ажлын санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д зааснаар хэргийн оролцогч бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй.

Хариуцагч Хөгжлийн банк шүүхэд гаргаж өгсөн зарим бичмэл нотлох баримтын хуулбарыг үнэн зөв гэж өөрөө батлан ирүүлснийг анхан шатны шүүх хянаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрийн шаардлагыг хангуулах үүргээ биелүүлээгүй байна.

Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4. дэх зохицуулалт нь хэргийн зохигч талуудаас нотлох баримт гаргах явдалд хамаарахгүй болно.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс гадна хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02964 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 191 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч МУХБ- хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр төлсөн  25.938.603 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ